| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0088/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/109 |
| Огноо | 2022-03-18 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн 2134004020036 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Н, 1991 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НЫ91051815 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 2-р багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б тавьсан “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул тээврийн хэрэгслээ жолоодож болохгүй, түлхүүрийг чинь маргааш эрүүл болохоор чинь өгнө, харьж амар” гэсэн шаардлагыг эсэргүүцэн тус сумын цагдаагийн хэсгийн байрны хаалгыг эвдэж орж, түүний хоолойг боож, толгой хэсэгт цохиж хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134004020036 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Б.Б өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн цагийн орчим Соёлын төвийн эрхлэгч Ч Соёлын төвийн үүдэнд байдаг газарт булсан машины дугуйгаар хийсэн зогсоолын хаалтыг машин дайрчихлаа согтуу хүмүүс байна гэсэн. Тэгээд би Соёлын төвийн үүдэнд очход улсын дугаартай цагаан өнгийн бүхээгтэй пронтер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн машины доод талд 2 ширхэг зогсоолын хаалт дугуй орсон байсан мөн цэнхэр өнгийн пронтер маркийн машин байсан. Тухайн хоёр машин асаалттай байсан. Соёлын төвийн үүдэнд Я.А. Б.Н, Ц гэж дууддаг Н, бас нэг зүс таних ах байсан. ...Ц гэж дууддаг Н хажуунаас нь гарч ирээд цагаан машин дуудсан ахтай нь хамт явж байгаа юм ах нь хог ачуулах гээд дуудсан юм гэсэн. Тэгтэл хажууд нь Н, Я.А хоёр зодолдоод байгаа нь тоглоод байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд Н би цэнхэр машиныг нь унаж яваа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр машины унтраагаад түлхүүрийг нь аваад ажил руугаа явсан. Үдээс хойш 17 цаг 40 минутын орчим Н, Б, С нар гэрт орж ирээд Н ах нь машиныхаа түлхүүрийг авчихъя унаад явлаа, нэг бол чи намайг хүргээд өг гэхээр нь би хариуд нь би завгүй байна та архиа гартал хариад унт гэсэн. Тэгтэл С, Б хоёр Н явъя маргааш эрүүл болохоороо машинаа ав гэхэд Н үгэнд нь орохгүй байсан болохоор Б, С нар яваад өгсөн. Н гэрт үлдээд чи хүнээ больжээ, би чамайг дүү шигээ боддог түлхүүрийг минь өгчих гэх зэрэг яриа өрнүүлж гэрээс гарахгүй байгаад гэрээс гараад явсан үүний дараа нээх удаагүй Нямсүрэн гэх хүнтэй Цагдаагийн хэсгийн байрны хашаад орж ирээд дахиад түлхүүрээ авъя гэсэн би танд өгөхгүй та согтуу байна маргааш ав гэхэд дахиад чи хүнээ байж ээ түлхүүрээ авмаар байна гээд шаналгаад зогсоод байсан. Тэгээд Нямсүрэн, Н нар Соёлын төв чиглээд машин луугаа яваад өгсөн. Тэгээд би ажлын өрөөндөө байж байхад Н хашаагаар орж ирсэн. Тэгээд би өөдөөс нь гараад очход дахиад мөн адил түлхүүрээ авмаар байна гээд шаналгаад байсан. Би ямар нэгэн хариу хэлээгүй өрөөндөө орж ирээд суухад араас дагаж орж ирээд суусан. Сууж байхдаа чи ер нь түлхүүр өгчихөд яадаг юм сонин бодчихож ээ пизда гээд хараал хэлээд босож ирээд ширээн дээр байсан принтер хальт түлхээд гарахдаа гадаа бүргэд хаалгыг саваад гарсан. Тэгээд би араас нь гараад та яагаад байгаа юм хаалга эвдэллээ гэхэд Н эргэж хараад чи юу гээд байгаа юм би чамайг алчхаж чадна шүү гээд миний багалзуур луу түлхсэн, би хариуд нь та яагаад байгаа юм намайг ингэж болохгүй ш дээ гэхэд хоёр гараараа миний багалзуур луу түлхээд миний зүүн шанаанд цохисон. Тэгээд би дахиад та намайг боож, цохиж болохгүй гэж хэлэхэд би чамайг алсан ч яадаг юм гээд дахиж боогоод намайг түлхээд ажлын үүдний өрөөнд оруулаад хананд шахаад боосон тэр үед би болио Лхагваа ахаа болио гэж хэд хэдэн удаа хэлэхэд болихгүй байсан. Тэгээд гар нь жаахан сулрахаар нь гарыг нь дарж тавиулаад цааш нь түлхэж холдуулаад ажлын өрөө лүүгээ ороод xaaлгaa түгжсэн. Тэгтэл Н хаалгаа онгойлго пизда минь би чамайг орж байгаад ална гээд хаалганы дээд хэсэгт 2 удаа цохиод цууруулсан. Энэ үед та хаалга эвдэлчихлээ болио ахаа гэхэд яадаг юм пиздаа гээд хаалганы үрүүчиг татаад байсан. Тэгээд хаалганы доогуур өшиглөж цөмлөөд тонгойж гараа оруулаад хаалганы түгжээ тайлаад орж ширээний ард сууж байхад тээврийн хэрэгсэл зогсоодог улаан модыг ширээн дээрээс аваад миний толгой хэсэг рүү 3 удаа цохисон тэр үед мод эвдэрч хэмхэрсэн. Тэгээд Н гэнэт тайвшраад би буруу юм хийсэн аймгаас дуудах хүн байдаг бол дууд би явъя пиздаа гээд дахиад түлхүүрээ нэхээд байсан. Тэгээд гараад гадаа зогсож байхад хэсгийн төлөөлөгч ирээд Нтай уулзаад шалгах багажаар шалгах гэхэд Н ямар ч хариу үйлдэл хийгээгүй хэсгийн төлөөлөгч би таныг согтуурлаа шалгуулахаас татгалзаж байна гэж ойлголоо гээд бичлэг хийгээд орхисон. Мөн Н яваад амраад маргааш өглөө 09 цаг ир гэхэд төлөөлөгчөө би буруу юм хийсэн уучлаарай хүн амьтнаас санаа зовоод байна машинаа аваад явчихмаар байна гэсэн. Тэгээд эрүүл жолооч дуудаад яв гэсэн. Тэгээд удаагүй эрүүл жолооч ирээд машиныг нь аваад явсан. ...Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Гэмтэл бэртэл байхгүй. Цамцаар нэг боох гэж үзээд болиод, хоёр гараараа тулгаж боосон. Тухайн үед ямар ч хүн байгаагүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 19-20/,
Шүүгдэгч Б.Н өгсөн: “Би тухайн үед Бас машины түлхүүрээ авахаар очсон юм шиг байгаа юм. Тэгээд нэг ухаан орсон чинь Бтай юм яриад зогсож байсан, түүний ажлын өрөөний хаалга нь эвдэрсэн байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч ирээд намайг гэртээ харьж амар маргааш өглөө 09:00 цагт ирээрэй гэж хэлээд явуулсан. Маргааш нь хэсгийн төлөөлөгч Төгсбаяр, цагдаа Бтай уулзахад та Б багалзуур шахсан, яв гэхэд нь явчихгүй яасан юм бэ" гэх зүйл хэлж байсан. Тэгээд тухайн үедээ мэдүүлэг өгчхөөд автомашинаа аваад явсан. Өөр зүйл болоогүй Би тухайн өдөр Соёлын төвийн гадаа нутгийн ахтай таарч машинаа орхичхоод нутгийн ах Бүрнээгийн хамт манай гэрт 2 шил 750 граммын архи хувааж уусан. Тэгээд ах яваад өгсөн, би машиныхаа түлхүүрийг хаячихсан юм болов уу гээд хайж очих үед машиндаа түлхүүрийг нь зоолттой орхисон юм шиг байгаа юм. Машин дээрээ очих үед мужаан ажилтай Зоригоо надад хандаж чиний машиныг сумын цагдаа Б аваад явсан" гэж хэлсэн юм байна лээ, мөн тэгж хэлснийг нь дараа нь мэдсэн. Учир нь гэрээсээ гараад салхинд цохиулаад нэлээд согтсон байсан. Зарим зүйлээ санахгүй болтлоо нэлээд согтуу байсан. Би машин жолоодоогүй, цагдаа дээр согтуурлын зэргээ шалгуулаагүй. Би өөрөө бол санахгүй байгаа, маргааш өглөө нь Б өөрийнх нь амнаас түүний хоолойг боосон, автомашины түлхүүрээ нэхсэн талаар мэдсэн. Тухайн үйл явдал болох үед хажууд хүн байгаагүй. Би хэрэг болсны нөгөөдөр нь шинээр 250 000 төгрөгөөр хаалга захиж авчруулж сольж суулгасан. Мөн цагдаад шинэ улаан өнгийн дохиур мод 30 000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Цагдаа Б хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх 56, 65/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 07/406 дугаартай үнэлгээний тайлан /хх 38-47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотолсон гэж үнэлэв.
Улсын яллагч шүүгдэгч Б.Н Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 2-р багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б тавьсан “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул тээврийн хэрэгслээ жолоодож болохгүй, түлхүүрийг чинь маргааш эрүүл болохоор чинь өгнө, харьж амар” гэсэн шаардлагыг эсэргүүцэн машины түлхүүрээ нэхэж сумын Цагдаагийн хэсгийн байрны хаалгыг эвдэн орж, Б.Б хоолойг боож, толгой хэсэгт цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 2 дахь хэсгийн зүйлийн 2.2-т заасан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийн албаны барилга байгууламжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн тул хязгаарлалт тогтоохоор явах боломжгүй болно. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Б, Төв аймгийн Цагдаагийн байгууллагыг төлөөлсөн иргэний нэхэмжлэгч Л.Хулан нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийг учруулсан хохирлын нөхөн төлсөн талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 2134004020036 дугаартай хэрэгт үзлэг хийж бэхжүүлж авсан 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Н хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийн албаны барилга байгууламжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Н тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Шүүдэгч Б.Н тэнссэн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн 2134004020036 дугаартай хэрэгт үзлэг хийж бэхжүүлж авсан 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Б