Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Мид холбогдох эрүүгийн 22340000001196 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.М, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 01-02 цагийн үед Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн 4-р хэсгийн 3-4 тоот хашааны үүдэнд согуугаар хутгыг зэвсгийн чанартай ашиглан Б.Тын цээж хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь цээжинд хатгагдсан зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 22340000001196  дугаар хэрэгт авагдсан

 

Хохирогч Б.Тын өгсөн: "Би Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4-р багт байдаг Б.Дийн гэрт багийн найз Б.М бид гурав 2.5 литрийн пиво уусан. Пиво ууж дуусаад шөнийн 01 цагийн үед Д простер маркийн машинаа унаад Мийн гэрийн гадаа ирээд би буугаад бие засчхаад буцаад машиндаа суухад Д, М хоёр хоорондоо маргалдаад зодолдох гээд байсан. Мийг гэр рүү нь оруулах санаатай хаалгыг нь онгойлгоод тэврээд буулгах гэтэл Д Мийн зүүн шанаа хэсэгт нь хоёр удаа хальт цохиход М уурлаад зодолдох гээд орилоод байхаар нь тэврээд гэр лүү нь оруулах гээд явж байтал миний зүүн хавирга хэсэгт гэнэт халуу дүүгээд хөндүүр болохоор нь гараараа дараад үзтэл цус гоожиж байсан. Миний зүүн талын 11-12 хавирганы завсараар 1 см гүн, 1 см өргөн зүсэгдсэн шарх үүссэн тухайн үед цус гоожиж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч Б.Дийн  өгсөн: "Мтой юм ярьж байгаад том хамартай гээд шоолоод тоглоод хэлэхэд М уурлаад намайг гараараа цохих гэхээр нь би түрүүлээд зүүн хацар хэсэгт нь гараараа 2 удаа хальт цохисон. Т машинаас Мийг гэртээ ор гээд аваад явсан. Тэгсэн Т нь Моо чи намайг хутгалчихлаа яаж байгаа юм бэ гээд орилхоор нь би очих гээд явж байтал миний өмнөөс М гүйж ирээд би Төгсөөг хутгалчихлаа гэж хэлсэн. Бид хоёр Т дээр очход зүүн хавирга хэсгээс нь цус гоожиж байхаар нь Заамар сумын эмнэлэг рүү явсан." гэх мэдүүлэг /хх 16-17/,

Шүүгдэгч Б.Мийн өгсөн: "2022 оны 01 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн үед найзууд болох Т, Д нарын хамт Дийн гэрт 2,5 литрийн нийслэл нэртэй пиво 2 ширхэгийг уугаад 01 цагийн үед Д машинаа бариад Тын хамт намайг Заамар сумын Бат-Өлзийт 4-р баг 2-р хэсгийн 3-4 тоот манай аавын гэрт хүргэж өгөөд хашааны гадаа машиндаа юм ярьж байхад Т бууж бие заслаа гээд яваад өгсөн. Д намайг том хамартай гээд шоолоод байхаар нь би үгийг нь даалгүй уурлаад муудалцсан. Гэтэл гаднаас Т орж ирээд больцгоо гээд миний хаалгыг онгойлгоод намайг буулгах гэтэл Д жолоочийн суудлаас миний зүүн шанаа хэсэгт гараараа хальт хоёр удаа цохихоор нь миний уур их хүрсэн гэтэл намайг Т цээжээр тэврээд гэр рүү оруулах гэж оролдсон. Тэгээд боль яах гээд байгаа юм гэж хэлсэн тухайн үед би Дид нүүрэндээ цохиулсан байсан тул уур их хүрч байсан болохоор очиж зодолдох санаатай Тын тэвэрч байсан гарыг нь тавиулаад хажуугаар нь гараад явтал миний араас гүйж ирээд миний урдаас дахиад тэврээд авахаар нь тавиулах гээд ноцолдож тавиулаад би Д руу ахлаад явж байтал миний араас Т чи яаж байнаа намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь сандраад очоод үзтэл Тын зүүн хавирга хэсгээс цус гоожиж байхаар нь гараараа дараад Дийн хамт эмнэлэгт хүргэж өгсөн. Би яг тэр үед уур их хүрсэн ухаан балартсан байсан. Тыг яг хутгаар хатгасан эсэхээ сайн санахгүй байна. Мөн хутгаа хаашаа шидсэн хаясан талаараа мэдэхгүй санахгүй байна." гэх мэдүүлэг /хх 19-20, 35-36/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Тын биед цээжинд хатгагдсан зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх н эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэжээ /хх 24/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Мийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Мид ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.Т хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 22340000001196 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор цайвар өнгөтэй үзүүр нь нарийн шовх үзүүртэй эвхдэг тонгоргон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Мид оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 22340000001196 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор цайвар өнгөтэй үзүүр нь нарийн шовх үзүүртэй эвхдэг тонгорог 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ