Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01946

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 36а байр, 29 тоотод оршин суух, Боржигон овогтой Намжилсүрэнгийн Сэлэнгийн нэхэмжлэлтэй Б.Батболдыг эрэн  эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Нямдаваа овогтой Ундрах нь 2005 оны 10 сарын 18-нд “Итгэл хөгжил” ХЗХ-нд 4000 ам.долларыг сарын 2,7 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай хадгалуулахаар гэрээ байгуулж, хадгаламж нээсэн. Уг хоршоо нь 2006 оны 3 сард хэвийн үйл ажиллагаа алдагдаж 2007 оны 07 сарын10-ны өдөр ЭХТА-ийн 150.3-т зааснаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2015 оны 12 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Р.Энх-Оюун, Б.Батболдод холбогдох эрүүгийн 20746254 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 7-р зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 06 сарын 02-ны өдрийн ахлах прокурор Л.Бадралтын доод шатны прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 19 тоот прокурорын тогтоолд Н.Сэлэнгэд учирсан хохиролыг 6,282,280 төгрөг болохыг тогтоосон. Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд хохирогч Н.Ундрах гадаад руу явсан тул түүний ээж Н.Сэлэнгийг хохирогч болгон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хохирогчоор байцааж мэдүүлэг авсан бөгөөд прокурорын тогтоолд түүнийг хохирогчоор тогтоож өгсөн болно. Хариуцагч Б.Батболд нь өршөөлийн хуулинд хамрагдахдаа Монгол улсын хуулинд зааснаар хохирогчдын хохиролыг бүрэн барагдуулахаа илэрхийлж хариуцсан прокурор Р.Энх-Оюунд /Чингэлтэй дүүрэг/ баталгаа гаргаж өгснөөр өршөөлийн хуулинд хамруулж эрүүгийн 20746254 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Өршөөлийн хууль хэрэгжсэний дараа хохирогч шүүхэд нэхэмжпэл гарган хохиролоо барагдуулж өгөхийг хүссэн боловч хариуцагч Б.Батболд хэрэг бүртгэл мөрдөн байцаах үйл явцад өгсөн хаяган дээрээ байхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг шүүх гаргаж өгсөн. Үүнээс үзэхэд хариуцагч Б.Батболд нь хууль хяналтын байгууллагуудыг хууран мэхлэж худлаа хаяг өгөх замаар хохирол барагдуулахаас санаатай зайлсхийж байгаа нь гэмт хэргийг санаатай үйлдэж байсны нотолгоо гэж үзэхэд хүрч байна. Хариуцагч хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Б.Батболдыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Сэлэнгэ нь Б.Батболдыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Бадамын Батболд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШЗ2017/05392 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 10, 18-23 дугаар тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Батболдын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШЗ2017/05392 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бадамын Батболд /РД:ХЮ75090130/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.