Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхорол,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

Шинжээч О.Баатаржав,

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С Х холбогдох эрүүгийн 2134000000418 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Бовогт С Х, ................регистрийн дугаартай, 1970 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймаг Богд суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4 байсан, одоо 3, охин, түүний хүүгийн хамт Төв аймаг Цээл  сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг “Бор толгой” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх яадвартай гэх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №1025 дугаар дүгнэлтэд тусгагдсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч С.Х нь Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг “Бор толгой” гэх газар байх гэртээ 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цаг 30 минутын орчим нөхөр А.Сэрээтэрийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин С.Сонинцэцэгийг “шатааж ална” гэж түүний биед халдаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хутгалж алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2   дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт.

Шүүгдэгч С.Х: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэх өгөхгүй” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхцэцэгийн” Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, аав минь биднийг бага байхын л архи уухаараа агсам зантай ээжийг хардаж, зоддог, ээж биднийг хамгаалж хөдөө гадаа хонох тохиодолд зөндөө гарч байсан. Бид гэр бүлийн асуудал учраас хуулийн байгууллагад Хаагүй Хлаач, аав ирээд бүр илүү дордох учраас хэлдэггүй байсан” гэв.

 

Эрүүгийн 2134000000418 дугаартай хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-03-05 тал/, цогцосонд үзлэг хийсэн талаархи тэмдэглэл/хх-06 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-07 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-08-16 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-20-21 тал/, гэрч С.Сонинцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-23-24 тал/, гэрч Ж.Сандагсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26 тал/, гэрч Р.Даваанямаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-28-29 тал/, гэрч Ч.Лхагвахишигээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-32-34 тал/, гэрч С.Содонцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-36 тал/, гэрч Ч.Амаржаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-38-39 тал/, гэрч Ц.Бямбадоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-41 тал/, гэрч Ч.Түмэндэмбэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-43 тал/, гэрч О.Алтанцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-45-46 тал/, гэрч Д.Даваанямаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-49-50 тал/, гэрч М.Төгсбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-53-54 тал/, гэрч А.Наранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-57-59 тал/, гэрч С.Баттулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-61-62 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-76 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-93-97 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-98 тал/, илтгэх хуудас/хх-102 тал/, түргэн тусламжийн дуудлагын хуудасны  хуулбар/хх-104 тал/, С.Хын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-109-126 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай дүгнэлт/хх-129 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 436 дугаартай дүгнэлт/хх-131 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3176 дугаартай дүгнэлт/хх-133-136 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3177 дугаартай дүгнэлт/хх-140-149 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 855/хх-153-155 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143 дугаартай дүгнэлт/хх-157-158 тал/, цогцосонд үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-159-167 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 1025 /хх-194-197 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-202 тал/ зэргийг судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Х нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цаг 30 минутын орчим нөхөр А.Сэрээтэрийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин С.Сонинцэцэгийг “шатааж ална” гэж түүний биед халдаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн нөхөр амь хохирогч А.Сэрээтэртэй маргалдан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсны улмаас хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Талийгаач А.Сэрээтэрийн биед шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 143 дугаартай дүгнэлтэд.

Онош:1.А.Сэрээтэр нь хутгалагдсан шарх баруун гуяны тараагуур судасны гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шархнаас цочмог цус алдаж, цус алдалтын дараах шокт нас баржээ.

Дүгнэлт.А.Сэрээтэрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун гуя, нуруу, хэвлийн баруун дор шарх, хуйх, зүүн хацар, чихэнд шарх, зүүн гарын хуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир бүхий болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хуцацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаачийн цогцост үүссэн баруун гуяны тарагуур, хураагуур, судасны хатгагдаж, зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.8-д зааснаар гэмтдийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3.8 хувь промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согсолтын хүнд зэрэгт хамаарна.”гэжээ./хх-157-158 тал/,

Мөн хэрэг учрал гарах үед талийгаач нь охин С.Сонинцэцэгийн биед гэмтэл учруулсан талаар тогтоосон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 435 дугаартай дүгнэлтэд:

“С.Сонинцэцэгийн биед баруун алганд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь баруун алганд зөөлөн эдийн няцрал, зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт/хх-129 тал/,

Мөн хэрэг учрал гарах үед шүүгдэгч С.Хын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 436 дугаартай дүгнэлтэд:

С.Х-ын биед баруун гарын алганд цус хурсан, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр барун алганд цус хурсан нь хэрэг учрал гарсан цаг хугацаанд үүссэн байх шинэ гэмтэл байна.” гэжээ./хх-13 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 855 дугаартай дүгнэлтэд:

Дүгнэлт.С.Х нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна. Болж байгаа үйл явцыг бүрэн ойлгож чадвартай байсан байна. үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ./хх-153-155 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1025 дугаартай дүгнэлтэд:

Дүгнэлт. ..сэтгэцийн шинжлэх ухаанд сэтгэл цочирдлыг энгийн ба эмгэг гэж 2 хувааж үздэг. Нийгэм сэтгэл зүйн сөрөг гэнэтийн хүчтэй сэтгэл зүйн нөлөөгөөр сэтгэцийн хувьд эрүүл хүнд үүсдэг сэтгэл цочирдлыг энгийн сэтгэл цочирдол гэж үздэг. Энэ үед ухаан балартаагүй тул тухайн хүн гадаад орчноо болон өөрийн байдлыг бүрэн ухаарах чадвартай байдаг. Энэ үед тухайн энгийн цочирдол нь богино хугацаатай огцом үүсдэг эрс хүчтэй сэтгэл хөдлөл юм. С.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна” гэжээ. /хх-194-197 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи шинжээчийн дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн шинжээч О.Баатаржавын “2 удаа дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлт дээр С.Х сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэн өгөх чадвартай, өөрийгөө удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай гэж гарсан. Дараагийн нэмэлт асуултаар С.Х гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байх боломжтой гэх дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг гаргахдаа С.Хтай ярилцаж, хавтаст хэргээс гэрчийн мэдүүлэг авсан. Сэтгэл санаа цочрон давчдах гэдэг нь 2 янз байдаг. Энгийн болон эмгэг гэдэг буюу эмгэг гэдэг нь сэтгэцийг эмгэгтэй, энгийн гэдэг нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэдэгт хамрагддаг. Энэ нь эрүүл хүнд богино хугацаанд огцом үүсдэг юм. Гэнэтийн цочрол гэхэд 3 шалтгаан байдаг. Тухайн сэтгэл зүйн сөрөг байдал хүнд үүсээд тэр нь сэдэлт болж өгдөг. 10-30 минутын хооронд үүссэн байх боломжтой гэж үздэг. Мөн тухайн үеийн сэтгэл зүйн байдал ямархуу байсан зэргээс харгалзаж тогтооно. Тухайн үед охиныг нь төмрөөр цохисон, үстсэн, хувцсаар нь ороогоод гэр лүү орсон тэр агшинд би араас нь орсон гэх үйлдэл хийхэд цочролд орсон гэж үзэж байгаа” гэх мэдүүлэг,   

       Хэрэг учрал гарах үед хамт байсан гэрч /охин/ С.Сонинцэцгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед аав А.Сэрээтэр үхэр рүүгээ явна гэж хэлээд өөрийн улсын дугааргүй, Даюун маркийн улаан өнгийн мотоциклтой явсан. Тэгээд өдөржин хаагуур явсан нь тодорхойгүй явж байгаад шөнө 23 цагийн орчим согтуу мотоциклтойгоо ирээд гэрт агсам тавьсан. Тухайн үед аавыг соггуу ирж байна гэдгийг ээж мэдээд гэрээсээ гараад нуугдчихсан би 4 настай хүүтэйгээ байж байхад орж ирээд ээжийг асууснаа хавийн хүмүүстэй хардаж орилоод хаашаа явсан энэ тэр гэж асуугаад байсан. Мөн манай дүү нар болон намайг нэр нэрээр нь дуудаад тэр тэрний хүүхэд энэ нь миний хүүхэд гээд байсан. Тэгээд би хүүхдээ хувцасласан чинь бүгдийг ална шатаана гээд газ плитк асаасан. Тэгээд би хүүхдээ дагуулаад гэрээс гараад зугтаасан чинь намайг араас хөөгөөд гэрийн ард барьж аваад одоо тэр дээлээ тайлсан байгаа газраас намайг барьж аваад гэр рүү үстэж чирч, хувцаснаас зулгааж боож оруулсан. Гэрт оруулаад хутга аваад ална гэж надруу дайрсан. Энэ үед ээж гаднаас орж ирээд аавын гарнаас хутга авах гээд хутгатай ноцолдсон. Тэр хоёрыг ноцолдож байх явцад аавын гуя руу хутгаар хатгасан, аав намайг зүүн гараараа хоолой боогоод заамдсан, баруун гараараа хутгаа барьсан гэхээр баруун гуяа руу нь хутга хэд хэдэн удаа орсон. Миний бодлоор 3 удаа юм болов уу гэж бодож байна. Тэгээд би хүүхдээ аваад гэрээс гараад баруун хойшоо зугтаасан. Ээж араас нь гарсан аав босго дамнаад хэвтээд үлдсэн. Ээж удалгүй намайг олоод араас ирсэн. Манай баруун талын айл нохойтой болохоор нэлээд холуур даялж яваад урд айлдаа очоод тэр айлын хүмүүсээр Цээл сумын төврүү хүргүүлсэн,...Манай талийгаач аав намайг өчигдөр цамцны захаар боогоод мөн төмрөөр цохисны улмаас гар хавдсан ... Манай аав намайг хүүхэд байхад хүчирхийлэх гэж оролдож байсан тухай бүрд нь би ээжид хэлж ээжтэйгээ ярилцаад цааш нь хэлхээс санаа зовоод мөн аав ч надаас уучлалт гуйгаад өнгөрч байсан ... Би хутга, төмөр хоёрын талаар мэдэхгүй байна ээж араас гүйж ирэхдээ гартаа юмгүй ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.Намайг Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2-р баг 4-416 тоотод гэртээ байж байхад 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 53 минутад ээж С.Х миний утас руу залгаж яриад дүү Содонцэцэгийн гэрт ирсэн байна аав чинь архи уусан согтуу ирээд агсам тавиад хутга байхаар нь хутгыг нь булааж авах гээд хутганд аав чинь дүрэгдэж хутгалагдаж байсан ээж нь зугтаагаад алхаж байгаад ирлээ яаралтай эмч цагдаа авч явъя, чи явах юм уу гэхээр нь би явъя гээд дүү Содонцэцэгийн гэрт очоод ээж С.Х, төрсөн эгч Сонинцэцэг, хүргэн Батжаргал бид 4 яваад Цээл сумын эмнэлэг дээр очиж дуудлага өгөөд эмчийг нь гэрээс нь очиж эмнэлэг дээр авчраад эгч Сонинцэцэг бид 2 эмчээ аваад аавын гэр рүү явсан. Хүргэн Батжаргал, ээж С.Х хоёр цагдаа дээр очоод хэсгийн төлөөлөгчийг аваад түрүүлээд очсон байсан. Тэгээд намайг гэррүү оруулахгүй байсан ба аав Сэрээтэрийг нас барсан байна гэж хэлсэнхх-ийн 20-21 дүгээр хуудас,

гэрч Ж.Сандагсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн” Би талийгаач А.Сэрээтэртэй хамгийн сүүлд буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд сумын төвийн худаг дээр тааралдсан. Тухайн үед А.Сэрээтэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Надтай тааралдахаа үхэртээ явж байна. 2 үхэр нь энд явж байна үхэртээ аваачиж нийлүүлнэ гэж байсан. Ингэсгээд үхрээ туугаад харина гэж хэлээд надтай нэг тамхилчхаад яваад өгсөн. Тэрнээс хойш дахиж уулзаагүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

гэрч Ч.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааын явцад өгсөн” Миний ах А.Сэрээтэр нь илүү дутуу зан байхгүй төлөв төвшин хүн байсан, тамхи татдаг, архи уудаг байж байгаад сүүлийн 1 жилд архи уухгүй байгаа гээд байсан. Архи уусан үедээ илүү дутуу зан гаргаж байсныг мэдэхгүй ээ надад бол агсам согтуу тавьж байгаагүй зүгээр л байдаг байсан. Архи уусан байхдаа гэртээ ямар зан гаргадаг байсан талаар мэдэхгүй байна. Гэртээ агсам согтуу тавиад гэж сонсож байсан. Миний хажууд бол талийгаач ах А.Сэрээтэр, эхнэр С.Хтайгаа хоорондоо хэрэлдэж, маргалдаж, зодолдож цохилцож байгаагүй ба 2010 оны үед байх Сэрээтэр, Х нартай Цээл сумын төвд тааралдахад Сэрээтэр гэртээ агсан тавьсан хоорондоо маргалдсан гээд Сэрээтэрийн хоёр нүд нь битүү хавдсан явж байсан ба яасан юм гэсэн чинь хажуунаас эхнэр Х нь би цохисон юм гээд хоёр гараа ташаагаа тулчхаад зогсоод байсан. Би ер нь Хыг Сэрээтэрт зодуулж, цохиулсан гээд биед нь ил харагдах гэмтэл шарх байхыг хараагүй ээ. С.Х надад талийгаач А.Сэрээтэрийг архи уусан үедээ өөрийг нь зодож цохилоо гээд утсаар ярьж байсан. Цээл сумын төвд таарахаараа ч хэлдэг л байсан нийт хэдэн удаа хэлж байсныг нь санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

гэрч Ц.Түмэндэмбэрэлийн “...С.Х эгч надад талийгаач А.Сэрээтэрийг архи уусан үедээ гэртээ агсам согтуу тавиад байна, зодож цохиод байна гэж 2-3 удаа утсаар ярьж байсан ба сүүлийн 2 жил бол утсаар яриагүй. Цээл суманд талийгаач ах бид хоёр л мал маллаж байдаг байсан манай бусад ах, эгч, дүү нар Улаанбаатар хотод байдаг болохоор надруу ярьдаг байсан. Тэгээд дараа нь талийгаач ахтай тааралдахаар нүүр, ил харагдах газар нь маажсан юмуу гэмээр хумсны шархтай байдаг байсан. 2020 оны 09 дүгээр сард би ах Сэрээтэрийн гэрт очиход С.Х эгч байхгүй ах Сэрээтэр урд өдөр нь архи уусан гээд гэртээ байж байсан ба тэгэхэд ах нь үхмээр байна энэ амьдралд амьдармааргүй байна гэж хэлж байсан ба юу болсон юм, яасан юм гэхэд ах нь сэтгэл жоохон гундуухан байна гэж байсан. Өөр юм яриагүй ээ. Тэд хоорондоо юунаас болоод маргалдаад байдаг талаар мэдэхгүй байна. Амьдрал нь уул нь сайхан тэгширсэн явж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

гэрч О.Алтанцэцэгийн “Би засаг дарга учраас багийн малчдын гэрээр нь орж уулзаж, санал хүсэлтийг нь сонсож явдаг ба хамгийн сүүлд гэхэд А.Сэрээтэрийн гэрээр 2021 оны 08, 09-р саруудад очиж уулзаж байсан. 08 сард очиход Сэрээтэр, Х нар хоёулаа байсан. 09 дүгээр сард гэрт нь очиход Х, охин Содонцэцэг нар байсан. 2020 онд намайг гэрт нь очиход Х нөхөр Сэрээтэр нь архи уухаа больсон гэж байсан. Би бол 2000 оноос хойш багийн засаг дарга хийж байгаа С.Х намайг ажил дээр байхад Цээл сумын ЗДТГ-ын өрөөнд 3-4 удаа ирж уулзаж байсан тэгэхдээ нөхөр Сэрээтэр нь архи уудаг, архи уухаараа гэрт ирж зодож цохидог, зодож цохихоор нь би гараад зугтаадаг хөдөө юмуу хүүхдийндээ очиж хонодог гэж байсан...,...С.Х надтай нэг ирж уулзахдаа 2013 оны үед байх хөл нь доголсон явж байсан ба тэгэхдээ нөхөр Сэрээтэр нь архи уугаад зодож цохиод байх юм, миний зүрх өвдөөд байгаа, хэцүү байна гэж хэлж байсан. Өөрөөр бол биед нь ил харагдах шарх гэмтэлтэй надтай уулзаж байгаагүй. 2014 оны үед С.Х надтай уулзахдаа Сэрээтэр манай том охиныг жоохон дээрэлхээд байх юм гэж хэлж байсан А.Сэрээтэр нь надтай 2-3 удаа л архи согтууруулах ундаа уусан үедээ Цээл сумын төв дээр явж байхад нь тааралдаад одоо гэррүүгээ яваарай, мал чинь юу болж байна гэхээр за гээд яваад өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

гэрч Д.Даваанямын “2021 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цагийн үед унтаж байхад хаалга нүдээд байна, эмэгтэй хүний дуу гарч байна гэж эхнэр Хүүхнээ хэлсэн. Тэгээд манай эхнэр хаалга онгойлготол Х ганцаараа орж ирээд төврүү хүргээд өг манай хүн агсам тавиад байна. Гадаа манай охин хүүтэи байгаа гэж хэлсэн. Тэгээд өөрийн хүү болох Батсууриар Цээл сумын төврүү хүргүүлсэн. Тэгээд Батсуурь буцаж ирэхэд нь хэдэн цаг болсныг асуухад 01 цаг оолж байна гэж хэлсэн. Манай хүү Батсуурь нь өглөө 05 цаг гэж босоод Улаанбаатар хот орж шинжилгээ өгөх байсан болохоор орж ирээд унтаад өгсөн. Бачимдаж, сандарсан сумын төврүү хүргээд өг гэж яарч байсан. Хүү Батсуурьтай хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр утсаар ярихад Өмнөговь аймагт ирчихсэн байна. Одоо ажилдаа орох гээд гарч байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Н.Наранцэцэгийн “Энэ хоёрын харилцааны хувьд миний нүдэн дээр их эвтэй байдаг юм. Гэр бүлийнхэн хүрээнд юу болдог талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ Х одоогоос 2 жилийн өмнө буюу 2019 оны намар санагдаж байна. Манай гэрт оройхон ирээд найз нь Сэрээтэртэй маргалдчихаад гараад ирлээ гэж хэлээд манайд хоноод өглөө нь явсан. Түүнээс хойш 2020 оны өвөл байх Х, Сэрээтэр хоёр маргалдлаа гээд Х манайд нэлээн орой ирж хоноод явсан. 2019 оноос өмнө бол Х нь манай дэлгүүрээр орж ирж үйлчлүүлээл гардаг байснаас гэр бүлийн таарамжгүй харилцааны талаар надтай яярилцаж байгаагүй. 2020 оноос хойш дахиж манайхаар ирээгүй гэхдээ манай дэлгүүрээр байнга л орж гардаг байсан. Талийгаач нь архи уугаад тэгээд маргалддаг юм шиг байгаа юм. Тэгээд л Х 2 удаа манайд ирж хоносон. Тухайн үеүдэд Хын биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Надад зодуулж, цохисон гэж ярьж байгаагүй. Харин агсам согтуу тавилаа л гэж яридаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 57-59 дүгээр хуудас/,

гэрч С.Баттулгын “Манай аав талийгаач А.Сэрээтэр болон ээж С.Х нар эрүүлдээ бол огт муудалцаж, зодолдож байгаагүй. Аав архи уучхаараа л агсам согтуу тавиад бид нарыг ээж өмөөрөөд л хэрэлддэг байсан. Аав уухаараа агсам тавина бид нарт гар хүрнэ, эрүүлдээ ямар нэгэн юм сэтгэлд нь хүрэхгүй бол тэрнийгээ шууд хэлэхгүй хирнээ согтохоороо л хамаг юмаа гаргаад хэлчихдэг, тэгээл тэр нь хэрүүл зодоон, маргаан болчихдог байсан...,...Үр хүүхэд бид нарын зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Х-н хүний амьд явах эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

 Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас. шүүгдэгч С.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхцэцэг нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Хаас гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан,

 шүүгдэгчийн өмгөөлөгчаас миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул С.Хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэх болон албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой.

Тиймээс заавал хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхцэцэгээс шүүгдэгч С.Хыг ял шийтгэлгүй гаргаж өгөөч гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Прокуророос С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч С.Хыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Х-д ял шийтгэл оногдуулахад тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн тухайн гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нь хохирогчийн зүй бус үйлдэл буюу олон удаагийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан байдал нь тухайн өдөр даамжирч, өөрийн дагавар охин түүний бага насны хүүгийн амь насанд аюултай нөхцөл байдал бий болсон, хохирогч, гэрээ шатаах, бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж болохуйц хүнд нөхцөл байдал үүссэн нь дээрх дурдагдсан гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгч мэдүүлэг, гэрч, шүүгдэгч нарын биед хэрэг учрал гарах үед учирсан гэмтлүүд болон шүүгдэгчийн сэтгэл санааны хүчтэй цочролд орсныг тогтоосон нарийн мэргэжлийн шинжээч эмч нарын дүгнэлт, шинжээчийн мэдүүлэгт тусгагдсан байх тул шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ онцгой анхаарч үзлээ.

       Шүүгдэгч С.Х-ыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг ял шалгах хуудсаар шалгахад урьд нь ял шийтгэлгүй /хх-98тал/ талаар тусгагджээ.

 

Шүүгдэгч С.Х-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дүгээр зүйлийн 1-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нахцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заажээ.

Иймд шүүгдэгч С.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг , ногоон өнгөтэй задгай энгэртэй ноосон цамц-1 ширхэг, саарал өнгийн босоо захтай, цахилгаантай ноосон цамц-1 ширхэг, дугуй захтай саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, эрээн алаг фудволк 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн гялгар материалтай бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар эрээн дотоож 1 ширхэг, улаан хүрэн болон ногоон өнгийн 1 хос оймс 1 ширхэг, хар өнгийн түрийтэй 1 хос гутал, урт нарийн армутор төмөргэсэн бичигтэй хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж, СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Х энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар 2021 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 сарын 11-ны өдөр хүртэл нийт 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсонийг эдлэх ялд нь оруулан тооцож,

бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт С.Х-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-ыг хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Х-ын цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрг хүлээлгэж, үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тав аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Х-д мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Х нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг , ногоон өнгөтэй задгай энгэртэй ноосон цамц-1 ширхэг, саарал өнгийн босоо захтай, цахилгаантай ноосон цамц-1 ширхэг, дугуй захтай саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, эрээн алаг фудволк 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн гялгар материалтай бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар эрээн дотоож 1 ширхэг, улаан хүрэн болон ногоон өнгийн 1 хос оймс 1 ширхэг, хар өнгийн түрийтэй 1 хос гутал, урт нарийн армутор төмөр зэргийг устгахын Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж, СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Х-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ