Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын хяналтын прокурор Г.Ариунзул,

Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Өид холбогдох эрүүгийн 2234000510046 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Ө, , 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Э.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5-р багийн Усны аж ахуйн В-212 тоотод 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хадам аав болох харвалт өгсөн, өөрөө явж чаддаггүй, хүний асаргаанд байдаг өндөр настан Ж.Бийн толгой руу нь цохиж унагаан толгой хэсэгт нь 5-6 удаа, цээж хэсэгт нь 4 удаа гараараа цохисон үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234000510046 дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч Ж.Бийн өгсөн:Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ зурагт үзээд сууж байтал миний төрсөн охин Н түүний нөхөр Э.У нар архи бариад ороод ирсэн. Би авч орсон архинаас нь нэг балгачихаад цааш өрөөндөө ороод зурагт үзээд сууж байсан хэсэг хугацааны дараа гэв гэнэт охин маань нөхөр Уийн хамт хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Удалгүй хүргэн төрсөн охиныг маань зодоод хөөж гүйгээд хэл амаар доромжлоод мөн чирч гаргаж байгаад үүдэнд зодоод охин маань хүн аллаа гэж орилоод би хамгаалж чадахгүй бие муутай арай гэж очоод боль гэж хэлээд байж байтал охин маань гэрт орж ирээд байж байтал араас нь У орж ирээд гэдэс рүү нь цохиж унагаагаад дээрээс нь гэдэс рүү нь цохиж өшиглөж хамаагүй балбадаг. Ер нь бол охин Нийг байнга зоддог байнга толгой руу нь гамгүй цохиж зоддог доо. Хамгийн анх бол манай охин маань Утэй 2004 онд танилцаад хамт амьдрах болсон. Том хүүхэд нь 16 настай бага хүүхэд нь 7 настай миний мэдэхээр бол У нь хардаж зоддог юм гэсэн. Миний мэдэхээр 10 гаран удаа зодож байсан өмнө нь ч бас цагдаагаар орж байсан. Намайг бол зодож байгаагүй манай охиныг маань л их зоддог. Миний толгой руу 1 удаа цохиж унагаагаад ална гээд дээр гарч байгаад толгой хэсэгт 5-6 удаа цохиод алах шахсан. Тухайн цохилтууд нь яг толгой хэсэгт онож байсан. Мөн цээж хэсэгт 4 удаа цохисон. Миний биед одоогийн байдлаар толгой хэсэгт маш их гэмтэл учирсан толгой хэсэгт нийт 2 оёдол тавиулсан. Би маш их гомдолтой байна маш их зодуулсан, миний охин насаараа зодуулж байгаа, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Шүүгдэгч Э.Уийн өгсөн: “Тухайн хэрэг болох өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би ажлаа тараад найз болох Аболон манай эхнэр Н бид гурав гудамжиндаа нийт 2 шил 0,75 литр хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уугаад Аяваад өгсөн. Эхнэр бид хоёр хадам аавын гэрт нь орсон. Тухайн үед хадам аав Б, хадам ээж Ч нар байж байсан. Бид дөрөв нийлээд 1 шил 0,75 литр хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уусан. Би маш их согтсон байсан. Ямар ч байсан бид дөрөв хоорондоо муудалцсан юм шиг байсан. Эхнэр болон хадам аав Бтэй маргалдаж зодолдсоноо үнэхээр санахгүй байна. Би өмнө нь Бтэй маргалдаж зодолдож байгаагүй. Би Нийг хаана байгаа талаар сайн мэдэхгүй байна хаагуур юу хийж явдаг юм ер нь бол архи уугаад л олон хоногоор яваад байдаг. Гэртээ ч гэсэн байнга архи уугаад байдаг. Би тухайн үед манай эрэгтэй дүүгийн салсан эхнэр болох Одончимэг гэх айлд очоод унтаад өгсөн байсан. Би Ж.Бийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 14, 41/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "22-ны өдөр ажлаас цалин аваад 3-уулаа архи уусан. Тэр өдөр найзын төрсөн өдөр болсон. Б, Ч хоёр нэг шил архи аваад өгчих гэхээр нь би архи авч өгөх гэж яваад салхинд гараад цохиулсан юм шиг байна лээ. Хохирогч харвалт өгсөн, өөрөө явж чаддаггүй, хүний асаргаанд байдаг." гэх мэдүүлэг,  

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ж.Бийн биед духанд шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 18/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”,

мөн “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох” гэж тус тус хуульчилсан.

 

            Энэ хэргийн тухайд шүүгдэгч Э.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Нтэй муудалцан эрх чөлөөнд нь халдсаны улмаас Б.Нийн эцэг Ж.Б түүнийг өмөөрч улмаар шүүгдэгч Э.У хохирогч Ж.Бийг толгойн тус газар цохиж унагаан толгой болон цээж хэсэгт олон удаа цохиж зодсоны улмаас Ж.Бийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан "духанд шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг байна.

 

Хохирогч Ж.Б нь харвалт өгсөн, өөрөө явж чаддаггүй, хүний асаргаанд байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон нь тухайн гэмт хэргийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинжийг хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Уийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

             Улсын яллагч шүүгдэгч Э.Уид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

             Шүүгдэгч ажилд орсон болохоор нийтэд тустай ажил хийх боломжгүй байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

             Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

              Иймд шүүгдэгч Э.Уийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

  Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалал болох Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

 зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Ж.Б нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,

Эрүүгийн 2234000510046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Өийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4.Шүүгдэгч Э.Уид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Эрүүгийн 2234000510046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Уид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ