| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02758/И |
| Дугаар | 102/ШШ2017/02246 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/02246
| 2017 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/02246 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 5-2 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Мөнхбаярын Баярхүү /РД:ТИ86113014/-г албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Очирбат, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Баярхүү нь гудамж тайлбай, олон нийтийн газар нийгмийн хэв журмыг зөрчиж, 14 удаа албадан саатуулагдаж, 2 удаа архины албадан эмчилгээнд явж байсан. Гэвч эмчилгээнд явж ирээд архи ууж байгаа. Согтуурах мансуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна. Архины албадан эмчилгээнд явах хүсэлтээ өөрөө мөн гаргасан гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь 2 удаа архины албадан эмчилгээнд явж байсан. энэ оны 7 сарын 10-ны өдрөөс хойш тасралтгүй архи уусан. Архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь тус шүүхэд М.Баярхүүг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
М.Баярхүү нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлт, М.Баярхүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Захиргааны зөрчлийн бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
М.Баярхүү өмнө нь захиргааны журмаар архины албадан эмчилгээг 2 удаа хийлгэж байсан хэдий ч байнга архидан согтуурч, архинд донтож байгаа тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Тїїнчлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн Сонгтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон тухай эмнэлгийн дүгнэлтэд "М.Баярхүүг архинд донтох өвчний 3 дугаар зэрэг, эмчилгээнд оруулж болно" гэжээ.
Иймд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хангаж, М.Баярхүүг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Баярхүүг захиргааны журмаар албадан эмчлүүлсүгэй.
2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар М.Баярхүүг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хїсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР