Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0108/Э |
Дугаар | 2022/ШЦТ/108 |
Огноо | 2022-03-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Бд холбогдох эрүүгийн 2106044690102 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ч.Б, , 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт эхнэр Т.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь уруул, нүд болон толгой, баруун талын гарын буглага, дагз хэсэг рүү олон удаа гараараа цохиж, үснээс минь зулгааж эрүүл мэндэд нь халдаж тархи доргилт, зүүн зовхи, хацар, уруул, зүүн нүдний салст, баруун бугалга, сарвуунд цус хуралт, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2106044690102 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Т.Бөгсөн: "2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн нөхөр болох Ч.Б, охин Н, хүү Д нарын хамт Архангай аймгийн Рашаант сум руу өвлийн идшээ бэлтгэх гээд замд гарсан. Улмаар замд явж байхад манай охин аавтайгаа юм ярих гээд яриа өдөөд байхад манай нөхөр охиноо тоохгүй байхаар нь би уурласан. Тэгтэл манай нөхөр Ч.Б нь надтай маргалдаж улмаар Төв аймгийн Лүн сум өнгөрч байхад машинаа замын хажуу тал руу зогсоогоод миний уруул, нүд болон толгой, баруун талын гарын буглага, дагз хэсэг рүү олон удаа гараараа цохисон. Тэгээд мөн намайг үснээс минь зулгаагаад байсан. Тэгээд машинаас буу гээд харанхуй болсон байхад буулгах гээд байсан. Тэгээд би машинаас буухгүй гээд цааш яваад Хархорин сум орж тэндээ буудалд хоносон. Шөнө нь тархи толгой өвдөөд унтаж чадахгүй болохоор нь өглөө нь Улаанбаатар явах унаанд суугаад хот руу охин Номундарийн хамт ирсэн. Манай нөхөр намайг зодох үед манай хоёр хүүхэд машинд хамт явж байсан. Манай нөхөр намайг урьд өмнө олон удаа зодож байсан. Өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-нд Баянзүрх дүүргийн 7-р хороо 02-187 тоот гэртээ зодож байсан. Өмнө нь олон удаагийн давтамжтай намайг зодож байсан боловч би Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 10/,
Насанд хүрээгүй гэрч Б.Дын өгсөн: “Би аав Ч.Б, ээж Б, дүү Б.Н нарын хамт дөрвүүлээ хөдөө явсан. Тэгээд оройхон замдаа явж байгаад аав, ээж 2 урд талын суудал дээр маргалдаад байсан. Ээж болохоор аавд хандаад “чи гэр орондоо бай, хүүхдүүддээ анхаарал тавьж бай” гээд байсан. Харин аав зөрүүлээд юм яриад байсан. Би тэр үед гар утсаараа тоглож байсан учраас аавын хэлсэн үгийг санахгүй байна. Ямар ч байсан маргалдаж байгаад аав гараараа ээжийн гар руу цохиод байсан. Тэгтэл замын хажуу талд машинаа зогсоогоод ээжийн толгой руу гараараа цохисон бас үсдэж авсан. Тэгээд буу гэж хэлсэн ба ээж машинаас буугаагүй хэсэг маргалдаж байгаад цаашаа хөдлөөд явсан. Тэгээд нэг газар очоод ээж бид 2 нэг буудалд орж унтсан. Аав дүүтэй айлд хоносон. Маргааш нь ээж, дүү хоёр хот руу буцаад, би аавтай цаашаа явсан. Би аав, ээж хоёрыг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Урьд нь аав, ээж хоёр хотод гэртээ байхдаа маргалдаж байсан. Тухайн үед бас аав ээжийг гараараа цохиж авч байсан. Гэхдээ би тэрийг хэзээ болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэр үед машинд явж байхад аав, ээжийн гар болон толгой руу гараараа цохисон бас үсдэж авсан. Би хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 20/,
Шүүгдэгч Ч.Бы өгсөн: "Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Б, охин Н, хүү Д нарын хамт би жолоо бариад эхнэр миний хажууд суугаад Улаанбаатар хотоос Архангай аймаг руу явж байх замд Төв аймгийн Лүн сум дөнгөж өнгөрөөд явж байхад эхнэр Б хүүхэдтэйгээ ярьсангүй гээд бид хоёр хэрэлдэж маргалдаад би эхнэр Бнүүр рүү зүүн гарын ар хэсгээр саваад, хоёроос гурван удаа цохисон санагдаж байна. Миний буруутай үйлдлээс болж эхнэр Ббиед гэмтэл учирсан. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 15-17, 69/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11262 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Т.Ббиед тархи доргилт, зүүн зовхи, хацар, уруул, зүүн нүдний салст, баруун бугалга, сарвуунд цус хуралт, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 37-38/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Б нь бусдын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Быг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ч.Бд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2106044690102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 2106044690102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ