Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н овогт Г М-д холбогдох эрүүгийн 2234000000079 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймаг, Сандмаргаз суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Эко Урьхан ХХК-д туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, Борнуур сум, 3 дугаар баг, хөдөө оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .......  регистрийн дугаартай, Н..... овогт Г.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Эко Урьхан” ХХК-ны хашаанд эхнэр ............ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Г.М нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг  “Эко Урьхан” ХХК-ны хашаанд эхнэр Б.Отгонтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодож тархи доргилт, дагзны хуйханд шарх бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000079 дугаартай хэрэгт авагдсан

            Хохирогч ............... өгсөн: “Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эко Урьхан" ХХК-ны хашаанд гэртээ нөхөр М хүүхэд Тэмүүжин нарын хамтаар байж байсан манай хүүхэд Тэмүүжин хичээлээ хийгээд би угаасан хувцас цэгцлээд байж байхад нөхөр М хичээл хийж байсан хүүхдийг чи яаж бичээд байгаа юм гээд толгой руу нь цохисон би тэгэхээр нь чи наадад хүүхдийн толгой руу нь цохиод гэсэн чинь нөхөр М гартаа барьж байсан гар утсаа над руу шидсэн тэгсэн миний толгойд онож миний толгой хагарсан юм. Манай хүүхэд Тэмүүжин хичээлээ хийгээд сууж байсан тэгэхэд нөхөр М хүүхдээ чи яаж хичээлээ бичээд байгаа юм гээд гараараа толгой руу нь нэг удаа цохисон би тэгэхээр нь чи яагаад толгой руу нь цохиод байгаа юм гэсэн чинь нөхөр М нь уурлаад над руу барьж байсан гар утсаа шидсэн миний толгойд анаж миний толгой хагарч гэмтэл учирсан юм өөр цохиж зодсон зүйл болоогүй. Нөхөр Г.Мтэй 2 жил гаран нэг гэрт хамт амьдарч байна, гэрлэлт батлуулсан бид хоёр дундаасаа 6 настай нэг хүүхэдтэй. Тухайн үед нь Төв аймгийн Борнуур сумын хүн эмнэлэгт очиж хоёр оёдол тавиулсан сумын эмнэлгээс бичиж намайг нөхөр эмнэлэгт үзүүлсэн нөхөр Г.М эмчилгээ гээд 450.000 төгрөг гаргаж үзүүлсэн юм. Тухайн үед гэрт нөхөр М над руу утас шидэх үед хажууд 6 настай хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед нөхөр М болон би архи согтууруулах ундаа уугаагүй. Урд нь нөхөр бид хоёр хэрүүл маргаан болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зүйл байхгүй. Намайг цохиж гэмтэл учруулсан гар утас одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тухайн өдөр эвдрээд хаясан. Надад одоо өвдөж байгаа зүйл байхгүй. Хохирлын талаар баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр Г.Мтэй сайн дураар эвлэрсэн шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг /хх-6-7 тал/,

 

Хохирогч .............гэрчээр өгсөн: “Би Сүхбаатар аймгаас Төв аймгийн Борнуур суманд шилжиж ирээд 11 жил болж байгаа. Би өмнө нь хүнтэй сууж байгаагүй гэхдээ 2016 онд хүү О.Тэмүүжинг төрүүлсэн юм. Одоо Борнуур суманд "Эко урьхан" ХХК-д ногоочин хийж ажиллаж байгаа 2019 оны намар нөхөр Г.Мтэй гэр бүл болж нэг гэрт амьдарч байгаа юм. Тэр өдөр 17 цагийн орчим би гэртээ аав Батнасан, нөхөр М, дүү Буяннэмэх, хүү Тэмүүжин нарын хамт байж байтал манай хүү Тэмүүжин хичээлээ хийхээр суусан. Тэгтэл яг юунаас болсныг нь мэдэхгүй М манай хүү Тэмүүжингийн толгойн хэсэгт гараараа зөөлхөн нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би нөхөртөө чи яагаад хүүхдийн толгой руу цохиж байгаа юм гэсэн чинь манай нөхөр чи хүүхдээ өмөөрлөө гээд барьж байсан утсаа шидсэн чинь тэр утас нь миний толгойн зүүн хойд хэсэгт оноод газар унасан юм. Тэгтэл манай аав Батнасан манай нөхөрт хандаж яаж байгаа юм бэ гэхэд манай нөхөр та охиноо өмөөрлөө гээд аав нөхөр 2 маань барилцаад авсан юм. Тэгэхээр нь би тэр хоёрын голоор ороод больцгоо гээд салгасан. Тэгэхэд аав миний хүү юундаа уурлаад байгаа юм 3-лаа учраа олъё гэж хэлсэн. Тэгээд нэг мэдэхэд аав гараад явсан байсан. Миний толгойноос цус гараад байсан болохоор толгойныхоо цусыг алчуураар дараад сууж байтал аав цагдаа дагуулж ирээд эмнэлэг явсан юм. Өмнө нь 2019 онд Төв аймгийн Батсүмбэр суманд айлын мал маллаж байгаад манай нөхөр миний толгойг хагалсан. Бас 2021 онд Борнуур сумын Дугана хад гэх газар айлын мал маллаж байх үедээ намайг зодоод баруун гарын булчин хэсгийн махыг гэмтээж байсан. Тэрнээс хойш гайгүй байж байгаад сая муудалцаж байгаа юм. Бид 2 хоёулаа архи, согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан. Миний хүү О.Тэмүүжингийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй зүгээр байгаа. Миний толгой руу утас шидсэнээс болж миний толгойн зүүн хэсэгт хагарсан.Би толгойдоо 2 оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,

           

            Гэрч Д.Батнасангийн өгсөн: “Би Сүхбаатар аймгаас Төв аймгийн Борнуур суманд шилжиж ирээд 11 жил болж байгаа. Манай том охин болох Б.Отгонтуяа 2015 онд жирэмсэн болж Отгонтуяа овогтой Тэмүүжинг төрүүлсэн, одоо бид хамт амьдарч байгаа юм. Манай том охин Б.Отгонтуяа нь Борнуур суманд ирснээсээ хойш Б.М гэх залуутай танилцаж ойр дотно байсан 2019 оноос тусдаа гэр орон байхгүй айлын мал маллан амьдрах болсон 2022 оны намар 10 орчим Б.М, манай охин Б.Отгонтуяа нар манайд ирж амьдрах болсон. Тэр 2 манайд амьдрангаа айлын мал харах, ногоо ялгах гэх мэт ажил хийж амьдарч байгаа юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө бид нар босоод гэрээ цэвэрлээд ойр зуур юм хийж байгаад үдээс хойш манай зээ хүү хичээлээ хийдэггүй, тэгсэн манай хүргэн М нь дагавар хүү Тэмүүжинг хичээлээ хий гээд хичээлийг нь хийлгэж байтал манай охин Мд хандаж одоо жаахан завсарлах юм биш үү жаахан хүүхэд ядарчихлаа гэсэн юм. Тэгсэн чинь М битгий хуцаад бай гээд орон дээр хэвтэж байгаад барьж байсан утсаа манай охин руу шидсэн чинь манай охины толгойн зүүн хойд хэсэгт оноод газар унасан. Тэгээд тэр 2 хэрэлдээд барьцалдаад авсан юм. Тэр үед орон дээр хэвтэж байгаад босоод тэр хоёрыг боль гээд салгахаар дундуур нь орсон боловч салгаж дийлээгүй. Тэгээд хүргэнээ бариад авсан чинь хүргэн бас намайг заамдаад авсан, тэгэхээр нь больж үзье хүү минь гээд тавьтал манай хүргэн ч гэсэн гараа тавьсан, тэгтэл тэр 2 ахиад барьцалдаад авахаар нь би хүүхдүүдтэй юу ярих вэ гээд гараад явсан юм. Тэр үед манай охины толгойноос цус гарч байсан.Миний хажууд лав утас шидсэнээс өөрөөр гар хүрээгүй. Манай охины толгойноос цус гарч байсан болохоор би өөрөө эмнэлэг рүү явж эмч цагдаа дуудсан юм. Энэ 2 үе үе ингэж зодолдож муудалцаж байдаг юм. Өмнө нь 2019 онд Төв аймгийн Батсүмбэр суманд айлын мал маллаж байгаад манай хүргэн манай охины толгойг хагалсан байсан. Бас 2021 онд Борнуур сумын Дугана хад гэх газар айлын мал маллаж байх үедээ манай охиныг зодоод баруун гарын булчин хэсгийн махыг тасалсан байсан. Тэрнээс хойш гайгүй байж байгаад сая муудалцаж байгаа юм. Бид цуг байцгаасан. Манай 2 хүүхэд хоёулаа архи, согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан. Миний хажууд бол гар хүрч зодож байгаагүй.Гэхдээ хэл амаараа нэлээн загнаж хааяа пизда гэх мэтээр харааж хичээл хийхгүй байна, юу ч сурахгүй байна гэж үглэж байдаг. Миний охиныг үе үе ингэж зодож гэмтээж байгаад нь гомдолтой байна. Манай гэрийн эд зүйлийг эвдэлж гэмтээсэн юм байхгүй.Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,

 

            Шүүгдэгч Г.Мийн сэжигтнээр өгсөн: “Би Завхан аймгаас 1995 онд нэг настай байхдаа эцэг эхийн хамт Төв аймгийн Борнуур суманд ирсэн. Одоогоор Борнуур суманд ажиллаж амьдарч байна. Би 2019 онд Б.Отгонтуяа гэх эмэгтэйтэй гэр бүл болсон бөгөөд тухайн үед манай эхнэр 4 настай О.Тэмүүжин гэх хүүтэйгээ амьдардаг байсан юм. Тэгээд бид 2 нийлж суугаад хүү О.Тэмүүжингийн хамт амьдарч байгаа юм 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Борнуур сумын төвд "Эко урьхан ХХК-ны хашаанд байх гэртээ байж байгаад 15 цагийн орчим би эхнэр Б.Отгонтуяатай дэлгүүр орчхоод буцаад харьсан. Бид 2-г харихад манай хадам аав Батнасан, манай хүү О.Тэмүүжин нар гэрт байсан. Тухайн үед манай хүү О.Тэмүүжин зурагт үзээд сууж байсан тэгэхээр нь би аавын хүү хичээлээ хий гэж хэлтэл манай эхнэр чи муу яахаараа дандаа миний хүүг хичээл хий гэж дарамталдаг юм бэ муу гичий минь гэсэн. Тэгэхээр нь би баруун орон дээр утсаараа тоглон хэвтэж байгаад гичий гэдэг үгийг нь сонсоод орон дээрээ босож суугаад чи намайг яахаараа гичий гэдэг юм бэ гэсэн тэгтэл хадам аав Батнасан миний хүүхдүүд яагаад байнаа больцгоо гэж байсан. Тэгэхээр нь би орон дээр байсан гар утсаа аваад эхнэр лүүгээ шидтэл манай эхнэрийн толгойн зүүн хойд хэсэгт оносон юм. Тэгтэл манай хадам аав Батнасан чи миний охиныг алаад хаячихлаа гээд намайг заамдаж аваад баруун гараа атгаж байгаад 2 удаа миний зүүн чихний орчим цохисон. Тэгэхээр нь би хадам аавыг бас заамдаж аваад та болио гэсэн чинь аав гараа тавиад би цагдаа дуудлаа гээд гараад явсан. Тэгээд би эхнэрээ хартал толгойн зүүн хойд хэсгээс цус гарч байсан болохоор нь орон дээр байсан цамцаар цус гарч байсан газрыг нь дараад байж байтал хадам аав цагдаагийн хамт ирсэн юм. Би тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Мөн манай эхнэр, хадам аав нар огт архи уугаагүй эрүүл байсан юм. Би ямар зорилгоор гар утас авч шидсэнээ мэдэхгүй байна.Гичий гэдэг үгийг сонсоод гэнэт уур хүрсэн юм. Үгүй ээ. Би хүүхдэдээ ерөөсөө гар хүрээгүй. Хичээлээ хий л гэж хэлсэн юм. Би 2021 намар Батсүмбэр суманд айлын мал маллаж байхдаа эхнэртэйгээ муудалцаад би сандал шидээд эхнэрийнхээ толгойг хагалж байсан юм. Тэр явдлын дараа Борнуур сумын Дугана хад гэх газар бас эхнэртэйгээ муудалцаад эхнэрийнхээ баруун гарын шуу хэсгийг гэмтээж байсан, бас 2022 оны 1 сард бид 2 муудалцаад зуун гуяны хэсэг рүү нэг удаа өшиглөж эхнэрийн маань гуя хөхөрч байсан нь үнэн. Өөр бол зодож байгаагүй 2022 оны 01 дүгээр сарын 28-нд муудалцахдаа гар утас авч шидсэнээс өөрөөр эхнэртээ болон хүүхдэдээ гар хүрч зодоогүй юм. Манай эхнэрийн толгойн зүүн хойд хэсэгт хагарсан, хоёр оёдол тавьсан. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг/хх-18-20 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 94 дугаартай “1.Б.Отгонтуяагийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-23 тал/,

            Төв аймаг дахь Цагдаагийн газарт хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх-01 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.М гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Отгонтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Г.М нь “Эко Урьхан” ХХК-д туслах ажилтай, Төв аймаг Борнуур суманд ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 28 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Б.Отгонтуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-4-5 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234000000079 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овогт Г.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг 800/найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000/найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.М-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ