Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,  

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Ю.Б, түүний өмгөөлөгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ю.Бд холбогдох эрүүгийн 2234000000001 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ю.Б, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, бульдёзорчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, урьдчилан цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх 3 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ю.Б нь 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг "Өндөр довны хойд тохоо" гэх газар байрлах хаваржаан дээрээ байсан Д.Гын өмчлөлийн 2 настай, хар халзан зүсмийн 1 толгой үхрийг машин механизм ашиглан хулгайлж, тус өвөлжөөн дээр нядлан, бусдад 716 700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234000000001  дугаартай хэрэгт авагдсан 

 

           Хохирогч П.Гын өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цаг 17 минутын үед манай саахалт айлын Э гэх залуу над руу утсаар залгаж танай хаваржаа руу сэжиг бүхий тээврийн хэрэгсэл орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хаваржаан дээрээ яваад очтол манай нэг тооны хар халзан зүсмийн үхрийг хийгээд арьсыг нь хуулаад өвчүү зүүн гуяыг салгаад гэдсийг нь гаргаад 4 шийрийг нь хаячихсан байсан. Тэгээд би ойр хавиар нь тээврийн хэрэгслийг хайж явсан. Тэгээд хойно нь манай дүү Б отоод зогсож байсан. Тэгээд Бийн хажуугаар уг тээврийн хэрэгсэл гэрлээ унтраасан чигтээ явж байна би араас нь хөөгөөд явж байна гэж Б надад хэлсэн. Тэгээд уг тээврийн хэрэгслийн дугаарыг нь Б харсан байсан уг тээврийн хэрэгсэл улсын дугаартай цагаан өнгийн Королла маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би цагаан өнгийн королла маркийн тээврийн хэрэгслийг сэжиглэж байна. Би алдагдсан үхрээ 1 000 000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үхэр А дансанд миний нэр дээр байдаг. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 25-26/,

            “Би хулгайд алдагдаж нядлагдсан үхрийн махаа Баянжаргалан сумаас машинаар ачиж Төв аймгийн Зуунмод суманд авчирч зарж борлуулсан. Нийт 115 килограмм мах болсон. 1 килограммыг нь 8 000 төгрөгөөр бодож зараад 925 000 төгрөг болгож авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хөдөө малтай байдаг учир шүүх хуралдаанд суухгүй нааш цаашаа явахад хүндрэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 27/,

            Гэрч С.Бы өгсөн: "Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 21 цагийн үед манай сумын Э гэх залуу гол руу сэжиг бүхий машин орлоо гялс хүрээд ир гэж над руу залгасан. Тэгээд 21 цаг 30 минутын үед Г ахын хаваржааны гадна талд нь нугасалж алаад арьсыг нь хуулаад эвдээд бүх юмыг нь үлдээгээд хаяад зугтсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Намайг анх очход үхрийг дөнгөж унагаасан байдалтай халуун уур савсаад байж байсан. ...уг машины номер нь улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Королла маркийн машин байсан гэж ярьсан. Манай дүү Б уг машины араас хөөж яг ард нь иртэл нөгөө машин шууд зугтаасан гэж ярьсан. Зугтаах үеэр нь номерыг нь харсан." гэх мэдүүлэг /хх 31/,  

         Гэрч П.Эы өгсөн: “Би 2021 оны 12 сарын 14-ны орой 21 цаг 40 минутын үед манай Баянжаргалан сумын Зөөлөнгийн дэрс гэх газарт сэжиг бүхий цагаан өнгийн тээврийн хэрэгсэл манай гэрийн гадаа зам андуурч ирсэн бололтой түргэн буцаад яваад өгсөн. Тэгээд урд талын замын ороод гол руу орж зогссон. Тэгээд Б руу яриад цагаан өнгийн сэжиг бүхий тээврийн хэрэгсэл энүүгээр яваад байна та нар яаралтай хүрээд ир гэж дуудсан. Тэгээд удалгүй манай Б болон хажуу айлын хүмүүс бүгд ирсэн. Тэгээд манай дүү Б урд хойд талд нь отоод зогсож байсан. Уг тээврийн хэрэгсэл Г ахын хаваржаанаас зугтаад явсан. Тэгээд би хаваржаан дээр яваад очтол Г ахын 1 тооны хар халзан үхрийг нядлаад тэр чигт нь хаяад зугтсан байсан. Тэгээд Б гэх манай дүү хойноос нь отож байсан болохоор уг машинтай зөрж явахдаа номер дугаарыг нь авсан байсан. Намайг очход хар халзан бярууны арьсыг нь хуулаад эвдээд гэдсийг нь гаргаж хаяад бүх юмыг нь үлдээгээд явсан байсан.” гэх мэдүүлэг /хх 35/,

            Гэрч Б.Бийн өгсөн: “...отоод байж байтал урдаас урд гэрлээ унтраасан цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэгээд миний чанх урдаас гарч ирээд миний хажуу талаар маш хурдтай зөрсөн. Тэгээд би араас нь хөөсөн уг тээврийн хэрэгслийн дугаар нь улсын дугаартай цагаан өнгийн Toyoto corolla маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би хөөж байгаад цасанд суугаад үлдсэн. Би уг тээврийн хэрэгслийн 5-6 километр газар яг ард нь дагаж явсан. Уг тээврийн хэрэгслийг зогсоох гээд гэрлээрээ зөндөө дохисон уг тээврийн хэрэгсэл хамаг хурдаараа зугтаасан.” гэх мэдүүлэг / хх 37/,

            Гэрч Б.Нийн өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн үед Багануур дүүрэг 4-р хороо Байдлаг 11-05 тоотод байрлах гэрээсээ гараад эмнэлэг орж биеэ үзүүлээд 13 цагийн үед буцаад ирэхэд Б байхгүй байсан. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ ирээд хагалах мод дууссан учир ахиж модонд Эрка гэх залуугийн хамт явж ирнэ гээд гэрээсээ гарч яваад 2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө үүрээр 05 цагийн үед Б гэртээ орж ирээд хувцсаа тайлаад хэвтээд өгсөн. Б улсын дугаартай, цагаан өнгийн королла маркийн машинтай, ногоон эрээн өнгийн зузаан хувцастай гараад явсан.” гэх мэдүүлэг / хх 41/,

            Иргэний нэхэмжлэгчээр өгсөн: " улсын дугаартай Т.Королла маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Б мал хулгайлах гэмт хэрэг үйлэхдээ ашигласан тул битүүмжлэх гэж байгааг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 01 дүгээр сард 1 200 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ үнээр үнэлнэ." гэх /хх 21/,

           Шүүгдэгч Ю.Бын өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчим Багануураас гэрээсээ гараад Хэрлэнбаян-Улаан руу ахындаа очих гээд явж байтал айлын хаваржаан дээр хэсэг үхэр эзэнгүй байж байгаатай таарсан. Ингээд машин чирдэг байсан цагаан уяагаар хэвтэж байсан үхэрнээс хар халзан зүсмийн жижиг бярууг бугуйлдаж бариад газар дээр нь нугасалж алаад ганцаараа өвчөөд гэдсийг нь гаргаад махыг нь эвдэж байтал баруун зүгээс машины гэрэл гараад намайг чиглээд ирж явахаар нь махаа орхиод машинаа асааж хөдлөөд хойд зүг рүү гэрлийг нь унтраагаад явж байтал урдаас дахиад машин гэрлээ унтраачихсан тосож зогсож байгаад намайг ойртоод ирэхээр гэрлээ асаагаад намайг хөөсөн. Би тэр чигээрээ яваад л Багануур орсон. Ингээд гэртээ очоод байж байхад өглөө 09 цагийн үед цагдаа нар манай гэрт орж ирээд би үнэнээ хэлээд хэргээ хүлээгээд дагаад явсан. Би хүнд мөнгөний өртэй байсан юм хагасыг нь ээжийнхээ цалингийн зээлийг аваад төлчихсөн байсан үлдэгдэл мөнгө нь нэхэгдээд байхаар нь хулгай хийчихсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 75, 86/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07/09 дугаартай үнэлгээний тайлан: “1 толгой бярууны зах зээлийн үнэ цэнэ нь 716 700 төгрөг.” гэжээ /хх 47-55/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07/445 дугаартай үнэлгээний тайлан: “улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 1 112 100 төгрөг.” гэжээ /хх 59-71/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотолсон гэж үнэлэв.

 

Улсын яллагч шүүгдэгч Ю.Быг 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг "Өндөр довны хойд тохоо" гэх газар байрлах хаваржаан дээрээ байсан Д.Гын өмчлөлийн 2 настай, хар халзан зүсмийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, тус өвөлжөөн дээр нядалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн зүйлийн 2.4-т заасан машин механизм ашиглаж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

            Шүүгдэгч Ю.Быг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ю.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн зүйлийн 2.4-т зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 7 сар 4 хоногийн хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 48 цагийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг хүнд ангиллын гэмт хэрэг хэдий ч хор уршиг бага, хохирлын бүрэн төлсөн, гэм буруу зүйлчлэл дээр маргаагүй, бага насны хүүхэдтэй тул харгалзан үзэж 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан багасгаж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ю.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялын доод хэмжээгээр оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг доош татаж оногдуулж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир  нь: Ю.Б нь урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, урьдчилан цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх 3 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох хуулийн зохицуулалттай болно.

 

Харин түүний бусдад төлөх төлбөргүй байгаа, гэм буруу, зүйлчлэл дээрээ маргаагүй, хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч П.Г нь малын махаа буцаан авч 1 килограммыг нь 8 000 төгрөгөөр бодож  925 000 төгрөгөөр зарж борлуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх,   мөн ирэх очих унааны зардалд баримтаар 370 000 төгрөг  нэхэмжилснийг шүүгдэгч шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000000001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутаг, 1 ширхэг цагаан өнгийн олс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Нийн өмчлөлийн Т.Corolla маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1 112 100 төгрөгийг шүүгдэгч Ю.Баас гаргуулж улсын төсөвт оруулах, Т.Corolla маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг, шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ю.Быг машин механизм ашиглаж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ю.Быг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ю.Бын энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сар 4 /дөрөв/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бд оногдуулсан 5 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн 2234000000001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутаг, 1 ширхэг цагаан өнгийн олс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7.Шүүгдэгч Ю.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Нийн өмчлөлийн Т.Corolla маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1 112 100 /нэг сая нэг зуун арван хоёр мянга нэг зуу/ төгрөгийг шүүгдэгч Ю.Баас гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

8.Т.Corolla маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

 

9.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ