Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч О.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт О Ж-д холбогдох эрүүгийн 2134000000383 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Боргоцой нэртэй бууз баншны цехэд ажилладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Гачуурт Баруун дэнж Баянтөхөм 16-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ..... регистрийн дугаартай, Б овогт О Ж

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ж нь согтуурсан үедээ Төв аймаг Батсүмбэр сумын төвд Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө хохирогч .... хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед зүүн завж дотор язарсан шарх, хоёр талын хөмсөг, суганд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч О.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймаг Батсүмбэр сумын төвд Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ж.Мэндсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед зүүн завж дотор язарсан шарх, хоёр талын хөмсөг, суганд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134000000383 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч ........ өгсөн: “Би сэтгэл санаа биед учирсан гэмтлийн хохирол гэж 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг/хх-28-29 тал/,

           

            Хохирогч .......... гэрчээр өгсөн: “22 цагийн орчим би эхнэрийн ажил дээр очоод тарахыг нь хүлээж байгаад хамт пиво ууж суусан Ж гэх залуу ирээд хамт суугаад юм ярьж байгаад явсан. 00 цаг болоод lounge хаагаад гарсан чинь үүдэнд таараад уулзаагүй удсан гээд нэг шил архи хувааж уухаар болсон. Бид хоёр харих санаа гаргасан боловч Ж үг хаяад байхаар нь арга буюу хамт яваад Гэг дэлгүүрийн ард гудамжинд уусан 0.75 шилтэй хараанаас би 100 граммын аягаар 2 удаа уугаад салхинд цохиулаад тасарчихсан байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Би гадаа юу болсныг огт санахгүй байгаа өглөө гэртээ сэрэхэд зодуулчихсан байсан эхнэрээс юу болсон талаар сонссон. Одоо амьсгалахад хүнд байна. Цээжээр их өвдөж байна. Нүүрэн тус газар их шарх үүссэн. Гарын бугалга, хуруу зэрэг бас шалбарсан хөндүүр байна. Би гомдолтой шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэх мэдүүлэг/хх-4 тал/,

 

            Гэрч Х.Норовбанзадын өгсөн: “Би тухайн орой ажлаа 22 цаг болж байхад тараад ажлынхаа лоунжид нөхрийн хамт суугаад пиво ууж байхад манай ажлын тогооч болох Ж ирээд хамт юм ярьж сууж байгаад Ж гараад явсан шөнө 00 цаг болоод манай лоунж хаагаад бид хоёр харих гээд гартал үүдэнд Ж таараад ганц юм ууя гээд бид хоёр харих гэсэн чинь "танай нөхөр ирчихсэн юм чинь ганц юм гялс уучхаад харья" гээд бид гурав Гэг дэлгүүрийн ард гудамжинд ууж байгаад гэнэт манай нөхөр Мэндсайхан, Ж нар муудалцаад эхэлсэн дээр доороо ороод ноцолдоод би салгах гээд барахгүй удаан ноцолдоод өөрсдөө салсан би нөхрөө аваад гэртээ харьсан. Ж эхлээд "Би энэ Кристал дэлгүүрийг авч явж байгаа энэ газар надгүй бол юу ч биш Батсүмбэрт бол би том хүн шүү гээд томроод эхэлсэн манай нөхөр зөрүүлэн хэрэлдээд сүүлдээ манай нөхөр Жтэй намайг хардаад зодоон үүссэн. Өмнө бид хоёртой хамт сургуулийн барилга дээр ажиллаж байсан. Нэг мэдсэн манай нөхрийн дээр нь гарчихсан цохиж байсан би арай гэж босгосон ямар ч байсан нүүр, толгой, цээж гээд цохиж болохоор газар юу байна тэр бүх газар нь цохисон. Тоог нь бол тоолсон зүйл байхгүй. Ж манай нөхрөөс биеэр хамаагүй илүү том биетэй бас манай нөхөр уухаараа ямар ч тэнхэлгүй болчихдог эсэргүүцэл үзүүлээд тэгж их цохиж бол чадаагүй. Биед нь халдаж цохиж зодоод байсан зүйл бараг байхгүй.” гэх мэдүүлэг /хх-6 тал/,

 

            Гэрч Х.Нямготовын өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 0 -ны шөнийн 23 цаг өнгөрч байхад Кристалын баарнаас нь нэг шил архи худалдаж аваад гараад явж байтал хүргэн Мэндсайхан дүү Норовбанзад нэг танихгүй залуу 3 цуг явж байхтай нь таараад тэгснээ хүргэн Мэндсайхан гудамжны буланд нөгөө залуутайгаа маргалдаж хоорондоо ноцолдоод тоглоод байгаа юм байх гэж бодоод тэгээд л сүртэй юм болоогүй салсан би тэгээд гэр лүүгээ явсан. Би Мэндсайханыг цохиж зодоогүй Бид нар бүгд л халамцуу байсан. Тэр хамт явж байгаа хүнтэйгээ л хоорондоо маргалдаж ноцолдоод цохилцоод байсан. Би хүргэн Мэндсайханыг цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг/хх-8 тал/,

 

Шүүгдэгч О.Ж-ийн гэрчээр өгсөн: “Тухайн шөнө 00 цагийн орчим ажлаа тараад гарсан ажлын үүдэнд манай угаагч Норовбанзад нөхөр болох Мэндсайхан ахын нэрийг мэдэхгүй гурвуулаа намайг урагшаа дөхүүлж өгөхөөр явсан Норовбанзадын ах 1 шил 0,75 граммын архи авчихсан жоохон юм ярьж сууя гэж хэлээд Гэг дэлгүүрийн ард гудамжинд суусан бид хэд нэг татаад явах гэсэн чинь Мэндсайхан намайг эхнэр Норовбанзадтай хардаад хараагаад эхэлсэн би маргалдаад байж байтал намайг шууд нүүрэн тус газар 2-3 удаа цохиод авсан би уурлаад барьж аваад тонгорч унгаасан хоорондоо зууралдаж дээр доороо ороод нэлээн удсан би дээр нь гараад нүүр хэсэгт 2 удаа цохиод эхнэр нь бид хоёрыг "та хоёр одоо муудалцахаа боль гээд салгасан. Мэндсайхан босож ирээд эхнэр Норовбанзадыг "гичий минь чи банзалдаад яваад байгаа биз дээ" гэж хэлээд алгадаад унгасан цаанаа харж байсан Норовбанзадын ах нь дүүгээ өмөөрөөд Мэндсайханыг цохиод чиний хүүхдүүдийг гаргаж өгч байхад чи муу эхнэрээ зодлоо гээд Кристалын урд хашаа хүртэл хөөж зодоод явсан хэсэг байж байгаад тэр хоёр эргэж ирээд ах нь "тайвшир алив архиа ууя" гээд Норовбанзадаас архиа нэхсэн Мэндсайхан надаас хэрүүл өдөөд зүгээр байлгахгүй байхаар нь "чи одоо яачхаад байгаа юм бэ?" гэхэд "Чи муу араа дандаа харж яваарай урдаас чинь барахгүй бол араас чинь заавал хутга шааж ална даа" гээд занаад дахиад барьцалдаад эхэлсэн Норовбанзад боль гээд салгаад би босоод яваад өгсөн араас "харанхуйд араа харж яваарай араас чинь заавал шааж ална" гэхээр нь эргэж очоод 1 алгадаад цохиод "чи муу их арчаагүй залуу юм даа" гээд би явсан араас ална гээд л үлдсэн. Ямар ч байсан 5 минут орчим нүүр болон гэдэс хэвлий тэгээд хөл гар луу нь цохиод байсан. Хадам ахдаа зодуулж ирээд би чамд зодуулсан чи надад яг одоо 150,000 төгрөг өг гэж бас нэхээд байсан. Зодолдож дээр доороо ороод ноцолдож байхад хажууд хараад сууж байсан. Нүүр хэсэгт 4-5 удаа цохисон тухайн үедээ баруун шанаа хавдсан байсан одоо бол гайгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Би өөрөөсөө болж ийм юм эхлүүлээгүй Мэндсайхан гэх хүний худал хардалтаас болж ийм асуудалд орсон би тухайн хүний биед ноцтой гэмтэл бол учруулаагүй нүүрэн тус газар алгадаж цохисон харин намайг занал хийлээд ална гэж байгаад би айдастай бас гомдолтой байна тэр шөнөөс хойш би орой болгон захирлаараа гэртээ хүргүүлж байна..” гэх мэдүүлэг/хх-9 тал/,

 

Гэрч Ж.Мэндсайханы өгсөн: “Би тэр үед их согтуу байсан ухаан санаа орж гараад байсан цуг архи уугаад сууж байснаа санаж байгаа юунаас болж Жавхаатай маргалдсанаа сайн санахгүй байгаа Жавхааг эхнэртэйгээ хардаж муудалцсан юм шиг байна лээ. Нэг мэдсэн Жавхаа миний дээр гарчихсан баруун гараараа зүүн шанаа хацар дух орчим руу хэд хэд цохиод байх шиг байсан би гэртээ хариад ухаан ороход дух болон зүүн шанаа хавдсан байсан эхнэр Норовбанзадаас юу болсон талаар асуухад чамайг Жавхаа зодсон гэж гэж хэлсэн. Нямготов намайг зодоогүй бид хоёрт муудалцах шалтгаан байхгүй. Ж, Норовбанзад, Нямготов би хэд байсан өөр хүн байгаагүй. Би хүн зодож чадахааргүй согтуу байсан. Тийм зүйл байхгүй би зодуулснаасаа хойш тэр хүнтэй уулзаагүй утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Уул руу самарт явсан гэсэн яг хаана байгаа талаар нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

 

Гэрч Х.Норовбанзадын өгсөн: “Ж Мэндсайханы дээр нь гарч байгаад хэд хэдэн удаа баруун зуун шанаа руу нь цохисон мөн цээж руу нь цохисон би яг хэд цохисныг нь тоолоогүй. Нямготов Мэндсайханд гар хүрээгүй зодолдохоо боль л гээд байсан. Үгүй би эрүүл байсан тэр үед Ж, Мэндсайхан нар согтуу байсан. Би Готов ахыг архи уусан эсэхийг нь мэдээгүй зүгээр л ярьж байсан миний ажилдаг Кристал баар хаагаад би Мэндсайханыг авч гараад Готов ахтай баарны гадаа таарсан тэгтэл Жавхаа хойноос гарч ирээд бид хоёроор гэр рүүгээ хүргүүлнэ та хоёр намайг хүргээд өг гэж гуйсан тэгтэл Готов ах чамайг Батсүмбэрийнхэн айлгаад байгаа юм уу тэгүүл чи тэрийгээ цагдаадаа хэл би хоёр дүүгээ аваад харилаа гэтэл Жавхаа та Норовоогийн ах юм уу цуг ажилдаг хүнийхээ ахад би архи авч өгнө гэд байх шиг байсан тэгээд тэр хоёрыг үлдээгээд Мэндсайханыг аваад дээшээ гудам эргээд явж байтал Жавхаа хойноос дуудаад байсан бид хоёр зогсоод хүлээж байтал Готов ах Жавхаа хоёр хойноос ирээд дахиж уулзацгаасан тэгтэл миний утас дугараад би тэд нараас холдож Готов ахын эхнэртэй утсаар яриад эргээд иртэл тэр 3 нэг шил хараа архи задалчихсан Мэндсайхан Жавхаа нар хоорондоо муудалцаад байхаар нь архийг аваад халгай руу шидсэн тэгээд тэр хоёр зодолдож Мэндсайханыг Жавхаа зодсон Готов ах боль гээд салгахгүй суугаад байсан би арай хийж салгахаар Жавхаа буцаж ирээд л Мэндсайханыг зодоод байсан. Ж Кристап бааранд хамт ажилладаг хүмүүстэй уусан Мэндсайхан тэр өдөр хотоос согтуу ирсэн тэгээд ганц хоёр пиво Кристал бааранд уугаад гарч ирсэн гадаа бараг тэр архинаасаа ууж амжаагүй байхдаа зодолдоод унасан. Ж буюу Жавхаа авсан байх тэр өдөр цалин нь буусан байсан бас баар хаахын өмнө надад би нэг шил архи авах гэж байгаа намайг хамт уух уу гэж асууж байсан тэр архиа л авч ирсэн байх Мэндсайхан хөл дээрээ тогтохооргүй согтуу байсан Жийг зодож цохиогүй. Би болон Мэндсайхан мөнгө нэхээгүй.” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

 

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаартай “1.2.Ж.Мэндсайханы биед зүүн завж дотор язарсан шарх, хоёр талын хөмсөг, суганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Зүүн завьжанд үүссэн язарсан шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр талын хөмсөг, суганд үүссэн зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт/хх-20-21 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч О.Ж гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Мэндсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч О.Ж нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 24 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Ж.Мэндсайхан нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-107 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2134000000383 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч О.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт О Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-ийг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ж-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ж-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ