Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Хохирогч С.Минжбадгар/онлайн/,

Шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ш. Эд холбогдох эрүүгийн 2234000000078 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл ганцаараа Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 24-18 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, хөдөө оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд УБГШүүхийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

1999 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 845 дугаартай шийтгэх тогтоолоор 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ............. регистрийн дугаартай, Б овогт Ш Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Торлогт гэх газар С.Минжбадгарын гэрийн гадна үхэр тугал хөөлөө гэх шалтгаанаар ......... муудалцаж, улмаар С.Минжбадгарын нүүрэн тус газар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Торлогт гэх газар С.Минжбадгарын гэрийн гадна үхэр тугал хөөлөө гэх шалтгаанаар С.Минжбадгартай муудалцаж, улмаар С.Минжбадгарын нүүрэн тус газар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000078 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч С.Минжбадгарын өгсөн: “Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутаг "Торлогт" гэх газар эхнэр Оюунчимэгийн хамт Улаанбаатар хотод оршин суух Хаянгарваа гэх хүний малыг 2019 оноос хойш маллаж байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед үхэртээ өвс тавьж өгөөд байж байтал хойд талын саахалт айл Эы 20-30 тооны үхэр өвсөн дээр яваад ирэхээр нь хөөчхөөд буцаад гэртээ ирээд байж байтал дахиад 11 тооны тугал өвсөн дээр ирэхээр нь тухайн тугалуудыг хашаанаас гаргаад байж байтал саахалтын залуу Э саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, зүс таних бүдүүн махлаг залуутай хамт хоёулаа ирээд Э намайг яахаараа мал хөөдөг писда вэ гэхээр нь та нар малаа харсангүй, үхэрт тавьж өгсөн өвсөн дээр ирээд хэцүү байна гэсэн чинь надтай барилцаж аваад миний нүүр, хамар хэсэг лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хамар хэсэг овойж хавдаад хоёр нүд хөхрөөд юм харахгүй болсон байсан. Одоо хавдар нь буугаад гаагүй болсон байна. Э гараараа миний хамар хэсэг лүү нэг удаа цохисон ба тэрнээс болж хамар хөхөрч хавдсан, 2-3 өдөр хамраас цус гараад тогтохгүй байсан. Одоо хавдар нь буугаад хөхрөлтэй, өвчтэй байгаа. Би эрүүл байсан. Э эрүүл согтуу байсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан архи үнэртэхгүй байсан. Би заамдаж байгаад Эы эрүү хэсэг рүү нь нэг удаа гараараа Э гараараа миний хамар хэсэг луу цохисон. Э, Этай хамт ирсэн үл таних бүдүүн махлаг залуу байсан. Би гомдолтой байна. Хамар өвдөөд байгаа болохоор эмчилгээний зардал мөнгөө гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг/хх-6-7 тал/,

 

Хохирогч С.Минжбадгарын дахин өгсөн: “...Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Учирсан хохирол бүрэн барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-8-9 тал/,

           

            Гэрч Ш.Мөнхбаатарын өгсөн: “Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Жарын даваа гэх газар эхнэр Ундармаа, охин Анударь нарын хамт оршин суудаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед ах Эы хамт өөрийн эзэмшлийн 47-26 УБО улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тугалаа хайгаад явж байгаад олдохгүй байхаар нь манай урд өвөлжиж байгаа Минжбадгар гэх айлд яваад очтол хашаанаасаа манай тугалуудыг гаргаад модоор цохиод байхаар нь машинаасаа буугаад очтол Минжбадгар танай тугалууд манай өвсөн дээр ирээд байна гээд манай ах Этай маргалдаж байгаад Минжбадгар Э ахыг 2 удаа алгадаад, уурандаа модоо хаяаад хашааныхаа үүдэнд байсан бүдүүн төмөр турбо бариад цохих гэхээр нь Э ах тэр төмрийг нь хаяулаад Минжбадгарын хамар хэсэг лүү нь гараараа нэг удаа цохисон ба тухайн үед Минжбадгарын хамраас цус гарсан байсан. Дахиад хоорондоо маргалдаад байхаар нь би болиулаад Э ахыг аваад явсан. Э ах Минжбадгарын хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед Минжбадгарын хамраас цус гараад байсан ба хөхөрч хавдсан байсан эсэхийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг/хх-12-13 тал/,

 

            Шүүгдэгч Ш.Эы гэрчээр өгсөн: “Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутаг Жарын даваа гэх газар дүү Мөнхбаатарынхтай айл мал маллаж байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед дүү Мөнхбаатарын хамт Мөнхбаатарын эзэмшлийн 43-16 УБА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тугалаа хайгаад олдохгуй болохоор нь манай урд өвөлжиж байгаа Хаянгарваа гэх хүний малчин болох Минжбадгар гэх айлын гадаа яваад очтол Минжбадгар гэх залуу манай тугалуудыг модоор цохиод хашаанаасаа гаргаж байхаар нь чи яагаад байгаа писда вэ наад тугал аятайхан гаргачих гэсэн чинь писданууд минь ална шүү гээд гартаа мод бариад дайраад байхаар нь цохь гэсэн чинь модоо хаяад дахиад гартаа төмөр бариад ална гээд дайраад байхаар нь төмрийг нь булааж автал миний нүүр хэсэг лүү гараараа хоёр удаа алгадаад, дахиад цохих гэд дайрахаар нь би гараараа хамар хэсэг лүү нь нэг удаа цохисон. Би хөдлөхдөө Минжбадгарт чи өдөр манай гадаа ирэхдээ үхэртээ гадаа эвс өгч байгаа гэж хэлэхгүй яасан юм тэгсэн бол би үхрээ танай тийшээ бэлчээхгүй байсан юм гэж хэлсэн. Тухайн үед Минжбадгарын хамраас цус гараад байсан. Би гараараа нэг удаа хамар хэсэг лүү нь цохисон. Өөрөөр гар хүрээгүй. Миний нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа алгадсан. Миний биед учирсан гэмтэл, ил харагдах шарх сорви байхгүй. Би болон Минжбадгар нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цагдаа дуудаж шүүх эмнэлэгт үзүүлээгүй байж 10 гаран хоногийн дараа хамар өвдөөд гэж яриад байна. Тэрнээс хойш юу болсон хүнтэй маргалдсан эсэх талаар мэдэхгүй байхад одоо гомдол гаргаж байгаад эргэлзэж байна. Би бас гомдолтой байна. 2021 оны намар манай бэр, хөгшин хоёрыг байхад нь Минжбадгар тугалыг нь хашчихаад очоод авах гэхээр нь янхан банзлаар нь дуудсан байсан. Мөн манай саахалт айлын Вандан гэх хоёр хөгшний хоёр үхрийг хашчихаад очоод авах гэтэл ирж авахгүй бол махлах гэж байлаа гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг/хх-16-17 тал/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 90 дугаартай “1.С.Минжбадгарын биед хамрын хянга ясны хугарал, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-19 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ш.Э гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Минжбадгарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ш.Э нь хувиараа мал аж ахуй эрхэлж, Төв аймаг, Баянчандмань суманд ам бүл ганцаараа оршин суудаг, одоо 49 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч С.Минжбадгарт 325.000 төгрөг төлөгдсөн, гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-8-9 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй, харин хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2234000000078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ш. Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Э-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ