Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00883

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00883

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 38 дугаар байр, 45 тоот хаягт оршин суух, Хиад боржигон овогт Нарангэрэлийн Түмэнжаргал /РД: ХЙ79071774/-ын нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 10-30 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Тулга ресторан, 2 давхарт оршин суух БНХАУ-ын иргэн Ма Зэнжун /Ma Zhenjun РД:ЮД77042919/,

 

   Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгий, Зуун зиди авто засварын гудамж, 0 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Тулга ресторан, 2, 3 давхарт оршин суух Олхонууд овогт Мөнхнасангийн Одноо /РД:УС7806244/,

 

   Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамж, 387 тоот хаягт байрлах, “Зуун Зи Ди” ХХК /РД: 5002346/ нарт холбогдох,

  

   Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 201.000.000 төгрөг гаргуулах тухай,

 

   Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 10-30 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Тулга ресторан, 2 давхарт оршин суух БНХАУ-ын иргэн Ма Зэнжун /Ma Zhenjun РД:ЮД77042919/-ы нэхэмжлэлтэй,

  

   Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 38 дугаар байр, 45 тоот хаягт оршин суух, Хиад боржигон овогт Нарангэрэлийн Түмэнжаргал /РД: ХЙ79071774/-д холбогдох,

 

   Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Ма Зэнжуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа, хариуцагч М.Одноогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун, гэрч Ц.Оюунчимэг, гэрч БНХАУ-ын иргэн  Лөү Жин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Түмэнжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2014 онд Хятад улсын иргэн Ма Зэнжун гэх хүн Н.Түмэнжаргалаас 100.000.000 төгрөг зээлээч гэж гуйсан. Үүний дагуу Н.Түмэнжаргал “зээл олгож болно, гэхдээ барьцаа хөрөнгө байхгүй бол  зөвшөөрөхгүй” гэж хэлж зээл олгохоос татгалзсан. Гэтэл дараа нь Ма Зэнжун нь орон сууц захиалгаар барих гэрээ авч ирж, “үүнийг барьцаалж зээл авъя” гэсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Түмэнжаргал түүнд 100.000.000 төгрөг зээлсэн бөгөөд гэрээг нотариатаар баталгаажуулсан. Талууд мөнгө өгөх үедээ гэрээний ард гарын үсэг зурсан. Зээл нь 4 хувийн хүүтэй байсан. Барьцааны хөрөнгийг шалгаж үзэх шаардлага гарч шалгахад уг орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хуурамч гэрээ байсан. Иймээс нэхэмжлэгч Ма Зэнжуныг Цагдаагийн байгууллагад өгнө гэсэн. Тэгэхэд Ма Зэнжун нь битгий гэж гуйгаад хэсэг хугацааны дараа өөр гэрээ авч ирж өгч барьцаалсан. Энэ гэрээ нь 1.025.725 төгрөг төлсөн гэх орон сууц захиалгаар барих гэрээ байсан. Н.Түмэнжаргал нь гэрээний нэг тал болсон компани дээр очоогүй бөгөөд мөнгө төлсөн баримт, барилга баригдаж байгаа гэсэнд итгэсэн. Ингээд хариуцагч Ма Зэнжун 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2 сарын хүү болох 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хүүг түүний эхнэр М.Одноо төлсөн байдаг. Энэ асуудал нь цаашаа даамжирч зээл авсан этгээд зугтаж, захиалсан орон сууц нь ч байхгүй болсон бөгөөд тухайн компанийг ч хайгаад олоогүй. Ингээд судалж үзэхэд барьцааны гэрээнд заасан хаяг дээрх орон сууц нь өөр хүний дээр давхар гэрээ хийгдсэн байсан асуудал үүссэн. Цагдаагийн байгууллагад өгөх үү шүүхэд хандах уу гэж бодоод Цагдаагийн байгууллага дээр очиход зээлийн гэрээ байгаа учраас шүүхэд ханд гэсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргах гэж Ма Зэнжуны хаягийг хайсан. Гадаадын харъяатын байгууллагад хандахад мэдээлэл өгөхгүй гэсэн. Олдсон ганцхан зүйл нь түүний нэр дээр байдаг ресторан гэх өөр хүн ажиллуулдаг хятад ресторан байсан ба тухайн рестораныг ажиллуулдаг компанийг хамтран хариуцагчаар татсан. Хэрэгт уг компани нь хамааралгүй болох нь тогтоогдсон тул хамтран хариуцагчаас хассан. Бид нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хүүг нэхэмжилсэн байгаа. Энэ нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөр тасалж алдангид 67.000.000 төгрөг, хүүнд 34.000.000 төгрөг, үндсэн зээл 100.000.000 төгрөг, нийт 201.000.000 төгрөг нэхэмжилсэн. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөр тасалсан нь үүнээс хойш шүүхийн шийдвэр гарах хугацааны асуудлыг нэхэмжлэх нь дараагийн асуудал.  Хариуцагчийн гаргасан хариу тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримттай зөрчилдөөнтэй байдаг. 8.000.000 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээний нэг сарын хүү нь 4.000.000 төгрөг юм. Н.Түмэнжаргал нь хариуцагч М.Одноотой өөр ямар нэгэн харилцаа байхгүй. М.Одноо 2 сарын хүү төлсөн. Хариуцагч нь яах гэж “Жаргалант групп” ХХК-тай холбоотой гэрээ гаргаж өгөв, хаанаас арматур төмөр авсан гэж яриад байгаа талаар юу ч мэдэхгүй байна. Бидний зүгээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлтээс татгалзаагүй. Огт танихгүй хүнийг гэрчээр оруулж, юу гэрчлэх гэж байгааг мэдэхгүй байна. Манай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан  шаардлага бөгөөд шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж нотлох гэж буй зүйл нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах байх гэж бодож байна. Хариуцагч тал  зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариатаар баталгаажуулсан гэдгийг гэрчилсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд Хятад хүн нь аваагүй зээлийн хүүг төлсөн байна гэж байхгүй. Зээлсэн мөнгийг хамт хэрэглэсэн, хүү төлж байсан гэж үзэж 10 хувийг М.Одноогоос, 90 хувийг Ма Зэнжунээс гаргуулах хүсэлттэй байна гэв.  

            Хариуцагч Ма Зэнжуны шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Энэ маргаан нь зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө орон сууц худалдах худалдан авах гэрээ, орон сууц захиалгаар барих гэсэн 3 гэрээний хүрээнд яригдаж байна. Бидний хувьд “Хадан ус” ХХК-тай байгуулсан гэрээг ямар зорилгоор хэрхэн хийсэн талаар мэдэхгүй бөгөөд сая тайлбараас ойлголт авлаа. Хамгийн чухал зүйл нь талуудын хооронд яагаад үл хөдлөх хөрөнгө орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдах болсон бэ гэдэг асуудал байна. Нэхэмжлэгч тал цаасан дээр байгуулсан гэрээг барьж мөнгө төлөх ёстой гэж шаарддаг. Гэтэл бодит байдал дээр мөнгө шилжүүлсэн эсэх, санхүүгийн эх үүсвэрээ хаанаас хэрхэн бүрдүүлсэн, мөн он сарын хувьд яагаад хоёр дараалсан гэрээ гарч ирсэн бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Үүнийг тодруулах үүднээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлт гарсан. Энэ гэрээ яагаад байгуулагдах болсон талаар бодит нөхцөл байдлыг ойлгох нь чухал юм. Гэрчээр оролцуулах гэж байгаа Лөү Жин  гэх хүн нь анх арматур төмөр авах шаардлагатай байх бөгөөд уг төмрийн үнэ 100.000.000 төгрөг зээлэх боломжтой эсэх талаар Ма Зэнжунтэй ярилцсан байдаг. Ма Зэнжун болон Н.Түмэнжаргал нар нь өмнө нь хамтарч бизнес хийдэг байсан ба бие биенээ таньдаг байсан хүмүүс юм. Ма Зэнжун нь арматур төмөр нийлүүлэхээр Лиөү Жин  гэх хүнд хэлж 100.000.000 төгрөг зээлүүлье гэж “Жавхлант Групп” ХХК-тай ярилцаж, арматур төмөр авах шаардлагатай байх тул зээлдүүлэхээр болсон юм. Дараа нь Ма Зэнжун Н.Түмэнжаргалтай 100.000.000 төгрөг зээлэх эсэх асуудал яригдаж барьцаанд нь үл хөдлөх хөрөнгө орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн. “Жавхлант Групп” ХХК нь дараа нь арматур төмөр авах шаардлагагүй болсон. Тухайн үед энэ гэрээнд гарын үсэг зурагдаагүй байсан. Энэ талаар гэрчүүд нотлох байх. Ийнхүү байгуулагдсан үндсэн бүх гэрээг авч устгасан байдаг. “Жавхлант Групп” ХХК-иас 100.000.000 төгрөг авах шаардлагагүй байх тул энэ гэрээний харилцааг зогсооё гэж хэлж гэрээг авч устгасан байдаг. Үүнээс хойш нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зүйл байхгүй. Бидний хувьд тухайн үед гэрээ байхгүй болсон байсан гэж ойлгож байсан. Ямар нэгэн байдлаар мөнгө авсан зүйл байхгүй юм. Энэ асуудлын талаар сайн мэдэж байгаа хүн бол Ц.Оюунчимэг, Лөү Жин  хоёр юм. Зээлийн гэрээг байгуулж түүнд гарын үсэг зураагүй гэдгийг манай зүгээс хэлж байсан. Тухайн гэрээнд зурагдсан гарын үсгийг шинжээчийн дүгнэлтээр нотлуулах гэхэд нэхэмжлэгч тал гомдол гаргаж шинжээчийн дүгнэлтийг гаргуулаагүй. Ямар шалтгаанаар гаргуулаагүй гэдгийг ойлгохгүй байна. Зээлийн гэрээнд Ма Зэнжун гарын үсэг зураагүй бөгөөд Ма Зэнжун нь монголоор бага зэрэг ярьдаг боловч бичгийн монгол хэл мэдэхгүй хүн. Хэрэгт авагдсан баримтаар Н.Түмэнжаргал нь Ма Зэнжунд 100.000.000 төгрөг өгсөн талаар дансны хуулга гэх мэт баримт байхгүй. Өгч байсныг харсан гэрч байхгүй. Нотариатч гэсэн бэлэн мөнгө өгсөн зүйл хараагүй гэдэг. 8.000.000 төгрөг төлсөн эсэх асуудал хэрхэн гарч ирсэн бэ гэвэл 2014 оны 6 дугаар сард байгуулагдсан гэрээний 3 сарын хүү нь 12.000.000 төгрөг байх байсан. М.Одноогоос ямар учраас 8.000.000 төгрөг шилжүүлсэн бэ гэж асуухад хөөрөгний мөнгө гэж хэлдэг. Хэрэв 2016 оны 9 дүгээр сард төлсөн хүү байсан бол 12.000.000 төгрөг шилжүүлэх байсан. Өнөөдрийн байдлаар хэзээ хэрхэн яаж байгуулагдсан нь мэдэгдэхгүй гэрээ барьж ирээд гэрээ байгаа учраас 100.000.000 төгрөг авна гэж нэхэмжилж байна. Ийм зүйл байж болохгүй.  “Хадан ус” ХХК-тай байгуулсан гэрээг би судалж үзсэн. Ийнхүү судлахад “Хадан ус” ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар Н.Түмэнжаргал гомдол гаргаж, эрүүгийн хэрэг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар дээр үүссэн байсан. “Хадан Ус” ХХК нь маш олон иргэдтэй гэрээ байгуулж орон сууц захиалгаар барьсан байсан. Нэхэмжлэгч тал авах ёстой гэж байгаа 100.000.000 төгрөгөө “Хадан Ус” ХХК-иас авах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сая ярихдаа “Хадан ус” ХХК-тай Ма Зэнжун зуучилж өгч энэхүү гэрээг байгуулсан мэтээр ярьж байна. Тийм зүйл байхгүй бөгөөд энэ компанийн талаар юу ч мэдэхгүй. Нэгэнт Н.Түмэнжаргалаас 100.000.000 төгрөг аваагүй тул уг мөнгийг хүү алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид энэ шүүх хуралдаанд үнэн бодитой зүйлийг тодруулахаар ирсэн гэв.

            Хариуцагч М.Одноогийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 14.000.000 төгрөгийн хүү төлсөн гэсэн байсан. Харин одоо гаргаж байгаа тайлбар нь 8.000.000 төгрөгийн хүү төлсөн гэж зөрүүтэй зүйл ярьж байна. М.Одноо нь 8.000.000 төгрөгийг хүүнд төлсөн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал эрэн сурвалжилж Ма Зэнжуныг олсон гэдэгт би итгэл үнэмшилгүй байна. Учир нь Н.Түмэнжаргал нь Ма Зэнжуныг энд рестораны үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэддэг байсан ба түүнтэй өмнө нь ч гэсэн бизнесийн харилцаатай байсан. Хэрэв Ма Зэнжун болон М.Одноо нар мөнгө өгөх ёстой байсан бол яагаад тухайн үед 2014 онд шүүхэд хандаагүй вэ гэдэг асуудал гарч ирж байна. 100.000.000 төгрөг хэнд зээлж алдсаныг мэдэхгүй байна. Мөнгөө хүнд зээлж алдчихаад эцэс сүүлд нь арга барагдсан юм шиг гэрээ барьж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

            Хариуцагч Ма Зэнжуны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Сөрөг нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа зээлийн гэрээ нь өөрөө хуульд заасан шаардлага хангаагүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа юм. Улсын Дээд Шүүхээс дээрх зүйл заалтыг тайлбарласан тогтоол байдаг. Энэ тайлбараар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг зөрчсөн гэрээ хэлцлийг шүүх өөрөө хүчин төгөлдөр бусд тооцох эрх нь нээлттэй байдаг. Бидний зүгээс зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй байсан ч гэсэн нэгэнт л хуулийн шаардлага зөрчсөн байгаа тохиолдолд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгодог. Энэхүү зээлийн гэрээ нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 “хувийн байдлыг тогтоох”, 32 дугаар зүйлийн 32.1 “орчуулагч оролцуулах”, 34 дүгээр зүйлийн 34.5 “тэмдэглэл үйлдэх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсад ямар нэгэн гадаадын иргэн гэрээ хэлцэл нотариатаар баталгаажуулах тохиолдолд тухайн хүний эрх зүйн байдлыг зайлшгүй тогтоох ёстой. Тухайн хүн монгол хэл мэддэг, уншиж бичиж чаддаг, ойлгодог эсэх мөн орчуулагч оролцуулах шаардлага байгаа эсэхийг тогтоож, монгол хятад 2 хэл дээр зайлшгүй үйлдэх ёстой байсан. Би япон хэл мэддэг болохоор хятад хэлний ханз гадарладаг юм. Хавтаст хэрэгт өгсөн орчуулгын тамга тэмдэгтэй нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээг сүүлд өгсөн ба хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримт юм. Зээлийн гэрээг байгуулахад монгол болон хятад хэлээр үйлдээгүй зөвхөн монгол хэлээр үйлдсэн байсан бөгөөд нотариатч энэ тухай хэлдэг. Хавтаст хэрэгт өгсөн зээлийн гэрээг 2017 онд орчуулав гэж хятад хэлээр бичсэн байсан. Зээлийн гэрээг ганцхан Монгол хэлээр үйлдсэн байлаа гэхэд яагаад орчуулагч оролцуулаагүй вэ гэдэг асуудал гарч байна. Ма Зэнжун хэлэхдээ энэ зээлийн гэрээг анхнаасаа байгуулаагүй бөгөөд нотариат дээр очоогүй тухайгаа ч хэлдэг. Нотариатч тухайн гадаад иргэн монгол хэл мэддэг байлаа гээд заавал орчуулагч оролцуулах ёстой байтал орчуулагчгүйгээр гэрээг баталсан байдаг. Иймээс зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4 дэх хэсэгт заасан хэлцэл гэж ойлгож байна. Ма Зэнжун нь уг гэрээг хийхдээ цаашид ямар эрх зүйн үр дагавар үүсэхийг мэдээгүй хийсэн. Мөн Нотариатын тухай хуулийг зөрчиж хийсэн байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх дараах нөхцөл байдал байна. Нэгдүгээрт, хариуцагч болох Ма Зэнжун Монгол Улсад 20 гаран жил амьдарсан. Монгол эхнэртэй, 2 хүүхэдтэй. Хүүхдүүд нь монгол сургуульд сурдаг. Энэ хүн эхнэр болон хүүхэдтэйгээ орчуулагчийн шаардлагатай харьцдаг гэдгээ нотолвол болж байна. Гэр бүлийн хамт шүүхийн байрны хажууд байрлах Хятад рестораны дээр нь амьдардаг бөгөөд энэ олон жилийн турш гэр бүлтэйгээ монгол хэлээр харьцдаг хүнийг орчуулагчтай оролцуулах байсан гэж бодохгүй байна. Хоёрдугаарт, хариуцагч Ма Зэнжун 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбараа монгол хэлээр бичиж Ма Зэнжун гэж гарын үсгээ зурсан бөгөөд үүнийгээ шүүхэд ирүүлсэн. Хариуцагч Ма Зэнжуны төлөөлөгчийн ярьснаас үзвэл Ма Зэнжун нь хариу тайлбараа Хятад хэл дээр бичиж Монгол хэлрүү орчуулж тамга даруулж баталгаажуулах ёстой байсан байна. Түүний өөрийнх нь бичиж гарын үсэг зурсан хариу тайлбарыг шүүх хүлээж авсан. Гуравдугаарт, зээлийн гэрээ нь нотариатаар орсон ороогүй тухай яригддаг. Хятад хүн өөр хүнд өөрийн паспорт бичиг баримтаа өгөөд явуулна гэж байх уу. Хариуцагч Ма Зэнжун нь Монгол улсад оршин суух иргэний үнэмлэх болон паспортоо нотариатаар баталгаажуулж гэрээний ард хувилж өгсөн байгаа. Энэ баримт энд байгаа нь Н.Түмэнжаргал Ма Зэнжунээс түүний бичиг баримтыг хулгайлж авсан болж таарч байх шиг байна.  Хариуцагч нар нь худалч гэдгийг дахин дахин хэлмээр байна. “Хадан ус” ХХК-ийн гэрээг барьцаа болгож өгөхдөө Н.Түмэнжаргал хятад хэл мэдэхгүй учир Ма Зэнжун өөрөө тайлбарлаж хэлж өгсөн байдаг. Хэрэгт өгсөн баримтууд цаг хугацааны хувьд дараалаад байж байгаа. “Жавхлант Групп” ХХК-ийн байгуулсан гэх хуурамч гэрээний төгсгөлийн хуудас дээр захиалагчийг төлөөлж “Годик голд” ХХК, Ма Зэнжун гэсэн байдаг. Үүнээс харахад Ма Зэнжун нь бас “Годик голд” гэх компанитай болж таарах нь. Н.Түмэнжаргал нь ганц Ма Зэнжунд мөнгө зээлдүүлсэн биш юм. Өөр хүмүүст ч мөнгө зээлдүүлдэг хөрөнгөтэй хүн.  Гэхдээ хариуцагч нарын хэлж байгаа шиг ноолуурын бизнес хийж үзээгүй. Хариуцагч тал 8.000.000 төгрөг төлсөн байдлаа хөөрөгний төлбөрт төлсөн гэж байна. Хятад хүн монгол хүнээс хөөрөг 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан тухай зүйл мэдэхгүй юм байна. Өмнөх шүүх хурлууд дээр уг мөнгийг ноолууртай холбож ярьж байсан бол өнөөдөр хөөрөгний мөнгө гэж хэллээ. Хаана байгаа ямар хөөрөг юм мэдэхгүй байна. Хэрэв Н.Түмэнжаргалыг Ма Зэнжунтэй ноолуурын бизнес хамтарч хийж байсан гэж байгаа бол хилээр орж гарч байсан тухай лавлагаа авч болно. Бас арматур төмөр гэж ярьж байна. Г.Түмэнжаргал нь арматур төмөр болон барилгын ажил эрхэлж байгаагүй. Хариуцагчийн төлөөлөгч нэг бол ноолуур нэг бол хөөрөгний мөнгө гэх мэтээр олон зөрчилтэй зүйл ярьж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлагад нийцсэн. Монгол гэр бүлтэй, Монгол Улсад амьдардаг хүн орчуулагчтай ирээгүй бол уг гэрээ хүчин төгөлдөр биш болно гэдэг зүйл мэдэхгүй байна. Ма Зэнжун юуг нь ч мэдээгүй ойлгоогүй зүйл дээр бичиг баримтаа хувилж өгнө гэж байхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Хариуцагч М.Одноогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

            Хэрэв Ма Зэнжун зээлийн гэрээг байгуулсан гэж байгаа бол уг гэрээ нь Нотариатын тухай хуулийг зөрчиж хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

            Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь хариуцагч М.Одноо, БНХАУ-ын иргэн Ма Зэнжун, “Зуун Зи Ди” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 201.000.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Ма Зэнжун нь нэхэмжлэгчид холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.      

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч “Зуун Зи Ди” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул  нэхэмжлэлийн шаардлагаас “Зуун Зи Ди” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаанаар хариуцагч М.Одноо, Ма Зэнжун нарт холбогдох нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Ма Зэнжуны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал,  хариуцагч Ма Зэнжун нар 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 100..000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулжээ.

Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-д “2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сард 4 хувийн хүүтэй” байхаар, мөн гэрээний 3-т “зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зэлдэгчээр төлүүлэх”-ээр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь гэрээ байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Ма Зэнжунд 100.000.000 төгрөгийг  бэлнээр өгч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн” тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлсэн 100.000.000 төгрөгийн хүүнд 48.000.000 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусахад зээлдэгч нь 148.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хүү, алданги тохирсон тул нэхэмжлэгч хүү, алданги тооцон шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний дагуу үндсэн зээл 100.000.000 төгрөг, гэрээний хугацаанд дутуу төлөгдсөн зээлийн хүү 34.000.000 төгрөг, алдангид 67.000.000 төгрөг, нийт 201.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж, улмаар хариуцагч Ма Зэнжунээс төлбөрийн 90 хувь буюу 180.900.000 төгрөгийг, хариуцагч М.Одноогоос 10 хувь буюу 20.100.000 төгрөгийг шаардаж байна гэж тайлбарлав.

Хариуцагч Ма Зэнжун, М.Одноо нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй,  “зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй тул хариуцахгүй” гэж маргах боловч мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан баримтыг хариуцагч Ма Зэнжун нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй, хариуцагч М.Одноогоос 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Түмэнжаргалын Хаан банк дахь дансаар шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг мөнгийг 2 сарын хүүнд төлсөн гэж тайлбарласныг хариуцагч талаас нотлох баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүй тул нэхэмжлэгч Н.Түмэнжаргал, хариуцагч Ма Зэнжун нарын хооронд зээлийн гэрээний харилцаа бий болсон, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

Зээлийн гэрээний үндсэн үүрэг 100.000.000 төгрөг, зээлийн хүү 34.000.000 төгрөг, алдангийг үндсэн зээлээс тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар  50 хувиас хэтрэхгүй байх шаардлагад нийцүүлвэл 50.000.000 төгрөг, нийт 184.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт шаардах эрхтэйгээс шүүх хуралдаан дээр тодруулсны дагуу хариуцагч Ма Зэнжунаас зээлийн гэрээний үүргийн 90 хувийг гаргуулна гэж тайлбарлаж байх тул дээрх төлбөрийн  90 хувь болох 165.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгож, Ма Зэнжунд холбогдох шаардлагаас  15.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч М.Одноо болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй байх тул М.Одноогоос зээлийн төлбөрийн 10 хувь болох 20.100.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Ма Зэнжун нь нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд холбогдуулан зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хууль зөрчсөн, үнэн санаанаас бус, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал, хариуцагч Ма Зэнжун нарын хооронд байгуулагдсан  зээлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”,  56.1.4-д  заасан “үнэн санаанаас бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл”, 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэсгүй гэж дүгнэлээ.

Учир нь зээлийн гэрээг талууд нотариатаар баталгаажуулсан, хариуцагч нь 100.000.000 төгрөгийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан, зээлийн хүүнд 14.000.000 төгрөгийг төлж байсан, зээлийн гэрээнд уншиж ойлгов гэж монголоор бичиж гарын үсэг зурсан зэрэг баримтаар хариуцагч нь гэрээний үр дагаварыг ойлгож мэдсэн гэж үзэхээр байна.

Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагч Ма Зэнжуны  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Ма Зэнжунаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ма Зэнжунаас 165.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ма Зэнжунд холбогдох 15.300.000 төгрөг, хариуцагч М.Одноод холбогдох 20.100.000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4, 56.1.8 дахь заалтыг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Ма Зэнжуны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь хариуцагч “Зуун Зи Ди” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 1.1630.000 төгрөгийг, хариуцагч Ма Зэнжуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ма Зэнжунаас улсын тэмдэгтийн хураамжид 985.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ