Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2013

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЗД-д холбогдох

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Ч-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн албаны зөвлөлийн 2013 оны “Журам батлах тухай” 60 дугаар тогтоолын дагуу 2014 оны 4 сард зохион байгуулсан захирлын албан тушаалд томилогдох төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноо авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/114 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан.

Миний бие боловсролын байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний сурч боловсрох эрхийг дээдлэн Боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журмыг чанд сахин биелүүлж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн. Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн үеэс аливаа удирдамжит шалгалт, бусад мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагын удаа дараагийн шалгалтын дор дарамт шахалттай ажиллаж байсан ч ямар нэгэн зөрчил дутагдалгүй, үүргээ сайн гүйцэтгэж, ажил үүргээ зөв зохион байгуулж ажиллаж ирсэн.

Гэвч НЗД- 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 тоот захирамж гарган намайг ажлаас халсан. Уг захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Б/80 тоот захирамжийг хүчингүй болгож, 18 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү, мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирал Х.Ч-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.А-гийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр “2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны хүртэлх хугацааны тэмдэглэлийг нэг бүрчлэн үзэхэд спорт зааланд нийт 69 өдөр гадны хүмүүсийг тоглуулж /цагийн 40 000 төгрөг/ төлбөр хураамж авсан байх бөгөөд сургуулийн захирал арга хэмжээ аваагүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, дотоод дэг журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажлыг хангалтгүй зохион байгуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн заалыг гадны аж ахйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д “Өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах” гэж заасныг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 55 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үлгэрчилсэн загварын 3 дугаар хэсгийн 3.1, 3.11 дэх заалтыг хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд 1 болон 4 жилийн хугацаатай гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй гэснийг тус тус зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь тус сургуулийн захирал өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн” гэж дүгнэсэн.

Энэ нь Х.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.2.6-д Ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймээс Х.Ч-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Ч-ыг урьд эрхэлж байсан ажил буюу Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 2 751 168 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Х.Ч-ад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Ч-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Х.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид 2017.05.09-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 58 968 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

2008 оны Боловсрол, соёл, шинжпэх ухааны сайдын 98 дугаар тушаал нь сургуулийн захирал нарт үүрэг болгож, хууль бус төлбөр хураамж авахыг болон сургуулийн заалыг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон захирамжилсан захиргааны акт юм. Гэтэл “2008 оны Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 98 дугаар тушаалыг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэсэн нь тухайн хэрэгт хамааралгүй асуудлыг үндэслэсэн.

Сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод төрийн хууль тогтоомж, удирдах байгууллагын тушаап шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй. Гэтэл дээрх эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, сургуулийн заалыг гадны иргэнд түрээслүүлж байгааг мэдсээр байж таслан зогсоогоогүй үйлдэл, эс үйлдэхүй нь гэрчийн мэдүүлэг, жижүүрийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байсан тайлбаруудаар тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх хуульд заасан журмыг зөрчин, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Х.Ч- нь хариуцагч НЗД-д холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөрийн Б/114 дугаартай захирамжийн дагуу Х.Ч-ыг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилж, Нийслэлийн Боловсролын газар нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 дугаар захирамжаар түүнийг ажлаас чөлөөлж , хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогджээ.

 

            Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 дугаар захирамжаар ажилтан Х.Ч-ыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалыг тус тус үндэслэн Сургуулийн спорт заалыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд түрээсэлсэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлийг заажээ.

 

            Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж, дүгнэлт гарган илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр хийсэн ажлын илтгэх хуудас гэх баримтаас үзвэл хяналт шалгалт хийсэн үндэслэлийг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.А-гийн баталсан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн /алдаатай бичигдсэн/ удирдамж гэж заажээ.

 

            Ажлын хэсгийн удирдамж гэх баримтаас үзвэл 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжийг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч баталж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ.

 

            Ажлын хэсгийн удирдамжид шалгалтын зорилгыг Төрийн ханяалт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3 дахь хэсгийг баримталсан байна.

 

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаас үзвэл төлөвлөгөөт бус хяналт шалтгалт явуулахдаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагын өргөдөл, хүсэл, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг хуулиар тогтоосон урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг хуульчилжээ.

 

            Хариуцагч байгууллага нь хяналт шалгалтыг явуулах шийдвэрийг гаргах, хяналт шалгалтын үндэслэлийг удирдамжид заах тухай Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.3 дахь заалтыг зөрчсөн, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

            Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан нь буруу юм.

 

            Түүнээс гадна төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах шийдвэрийг хэн гаргасан, удирдамжид гарын үсэг зурсан этгээдийг эрх бүхий гэж дүгнэх баримтыг хариуцагч байгууллага гаргаагүй байна.

 

            Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Нийслэлийн Засаг даргын хянан шалгах бүрэн эрхийг ямар үндэслэлээр Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийг удирдаж, Засаг даргын орлогчид шилжүүлсэн талаарх баримт хэрэгт байхгүй байна.

 

            Хариуцагч байгууллага нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр ажилтны гаргасан зөрчил тогтоогдоно гэж тайлбарлах боловч уг дүгнэлт нь хяналт шалгалт явуулсан гэх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд хамаарахгүй байна. Түүнчлэн уг дүгнэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалын үндэслэл болгоогүй байна.

           

            Түүнчлэн жижүүрийн тэмдэглэлийг үзэхэд спорт зааланд хүмүүс тоглуулсан н.Э-О, н.Н, н.Х, н.У, Да.Б, хариуцсан багш н.Э гэсэн нэр бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн Х.Ч-ын нэр бичигдээгүй. Мөн биеийн тамирын багш Ц.Э-О, Д.Б, Г.Н, нягтлан бодогч О.Б нарын тодорхойлолт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан арга журмын дагуу цуглуулаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүийн дүгнэлт зөв болжээ.

 

            Иймд ажилтан Х.Ч- нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүх түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

            Ажлаас үндэслэлгүй халагдсны үр дагавар болох олговрыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт заасантай нийцүүлэн 2 751 168 төгрөгөөр тогтоож хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч НЗД- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА