| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01707/и |
| Дугаар | 102/ШШ2017/00974 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/00974
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00974 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 38 дугаар байр, 48 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Цэрэндуламын Ариунаа /РД:УХ65030702/,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 38 дугаар байр, 48 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Ариунаагийн Дөлгөөн /РД:УК91062712/,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 38 дугаар байр, 48 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Батзоригийн Ирмүүн /РД:ЧХ96081530/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дугаар хороо, 2 дугаар хороолол, 3А байр, 59 тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Сорогжоогийн Дэсмаад /РД:ОД77050826/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг байрнаас талийгаач Ж.Батзоригтод ногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн зүйл болох 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Ирмүүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунаа, нэхэмжлэгч А.Дөлгөөн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Мөнхбаатар /ШТҮД:1980/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцэл анхнаасаа хууль бус. Хариуцагч нь энэ байрны өмчлөгчөөр оролцох өргөдөл, мэдээллийн хуудсыг талийгаачийн оролцоогүйгээр Ж.Батзоригоос өөрөөс нь итгэмжлэл аваагүй хийсэн ба өөрийнх нь нэр дээр гарсан байхад түүнийг хассан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 59 тоот байр нь анхнаасаа С.Дэсмаагийн өөрийн хөрөнгөөр бий болсон байр биш юм. Мөн 2005 оноос эхлэн гэр бүлийн дундын өмчлөлийн маргаан шийдүүлэх гээд шүүхэд хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй маргаан нь энэ эд хөрөнгийн маргаан. Гэр бүл цуцлах асуудлыг шүүх хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 10 жил шүүхээр явахад гэр бүл нь өмчгүй болж, өвлөх эрхийн талаар ярих гэхээр талийгаач улсын бүртгэлийн гэрчилгээнээс нэрээ хасуулсан учир өвлөгч нарын өвлөх эрх нь 12 дахь жилдээ хохирч байна. Тиймээс энэ байрны анхны өмчлөгчийг тогтоож Ж.Батзоригийн өмч байсан үү эсхүл С.Дэсмаагийн өмч байсан уу гэдгийг тогтоож эрх сэргээлгэх асуудал хуулийн дагуу үнэн зөв шийдэгдэнэ гэж үзэж байна. Энэ маргаан нь 2005 оноос эхэлсэн ба 10 гаран жил үргэлжилж байгаа. Энэхүү хугацаанд бид түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд талийгч хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс зайлсхийсэн. Мөн 6.000.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн. Гэр бүлийн анхны өмчийг зарж шүүхээс тогтоосон мөнгийг гэр бүлийн гишүүддээ олгоогүй. 2004 онд анх талийгаач бид хоёр салах тухай ярьж байсан. Яагаад гэвэл ганцхан С.Дэсмаа биш түүнээс өмнө олон эмэгтэйтэй холбоотой байсан. Талийгаач болон С.Дэсмаа нараас хүүхэд төрсөн учраас би гэр бүлээ цуцлуулъя, өмчийн маргааныг хоёулаа яаж шийдэх вэ гэдэг асуудал үүссэн юм. Анх 1995 онд гэр бүл болсноос хойш 1996 он хүртэл энэ өмчийг анхнаас нь эхлээд өдий болтол нь барьж босгоход байсан тул би хоёр хүүхэдтэйгээ үлдэхээр болсон. Баянгол дүүрэгт байрлах 59 дүгээр байрыг хоёулаа анх төлбөр мөнгөө хийгээд талийгаач хэргийн оролцогч байх үедээ 2 дахь өмчийг өөрөө аваад гэр бүлээ цуцлуулъя гэж ярьсаар 2004 оныг өнгөрөөсөн. 2005 онд нэхэмжлэл гаргах үндэслэл нь анхны өмчийг зараад 2 дахь өмчөө хувааж авахаар тохиролцон нэхэмжлэл гаргаад байхад өөрөө тодорхой шийдэлд хүрдэггүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгээ мэдсээр байж хүүхдийн тэтгэлэг төлдөггүй байсан. Ийм байдалтай явсаар байгаад 2006 онд өмчөөсөө нэрээ хасуулж байгаа нь тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийсэн хэлбэр гэж үзэж байна. Талийгч нь нас бартлаа 59 тоотод амьдарч байсан гэдэг нь тодорхой. Энэ хугацаанд хариуцагч С.Дэсмаагийн буруутай үйлдэл нь талийгчийг анхнаасаа гэр бүл, үр хүүхэдтэй, гэр бүлийн дундын өмч хөрөнгөтэй гэдгийг мэдэж байсан үйлдэл юм. С.Дэсмаа нь 2004 онд 2 дахь өмчийн бүртгэл дээр өмчлөгч гэж бүртгүүлээгүй байсан энэ асуудлыг 2008 онд талийгч Ж.Батзориг амьд сэрүүн байх үед шийдэх бүрэн боломжтой байсан. Талийгчийн нэрийг өмчлөх эрхийн бүртгэлээс хассан бөгөөд ийнхүү хасахдаа талийгч нь өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ илэрхийлж өөрийн гараар бичээгүй, гарын үсэг нь зөрж байгаа тул бид нар гарын үсгийг үнэн зөв талаар шинжилгээ хийлгэсэн. Шинжээчид талийгчийг гарын үсгийг тогтооход хариуцагч С.Дэсмаагийн бичгийн хэвийг харьцуулалтад оруулъя гэсэн. Түүний дагуу бид шүүхэд хүсэлтээ гаргасан боловч шүүх хүсэлтийг маань шийдвэрлээгүй. Тиймээс энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэхийн тулд нэг талын хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн үзэж Баянголын дүүргийн байрны анхны өмчлөгчийг тогтоож өвлөх эрхийг хамтад нь шийдүүлж, гэр бүлийн өмчийн маргааныг шийдэх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа юм гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн бид 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Орон сууцны өмчлөлөөс хууль ёсны өмчлөгч Ж.Батзоригийг хассан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Учир нь талийгаач Ж.Батзориг болон хариуцагч С.Дэсмаа нар нь 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нэр хасуулах хэлцлийг хийхдээ, Ж.Батзоригийн нэр 59 тоот байрны өмчлөгчөөр байгаа тохиолдолд тухайн байрнаас бусдад төлөх өр төлбөрийг төлүүлэх, цаашлаад 59 тоот байрны өмчлөлтэй холбоотой маргаан үүсэх нөхцөл байдал нэгэнт бий болсныг хэлцэл хийгч нар нь мэдэж байсан бөгөөд энэхүү байдлаас зайлсхийх, тухайн үед хамтран амьдарч байсан С.Дэсмаа нарын өмчлөлд үлдээх зорилгоор дүр үзүүлэн хэлцэл хийж, Ж.Батзориг өөрийн нэрээ хасуулсан болох нь дараах үйл баримтаас нотлогддог болно. Тухайлбал, нэхэмжлэгч Ц.Ариунаа нь Ж.Батзоригт холбогдуулан Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37А байрны 36 тоот байрнаас оногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийг анхлан 2005 онд гаргасан байдаг. Уг маргаан гурван шатны шүүхээр хэлэлцэгдэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцаасан бөгөөд анхан шатны шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 645 дугаар захирамжаар 36 тоот байрны хувьчлалтай холбоотой маргааныг зохих шатны шүүхээр шийдсэний дараа уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, Ж.Батзоригоор төрсөн хүү Б.Ирмүүнийг тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд хүү Б.Ирмүүнд эцэг Ж.Батзоригоос төлөгдөх ёстой байсан хүүхдийн тэтгэлэгт 6.021.880 төгрөг төлөгдөөгүй. Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37А байрны 36 тоот орон сууцыг хариуцагч Ж.Батзориг нь хууль бусаар өөрийн нэр дээр хувьчилан авч, улмаар 2004 онд улмаар бусдад худалдсан байсан бөгөөд энэхүү маргаантай холбоотойгоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3А байрны 59 тоот орон сууцыг битүүмжлэн, дундын өмчлөлийн маргаан шийдвэрлэгдтэл уг битүүмжлэлийг хэвээр үлдээсэн байдаг. Үүний дараа Ж.Батзоригийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37А байрны 36 тоот орон сууцны хувьчлал хууль бус байсныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр тогтоон, хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Улмаар анхлан 2005 онд үүссэн дундын хөрөнгийн маргааныг Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 600 дугаар шийдвэрээр шийдвэрлэн, нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нар хамтран өмчлөх эрхтэй байсныг тогтоож, хүн тус бүрт 16.500.000 төгрөг ногдох болохыг тогтоосон байдаг. 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ, талийгаач Ж.Батзоригийн гэр бүлийн байдал, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээс талийгаач Ж.Батзориг нас барах хүртлээ буюу 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 3А байрны 59 тоот хаягт бүртгэлтэй хэвээр байсан нь нотлогдож байгаа. Дээрх баримтууд болон холбогдох бусад баримтуудаас үзэхэд Ж.Батзориг болон хариуцагч С.Дэсмаа нар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байрны 59 тоот орон сууцны өмчлөгчөөс Ж.Батзоригийн нэрийг хасах хэлцлийг үнэн санаанаасаа бус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна. Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд “... тухайлбал, шүүхийн ирээдүйд гаргах шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үг дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх” гэж тайлбарласан байдаг.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн эхний шаардлагаар 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байрны 59 тоот орон сууцны өмчлөгчөөс хасуулах” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон тохиолдолд талийгаач Ж.Батзоригт ногдох эд хөрөнгийг өвийн зүйл гэж үзэж, түүний хууль ёсны өвлөгч нар нь хуульд заасны дагуу өвлөх боломж бүрдэх юм. Талийгаач Ж.Батзориг нас барсан, нэхэмжлэгчид хуулийн хугацаанд Өвийн санд хүсэлтээ гаргаж, өв нээгдсэн байгаа тул талийгаач Ж.Батзоригийн гэр бүлийн гишүүдийг Ж.Батзоригийн өв залгамжлагчаар тогтоож, нэхэмжлэгч нар нь хуулийн дагуу Ж.Батзоригт оногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагын тухайд, маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3А байрны 59 тоот 88.28 кв.м талбайтай 3 өрөө байрны анхны өмчлөгчийг тогтоолгох юм. Үүний үндэслэл нь гэвэл энэ үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчдийн гэр бүлийн дундын өмч, өвлөх өмч гэж үзэх үндэслэлтэй. Энэ өмчийг хариуцагч С.Дэсмаа худалдан аваагүй, хариуцагч энэ байрны өмчлөх эрхийг дээр дурьдсанчлан хууль зөрчиж олж авсан. 2006 оны 03 дугаар сарын 09 өдрийн 645 дугаартай шүүхийн шийдвэр гарсны дараа, шүүхийн шийдвэрээр энэ байрны битүүмжлэлийг хэвээр үлдээсэн байхад хууль ёсны өмчлөгч Ж.Батзоригийг байрны өмчлөгчөөс хассан гэх хэлцлийг өөрийн гараар бичиж дан ганц өөрийн нэр дээр шилжүүлэн авсан шударга бус өмчлөгч тул нэхэмжлэгчид энэ байрны анхны өмчлөгчийг тогтоолгож, 2004 оноос өнөөдрийг хүртэл энэ олон жил ноцтой зөрчигдөж байгаа хууль ёсны эрхээ сэргээлгэхэд 59 тоотын анхны өмчлөгчийг тогтоолгох нь хуулийн ач холбогдолтой. Учир нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3А байрны 59 тоот 88.28 кв.м талбайтай 3 өрөө байрыг худалдах-худалдан авах гэрээ, төлбөрийг 2002 онд хийсэн, 2004 онд байр эзэмших эрхийн бичиг Ж.Батзоригийн нэр дээр гарсан, мөн Ж.Батзориг энэ байрны төлбөрийг 100% төлсөн гэсэн барилгын компанийн тодорхойлолтоор энэ байрны хууль ёсны анхны өмчлөгч нь Ж.Батзориг ба гэрлэгсэд гэрлэснээс хойш хамт амьдарсан хугацаандаа бий болгосон хөрөнгө мөн гэрлэгсдийн эхнэр, нөхрийн аль нэгний нэр дээр байхаас үл хамааран бий болсон хөрөнгө гэр бүлийн дундын өмч мөн гэсэн хуулийн заалтын дагуу 59 тоот байрны анхны өмчлөгчид нь Ж.Батзориг ба түүний гэр бүл, үр хүүхэд нь юм. Хариуцагч С.Дэсмаа гэр бүл, үр хүүхэдтэй хүнтэй хамтын амьдралтай болсон, 59 тоот байрыг анх захиалж, төлбөр мөнгийг төлж байх үед буюу энэ байрыг шинээр ашиглалтанд орохоос өмнө, 2004 оноос өмнө хамтын амьдралтай байсан гэдэг боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Нөхөр Ж.Батзориг 2008 онд хорт хавдар нь 3 дугаар шатанд орсон, 2011 онд биеийн байдал нь муудсан байсан үед хариуцагч С.Дэсмаа талийгаачийг 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нас барахаас нэг сарын өмнө хуурамч гэрлэлтийн баталгаа авсан байсныг Баянгол дүүргийн шүүхээс хүчингүй болгож, улсын байцаагчийн дүгнэлт гарсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч С.Дэсмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг дэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж байна. 2006 оны 10 дугаар сарын 04-ний хэлцэл нь хууль зүйн хувьд дүр үзүүлэн хэлцэл гэж үзэж байна. Ж.Батзориг нь уг хэлцлээс нэрээ хасуулахдаа бусдын өр төлбөрөөс зайлсхийсэн, эд хөрөнгө үлдээхгүй байх санаатай байсан гэж үзэж байна. Нас барсан хүний үзэл тухайн үед ямар байсныг хэлж мэдэхгүй юм. Нэхэмжлэгчийн талаас 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хийсэн хэлцлээс үзэхэд талийгаач нь өмчлөх эрхийн бүртгэлээс өөрийн нэрээ хасуулахдаа хүүхэддээ энэхүү байрыг үлдээх хүсэлтэй байсан, мөн С.Дэсмаа нь энэ энэхүү байрыг өмчлөх эрхгүй гэж үзсэн байна. Яагаад өмчлөх эрхгүй гэж үзэж байгаа вэ гэхээр энэхүү 59 тоотын орон сууц нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоогдоно. Ж.Батзориг, Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн гэсэн хүмүүсийн хамтын өмчлөлөөс үүссэн хэмээн нэхэмжлэгч тал үзэж байна. Үүнийг нотлох баримт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Мөн С.Дэсмаа гэдэг хүний нэр яагаад хамтран өмчлөгчөөр орсон гэвэл хариуцагч 2001 оны 7 дугаар сараас эхлээд Баянзүрх дүүргийн 7А-36 тоотод талийгаач Ж.Батзоригтой хамтран амьдарч эхэлсэн байдаг. Ингээд 2002 оны 8 сард том охин нь төрсөн. С.Дэсмааг төрөхөөс 2 хоногийн өмнө Баянгол дүүргийн Богд-Ар хороололд нүүж ирсэн. Тухайн үед Богд-Ар хорооллыг 2004 онд онд ашиглалтад оруулсан байдаг тул уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан байдаг. Хариуцагч нь үүнээс өмнө талийгаач Ж.Батзоригтой хамт амьдарч байсан. Яагаад Сүхбаатар дүүрэгт байсан гэхээр оршин суух газрын бүртгэл байхгүй паспортоо улсын бүртгэлээс 2001 онд хасуулаад 2002 онд Баянзүрх дүүрэгт шилжин ирсэн байдаг бөгөөд энэ хугацаанд таньдаг мэддэг хүнийхээрээ байж байгаад тэндээс төрсний гэрчилгээ нь гарсан байдаг. С.Дэсмааг яагаад өмчлөгч биш гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв хариуцагч нь биш байсан бол бүртгэлийн талаар талийгаач нь амьд сэрүүн байхдаа маргах боломжтой байсан. Энэхүү Баянгол дүүргийн 59 тоот орон сууц нь хамтран өмчлөх эрхтэй дундын хөрөнгө гэж үзэж байгаа бол гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө байх ёстой. Гэтэл хамтран амьдарч байсан хугацаа нь нэхэмжлэгч тал өөрсдөө ч гэсэн 2006 оны 9 сар хүртэл хамтран амьдарч гэж маргаад байдаг боловч өмнө нь гаргаж байсан нэхэмжлэлдээ 2000 оноос хойш тусдаа амьдарсан гэсэн тайлбар өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан материалууд дээр тодорхой байдаг. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол түүнээс гарах үр дагаврыг шаардаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна хэмээн ойлгож байна.
Хоёр, гуравдахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл өвлөх эрхтэй болохоо тогтоолгоё гэж байна. Нэгэнт өвлөх эрхтэй бол өвлүүлэгчийн эд хөрөнгө буюу эрх шилжих ёстой. Гэтэл өвлүүлэгчид ямар нэгэн эд хөрөнгө, эрх байхгүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломгүй гэж үзэж байна. 59 тоот орон сууцны өмчлөгчийг тогтоолгоё гэдэг нь тайлбарын хувьд адилхан байна. Анхны өмчлөгч нь өөрөөр хэлбэл Ж.Батзориг, С.Дэсмаа, Б.Цэсмаа гэсэн 3 хүний нэр гарч байгаа. Энэ нэхэмжлэлтэй холбоотой маргаан өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Иргэний хэргийн шүүхээр олон удаа шийдэгдсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага адил байгаа юм. 2006 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн шүүгчийн захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь юу байдаг вэ гэхээр дундаа хамтран өмчлөх гэр бүлийн өмчийг хуваан Б.Ирмүүнийг тэжээн тэтгэх, гэрлэлтийг цуцлуулах гэсэн байдаг. Хавтаст хэргийн 7 ба 1 дүгээр хуудсууд болон Ж.Батзоригт холбогдох хэсгийг №100 тоот шийдвэрээр хүчингүй болгосон. Мөн хавтаст хэргийн 32 дугаар хуудас дээр Монгол улсын Дээд шүүхийн №61466 тоот хариу байдаг бөгөөд энэ хариуны гол утга нь маргаан бүхий Баянгол дүүргийн 59 тоот орон сууцыг нэхэмжлэгч нар нь хамтран өмчлөх болон өвлөх эрхгүй, өмнөх шүүхийн шийдвэрийн хариу нь эд хөрөнгөөр хангах үндэслэлгүй гэсэн хариу ирсэн байдаг. Иймд өмнөх энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь 59 тоот орон сууцнаас өр төлбөр гаргуулах, мөн энэхүү орон сууцыг өмчлөх болон өвлөх эрхтэй гэр бүлийн дундаа өмчлөх эрхтэй хөрөнгө гэж үзээд үүнээс өөрт оногдох хувийг гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага байсан. Энэ нэхэмжлэлийн шаардлага байгаад байгааг анхаарч үзнэ үү. Хавтаст хэргийн 34 дүгээр талд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №430 тоот Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт 2004 он хүртэл талийгаач нь хамтын амьдралтай байсан эсэх дээр дүгнэлт хийсэн байдаг. Мөн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд байгаа шаардлага нь 59 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага байдаг. Өөрөөр хэлбэл 2013 оны 6 сарын 06-ны оны өдөр нэхэмжлэл гаргахаасаа өмнө ямар нэг нэхэмжлэл гаргаагүй иргэний хэргийн шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдсэн байдаг. Иргэний хэрэг, захиргааны хэргийг 3 шатны шүүхээр магадлал, тогтоол гарч хэрэгсэхгүй болгосон. Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №12 дугаартай магадлал нь хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан үйл баримтаар хэдий хугацаанаас хамтран амьдарсан бэ гэдэг олон удаагийн шүүхийн шийдвэр, магадлал болон өргөдлүүд байдаг. Хамт амьдарсан хугацаанд л гэр бүлийн гишүүд нь эд хөрөнгө эзэмших учраас хамт амьдраагүй хугацаанд С.Дэсмаа, Ж.Батзориг нарын эд хөрөнгийг нэхэмжлэгч ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гэж буй нь ойлгомжгүй байна. Мөн Ж.Батзориг, С.Дэсмаа нарын хооронд гэр бүлийн харилцааны эрх үүрэг үүсээгүй боловч талууд гэр бүлийн амьдралтай юм шиг байсан, мөн дундаа хамтран өмчлөх гэр бүлийн эд хөрөнгийн асуудал яригдаж байсан. Иймд С.Дэсмаа, Ж.Батзориг нар нь өөрийн хүсэлтээр хүүхдүүддээ байраа үлдээе гэдэг санаа зорилготой байсан ба тухайн үед талийгаачийн хүү Б.Ирмүүн одоо насанд хүрсэн, түүнтэй уулзуулдаггүй байсан гэдэг. Мөн Б.Ирмүүнтэй холбоотой эд хөрөнгө үлдээх эсэх нь талийгаачийн өөрийнх шийдвэрлэх асуудал байсан тул С.Дэсмаад ямар ч хамааралгүй. С.Дэсмаа нь өөрийн нэр дээр хүсэлт гаргаад улсын бүртгэлийн гэрчилгээнд Ж.Батзоригийн өмнөөс өмчлөх эрхийг хуурамчаар шилжүүлсэн гэж байна. Гэтэл Монгол улсын Иргэний хуульд өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд өмчлөгчийн өмнөөс хүсэлт гаргах зохицуулалт байдаг. Тэгэхээр С.Дэсмаа, Ж.Батзориг нар аль аль нь өөрсдийгөө өмчлөгч гэж үзэж байсан учраас хэн нэгнийх нь татгалзал, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл байхгүйгээр аль алиныг нь төлөөлж байсан болохоор улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байдаг. Улсыг бүртгэлийн гэрчилгээ гаргуулахын тулд анх 59 тоот орон сууцны өмчлөгч эрхийг гэрээ байгуулахтай холбоотой хүсэлт нь улсын бүртгэлийг хүчингүй болгох С.Дэсмаагийн хүсэлтээр 59 тоот орон сууцны өмчлөх эрхийг бүртгэлийг хүчингүй болгох тухай захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан. Тэгэхээр энэ бүртгэлийг хүчингүй болгуулах тухай ямар нэг үндэслэл байхгүй байсан учир захиргааны хэргийн шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нар нь С.Дэсмаад холбогдуулан 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа уг байрнаас талийгаач Ж.Батзоригтод ногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн зүйл болох 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд:
2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Ж.Батзориг нь 2002 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Богда холдинг” ХХК-тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хорооллын 3 дугаар байрны 59 тоотод байрлах, 88.28 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 36.000.000 төгрөгөөр худалдан авч, Ж.Батзоригийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ. Улмаар өмчлөх эрхээ бүртгүүлэх өргөдөл гаргаснаар 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205021349 дугаарт бүртгэгдсэн дээрх орон сууцны өмчлөгчөөр Ж.Батзориг, С.Дэсмаа, Б.Цэсмаа нар бүртгэгдэж дундаа хамтран өмчлөгч /1 дүгээр хавтас 84 дэх тал/ болсон байна.
Тус сууцны хамтран өмчлөгч нар 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” хийж, Ж.Батзориг нь өмчлөгчөөс хасагдаж, өмчлөх эрх нь С.Дэсмаа, Б.Цэсмаа нарт шилжиж бүртгэгдэн /1 дүгээр хавтас 85-87 дах тал/, улмаар 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ээр 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Батзоригийн Цэрмааг өмчлөгчөөр бүртгүүлж С.Дэсмаа /ОД77050826/, Б.Цэсмаа /УХ02282208/, Б.Цэрмаа /УО063221407/ нарт 00007087 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ /1 дүгээр хавтас 88, 89 дэх тал/ олгогджээ.
Хамтран өмчлөгч Ж.Батзориг нь хамтран өмчлөгчөөс хасагдахдаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан “дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх...”, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан “үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх хэдий ч шүүхээс хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” байна гэж дүгнэлээ.
Учир нь Баянгол дүүргийн шүүхэд гаргасан Ц.Ариунаагийн нэхэмжлэлтэй Ж.Батзоригт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгчийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2560 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцыг битүүмжилсэн /1 дүгээр хавтас 6 дах тал/ байх ба 2006 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шүүгчийн 645 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Гэр бүлийн дундын хөрөнгө хуваах маргаан шийдвэрлэгдээгүй байхад буюу 2006 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 645 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа Ж.Батзориг нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийсэн нь түүнийг төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор хамтран өмчлөгчөөс хасагдсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууц нь гэрлэлтээ бүртгүүлснээс хойш бий болсон, хэдийгээр тусдаа амьдарч байх үед бий болсон ч гэрлэлт цуцлагдаагүй байсан зэргээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна” гэж зааснаар Ж.Батзориг, Ц.Ариунаа нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмч гэж үзэх үндэслэлтэй байна.
Талийгаач Ж.Батзориг нь 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” хийхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй байх тул мөн зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2299 тоот дүгнэлт /1 дүгээр хавтас 228-233 дах тал/-ээр “орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгийг нэг хүн зураагүй гэж үзсэн боловч шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 3399 тоот дүгнэлт /2 дугаар хавтас 260-265 дах тал/, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5436 тоот дүгнэлт /2 дугаар хавтас 292-304 дэх тал/, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4982 тоот дүгнэлт /2 дугаар хавтас 407-419 дэх тал/-үүдээр Ж.Батзоригийн буюу нэг хүний гараар бичигдсэн бичвэр болохыг тогтоосон, энэ нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлийг няцаасан дүгнэлт болж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болно.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд:
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны талийгаач Ж.Батзоригтод ногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Ж.Батзориг нь 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нас барж, түүний өв мөн өдрөөс нээгдсэн байна. /1 дүгээр хавтас 16 дах тал/
Нэхэмжлэгч Ц.Ариунаа нь Ж.Батзоригтой 1995 оноос хамт амьдран, 1998 онд гэрлэлтээ батлуулж, хүү Ариунаагийн Дөлгөөн, Батзоригийн Ирмүүн нарын хамт амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2001 оноос тусдаа амьдарсан байх ба үүнээс хойш С.Дэсмаатай хамтын амьдралтай болж, улмаар охин Б.Цэсмаа, Б.Цэрмаа нарыг төрүүлсэн нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Ариунаа нь гэрлэлт цуцлуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч Ж.Батзоригийг нас барах үед тэдний гэрлэлт цуцлагдаагүй болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн лавлагаагаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” нь хууль ёсны өвлөгч бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй байдаг гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Ариунаа, Б.Ирмүүн нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д “Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй” гэж зааснаар бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны талийгаач Ж.Батзоригтод ногдох хэсгээс өвлөх эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч А.Дөлгөөн нь Ж.Батзоригийн үрчилж авсан хүүхэд нь биш тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид хамаарахгүй байх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-д “Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө” зааснаар Ж.Батзоригийг нас барах үед 20 нас хүрсэн, тусдаа амьдарч байсан тул Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны талийгаач Ж.Батзоригод ногдох хэсгээс өвлөхөөр шаардах эрхгүй байна гэж үзэн түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоолгох шаардлага гаргасныг шаардах эрхгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрх өмчлөгчид өөрт нь эсвэл хуульд зааснаар түүний хууль ёсны төлөөлөгчид байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч Ц.Ариунаа, Б.Ирмүүн нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Ж.Батзоригийн хууль ёсны өвлөгч мөн боловч үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгчийг тогтоолгохоор шаардлага гаргах эрхгүй байна.
Учир нь Ж.Батзориг нь 2002 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Богда холдинг” ХХК-тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хорооллын 3 дугаар байрны 59 тоотод байрлах, 88.28 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 36.000.000 төгрөгөөр худалдан авч, Ж.Батзоригийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, улмаар өмчлөх эрхээ бүртгүүлэх өргөдөл гаргаснаар 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205021349 дугаарт бүртгэгдсэн дээрх орон сууцны өмчлөгчөөр Ж.Батзориг, С.Дэсмаа, Б.Цэсмаа нар бүртгэгдэж дундаа хамтран өмчлөгч /1 дүгээр хавтас 84 дэх тал/ болжээ.
Нэхэмжлэгч нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгчөөр талийгаач Ж.Батзоригийг тогтоож, бид тухайн үл хөдлөх хөрөнгөөс өвлөгдөх хэсгээ болон шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө гаргуулах хүсэлттэй гэх боловч талийгаач Ж.Батзориг нь 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд анхны бүртгэлийг хийлгэхдээ дээрх орон сууцны өмчлөгчөөр Ж.Батзориг, С.Дэсмаа, Б.Цэсмаа нар хамтдаа бүртгэгдэж, нас барах хүртлээ буюу 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл өмчлөлийн талаар маргаагүй байгаа нь түүнийг С.Дэсмаа, Б.Цэсмаа нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дэсмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Ц.Ариунаа нарын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эрх ашиг хөндөгдөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Ариунаа, Б.Ирмүүн нар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны талийгаач Ж.Батзоригод ногдох хэсгээс бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлээс А.Дөлгөөний өвлөх эрхтэй болохоо тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр Ж.Батзоригийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дэсмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ