Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0177

 

 

 

 

 

 

“Л” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга ..... нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 872 дугаар шийдвэртэй, “Л” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Л” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Л” ТББ нь нийгэмд ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн талаар зөв, бодит, эерэг ойлголтыг өгөх зорилгоор 2013 оноос эхлэн жил бүр “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг зохион байгуулдаг билээ. “Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь нээлтийн үйл ажиллагаа болох “Тэгш эрхийн төлөө дуу хоолой” нийтэд нээлттэй, үнэгүй концерт, “Тэгш эрхийн төлөө алхалт”, “Эрхийн төлөө урлаг” уран бүтээлийн үзэсгэлэн, “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТ кино наадам, ЛГБТ эрхийн сэдэвчилсэн хэлэлцүүлэг гэх мэт үйл ажиллагаануудаас бүрдсэн, хүний эрхийг хөхүүлэн дэмжсэн, цогц урлаг соёлын арга хэмжээ байсан. Энэ жилийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нээлт болох “Тэгш эрхийн төлөө дуу хоолой концерт”-ийг Бийтлзийн хөшөөний талбай эсвэл Чингисийн талбай дээр хийх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл энэхүү үйл ажиллагааг зохион байгуулуулахгүй хэмээн үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан, ЛГБТ хүмүүсийг хүйсээр ялгаварлан гадуурхсан, төр хүний эрхийг хөхүүлэн дэмжих үүргээ биелүүлээгүй, иргэд хүний эрхийг хөхүүлэн дэмжих эрх гэх мэт олон эрхүүдийг зөрчсөн хэмээн үзэж, дараах хууль зүйн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс (НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан Communication №488/1992-д үндэслэн хүйсийг тайлбарлах), нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-д “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” хэмээн заасны дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас аль хэдийн олгосон байсан зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн засаг дарга няцаасан 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2/2543 тоот акт нь цагдаагийн байгууллагын албан хаагчид 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингисийн талбайгаар алхахыг хүссэн “Тэгш эрхийн алхалтад” оролцсон хүмүүсийн хүний эрхийг зөрчихөд хүргэж хохироосон. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д “Засаг дарга жагсаал, хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж заасан боловч “Л” ТББ-аас 8 дугаар сарын өгсөн албан бичгийн хариуг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 8 дугаар сарын 20-нд бичгээр гаргасан ч бидэнтэй утсаар холбогдсон өдөр нь 8 дугаар сарын 24-ний өдөр байсан. Цаашлаад Чингисийн талбай дээр “Тэгш эрхийн төлөө дуу хоолой” концерт буюу “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нээлт болох 8 дугаар сарын 28-ны үйл ажиллагааг хийлгүүлэхгүй гэсэн аман шийдвэрийг 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Ийн тулгаж мэдэгдсэнээрээ бидний зохион байгуулалтын ажилд ихээхэн хүндрэл учруулж, нээлтийн үйл ажиллагаанд оролцон, хүний эрхийг дэмжих хүсэлтэй байсан хүмүүсийн хүний эрхийг хөхүүлэн дэмжих эрхэд шууд, бодит саад учруулж, энэхүү эрхийг хязгаарлаж, хохироосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар энэхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын акт болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын аман шийдвэрүүд хүний эрхийг зөрчсөн актууд гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн тамгын газрын 04/2543 тоот актыг болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хугацаандаа багтаагүй шийдвэр мөн Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагт гаргасан хууль бус үйлдлүүдийг хянан шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч өгнө үү хэмээн 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэйн дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын факт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын фактад заасан эвлэлдэн нэгдэх эрх, хүйсээр ялгаварлагдахгүй байх эрх, үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх эрх гэх мэт зөрчигдсөн байх тул эдгээр эрхийг тогтоохын тулд олон улсын гэрээ конвенц болон гэрээний хороодоос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг үндэслэн дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 29-ний 11:00-12:30 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайгаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хүртэл “Тэгш эрхийн төлөө алхалт” жагсаалыг “Л” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан ба Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтэс, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 38 алба хаагч зам дагуу хэв журам сахиулж, замын хөдөлгөөнийг зохицуулж /түр зогсоож/ аюулгүй байдлыг хангаж ажилласан. Гэтэл “Л” төрийн бус байгууллагаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “тэгш эрхийг хөхүүлэн дэмжсэн 30 гаруй хүмүүсийн үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хүний эрхийг хөхүүлэн дэмжих, мэдээлэл түгээх, ялгаварлагдахгүй байх эрхүүдийг биетээр хязгаарлан хорьж, Чингисийн талбайгаар алхуулаагүй гэж үзэж хууль бус үйлдлийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Гудамж талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэсний дагуу мэдэгдлийг Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан байна. Тухайн үед “Л” төрийн бус байгууллагын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №15/91 тоот албан бичгээр хүргүүлсэн “Жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргах тухай” албан бичигт Сүхбаатар дүүргийн Засаг даргаас /2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2/2543 тоот албан бичгээр/ бүртгэж авах боломжгүйг мэдэгдсэн байсан. Жагсаал зохион байгуулагч “Л” төрийн бус байгууллагын менежер Д.М-тэй Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүл, хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Т.Н уулзаж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд зохион байгуулах, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар 164 тоот албан мэдэгдлийг өгч, гарын үсэг зуруулсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 04/2630 тоот албан бичгээр “Улаанбаатар хотын цагдаагийн газартай урьдчилан зөвшилцсөн маршрутаар Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хүртэл зохион байгуулахыг зөвшөөрсөн”-ий дагуу ба Улаанбаатар хотын цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Б 2015 оны 8 дугаар сарын 26-ны 16:00-16:30 цагийн хооронд “Л” төрийн бус байгууллагын менежер Д.М-тэй уулзаж, Тусгаар тогтнолын талбайгаас Залуучуудын өргөн чөлөөний явган хүний замаар Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хүртэл жагсаалаар явж, дурсгалын зураг авхуулаад “Кино” кафе хүртэл жагсаалаар явах талаар ярилцаж шийдвэрт хүрсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсэгт “Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах”, “Жагсаал, цуглаан зохион байгуулагч болон оролцогчид нь хэв журам, хууль ёсыг сахих талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсыг шаардлагыг биелүүлэх” эрх, үүргийн дагуу дараах шаардлагыг тавьсан, Үүнд: 1. Төрийн ордны хашааны баруун урд үзүүрт жагсаал явах үед түр зогсоож “Та бүхний үйл ажиллагаа Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хүртэл явах зөвшөөрөлтэй, одоо явах гэж байгаа газар нь Төрийн ордны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоолоор “Төрийн ордноос урд зүгт 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцдог ба Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн хамгаалалтад байгаа газар жагсаал, цуглаан хийхийг хориглодог” тухай анхааруулсан боловч тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Н.А нь “Бид дүүргийн Засаг даргад жагсаал, цуглаан зохион байгуулах талаараа хандсан, бүртгэж авах үгүй нь хамаагүй, бид хууль зөрчөөгүй байна” гэж хууль ёсны шаардлага үл биелүүлэн Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн Хаадын хөшөөний урд хэсэгт зураг авхуулсан. 2. Фото зураг авхуулсны дараа жагсаалд оролцогч иргэдээс дараагийн явах маршрутын талаар асуухад Н.А-с бусад хүмүүс “Кино кафе руу явна гэж хариулсан ба Н.А нь “Талбайг тойрно, би мэдэгдсэн байхад болно, бүртгэл авах шаардлагагүй” гэж хэлж, талбайн зүүн урагш явсан. 3. Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн зүүн урд хэсэг, Централ тауэрын баруун талд түр зогсоож “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 04/2630 тоот албан бичгээр “Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хүртэл зохион байгуулахыг зөвшөөрсөн” ба Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайг тойрч жагсаалаар явахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2/2543 тоот албан бичгээр бүртгээгүй тул дараагийн маршрут буюу “Кино” кафе руу явах талаар анхааруулахад “Л” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Н.Анараа нь “Би үзэл бодлоо илэрхийлэхдээ та нараас зөвшөөрөл авахгүй, би мэдэгдсэн байхад хангалттай, Чингисийн талбайг бид тойрно” гэсэн тайлбар өгснөөр “Кино” кафе руу явж үйл ажиллагаа дууссан. Цагдаагийн алба хаагчдаас жагсаал, цуглаанд оролцогч иргэдэд хууль ёсыг сахих талаар шаардлага тавьсан ба бие, эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ЛГБТ төвөөс Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 15/69 дугаартай “Жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргах тухай” гэсэн хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 04/2630 дугаартай албан бичгээр зөвшөөрлийг олгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс дээрх арга хэмжээнд ямар нэгэн саад хийх зүйл учруулаагүй бөгөөд дээрх иргэдийн арга хэмжээг дэмжин зөвшөөрөл олгосон.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 15/69 дугаартай “Жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргах тухай” гэсэн хүсэлтэд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн арга хэмжээ Улсын их дэлгүүрийн Бийтлзийн хөшөөний өмнө арга хэмжээ хийх гэсэн хүсэлт ирүүлсэн бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын 9 дүгээр зүйлд 1-д зааснаар “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд дээрх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт өгөх байсан тул энэхүү шаардлагад Нийслэлийн Засаг дарга хариуцагч болохгүй. Жагсаал, цуглаан хийх журмын 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж заасан байдаг. Харин ЛГБТ төвийн 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн арга хэмжээний бүртгэлийг Эрх Чөлөөний талбайгаас Их эзэн Чингис хааны талбай хүртэл буюу Чингэлтэй дүүргээс Сүхбаатар дүүрэг дамжсан бөгөөд уг хүсэлтийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 04/2630 дугаартай албан бичгээр бүртгэж зөвшөөрсөн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 04/2630 дугаартай бичигт зөвшөөрлийг олгохдоо тухайн иргэдийн аюулгүй байдлын үүднээс Улаанбаатар хотын цагдаагийн газартай урьдчилан зөвшилцсөний дагуу гэж албан бичгээр гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хориглосон ямар нэгэн шийдвэр гараагүй. 4. ЛГБТ төв 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Тэгш эрхийн төлөө алхалт” нэртэй арга хэмжээ 11:00-12:30 цагийн Тэнгисийн өмнөх Эрх чөлөөний талбайгаас Чингисийн талбай хүртэл жагсаал, цуглаан хийх хүсэлт ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 04/2630 дугаартай албан бичгээр зөвшөөрлийг олгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс дээрх арга хэмжээнд ямар нэгэн саад хийх зүйл учруулаагүй бөгөөд дээрх иргэдийн арга хэмжээг дэмжин зөвшөөрөл олгосон. Дээрх зөвшөөрлийг олгохдоо Жагсаал, цуглаан хийх журмын 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ гэж заасны дагуу зөвшөөрөл олгосон. ЛГБТ төвөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын газарт 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 15/69 дугаартай “Жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргах тухай” гэсэн хүсэлт ирүүлсэн. Хөтөлбөрт зааснаар 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Тэгш эрх, бахархлын өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа нэртэй арга хэмжээ зохион байгуулан гэсэн байсан бөгөөд хөтөлбөрт Бийтлзийн хөшөөний өмнө нэгдсэн арга хэмжээтэй гэсэн. Дээрх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар олгохгүй ба Жагсаал, цуглаан хийх журмын 9 дүгээр зүйлд “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд дээрх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт өгөх байсан. 5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 04/2630 дугаартай албан бичиг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлд тодорхой бус байна. Иймд тус төвөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ЛГБТ Төв төрийн бус байгууллагаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хариу мэдэгдэх тухай 2/2543 дугаар албан бичигтэй холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 872 дугаар шийдвэрээр: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6, 9 дүгээр зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 1, 3, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л” ТББ-ын “Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогчийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2/2543 тоот акт нь үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх, мэдээлэл түгээх, эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан, ЛГБТ хүмүүсийг болон ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг дэмжигч хүмүүсийг хүйсээр ялгаварлан гадуурхсан, хүний эрхийг хөхүүлэн дэмжихийг хязгаарласан, төр өөрөө хүний эрхийг хөхүүлэн дэмжих үүргээ биелүүлээгүй гэх мэт хүний эрхүүдийг зөрчсөн захиргааны акт гаргасан хэмээн үзэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 70.2.2-т заасны дагуу буруутай үйл ажиллагаа, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх, 70.2.3-т заасны дагуу захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн засаг даргын тамгын газрын “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагааг Чингисийн талбай дээр хийлгүүлэхгүй хэмээн амаар мэдэгдсэн захиргааны байгууллагын шийдвэр нь үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан, ЛГБТ хүмүүсийг болон ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг дэмжигч хүмүүсийг хүйсээр ялгаварлан гадуурхсан, хүний эрхийг хөхүүлэн дэмжихийг хязгаарласан, төр өөрөө хүний эрхийг хөхүүлэн дэмжих үүргээ биелүүлээгүй гэх мэт хүний эрхийг зөрчсөн захиргааны шийдвэр гаргасан хэмээн үзэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 70.2.2-т заасны дагуу буруутай үйл ажиллагаа, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоон хүлээн зөвшөөрүүлэх, “Л” ТББ-аас 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн албан бичгийн хариуг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 8 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гаргасан боловч бидэнтэй утсаар холбогдсон өдөр нь 8 дугаар сарын 24-ний өдөр байсан ба Чингисийн талбай дээр 8 дугаар сарын 28-ны нээлтийн үйл ажиллагааг хийлгүүлэхгүй гэсэн аман шийдвэрийг 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Ийн хугацааг дэндүү тулгаж мэдэгдсэнээрээ бидний зохион байгуулалтын ажилд дэндүү хүндрэл учруулж, шууд болон шууд бус байдлаар дээр дурдсан бүх хүний эрхүүдийг хохироож, нээлтийн үйл ажиллагаанд оролцон хүний эрхийг дэмжих хүсэлтэй байсан хүмүүсийн хүний эрхийг хөхүүлэн дэмжих эрхэд бодитой саад учруулан, эрхийг нь хязгаарлаж, хохироосон тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 70.2.2-т заасны дагуу буруутай үйл ажиллагаа, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоон хүлээн зөвшөөрүүлэх, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 30 минутаас эхлэн Эрх чөлөөний талбайгаас эхлэн Чингисийн талбайг дайран өнгөрч, Кино кафед хүрэх байсан ЛГБТ эрхийг хөхүүлэн дэмжсэн “Тэгш эрхийн төлөө алхалт”-ыг тайван замаар хийж байхад Улаанбаатар хотын цагдаагийн газрын болон Чингэлтэй дүүргийн албан хаагчид тэгш эрхийг хөхүүлэн дэмжсэн 30 гаруй хүмүүсийн үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хүний эрхийг хөхүүлэн дэмжих, мэдээлэл түгээх, ялгаварлагдахгүй байх эрхүүдийг биетээр хязгаарлан хорьж, Чингисийн талбайгаар алхуулаагүй хууль бус үйлдэл нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын хууль бус захиргааны актад үндэслэсэн хэмээн үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 70.2.2-т заасны дагуу буруутай үйл ажиллагаа, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоон хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нэгдүгээрт, ”ЛГБТ төв” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийг зөвхөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Хотын цагдаагийн газар тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхийг хориглосон асуудлыг 3 хоногийн дотор шүүхэд нэхэмжлээгүй асуудлын тухай буюу процедурын асуудлын тухай бус, эдгээр байгууллагуудын 2015 оны 08 дугаар сарын 28-ны тухай амаар гаргасан шийдвэр болон 08 дугаар сарын 29-нд тэгш эрхийн төлөө алхалт хийж байсан хүмүүсийн бие махбодод хүрч, түлхсэн хууль бус үйлдэл нь нийгэмд оршсоор буй ноцтой ялгаварлан гадуурхалт мөн болох талаар, энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад х ууль, олон улсын хуулиар бүрэн хамгаалагдсан анхдагч үндсэн эрх мөн талаарх субстантив нэхэмжлэл юм. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй байх шийдвэр гаргасан нь үндэсний болон олон улсын эрх зүйд онголсон ялгаварлан гадуурхахгүй байх хүний эрхийг огт ойлгоогүй, ялгаварлан гадуурхалт хэмээх зүйлийг ямар ямар байдлаар илэрдгийг огт ойлгоогүйг харуулсан тул энэхүү хэргийг давж заалдах шатанд нэхэмжлэхдээ энэхүү нэхэмжлэл нь ЛГБТ хүмүүс болон ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг дэмжигчдийг ялгаварлан гадуурхсан тухай, тайван замаар эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхийн тулд нийтийн орон зайг дотоодын болон олон улсын эрх зүйд хориглосноос бусад үндэслэлээр саадгүй ашиглах эрхийн тухай, мөн шударга шүүхээр шүүлгэх эрхийн тухай нийтийн эрх ашгийн нэхэмжлэл юм.

Хоёрдугаарт, Монгол Улсын нэгдэн орсон бүх факт, гэрээ, конвенцод “хүйсээр үл ялгаварлан гадуурхана” хэмээх зарчмыг 1994 онд НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хэрэгжилтийг хянах Хүний эрхийн хороо тайлбарлахдаа “хүйс хэмээх ойлголтод бэлгийн чиг баримжаа багтана” хэмээн тайлбарлаж, олон улсын эрх зүйд онголсон байдаг. Гэтэл дээрх төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагууд Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, факт, конвенцын амин сүнс болсон, хүний үндсэн эрх болох ялгаварлагдахгүй байх эрхэд 2015 оны 08 дугаар сарын 28 болон 29-ний өдөр ноцтой халдаж, ялангуяа 08 дугаар сарын 29-ний “Тэгш эрхийн төлөө” алхалтад оролцож байсан хүмүүсийг хүйсээр ялгаварлан гадуурхсанаар үл баран, эдгээр алхагсдын үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх эрх, эвлэлдэн нэгдэх эрх, хүний эрхийг хөхүүлэн дэмжих хууль ёсны зорилгоор нийтийн орон зайг ашиглах эрхэд ноцтой халдсанаараа “Л” НҮТББ хүмүүсийн хүний эрхийг гишгэлж болно, ЛГБТ хүмүүс бол хүн биш” хэмээх ойлголтыг нийтэд үлгэрлэх бусармаг үйлдэл гаргасан, үүнийг нь анхан шатны шүүх баталгаажуулсан.

Гуравдугаарт, шүүхийн практикт шууд хэрэглэгдэх ёстой хэмээн Дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тоот тайлбар, тогтоолд зааснаар олон улсын эрх зүй нь одоог хүртэл хэрэглэгдэхгүй байгаа явдал, цаашлаад ялгаварлагдан гадуурхалтын эсрэг бие даасан хууль тогтоомжгүй байдаг, мөн ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийг баталгаажуулсан тайлбарыг Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц одоог хүртэл хийгээгүй байдал нь олон мянган ЛГБТ хүмүүс өдөр тутам Монгол Улсын иргэн болж төрсөн эрхээ эдэлж чадахгүй байдалд хүргэхээс гадна Монгол Улсад хууль бус ялгаварлан гадуурхалт нийгмийн эмгэг болсон түвшинд оршсоор байгааг, үүнд нь төрийн байгууллагууд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож буйг бүрэн харуулж, нотолж байна.

Дөрөвдүгээрт, Олон улсын эрх зүйгээр жагсаал цуглааныг зөвхөн дараах тохиолдолд хязгаарлах ба үүнд:

-Үндэсний болон нийгмийн аюулгүй байдал

-Нийгмийн дэг журам

-Хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах

-Бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй.

“Л” НҮТББ-ын 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 06-ыг дуустал зохион байгуулсан “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн бүх үйл ажиллагаа нийгэмд ялгаатай байдлыг хүндэтгэх, тэгш эрхийг хөхүүлэн дэмжих, ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсаар буй зэрлэг хүчирхийлэл, амь тэмцэм ялгаварлан гадуурхалтыг дуусгах талаар нийгэмд уриалах, бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийллийн талаар социалист нийгмийн мэдээлэлгүй, шинжлэх ухаанч бус сэтгэхүйд үндэслэсэн олон нийтийн ойлголтыг зүгшрүүлэх зорилготой. Эдгээр үйл ажиллагаа нь үндэсний болон нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуунд заналхийлээгүй, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан ямарваа шинж агуулаагүй байсан.

Тийм хэдий ч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан н.Ч 08 дугаар сарын 27-нд ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Н.А-тай утсаар ярихдаа “Талбай дээр хичээлийн жилийн худалдаа гарсан, хүүхдүүд байхад тийм юм хийхгүй” хэмээн амаар мэдэгдсэн байдал, мөн 08 дугаар сарын 29-ний 12 цаг орчим Хотын цагдаагийн газрын ажилтан “Та нар хүүхдүүд цугласан газар садар самуун сурталчиллаа” хэмээн алхагсдад хэлсэн байдал нь төрийн албан хаагчид бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны талаар одоо хүртэл шинжлэх ухаанч, бодит ойлголтгүй, төрөлхийн зүйлс болохыг нь үл ойлгосон, цаашлаад Хүүхдийн эрхийн конвенцын 13-р зүйлд заасанчлан ЛГБТ хүүхдүүдийн үзэл бодолтой байх, үүнд нь багтах төрөл бүрийн мэдээлэл амаар, бичгээр, хэвлэмэл болон урлагийн, бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээллийн бусад арга хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрх чөлөөнд халдсан. Гэтэл ЛГБТ хүүхдүүд бэлгийн цөөнх болж төрдөг утгаараа өөртэйгөө адил хүмүүс байдаггүй хэмээн бодож, олон тохиолдолд өсвөр насандаа амиа хорлох, амиа хорлох оролдлого хийдэг нь Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2014 оны 03 дугаар сард хийсэн, тайлан нь 2014 оны 10 дугаар сард гарсан хэлэлцүүлэг, ЛГБТ төвийн хийсэн олон төрлийн судалгаагаар баталгаажсан байдаг.

Энэ утгаараа төрийн байгууллагуудын Чингисийн талбайд 2015 оны 08 дугаар сарын 28-нд нээлтийн үйл ажиллагаа хийлгээгүй, 2015 оны 08 дугаар сарын 29-нд тэгш эрхийн төлөө уриа лоозонтой, хөгжимтэй алхуулаагүй нь тэнд байсан, мөн цаашлаад алхалтын үеэр телевизүүд ирэх байсан утгаар олон ЛГБТ хүүхдүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл эрэх, олж авах эрхэд ноцтой халдсан, цаашлаад тэдгээр хүүхдүүдийн амийг золиход шууд бус байдлаар хүргэхүйц болсон.

Тавдугаарт, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан нийгмийн хамгийн томоохон оролцооны хэлбэр, тэр утгаараа төр энэхүү эрхийг бүрэн хангах бодит бололцоо, нийтийн орон зайгаар хангах ёстой хэмээн НҮБ-ын хүний эрхийн зөвлөл 2013 оны 03 дугаар сарын 22/10 дугаар тогтоолоор баталгаажуулсан. Цаашлаад Хүний эрхийн зөвлөл нь энэхүү эрхийн хэрэгжилтийг хангахын тулд төр дараах үүргийг хүлээнэ хэмээн заасан. Үүнд:

  1. Тайван замаар жагсаал цуглааныг ямарваа байдлаар үл хориглох
  2. Тайван замаар хийгдэж буй жагсаал цуглаанд дур мэдэн үл оролцох
  3. Тайван замаар жагсаж буй цуглаанд оролцогсдыг хамгаалах

Цаашлаад Монгол Улс бүрэн гишүүнээр 2012 онд элсэн орсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын томилсон Тайван замаар эвлэлдэн нэгдэх асуудлаарх тусгай илтгэгч тайван жагсаал цуглаанд процедурын хориг тавихгүй байхыг анхааруулсан. Цаашлаад НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 онд томилсон Тайван замаар эвлэлдэн нэгдэх асуудлаарх тусгай илтгэгч нь аливаа тайван замаар эвлэлдэн нэгдэх эрхийг хэт хүнд сурталжуулж, зөвшөөрөл авах гэх мэт процедурын асуудлаар эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах ёсгүйг анхааруулсан.

Зургаадугаарт, энэхүү ЛГБТ хүмүүсийн эсрэг төрийн байгууллагуудын гаргасан томоохон хүний эрхийн зөрчлийн асуудал нь Монгол Улс ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хангах хамгаалах талаар олон улсын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ уландаа гишгэж байгаа буюу НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2010, 2015 онд авсан нийт 25 зөвлөмж, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос авсан 2 зөвлөмж, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос авсан 2 зөвлөмжийг шууд зөрчиж байгаагийн илрэл. Энэхүү нэхэмжлэлийг хэрхэн шийдэх нь Монгол Улсын олон улсын нийгэмлэгийн өмнө өөрийн Үндсэн хууль болон олон улсын эрх зүйг хэр хүндэтгэж буйн илрэл болох томоохон нийтийн эрх ашгийн нэхэмжлэл болохыг сануулах нь зүй ёсны хэрэг.

Дээр дурдсан Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарыг шүүхийн практикт хэрэглэж, тэдгээрийг үндэслэн гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.           

            Нэхэмжлэгч “Л” НҮТББ-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 15/69 дугаартай “Жагсаал цуглаан хийх мэдэгдэл гаргах тухай” албан бичгийг, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/91 дугаартай “Жагсаал цуглаан хийх мэдэгдэл гаргах тухай” албан бичгийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/90 дугаар “Олон нийтийн урлаг соёл, хүний эрхийн төлөө арга хэмжээ зохион байгуулах мэдэгдэл гаргах тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн байх ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 04/2630 дугаартай албан бичгээр “ЛГБТ хүмүүсийн эрхийг дэмжих тайван явган алхалтын арга хэмжээг 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11:00-13:00 цагийн хооронд урьдчилан зөвшилцсөн маршрутын дагуу Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хүртэл зохион байгуулахыг зөвшөөрсөн”, харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2/2543 дугаар албан бичгээр “хууль ёсоор бүртгэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах тул нэхэмжлэгч байгууллагын мэдэгдлийг бүртгэж авах боломжгүй” талаар хариу ирүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

            Учир нь, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Тэгш эрхийн төлөө алхалт”-ыг 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатарын хөшөөний зүүн талаас эхлэн МУИС-ийн 2 дугаар байрны хойно байрлах Кино кафе хүртэл зохион байгуулах зөвшөөрлийг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид зөвшөөрөл олгосон эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг гаргасан байна.

            Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчийн хариу албан бичгийн тухайд эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтнаас тус төвийн үйл ажиллагааг хориглосон шийдвэр гаргаагүй, өөрөөр хэлбэл тус төвөөс зохион байгуулсан “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагаа болон тэгш эрхийн төлөө алхалт явуулахыг хориглоогүй, харин үйл ажиллагаа явуулахыг хүссэн “Л” НҮТББ хүсэлт гаргахаас өмнө буюу 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” А/101 дүгээр тушаалаар “Хичээнгүй сайд Цэрэндорж”-ийн гудамжинд, тодруулбал Улсын их дэлгүүрийн урд талаас Сөүлийн гудамж хүртэл талбайд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хичээлийн шинэ жилийг угтсан өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байгаа, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд хууль ёсоор бүртгэгдсэн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”  2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, бүртгэгдсэн тул нэхэмжлэгчид хуулийн дагуу бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Зохих журмын дагуу бүртгэгдсэн жагсаал, цуглаан хийх газарт мөн цаг хугацаанд түүний эсрэг агуулга, зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн мэдэгдлийг бүртгэж авах боломжгүй талаар мэдэгдсэн нь хуульд нийцжээ.

            Нэхэмжлэгч “Л” НҮТББ нь хуульд заасны дагуу жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй боловч энэ нь хуулийн дагуу хэрэгжих бөгөөд тус төвөөс зохион байгуулах үйл ажиллагаа нь байршил болон цаг хугацааны хувьд өмнө зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэгдсэн үйл ажиллагаатай давхардсан байсан тул нэхэмжлэгчид уг үйл ажиллагаатай давхцуулан зөвшөөрөл олгох эрх Сүхбаатар дүүргийн Засаг даргад хуулиар олгогдоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “... эдгээр байгууллагуудын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тухай буюу амаар гаргасан шийдвэр болон 08 дугаар сарын 29-нд тэгш эрхийн төлөө алхалт хийж байсан хүмүүсийн бие махбодод хүрч, түлхсэн хууль бус үйлдэл нь нийгэмд оршсоор буй ноцтой ялгаварлан гадуурхалт мөн ...” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

            Тусгаар тогтнолын талбайгаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хүртэл жагсаалаар яваад, Кино кафе хүртэл алхахаар урьдчилан зөвшилцсөн болох нь “Л” НҮТББ-ын менежер Д.М-тэй 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хийсэн уулзалтын тэмдэглэл, “Л” НҮТББ-аас зохион байгуулах арга хэмжээний үед ажиллах хамгаалалтын төлөвлөгөөний зураглал болон хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

            Гэтэл нэхэмжлэгч “Л” НҮТББ нь 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Тэгш эрхийн төлөө алхалт”-ыг зохион байгуулж, алхалт хийх явцдаа хууль ёсны дагуу албан шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчдын шаардлагыг үл биелүүлж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан жагсаал, цуглаан хийхийг хориглосон газарт зураг авхуулж, жагсаал хийсэн, өөрөөр хэлбэл маршрутаар тогтоосон нутаг дэвсгэрээс өөр газарт үйл ажиллагаа явуулсан нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн З дахь хэсэгт ”Жагсаал, цуглаан зохион байгуулагч болон оролцогчид нь хэв журам, хууль ёсыг сахих талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байх тул цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг “ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан” гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг зөрчсөн захиргааны акт гаргасан тул буруутай үйл ажиллагаа, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэхээр гаргасан байх ба энэ нь нэг талаас  нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй тохиолдолд гаргах бөгөөд энэхүү маргааны тухайд уг нэхэмжлэлийн шаардлага нь тухайлсан захиргааны актын эсрэг, тухайлсан захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбогдуулан, уг актуудын улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзэж, тухайн захиргааны актуудтай холбогдуулан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлага нэхэмжлэгчид байгаа нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын хариу өгсөн албан бичиг болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын үйлдлийг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзсэн атлаа, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                           

                       

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                               Д.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ