Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Иргэдийн төлөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Цд холбогдох эрүүгийн 2134000000475 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч.Ц, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ч.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн 2-р хэсэг 4-7 тоотод гэртээ архидан согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч М.Бы нуруу руу нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх /цээжний зүүн талд ЛАР шугамаар 10, 11-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай. Шархны харалдаа зүүн уушгины доод дэлбэнгийн доод сегсентэд 2.4х5.60 см хэмжээтэй нэвчдэст өөрчлөлттэй/ бүхий хүнд  хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2134000000475 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч М.Бы өгсөн: "Би Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багт байдаг Ганбүргэд гэх хүний хадланд туслах ажилтнаар 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумаас ирсэн. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн мотоциклдоо бензин авах, эхнэртэйгээ утсаар ярих зорилгоор Заамар сумын төвд ирсэн. Буцах гэтэл харанхуй болж миний мотоцикл гэрэл байхгүй, урд талын дугуй хагарчихаар нь төвд байдаг дэлгүүрийн хажууд орхиод маргааш өглөө хадлан руугаа явахаар болсон. Таньдаг ах Мөнхбатын гэрт очих гээд 22 цагийн үед алхаж явахад миний хажууд хар хөх өнгийн Карина машинтай нэг ах ирж зогссон. Ойр зуурын юм ярьж байгаад надад таних айл байхгүй гэж хэлтэл надаас архи байна уу гэхээр нь хадлангийн хүн захисан 1 шил 0,5 литрийн Хараа архи байгаа гэж хэлсэн. Тэгтэл машинд суучих манайд очоод хоночих гэхээр нь би зөвшөөрөөд гэрт очсон. Тэднийд 3 жаахан хүүхэд байсан. Тэгээд тэр ахтай танилцаад хоол, унд идээд унтахынхаа өмнө архиа  хувааж уусан. Тэгээд би унтах гээд хэвтсэн Ц гэх ах орилж  чарлаад гэрээсээ орж гарч гүйгээд байсан. Хүүхдүүд нь айгаад уйлаад байхаар нь та одоо болиоч хүүхдүүд чинь айгаад байна гэж хэлсэн. Тэгээд би хэсэг унтсан байсан гэтэл миний цамцнаас татаж намайг сэрээгээд би чамайг одоо ална гүйцээнэ гээд миний ард орны хажууд хар хуйтай бор хүрэн иштэй хутга бариад зогсож байхаар нь та яаж байгаа юм бэ, би таныг яасан юм бэ гэж асуухад би чамайг гүйцээнэ шүү гэж хэлсэн. Тэгээд миний нуруу руу хүйтэн оргиод байхаар нь гараараа хүрээд үзэхэд цус болсон байсан. Намайг хутгалсан байна гэж мэдээд хөл нүцгэн гэрээс нь гараад гудамжаар явж айлуудын хаалга нүдэхэд онгойлгож өгсөн айл байгаагүй. Тэгээд гудамжинд сууж байгаад Ц ахынд гэгээ орохоор нь буцаж ороход Ц ах унтаж байсан. Сэрээгээд та намайг хутгаар хатгасан байна гэж хэлэхэд яанаа ахын дүү уучлаарай ах ёстой санахгүй байна гээд миний шархыг цэвэрлэж өгөөд ах нь чамд хонь өгье битгий цагдаад хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд орой нь өвдөөд болохгүй байхаар нь эмнэлэгт очиж үзүүлээд цагдаад мэдэгдсэн." гэх мэдүүлэг /хх 13-14/,

"Ц намайг ямар нэгэн шалтгаангүйгээр унтаж байхад хутгалсан. Би ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдаж зодолдоогүй. Дургүйг нь хүргэх зүйл хийгээгүй. Ч.Ц намайг хүрэн өнгийн модон иштэй хутгаар хутгалсан."  гэх мэдүүлэг /хх 19/,  

Гэрч Э.Лгийн өгсөн: "Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Заамар сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж байхад 19 цагийн үед хүнд хутгалуулсан гэх хүн ирэхээр нь бүртгэл хөтлөөд өөрийгөө М.Б гэж хэлээд би Булган аймаг Баяннуур сумаас явж байгаа хүн байна. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой Ч.Ц гэх ахын гэрт хонож байгаад Ч.Ц ахад хутгалуулсан гэж хэлж байсан. Тэгээд эмч, цагдаад битгий хэлээч гээд надаас гуйгаад байхаар нь би эмнэлэгт үзүүлэхгүй гэж байгаад өвдөөд байхаар нь ирлээ гэж хэлсэн. М.Бы зүүн далны доод хэсэгт хурц үзүүртэй зүйлээр хатгагдаж нэвтэрсэн шархтай байсан."  гэх мэдүүлэг /хх 24/,

Гэрч Ч.Эгийн өгсөн: "Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хамаатан Д ахынд очиж ойр зуурын ажил хийж хоноод маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гэртээ харихад манай нөхөр Ч.Цтэй хамт үл таних залуу манай гэрт байж байсан. Нэрийг нь асуухад Булган аймгийн Б гэсэн. Ямар учиртай манайд байгаа талаар асуухад танай гэрт нөхөртэй чинь хамт хоносон. Нөхөр чинь намайг шөнө хутгаар хатгасан гэж ярьсан. Тэгээд эмнэлэг рүү очиж үзүүл гээд явуулсан." гэх мэдүүлэг /хх 21/,

Шүүгдэгч Ч.Цн өгсөн: "Би Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн 2-р хэсэг 4-7 тоотод эхнэр Ч.Э, 6 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад өөрийн 68-05 УНӨ улсын дугаартай Карина маркийн машинтай Заамар сумын төвийн зүүн талд байдаг ногоон тэжээлтэй пойлонд ажиллаж байгаа найз Ч дээр очиж 3-н шил Ерөөл нэртэй 0,5 литрийн архи хувааж уугаад буцаж сумын төв орж Чийг гэрт нь хүргэж өгөөд тэдний гэрт Чтой хамт 0,5 литрийн Хараа архи уугаад тэдний гэрээс гараад өөрийн машинаар бариад гэр рүүгээ шөнийн 02 цагийн үед явж байхад манай гудамжаар танихгүй нэг залуу алхаж явсан. Зогсоод юун хүн, хаана очих гэж байгааг асуухад Булган аймгийн Баяннуур сумын хүн байна, Ж гэх айлд очиж хонох гэсэн надад энд таних мэдэх хүн байхгүй, мотоциклын дугуй хагарахаар нь урд дэнжид дэлгүүрийн тэнд үлдээсэн гэж хэлсэн. Ж гэх айлд машинаараа хүргэж өгөхөд Ж байхгүй эхнэр нь байсан би энэ залууг танихгүй гэхээр нь тэр залууг манайд очоод хоночих гээд гэртээ авчирсан. Ирэхэд манай 3 настай хүү, 4 настай хүү хоёр байсан. Манай эхнэр Ч.Э нь бусад хүүхдүүдтэй Д ахынд очиж хонох гээд явсан байсан. Тэгээд эхнэрийн хийгээд үлдээсэн хоол ундыг тэр залуутай хувааж идээд танилцахад өөрийн нэрээ Б гэж хэлсэн. Удалгүй Б нь өөрийн халааснаас 1 шил Хараа нэртэй 0,5 литрийн архи гаргаж ирэхээр нь бид хоёр хамт хувааж уугаад унтахаар болсон. Б гэх залуу манай гэрийн зүүн талын орон дээр хувцастайгаа унтахаар хэвтээд орон дээр нулимж шүлсээ хаяхаар нь миний уур хүрээд чи яагаад орон дээр шүлсээ хаяаад байгаа юм гээд орноос босгож ирээд нүүрэнд нь 1 удаа хальт цохиход миний өмнөөс бариад авсан. Тэгэхээр нь би тогооны шүүгээн дотор байдаг бор хүрэн иштэй хар өнгийн хуйтай хутгыг авч хуйтай чигээр нь Б гэх залуугийн зүүн дал орчим руу нь нэг удаа хатгахад тэр залуу буцаад орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд би орондоо ороод унтсан. Өглөө намайг сэрэхэд Б нь та намайг хутгалсан байна гэхээр нь би шархыг нь цэвэрлэж өгөөд эмнэлэг орсон. Бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх 25-26, 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.М.Бы биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээ хамаарна. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна." гэжээ /хх 28-29/,

Бор хүрэн өнгийн модон иштэй нийт 19.5 см урттай, ажлын хэсэг нь 11.5 см урттай, иш хэсэг нь 8 см урттай Stainless steel japan гэсэн бичиглэлтэй үзүүр хэсэг нь шовх үзүүртэй хар өнгийн резинэн хуйтай 1 ширхэг хутаг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын эрх чөлөөнд халдсан буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул түүнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг мөн иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн мал аж ахуй эрхэлж амьдралаа авч явдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хөнгөрүүлж өгнө үү  гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч урьд нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь Төв аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44-46, 42/-аар тогтоогдсон. Уг ялыг биелүүлсэн болох нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 102 дугаартай тогтоолоор /хх 71/ тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ч.Ц шүүх хуралдаанд өгсөн "Эмнэлэгт хэвтүүлж бүх зардлыг нь хариуцсан. 3 сая гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс гадуур хоол, цай зөөсөн. Эмнэлгээс эхнэр, хүүхэд нь аваад явсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг,            хохирогч М.Бы өгсөн "Надад гомдол санал алга. Хонох газар олдохгүй энэ айлд хоносон. Унтаж байхад бөөрний дээд талд хутгалсан. Одоо надад зовиур гайгүй байна. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал алга." гэх мэдүүлгээр,

 шүүгдэгч Ч.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид сайн дураараа хохирол нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүний өмгөөлөгчийн гаргасан "шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах" саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгчид дээрх зүйл ангиар 3 жил 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.       

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн 2134000000475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор хүрэн өнгийн модон иштэй нийт 19.5 см урттай, ажлын хэсэг нь 11.5 см урттай, иш хэсэг нь 8 см урттай Stainless steel japan гэсэн бичиглэлтэй үзүүр хэсэг нь шовх үзүүртэй хар өнгийн резинэн хуйтай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Ц хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Цогт-Эрдэнийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Цд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4.Эрүүгийн 2134000000475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор хүрэн өнгийн модон иштэй нийт 19.5 см урттай, ажлын хэсэг нь 11.5 см урттай, иш хэсэг нь 8 см урттай Stainless steel japan гэсэн бичиглэлтэй үзүүр хэсэг нь шовх үзүүртэй хар өнгийн резинэн хуйтай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

 5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

    6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

    7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                                  ШҮҮГЧИД                        Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                                                Т.БАТЖАРГАЛ