| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0091/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/101 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Хохирогч Б.Бадам-Очир,
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар
Шүүгдэгч Я.Г, Г.Б, Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газрын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Г, Г.Б, Г.Н нарт холбогдох эрүүгийн 2134000000466 дугаартай, 3 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1980 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймаг Сантмаргац суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 20-08 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, .......... регистрийн дугаартай, Б.......овогт Я.......... Г,
2.Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймаг Сантмаргац суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 2-14 тоотод түр оршин суух, Завхан аймаг Сантмаргац сумын 4 дүгээр баг холбоо 9 дүгэрэ гудамж 3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ............ регистрийн дугаартай, Б... овогт Г...... Б,
3.Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймаг Сантмаргац суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 2-14 тоотод түр оршин суудаг, Завхан аймаг Сантмаргац сумын 4 дүгээр баг холбоо 9 дүгээр гудамж 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ............... регистрийн дугаартай, Б. овогт Г..Н гэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
Шүүгдэгч Я.Г, Г.Б нар нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг буюу Булган аймгийн рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Өлзийтийн баруун хажуу гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Т.Батжаргалын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан бусдад 2900000 төгрөгийн,
Булган аймгийн Могод сумын 3 дугаар баг Мааньтын ус гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Г.Хатанбаатарын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан бусдад 2243828 төгрөгийн,
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Чухал” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө иргэн Д.Эрдэнэбаярын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан бусдад 3100000 төгрөгийн,
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Алтан дэвсгэрийн зүүн ам” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны хооронд иргэн Б.Батбаярын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан бусдад 3250000 төгрөгийн,
Шүүгдэгч Г.Н, Г.Б Я.Г/үргэлжилсэн үйлдлээр/ нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг буюу Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг “хадан хошуу” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн Г.Төгөлдөр, Г.Шижирбаатар, Б.Бадам-Очир нарын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан бусдад 4200000 төгрөгийн хохирол буюу 7 иргэнд 13 тооны үхэр буюу 15693828 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас хавтаст хэрэгт авагдсан дараах баримт бичгийг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-03 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл/хх-05-09 тал/, хохирогч Д.Эрдэнэбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-14 тал/, гэрч Ц.Мөнхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16-18 тал/, гэрч Т.Баасанхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-20-22 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан/хх-25-28 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-57 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-59-63 тал/, хохирогч Б.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-67-69 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан/хх-71-75 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-104 тал/, хохирогч Г.Төгөлдөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-107 тал/, хохирогч М.Ившинсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-111 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Г.Төгөлдөрийн өмчлөлийн 1 тооны үнээний үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт/хх-116-123 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-164 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого/хх-166-167 тал/, хохирогч Б.Бадам-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-171 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Б.Бадам-Очирын өмчлөлийн 1 тооны үнээний үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт/хх-176-184 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-227 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл/хх-228-238 тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл/хх-239-241 тал/, хохирогч Г.Шижирбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-244-245, 249 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-04 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл/хх-05-15 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Г.Шижирбаатарын өмчлөлийн 1 тооны үнээний үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт/2-р хавтас х-23-34 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Ж.Мягмарсүрэнгийн өмчлөлийн 74-98 УАК улсын дугаарртай Приус-20, “Цогтын хурдан хүлгүүд” ХХК-ийн өмчлөлийн 32-57ЗАА улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт/2-р хавтас х-38-58 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-135 тал/, гэрч Ө.Эрдэнэбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-140 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан 1 кг үхрийн махны үнэлгээний тайлан/хх-143-149 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дэслэгч П.Даваацэрэнгийн бичсэн Илтгэх хуудас/хх-150 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа/2-р хавтас х-153-154 тал/, Я.Г, Г.Б, Г.Н нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд/2-р хавтас х-155-167, 171-176, 178-193 тал/, Г.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах/2-р хавтас х-168 тал/, Г.Нийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах/2-р хавтас х-169 тал/, Я.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах/2-р хавтас х-170 тал/, мах хүлээлгэн өгсөн тэмдэглэл/2-р хавтас х-194 тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан баримт/2-р хавтас х-195-198 тал/, мах хүлээлгэн өгсөн тэмдэглэл/2-р хавтас х-207 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/2-р хавтас х-214 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хавтас х-215-220 тал/, хохирогч Г.Хатанбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас х-224-226 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/2-р хавтас х-233-238 тал/, гэрч Г.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас х-247-248 тал/, гэрч Я.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас х-250 тал/, гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/3-р хавтас х-31 тал/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хавтас х-34-38 тал/, хохирогч Т.Батжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас х-41-43 тал/, гэрч С.Лхавгасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас х-45 тал/, гэрч Я.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас х-47 тал/, гэрч Г.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/3-р хавтас х-49-50 тал/, “Вендо” ХХК гаргасан шинжээчийн дүгнэлт/3-р хавтас х-57-60 тал/, шүүгдэгч Я.Г, Г.Б, Г.Н нараас сэжигтнээр, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүд зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.Г, Г.Б нар нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг буюу Булган аймгийн рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Өлзийтийн баруун хажуу гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Т.Батжаргалын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан бусдад 2900000 төгрөгийн,
Булган аймгийн Могод сумын 3 дугаар баг Мааньтын ус гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Г.Хатанбаатарын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан бусдад 2243828 төгрөгийн,
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Чухал” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө иргэн Д.Эрдэнэбаярын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан бусдад 3100000 төгрөгийн,
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Алтан дэвсгэрийн зүүн ам” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны хооронд иргэн Б.Батбаярын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан бусдад 3250000 төгрөгийн,
Шүүгдэгч Г.Н, Г.Б Я.Г үргэлжилсэн үйлдлээр нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг буюу Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг “хадан хошуу” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн Г.Төгөлдөр, Г.Шижирбаатар, Б.Бадам-Очир нарын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан бусдад 4200000 төгрөгийн хохирол буюу 7 иргэнд 13 тооны үхэр буюу 15693828 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн.
Энэ нь эрүүгийн 2134000000466 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Т.Батжаргалын хэргийн газраас бэхжүүлэн авсан гэрэл зургийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт гаргаж өгсөнийг хүлээн авч хэрэгт тусгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 33-38 хуудас/,
Хохирогч Т.Батжаргалын: “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед манай 20 орчим тооны үхэр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Өлзийтийн баруун хажуу гэх газар байсан тэгээд маргааш нь 11 цагийн үед үхрээ тоолж үзтэл 2 тооны үхэр дутуу байсан. Тэгээд байж байгаад манай урд хавьд байдаг Хаан буузны ард байдаг эзэнгүй саравчин дээр шувуу эргээд байхаар нь очтол манай улаан зүсний эвэртэй соёолон насны эр үхэр, мөн улаан зүсний эвэртэй нас гүйцсэн эр үхрүүдийг уг саравчинд хийгээд толгой шийр, гэдэс, шир зэргийг үлдээсэн байсан. Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Ихрийн Ухаа гэх газраас машинтай туугаад мөн багийн Өлзийтийн Баруун хажуу гэх газар эзэнгүй өвөлжөөнд оруулж шонгоос нь хүлж байгаад нугасалж алсан байсан. Уг өвөлжөө нь өвс ихтэй /өндөр ургасан/ байсан тул машин мөр бүдэг байсан дан дугуйтай машин байсан. Өвс ихтэй байсан тул өөр мөр гээд зүйл байгаагүй. Уг машины мөр нь урагшаа засмал зам руу буюу Хаан бууз үйлчилгээний төв рүү чигтэй явсан байсан...2021 оны 08 дугаар сарын 20-ны хавьд намайг малдаа явсан хойгуур манай гэрт цагаан өнгийн Приус маркийн машинтай 2 залуу ирээд мал зарах уу гээд асуугаад явсан гэж манай эхнэр ярьж байсан. Манай эхнэр хэлэхдээ 30 гаран насны 2 залуу байсан гэж байсан...”, “...Рашаант сумын Өлзийтийн баруун хажуугийн эзэнгүй байсан өвөлжөөн дээр байсан ба дараахан нь эзэн нь энэ толгой шир шийрээ хая гэхээр нь би очиж баруун тийш авч яваад хогийн цэг дээр хаясан одоо үлдсэн зүйл байхгүй байх...би 2 үхэр үнэ болох 3 300 000 төгрөг үнэлгээ хийлгэсэн 80500 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 41, 43 хуудас/,
“Вендо” ХХК-ний үнэлгээчин шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан ӨХЦ21-26 дугаартай: “...Соёолон насны эр үхэр ...1 300 000...нас гүйцсэн эр үхэр ...1 600 000 төгрөг...нийт 2 900 000 төгрөг...” гэх дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 58-59 хуудас/,
Гэрч С.Лхагвасүрэнгийн: “...Манайх 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шиг санагдаж байна Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Ихрийн ухаа гэх газар 20 тооны үхэр байсан тэр өдөр манай үхрээ хураагаагүй...Тэгээд маргааш өдөр нь үхрээ үзтьэл сартай улаан зүсний эвэртэй соёолон насны эр үхэр, улаан зүсний эвэртэй нас гүйцсэн эр үхрүүд алга байсан. Тэгээд бид нар гэртээ байж байтал манай өвөлжөөний урд саравчин дээр шувуу бужигнаад байхаар нь очтол 2 үхрийг хийгээд арьс, толгой, шийр, гэдсийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан. Тэр саравч нь өвс ихтэй учраас тод мөр гэх зүйл байгаагүй. Өвс налсан мөрүүд бол байсан тухайн мөр дан дугуй харагдлсан...Засмал замаас хойш даваад Өлзийтийн баруун хажуугийн саравч, урагшаа засмал зам руу орох юм бол Хаан бууз нэртэй замын үйлчилгээний төв бий мөн Бичигтийн саравчны арын хажууд тариалангийн бригад байсан. Тухайн саравч нь баруун тийшээ харсан жалганд эзэнгүй байсан өвөлжөө. Ойр орчимд айл байхгүй байсан учир өвөлжөөнүүд байдаг...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 45 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Гурванбулаг сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 48 км газарт Булган аймгийн Могод сумын 1 дүгээр багт байх Их тогоо хайрханы чанх хойшоо 3 км орчим газарт байх Улаан хад гэх нэртэй уулын аманд байх өвөлжөө байв...Уг өвөлжөө нь дээвэр байхгүй урагшаагаа харсан задгай амтай баруун зүүн талаараа шургааг хөндлөн маягаар хэвтүүлж хашсан. Өвөлжөө нь уртаашаа 20 м, өргөн нь 8 м зүүн баруун талын хашааны өндөр нь 80 см /шугамаар хэмжиж үзэхэд/ байв. Өвөлжөөний арын хана хэсэгтэй сэндвичэн байшингийн 3 ш ханыг босгож тавьсан байв. Өвөлжөөний эргэн тойронд 20 см-40 см орчим өндөр утгасан зэрлэг, лууль, шарилж гэх зэрэг өвс ургасан...Өвөлжөөний баруун талд 4*4 хэмжээтэй жижиг өвсний модон хашаатай уг өвсний хашааны чанх урд талд байх өтөг дээр улаан халзан эр үхрийг нядлаад ертөнцийн зүгээр толгойг нь чанх урагш нь харуулж байрлуулан толгой арьсыг нь салгалгүй гэдэс дотрыг нь бүтээсэн байв... хязаалан насны буруу чих нь цуулбар, зөв чих нь имгүй гэж хэлэв. Хязаалан эр үхэрний арьсыг нь татаад сөхөж үзэхэд гэдэс нь дээд хэсгээрээ ногоон өнгийн туяа сууж эвгүй үнэр орсон байв. Өвсний хашааны чанх баруун талд 1 м орчим зайд улаан зүсмийн үхрийг нядлаад толгойг нь харуулан арьсаар нь гэдэс дотрыг нь бүтээсэн байв....улаан охин бяруу гэж хэлэв...мөн адил улаан үхрийг нядалж толгой, арьсыг нь салгалгүй үргэлжээр нь шулж ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү харуулан гэдэс дотрыг нь арьсаар нь бүтээн тавьсан байв...шүдлэн гунж гэж хэлэв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 215-220 хуудас/,
Хохирогч Г.Хатанбаатарын: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед үхэртээ явахад манай үхрүүд Могод сумын 3 дугаар багийн нутаг Мааньтын ус гэх газарт бүрэн байж байсан. Тэгээд маргааш нь харж чадаагүй нөгөөдөр нь аав үхэртээ өдөр яваад 14 цаг орчимд ирэхдээ манай улаан халзан хязаалан гуна, улаан шүдлэн гунж, улаан охин бяруу нарыг Мааньтын усны ар талын Алагаа гуайн өвөлжөөн дээр нядлаад арьсаар нь гэдсийг нь бүтээгээд явсан байна гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаад 19-ний орой залгаж хэлэхэд өглөө яваад очьё гэж хэлсэн...Булган аймгийн Могод сумын нутагт байдаг...Өвөлжөөний баруун талд машины мөр байсан өвсөн дээр өвөлжөөний баруун талд байх өвсний хашааны дор нь арзгар ултай гутлын мөр муухан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 224-226 хуудас/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний үнэлгээчин шинжээч Д.Отгонцагааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/405 дугаартай: “...хязаалан үхэр 1 163 333 төгрөг, шүдлэн гунж 703 571 төгрөг, охин бяруу 376 923 төгрөг...Нийт 3 тооны малын үнэлгээний зах зээлийн үнийг 2 243 828 төгрөг гэж тогтоолоо...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /2 хх-ийн 233-238 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн: “...Тухайн хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн “Чухал” гэх газар өвөлжөө байх бөгөөд Лүн сумын төвөөс 43 км-ийн зайд хэрэг болсон гэх газар ирэхэд зүүн талдаа саарал өнгийн блокон хашаа байх бөгөөд баруун талд нь модон саравч байна. Модон шанааны гадна талд мухар улаан халзан үхрийн толгойтой үргэлж үхрийн арьсаар бүтээсэн малын сэвс байна. Тухайн модон саравчны зүүн урд шанааны дотор уод талд нь мухар улаан сарман толгойтой үргэлж улаан алаг үхрийн арьсны дор үхрийн сэвс бүтээсэн байдалтай байна...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 5-9 хуудас/,
Хохирогч Д.Эрдэнэбаярын “Би 2021 оны 10 дугаар сарын 11-нихй орой 17 цагийн үед гэрээсээ мордоод өөрийн эзэмшлийн 40 тооны зхрийг өөрийн өвөлжөөний хойд талын жалганд хурааж орхиод хойш гэрлүүгээ явсан. Тэгээд маргааш нь буюу 12-ны өдөр зусланд байсан гэрээ ачаалаад өвөлжөөндөө буулгаж байх үед манай нутгийн дүү Мөнхбат надруу утсаар залгаад Аагийгийн өвөлжөөн дээр 2 үхэр хийгээд арьсаар бүтээгээд орхичихсон байнга гэхээр нь би очиж үзэхэд манай улаан халзан, улаан алаг үхрүүдийн арьс, гэдэс байсан. Улаан халзан зүсмийн бүдүү үнээ, улаан алаг хязаалан гуна алдагдсан. Би тухайн үхрүүдээ тус тус 1.600.000 төгрөгөөр үнэлнэ. 2021 оны 10 сарын 11-ний орой харанхуй болсон үед манай өвөлжөөний замаар гарч ирж байсан гэх цагаан өнгийн прису-20 маркийн тээврийн хэрэгслийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-14 хуудас/,
Шинжээч “Хан үнэлэмж” ХХК-ний үнэлгээчин Ч.Адъяасүрэнгийн 2021 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан: “...Д.Эрдэнэбаярын өмчлөлийн 2 толгой үхрийн үнэлгээ 3100,000 төгрөг...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /1 хх-ийн 25-28 хуудас/,
Гэрч Ц.Мөнхбатын: “...Намайг гэртээ байж байх үед өдөр би хонио услаад явж байх үед Түмэнжаргал гэх хүн өөрийн хүү болох Баасансүрэн рүү залгаад Аагийгийн өвөлжөөн дээр 2 үхэр хийчихсэн байна. Би гэр хүрсэнгүй таньдаг мэддэг хүн байвал дуудаарай гэх үед би мэдсэн...2021 оны 10 сарын 11-ний 17 цагийн үед манай гэрээс холуур замаар цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урд зүгт явж байсан, тухайн тээврийн хэрэгслийг сэжиглэж байна. Би урьд нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 16-18 хуудас/,
Гэрч Т.Баасанхүүгийн: “...Би өглөө голд хонио усалж байх үед манай аав Түмэнжаргал надруу залгаад Аагийгийнх өвөлжөөн дээр 2 үхэр нядалчихсан байна. Наад хавийнхаа хүмүүст хэл арьсанд нь боогоод тавьчихсан байна...гэхэд мэдсэн. Намайг 2021 оны 10 сарын 11-ний орой 48-аас 19 цагийн үед аавынд очих гэж явах үед “Чухал” гэх уулын зүүн талд надтай нэг цагаан приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зөрсөн тэрийг сэжиглэж байна их хурдтай зөрсөн...Урдаас нь харахад урд гупер хагарч унасан байсан, хойд талын зүүн талын гэрэлний дор скочтой улсын дугаар байсан үгүйг анзаараагүй.Тухайн машин хоолой дагаад хойшоо засмал зам руу явж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20-22 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн: “...Тухайн хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн Хөшгийн өвөр гэх газар байх бөгөөд Лүн сумын төвөөс 24 км зайд айлын өвөлжөө байна. Тухайн өвөлжөө нь модон хашаа тойруулсан дээгүүрээ саравчгүй чулуун хороотой газар байна. Тухайн чулуун хорооны урд хэсэгт хотон дотор улаан алаг үхрийн толгой баруун зүгт харсан арьстайгаа үргэлж, арьсны гол хэсэгт 3-4 цоорсон, арьсаар нь дотор эрхтэнг гэдсийг бүтээсэн байдалтай. Мөн саарал сарман зүсмийн үхрийн толгой зүүн урд зүгт харсан, арьстайгаа үргэлж арьсаар нь дотор эрхтэнг бүтээсэн байлаа. Мөн улаан сарман үхрийн толгой урд зүгт харсан толгойг босгож тавьсан байдалтай арьс болон толгой үргэлж байдалтай дотор эрхтэн болон гэдсийг арьсаар бүтээсэн байдалтай байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 59-62 хуудас/,
Хохирогч Б.Батбаярын: “...Манай хөдөө гэр Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн Хөшгийн өвөр гэх газраар нутагладаг. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Дэчлэн гэх газар байх манай гэрийн хойд талд манай үхрүүд байхаар нь үхрээ бүртгээд хойш нь гаргасан, тухайн үед манай үхэр 23 үхэр 6 тугал байсан. Тэгээд маргааш нь 15-ны өдөр 14 цагийн үед манай үхэр адуун чулууны арын худаг дээр байгаа харагдсан тухайн үед би очиж бүртгэлгүй айлын нүүдэл хийлцээд явсан. Тэгээд нүүдэл дуусаад орой 21 цагийн үед өөрийн өвөлжөө болох Алтан дэвсгэрийн зүүн бууцанд зөөвөр тавих зорилгоор очих үед манай 3 үхрийг махалчихсан арьсаар нь гэдсийг нь бүтээгээд орхичихсон байсан...манай А данс ээж Нэргүйгийн нэр дээр байдаг.Улаан алаг хязаалан гунж имгүй, мөн улаан сарман хязаалан гунж имгүй, мөн саарал халзан эр бяруу алдагдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-68 хуудас/,
Шинжээч “Хан үнэлэмж” ХХК-ний үнэлгээчин Ч.Адъяасүрэнгийн 2021 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан: “...Б.Батбаярын өмчлөлийн 3 тооны үхрийн үнэлгээ ...3,250,000 төгрөг...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /1 хх-ийн 71-74 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 багийн нутаг Хадан хошуу гэх газар нутаглах тус сумын Буянт 3 багийн иргэн Г.Төгөлдөр гэх хүний хаваржааны малын саравч хашаанд 3 тооны үхэр нядалж шулсан байдалтай байх ба уг газар нь тус сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 23 км зайд байрлах ба Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замаас ертөнцийн зүгээр хойд зүгт 600 метр зайд байв. Уг газар нь газар зүйн онцлогийн хувьд саравчны баруун урд, баруун, баруун хойд, хойд, зүүн хойд, зүүн, зүүн урд хэсгээр уулархаг ба тухайн саравч нь урд зүгээс бусад эргэн тойрноосоо нууцлагдмал газар байв...Уг модон хашаатай саравчны саравч хэсэгт нь 3 тооны үхрийн арьс, толгой, шийр, дотор гэдэс зэргүүд байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 228-238 хуудас/,
Хохирогч Г.Төгөлдөрийн: “...Би одоо Төв аймгийн Эрдэнэсант суманд эхнэр хүүхдийнхээ хамт мал маллаж амьдардаг.Манайх одоо өвөлжөөндөө нутаглаж байна харин хаваржаа маань манай өвөлжөөнөөс зүүн хойд зүгт байдаг. Өчигдөр би 17 цагийн орчимд Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багт Хадан хошуу гэдэг газар байдаг хаваржаанаас Портер машинаас хөрзөн татсан. Тэр үед бол манай малын хашаа саравч зүв зүгээр байсан харин гэтэл урд шөнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө манай саравчинд гурван үхэр хийчихсэн үхрүүдийн арьс толгой шийр,_ дотор гэдсүүдийг нь үлдээгээд махыг нь хулгайлаад аваад явчихсан байсан. Тэр гурван үхрийн хүрэн 5 настай 2 тугалсан үнээ байсан. Манай хүрэн үнээ маань одоогоос барагд нэг сарын өмнө Шижирбаатарын үхэрт нийлээд ижилсчихээд салахгүй байсан. Шижирбаатар нь миний төрсөн дүү байгаа юм.Тэр урд шөнө шулуулдаг 3 үхрийг гурвууланг нь Шижирбаатар маллаж хариулдаг байсан...Манай өөрийн 5 настай хүрэн зүсмийн хээлтэй сувай үнээг нядалж шулсан байсан....Хавар тугалах байсан хээлтэй үнээнүүд байсан. Манайх ямар ч байсан өөрийнхөө үнээг 1500,000 төгрөгөөр үнэлж байна...Би гомдолтой байна. Үхэр хулгайлсан хүмүүсээс өөрийнхөө үхрүүдийг нэхэмжилж төлүүлнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 107 хуудас/,
Мөрдөгчийн Г.Төгөлдөрт 159 кг 300 грамм үхрийн мах хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 157 хуудас/,
Шинжээч “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 06/398 дугаартай: “...Г.Төгөлдөрийн өмчлөлийн 1 тооны тугалах үнээний зах зээлийн үнэ цэнэ нь 1 400 000 төгрөг гэж дүгнэлээ...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /1 хх-ийн 115-123 хуудас/,
Хохирогч Б.Бадам-Очирын: “...Би өөрөө Төв амйгийн Эрдэнэсант суманд төрж өссөн хүн байгаа юмаа. Би одоо Төв аймгийн Зуунмод суманд буюу аймгийн төвд ажиллаж амьдардаг. Миний хэдэн мал Төв аймгийн Эрдэнэсант суманд манай найз Гомбосүрэнгийн Шижирбаатар гэдэг айлд байдаг. Өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчимд манай малыг малладаг Шижирбаатарын эхнэр Ившинсүрэн над руу залгаад “урд шөнө Төгөлдөр ахын хаваржааны суравчинд 3 үхэр шулаад явчихажээ тэр гурван үхрийн нэг нь танай мухар хүрэн үнээ шулагдчихаж Төгөлдөр ахын нэг үхэр бас манай нэг үхэр гээд нийлээд гурван үхэр шулчихаж” гэж хэлсэн...Миний өөрийн 5 настай мухар хүрэн зүсмийн ирэх 2022 оны хавар тугалах байсан үнээг нядалж шулсан байсан...Хавар тугалах хээлтэй үнээ байсан. Манайх ямар ч байсан өөрийнхөө үнээг 1500,000 төгрөгөөр үнэлж байна...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 171 хуудас/,
Шинжээч “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 06/397 дугаартай: “...Б.Бадам-Очирын өмчлөлийн 1 тооны тугалах үнээний зах зээлийн үнэ цэнэ нь 1 400 000 төгрөг гэж дүгнэлээ...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /1 хх-ийн 175-183 хуудас/,
Хохирогч Г.Шижирбаатарын: “...Би одоогоор Төв аймгийн Өндөрширээт суманд эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар мал маллан амьдардаг. Манай одоо нутаглаж байгаа газар Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Дух гэдэг газар өвөлждөг манай өвөлжөө маань Төв аймгийн Өндөрширээт сум, Эрдэнэсант сум гэсэн хоёр сумдын заагаар байдаг юм. Манайх үхэр малаа гэрээсээ хойд зүгт 8 орчим км газарт Мөөрсийн гол гэдэг газраас усалдаг юм манайх үхэр малаа өдөр болгон татаж хурааж өдөр болгон усалдаг. Энэ жилийн хувьд ихэнх нутгаар цас орохгүй болохоор манай үхрүүд ч ерөнхийдөө гол ус бараадаад байдаг болсон.Өчигдөр өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би 12 цагийн орчимд үхрүүдээ Мөөрсийн голоос услаад гаргахад манай үхрүүд бүрэн бүтэн тоогоороо байсан тэгээд өнөөдөр манай ах Төгөлдөр манайд ирж Хадан хошуунд байдаг манай Төгөлдөр саравчинд гурван тооны үхэр нядлаад махыг аваад бусдыг нь үлдээгээд явчихсан байна гэж хэлсэн. Манайд Бадам-Очир гэдэг манай сумын хүний хэдэн тооны үхэр нь байдаг юм. Бас манай Төгөлдөр ахын хүрэн үхэр манай үхэрт нийлээд салахгүй яваад байсан.Тэгээд Төгөлдөр ах манайхаас үхрээ авч амжилгүй байж байгаад бас шулуулчихсан байна...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 244-245 хуудас/,
Хохирогч Г.Шижирбаатарт мах хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 178 хуудас/,
Хохирогч М.Ившинсүрэнгийн: “...Би үхрээ хайж нийт 170,000 төгрөгийн шатахууны зардал гаргасан үүнийгээ баримтаар өгч нэхэмжилнэ.Мөн үхрээ үнэлгээ хийлгүүлэхэд 60,000 төгрөгийн зардал гарсан үүнийгээ бас баримтаар нэхэмжилнэ. Хулгайд алдсан үхэрнийхээ махыг эргүүлж авсан ч зах зээлийн үнээр борлуулж чадаагүй үнэр орж харалж хатсан байсан учир хүнсэнд хэрэглэх ашиглах боломжгүй мөн гэдэс толгой нь хүнсэнд хэрэглэх боломжгүй шороо бууц болж өмхийрсөн байсан учир хүнсэнд хэрэглээгүй тийм учраас үхрээ үнэлгээгээр нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 249 хуудас/,
Шинжээч “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 06/399 дугаартай: “...Г.Шижирбаатарын өмчлөлийн 1 тооны тугалах үнээний зах зээлийн үнэ цэнэ нь 1 400 000 төгрөг гэж дүгнэлээ...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /2 хх-ийн 22-30 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаярын: “...Тус Ягаан овогтой Г нь 2020 оны 07 дугаар сард манай байгууллагаас санхүүгийн дэмжлэг хүсэх өргөдөл гаргасны дагуу манай байгууллага хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж тус хүнд 2,500,000 төгрөг зээлж 7498 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн компаний нэр дээр шилжүүлж барьцаанд авсан. Тус цаг хугацаанаас хойш дээрх хүнтэй уулзаагүй тус хүн нь зээлийн гэрээгээ зөрчиж төлөлтөө хийхгүй утсаар холбогдох гэхээр утас нь холбогддоггүй байсаар 2021 оны 07 дугаар сард нэг удаа холбогдож төлөлтөө хийх шаардлага тавьсан түүнээс хойш төлөлтөө хийхгүй холбогдохгүй байсаар цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдсон талаар мэдсэн...Үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,401,046 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэрээнд заасны дагуу хоногийн 2303 төгрөгийн хүү нь 233 хоногт 536,599 төгрөг, уг хүү Ковид 19 өвчинтэй холбогдуулж алданги тооцоогүй бодогдсон байгаа ингээд энэ өдрийн байдлаар нийт 1,937,645 төгрөгийн хохирол хүлээгээд байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 4 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэнгийн: “...Би 3257 ЗАА улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 03 дугаар сард Галзагд овогтой Б гэх хүнд 2500,000 төгрөгөөр зараад одоо үлдэгдэл 500,000 төгрөг авах дутуу байгаа. Мөнгөө гүйцээж аваад нэрээ шилжүүлнэ гээд нэр шилжигдээгүй байсан...Би хүлээн зөвшөөрч байна...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.Би иргэний нэхэмжлэлээс хуулийн дагуу татгалзаж байна.Би дутуу 500,000 төгрөгөө нэхэмжлэхгүй...Бид хоёр гэрээ байгуулаагүй зүгээр нэгэндээ итгээд л наймаа хийсэн байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 18 хуудас/,
Гэрч Ө.Эрдэнэбаярын: “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Шижирбаатар, түүний эхнэр Ившинсүрэн нарт хандаж тухайн 3 үхрийн махыг ченжид тушааж мөнгийг нь гаргаж хүлээлгэн өгье гэх санал тавихад Ившинсүрэн, Шижирбаатар нар хоорондоо ярилцаж надад хэлэхдээ “Бадам-Очир гэх хүний үхрийг бид хоёр бас хариулж малладаг юмаа тэгээд Бадам-Очиртой ярьж асуугаадахья” гээд Бадам-Очир луу залгаж Ившинсүрэн ярьж “урд шөнө гурван үхэр шулагдсан байна тэр гурван үхэрний нэг нь танай үхэр байна, хулгайч нар нь баригдсан тэгээд үхрийнхээ махыг нь авах уу? зарж борлуулах уу?” гэж асуухад нь өөдөөс нь Бадам-Очир “мах нь гайгүй юм уу?” гайгүй бол махыг нь өөрөө шидшиндээ хэрэглэчихье” гэж хэлтэл “мах нь гайгүй” гэж хэлсэн тэгээд надад хандаж “энэ гурван үхрийн махыг ченж хулгайн мах гээд зах зээлийн ханшнаас доош нь үнэлж авах байлгүй бас явдлын гарз болно мах нь удаагүй юм чинь бид нар өөрсдөө авчихья” гэсний үндсэн дээрээс тухайн үхрийн махнуудыг хохирогчид хүлээлгэж өгөхөөр болсон.Тэгээд Эрдэнэсант сумаас Лүн суманд үйл ажиллагаа явуулдаг Энхдайжин хангай хоршоон дээр хэсгийн төлөөлөгч Даваацэрэнгийн хамтаар очиж мах тус бүрийг нь килограммлаж хөндлөнгийн гэрч нарыг байлцуулж хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхөд махнуудын доод хэсэг нь байсан ганц нэг махыг нялхарсан байна гэж хэлж байсан. Ингээд бүх махнуудыг портер машины ачаан дээр юм дэвсэж задгай ачиж бүтээгээд явсан. Түүнээс муудаж өмхийрсэн зүйл байгаагүй ээ нялхарсан байна гэдгийг болж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 140 хуудас/,
шүүгдэгч Г.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны: “...Яллагдагч Г.Б Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг Чухал гэх газарт уулын баруун энгэрт байх өвөлжөөний саравчинд орж энд Гийн хамтаар 2 үхэр нядалсан гэж заав. Тус газраас хөдөлж урд зүгт 10 км газарт явж Төв аймгийн Лүн сумын 2-р багийн нутагт Алтан дэвсгэртийн зүүн аманд байх өвөлжөөний саравчинд ирж Гтэй хамт 3 үхэр авсан гэж заав. Тус газраас хөдөлж Төв аймгийн Эрдэнэсант сумын 3-р багийн нутаг Хадат хошуу гэх газарт байх өвөлжөөнд ирж эндээс Г, Н нарын хамтаар 3 үхэр нядалж авч явсан гэж заасныг ...танилцуулж гарын үсэг зуруулав...” гэх тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 135-138 хуудас/,
шүүгдэгч Я.Г.ийн ХААН банкны 5025496876 дугаарын дансны хуулга /2 хх-ийн 179-188 хуудас/,
шүүгдэгч Г.Н.ийн ХААН банкны 5505067080 дугаарын дансны хуулга /2 хх-ийн 190-193 хуудас/,
Хэсгийн төлөөлөгч П.Даваацэрэнгийн гэмт хэргийг илрүүлсэн тухай илтгэх хуудас /2 хх-ийн 150 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Я.Г, Г.Б, Г.Н нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэрэгт авагдсан гэрч хохирогч, нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, болон хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдон тогтоггдсон байх тул тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Я.Г, Г.Б, Г.Н нарын буруутай үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Я.Г, Г.Б, Г.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гэд 3 жил 3 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Г.Бд 3 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Г.Нид 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатараас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялын хоёрны нэгтэй дүйцэх ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Гэд 1 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Г.Бд 1 жил 3 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Г.Нид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Г.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 25 дугаар хороо 20-11 тоотод ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 25 настай,
Шүүгдэгч Г.Н нь эрхэлсэн тодоорхой ажилгүй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Баянхошуунд ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, 23 настай,
Шүүгдэгч Я.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баянхайрханы 20-08 тоотод ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан гэх баримт сэлт хэрэгт авагджээ.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч нар нь бүлэглэн нэр бүхий 7 иргэний 13 тооны үхэр буюу бод малыг машин механизм ашиглан хулгайлсан ба бусдад 15692828 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Г.Хатанбаатарт 2244000 төгрөг, Д.Эрдэнэбаярт 3100000 төгрөг, Б.Батбаярт 3250000 төгрөг төлсөн хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй байна.
Мөн хохирогч Т.Батжаргалын хохирлын төлбөрт 2 тооны үхрийн үнэ 2900000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 80500 төгрөгийг шүүхэд хүлээлгэн өгч шүүхээс тус 2980500 төгрөгийг хохирогч Т.Батжаргалын 5278072358/Хаан банк/ данс руу шилжүүлсэн байх тул хохирогч Т.Батжаргалд энэ шүүх хуралдаанаар гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Түүнчлэн хохирогч Г.Шижирбаатарт 1 тооны үхрийн мах 157 кг 800 грамм махыг, хохирогч Г.Төгөлдөрт 1 тооны үхрийн мах болох 159 кг 300 грамм махыг, хохирогч Б.Бадам-Очирт 1 тооны үхийн мах 161 кг махыг тус тус хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогч Г.Шижирбаатарт хохирлын төлбөрт мөн 240000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогч Б.Бадам-Очирт гэм буруугийн шүүх хуралдаанаас 1400.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсний дараа шүүгдэгч нар хуульд заасан завсарлага авч тус төлбөрийг төлж барагдуулсан тул хариуцлагын шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаруулах хохирол төлбөргүй байна.
Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаасан 74-98 УАК улсын дугаартай тээрийн хэрэгсэл нь “Цогтын хурдан хүлгүүд” ХХК-ийн нэр бүртгэлтэй байдаг /2 х-хх-42 тал/ тул тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 3425100 төгрөгийг нэр бүхий 3 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 1 141 700 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, 74-98 УАК улсын дугаартай тээрийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.
Мөн 1216000 төгрөгийн үнэ бүхий 32-57 ЗАА улсын дугаарай тээврийн хэрэгслийг Улсын орлого болгох нь зүйтэй байх тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг/2 хх-38 тал/ хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2134000000466 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Я.Г, Г.Б нарын 2021 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг, шүүгдэгч Г.Нийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г Н, Бовогт Я Г, Б овогт Г Б нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар Б овогт Я Гийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Б овогт Г Бг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, овогт Г Нийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н, Я.Г, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г Н.ийн цагдан хоригдсон 2 хоног, Б овогт Я Г.ийн цагдан хоригдсон 7 хоног, Б овогт Г Б.гийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмждэгдсэн 74-98 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3425100 төгрөгийг нэр бүхий 3 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 1141700 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, 74-98 УАК улсын дугаартай тээрийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,
1216000 төгрөгийн үнэ бүхий 32-57 ЗАА улсын дугаарай тээврийн хэрэгслийг Улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн 2134000000390 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч Я.Г, Г.Н, Г.Б нар нь хохирогч Г.Хатанбаатарт 2244000 төгрөг, Д.Эрдэнэбаярт 3100000 төгрөг, Б.Батбаярт 3250000 төгрөг, хохирогч Т.Батжаргалд 2980500 төгрөг, хохирогч Г.Шижирбаатарт 240000 төгрөг, Б.Бадам-Очирт 1400.000 төгрөгийг төлснийг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г, Г.Н, Г.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ