Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0097/Э |
Дугаар | 2022/ШЦТ/111 |
Огноо | 2022-03-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч Батсүх,
Шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Жд холбогдох эрүүгийн 2134003490027 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Ө.Ж, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт “Уулс Заамар” ХХК-ны дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч ажилтай З.Цтой “газар ухлаа” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний баруун мөрөн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцралт, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134003490027 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч З.Цгийн өгсөн: “Миний бие Төв аймгийн Заамар суманд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Уулс Заамар" ХХК-нд дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуй ажилтай бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Туулын гүүр орчмоор жолооч Хы хамт ажиллаад явж байхад миний утас руу эхлээд Ж яриад танайхан газар сэндийчээд хаячихсан байна, танайх энэ асуудлаа шийд, хурдан ирэхгүй бол лайв хийгээд фэйсбүүкээр гаргаж нутгийн иргэдийг дуудаж танай ажлыг чинь зогсооно шүү гэхээр нь би за одоо очлоо гэж хэлээд 20-30 минутын дараа явж очход тэнд Ж, Ө 2 байсан. Тэгээд юу болсон бэ гээд уулзахад тэр 2 газраа хар гэж хэлээд бид нар тэнд зассан зам дээр очоод учраа олий гэж хэлээд тэр 2-ыг дагуулж очоод уулзсан. Тэгээд би тэр 2 хүнд манайх энд зам л зассан байгаа биз дээ гэж хэлэхэд тэр 2 юун зам та нар газар ухсан байна, чи одоо юу гээд байгаа юм бэ, муу гадаадын бөгс долоогч минь, би чамайг ална шүү гэж хэлэхээр нь би та надаас холдож зайгаа барь, маскаа зүүгээд харьц гэж хэлэхэд чи муу одоо юу гээд байгаа авгай бэ гэж хэлээд миний баруун талын мөр лүү гараараа 4 удаа маш хүчтэй цохисон. Тэгээд би жолоочдоо хэлээд Хүдрээ ахаа хурдан яваарай, зугтаарай гэж хэлсэн. Тэгээд Хүдрээ ах машинтайгаа хөдлөөд уурхай руу явж байхад тэр 2 араас мотоциклтой хөөгөөд урдуур ороод хөндөлсөөд зогсоосон. Тэгээд би машиныхаа хаалгыг дотроосоо цоожлоод зогссон, тэгээд цонх жоохон онгорхой болохоор гар нь орж ирчих гээд байсан. Харин нөгөө хаалгаар Ө гэдэг залуу манай жолооч ахтай заамдалцаад байсан. Тэгээд тэндээсээ салаад кемп рүүгээ зугтаасан Кемп рүүгээ орохдоо хамгаалалтын ажилтандаа араас хүмүүс хөөгөөд байгаа шүү гэж хэлээд орсон. Тэгээд тэр 2 кемпийн үүдэнд хамгаалагч нартай хэрэлдээд үлдсэн. Тэрнээс хойш тэр 2 надтай 2-3 удаа уулзаад уучлалт гуйсан. Намайг Ө.Ж л гараараа миний баруун мөр лүү 4 удаа хүчтэй цохисон. Тэрнээс хойш миний тархи хөдлөөд байнга толгой өвдөж байна. Гар мөр хэсгээрээ хөндүүрлэж байна. Урд өмнө нь Ө.Ж бид 2 хоорондоо маргалдаж байгаагүй. Манай уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газрын ойролцоо мал малладаг малчин байгаа. Би болсон асуудлын талаар гомдолтой байна. Би энэ асуудлаас болж толгой байнга өвддөг болсон. Би өөрт учирсан хохирлын талаархи нэхэмжлэлийг сүүлд нь баримтаар гаргаж өгнө. Хажууд надтай хамт явсан Х ах болон Жтэй хамт явсан Баадай буюу Ө нар байсан. Би Төв аймгийн ШША-ны шинжээч эмч И.Ганболорын гаргасан шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргах ямар нэгэн санал хүсэлт алга байна.” гэх мэдүүлэг /хх 14-15, 16-17/,
Гэрч Ц.Цгийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг 10 минутын үед “Уулс Заамар” ХХК-ны захирал Цгийн машиныг хүн юмаар нүдээд Ц захирал зугтаагаад ирлээ гэсэн дуудлага станцаар ирсэн. Тэгээд намайг харж байхад Ц захирал машинтайгаа кемп дээр ирэхэд араас нь 1 мотоциклтой сундлаатай 2 хүн ирсэн. Мотоциклтой 2 залуу дээр очоод юу болсон талаар асуухад Баадай гэх хүн нь гадаадын боол болсон чамайг ална шүү гээд мотоциклтойгоо дайрах гэж хөөцөлдсөн. Тухайн үед Жамъян, Баадай нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 19-20/,
Гэрч У.Хы өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед Уулс Заамар ХХК-ны менежер Цтой Вонго-3 маркийн 177ВТ А улсын дугаартай тээврийн хэрэгслээр туулийн гүүрний хажуу талд шинээр зассан замын хажууд очоод 2 малчинтай уулзсан юм нэг залуу нь танайх газар сэндийчээд байна гэхээр нь газар дээр нь очиж үзье гээд ухсан гэх газар дээр нь очиход уурхайн шинэ зам тавьсан газар дээр очсон. Манайх шинэ зам тавьж байгаа гэтэл та нар тэгж байгаад газар ухдаг биз дээ гээд маргалдаад байсан. Ц менежер согтуу хүмүүстэй хэл амаа олохгүй юм байна явъя гээд машины хаалгаа хаагаад хөдлөх гэтэл машины урдуур мотоциклтойгоо ороод ирсэн. Машины буруу талын хаалгыг ногоон күрчиктэй залуу нь онгойлгоод Цг 2-3 удаа цохиж авсан. Дээлтэй залуу нь жолооч талын хаалгыг онгойлгоод татаж буулгах гээд заамдаж орчимд 2-3 удаа гараараа цохиж авсан. Ногоо ногоон күрчиктэй залуу нь салгаад авахаар нь машинаа асаагаад зугтаасан. Тэгэхэд араас дагаад уурхайн кемп дээр очоод хамгаалагч нартай маргалдаж муудаад байсан. Би тухайн 2 залууг харж байгаагүй. Танихгүй залуус байсан. Тухайн 2 хүн архи согтууруулах ундааны зүйлийг ууж хэрэглэсэн байсан. Эхлээд дээлтэй нь хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикл унаж ирсэн юм. Тэгээд машинтайгаа зугтаахад араас нь мотоциклтойгоо хөөгөөд ирсэн. Хэн мотоцикл унаж ирсэн талаар сайн хараагүй. Кемпийн гадна хамгаалагч залууг мотоциклтойгоо хөөгөөд чулуу хамгаалагч руу шидээд байхад дээлтэй залуу нь мотоцикл жолоодож явсан. Тухайн 2 залуутай маргалдах ямар нэгэн шалтгаан байхгүй байсан. Ц явъя гэхээр нь машинаа асаасан чинь дээлтэй залуу нь чи явъя гэхээр явдаг юм уу гээд бариад авсан. Намайг дээлтэй залуу нь гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед би зузаан хувцастай байсан тул учирсан гэмтэл байхгүй. Дээлтэй залуу машины шил рүү 2 удаа цохисон. Хөдлөөд явахад машины арын шил рүү гараараа цохисон. Вонго-3 маркийн 1778 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ хөдөлгөөд зугтаагаад кемп рүүгээ орсон. Намайг гадаадынхны гар хөл бологчид гэх зэргээр янз бүрийн юм яриад байсан. Миний биед учирсан ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 22/,
Шүүгдэгч Ө.Жгийн өгсөн: “Миний бие Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт мал маллаж амьдардаг. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би найз Өын гэрийг зуслангаас намаржаа руу нүүлгэсэн. Тэгээд зуслан дээр Өын үлдсэн машиныг янзлаад байж байсан. Тухайн зуслан байгаа газрын хажуугаар “Уулс Заамар” ХХК-ны техник зогоон татаад машин мотоцикл явах зам хаачихсан. Тэгэхээр нь найз Ө бид 2 уурлаад дээрхи уурхайн ажилтан 3.Ц луу утсаар яриад хаана байна та нар яахлаараа дураараа газар ухдаг юм гэж хэлээд хурдан ирж уулзаж энэ асуудлаа шийд гэсэн. Тэгтэл З.Ц эгч удалгүй хүрч ирэхээр нь би уурлаад та нар яасан дураараа юм бэ гэж хэлсэн. Тэгээд тэр эгч машинаасаа бууж ирэхгүй хаалга хаах гээд байхаар нь би машинаас татаж буулгах гээд мөрнөөс нь татсан. Тэгэхдээ мөр лүү нь нэгээс 2 удаа гараараа цохисон. Өөрөөр бол цохиж зодоогүй. Би найз Өын хамт хүн тус бүрийн 10 лааз пиво уусан байсан. "Уулс Заамар" ХХК-ны ажилтан З.Ц бид хоёр урд өмнө нь маргалдаж байгаагүй. 3.Ц нь "Уулс Заамар" ХХК-ныг төлөөлж тухайн хавьд амьдардаг малчидтай уулздаг хүн байгаа юм. “Уулс Заамар” ХХК-наас саяхан тэр хавийн малчин айл өрх бүрт 800 000 төгрөгний хандив тусламж өгч байхад судалгааг нь 3.Ц хийгээд явж байсан. 20 гаран айлд өвлийн бэлтгэлээ хийгээрэй гэж хэлээд өвсний мөнгө гэж авсан. Манайх ч гэсэн тухай урамшуулалд хамрагдаж мөнгө авсан. Би З.Цгийн баруун талын мөр лүү 1-2 удаа татсан юм болов уу гэж санаж байна. Харин машиныхаа хаалгыг хаах гээд байхаар нь баруун талын мөрнөөс нь татаад цохисон. Би урд өмнө нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Би пиво уусан байсан боловч өөрийн гэсэн ухаантай, өөрийнх үйлдлийг бүрэн хянаж ойлгож байсан. Би З.Цг цохиж зодсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулах болно.” гэх мэдүүлэг /хх 30-31, 32, 46-47/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.З.Цгийн биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцралт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 34-35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Ж нь согтуугаар бусдын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Ө.Жгийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй төгссөн гэмт хэрэг.
Иймд шүүгдэгч Ө.Жг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Ө.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулсныг шүүгдэгч ямар нэг санал гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч З.Ц нь эмчилгээний болон унааны зардалд нийт 2 659 739 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хавтаст хэргийн 52-р хуудсанд унааны болон эмчилгээний зардалд 383 750 төгрөгийн баримт ирүүлсэн байх бөгөөд энэ нь хуулийн шаардлага хангасан гэж үзэв.
Харин шүүх хуралдаанд баримтаар өгсөн омега 3 комплекс, хүүхдийн салфетик авсан гэх 154 173 төгрөг, "Тэгри мэд" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 2 257 290 төгрөг, унааны 400 000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хангахгүй орхив. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол 14 хоногийн дотор эмчлэгдэнэ, уг гэмт хэрэг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэвтэн эмчлүүлсэн гэсэн нь ойлгомжгүй, уг баримтад хүүхдийн ор хоног, хоол, эмчилгээ гэсэн нь ойлгомжгүй, омега 3 комплексыг тухайн гэмт хэргийн улмаас үүссэн эрүүл мэндийн хохиролд хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй гэж үзэв. Иймд хохирогч дээрх хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2134003490027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн 383 750 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жд оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2134003490027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч З.Ц нь 2 811 463 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ