Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0116/Э |
Дугаар | 2022/ШЦТ/114 |
Огноо | 2022-03-21 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт О.Б-д холбогдох эрүүгийн 2234000000090 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Баянхангай сумын ЗДТГ-ын мал эмнэлгийн тасагт тархвар зүйч, эмч ажил эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Төв аймаг, Баянхангай сум, 1 дүгээр баг, Хөгжил хороолол, 3-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ..... регистрийн дугаартай, Х.овогт О. Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн төвд Л.Мягмардоржийн 00-58 ТӨВ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн жолоодож явсан 00-97 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.825.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн төвд Л.Мягмардоржийн 00-58 ТӨВ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн жолоодож явсан 00-97 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.825.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234000000090 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Л.Мягмардоржийн өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багт Бадрах гэх найзынхаа гадаа өөрийн өмчлөлийн 00-58 ТӨВ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг тавьчихаад Бадрахын гэрт эхнэр Мөнхчимэгтэй хамт цай уугаад сууж байтал Б гэх эмэгтэй миний гар утас руу залгаад гараад ир гэхээр нь би гарч чадахгүй манай эхнэртэй уулз гэж хэлээд манай эхнэр уулзах гээд гарсан. Би Бадрахын гэрт сууж байсан. Тэгтэл Б машинаараа манай машиныг мөргөөд эвдэлчихлээ гэж хэлэхээр нь гараад хартал манай машиныг Б зүүн гар талын хойд талаас нь мөргөөд эвдэлчихсэн наалдаатай зогсож байсан. Ингээд би шууд гүйж очоод түлхүүрийг нь булааж аваад цагдаад дуудлага өгсөн. Б руль дээрээ согтуу сууж байсан. Хажууд нь Гантулга гэх Засаг даргын тамгын газрын жижүүр сууж байсан. Хойд буфер хагарсан, зүүн хойд их гэрэл хагарсан мөн зүүн хойд крило цөмөрсөн, тээшний хэсэг дотогш цөмөрсөн. Үнэлгээгээр нийт 1.825.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Хохирлоо бүрэн барагдуулсан, машинаа янзлуулчихсан байгаа.” гэх мэдүүлэг/хх-24 тал/,
Гэрч Ц.Мөнхчимэгийн өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр Мягмардоржийн хамтаар Бадрахын гэрт ирээд машинаа гадаа нь тавьчхаад гэрт нь ороод цай уух гээд сууж байтал манай нөхрийн гар утасруу Б залгаад гараад ир гэхэд надад хандаж нөгөө Б чинь гадаа ирчихсэн байна гэнэ яанаа гэхээр нь би одоо яах вэ гээд дотроо айгаад шууд гэрлүүгээ явдаг байж гээд нөхөртөө уурлахад манай нөхөр Бд хандаж чи яваач би гарахгүй гэж утсаар хэлсэн. Үүний дараа түс тас гэх чимээ гарахаар нь Бадрах нөхөр бид гурав гараад харахад манай машиныг нэг удаа мөргөөд ухарч байсан тэгэхээр нь би хүүе болиоч ээ салгаач ээ гээд хашхирахад дахиж ухарч ирээд манай машиныг мөргөсөн. Манай машин том хаалганы үүдэнд зогсож байсныг баруун талын жижиг хаалганы баруун талын банз хүртэл мөргөж байршлыг нь өөрчилсөн байсан. Ингээд манай нөхөр гүйж очиж түлхүүрийг нь авч цагдаад дуудлага өгсөн. Манай машинд үнэлгээгээр 1.825.000 төгрөгөөр үнэлэгдэж 90.000 төгрөгөөр үнэлгээ хийлгүүлж, мөн 40.000 төгрөгийн шатахууны зардал гарч нийт Бгээс 1.955.000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулж авсан. Энэ хүн бол манай гэр бүл үр хүүхдүүдийг удаа дараа заналхийлж айлгадаг Тийм учраас миний бие маш их айдастай байдаг, утсаар над руу шөнө залгаад амар тайван байдал алдагдуулдаг, цаашид намайг хэн хамгаалах юм бол гэж маш их айдастай байдаг.” гэх мэдүүлэг/хх-26 тал/,
Гэрч С.Бадрахын өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найз Мягмардорж түүний эхнэр Мөнхчимэг нартай манай гэрт цай уух гээд сууж байтал Мягмардоржийн утас руу хүн залгаад гараад ир гээд байх шиг байсан Мягмардорж эхнэртэй яриад нөгөө хүнтэй дахиж утсаар ярихдаа гарч чадахгүй гэж хэлсэн тэгтэл гадаа түс тас хийх чимээ гарсан гараад хартал манай сумын Б Мягмардоржийн машиныг мөргөөд эвдэлчихсэн байсан.” гэх мэдүүлэг/хх-28 тал/,
Гэрч Б.Гантулгын өгсөн: “Би Баянхангай сумын ЗДТГ-т жижүүр хийдэг юм. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байх яг цагийг нь сайн санахгүй байна. Ажил дээрээ байж байгаад Амгалангийн гэрт очих гээд явж байхад манай ЗДТГ-т мал зүйч ажилтай О.Б өөрийнхөө хүрэн өнгийн машиныг барьцан явж байсан тэгээд Б нь өөрийнхөө хүрэн өнгийн жижиг машинаа миний хажууд зогсоогоод намайг хаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан би Амгалангийнд очиж юм авах гээд явж байна гэж хэлэхэд намайг суучих би хүргээд өгье гэж хэлсэн тэгээд машинд нь суухад Б нь архи уусан бололтой машинаас нь архи үнэртэж байсан надад Б нь нэг лааз пиво өгсөн уг пивыг ууж дуусаад ажил дээрээ очих гэтэл хоёулаа нэг айлд очоод ирий гэсэн тэгээд Б нь машинаа бариад Бадрах гэх айлын үүдэнд очоод уг айлын үүдэнд байсан цагаан өнгийн жижиг тэргийг араас нь мөргөсөн тэгээд би яаж байгаа юм гэж хэлэхэд яадаг юм угаасаа мөргөх гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би машинаас нь буугаад Бгийн дүү Базармаад утсаар ярьж хэлсэн эгч чинь хүний машин мөргөчихлөө гэж хэлэхэд Б нь ахиж машинаа арагш ухраагаад ахиад уг зогоож байсан цагаан машиныг мөргөсөн тэгээд удалгүй Бгийн дүү нар нь ирээд аваад явсан тухай үед Бадрах гэх айлаас уг цагаан машины эзэн Мягмардорж, эхнэрийнхээ хамт гарч ирсэн тэгээд учраа олсон байх би ажил руугаа явсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Бгийн машинд суухад хүн байхгүй Б нь ганцаараа машинаа барьцан явж байсан. Б нь өөрийнхөө хүрэн өнгийн машинаа унаж яваад манай суманд багш ажилтай Мягмардоржийн эхнэр Мөнхчимэгийн цагаан өнгөтэй приус 30 маркийн машиныг ар талаас нь мөргөсөн. Би жолоочийн хажуу талд урд суудал дээр сууж явсан. Миний биед гэмтэл байхгүй би биеэ шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Б нь өөрийнхөө машинаар Мөнхчимэгийн машины зүүн ар тал руу нь хоёр удаа мөргөсөн. Мөнхчимэгийн машинд хүн байхгүй цоожтой байсан Бадрахын гэрээс Мөнхчимэг, Мягмардорж нар нь гарч ирсэн.” гэх мэдүүлэг/хх-30 тал/,
Шүүгдэгч О.Бгийн сэжигтнээр өгсөн: ” Би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өглөө босоод гэрт хөргөгчинд байсан 2 лааз пивоо ганцаараа уугаад гэртээ ганцаараа сууж байгаад гэрээсээ гараад иртэл Тамгын газрын гадаа жижүүр Гантулга ах гаднаа зогсож бахаар нь дуудахад хүрээд ирсэн тэгээд би Гантулга ахыг хоёулаа миний машинд орж пиво ууя гэж хэлээд би гэртээ ороод гэрээсээ 5 лааз пиво гаргаж ирээд Гантулга ах хоёрыг нь уугаад би гурвыг уугаад юм яриад сууж байхад Гантулга ахын утас руу Мягмардорж залгаад Бадрахынд байна хүрээд ир гэж хэлсэн ингээд би Гантулга ахыг хүргэж өгөхөөр машинаа жолоодоод Бадрахын гадаа очиход Мягмардоржийн машин Бадрахын гадаа зогсож байсан тэгээд би шууд очоод тус машиныг хойд талаас мөргөсөн. Тэгтэл Мягмардорж гарч ирээд миний түлхүүрийг сугалж аваад цагдаа дуудсан. Ингээд цагдаа ирээд намайг согтуурал хэмжих багаж үлээлгээд би 2 бүхэл гаран согтолттой гарсан. Ингээд хэмжилтээ хийгээд намайг зөрчлийн хулиар арга хэмжээ авч жолоодох эрхийг хасаж, мөнгөн торгууль ногдуулсан. Мягмардорж бид хоёр нэг байгууллагад ажиллаж байсан танил хүмүүс байгаа юм үүнийг эхнэр нь буруугаар ойлгоод хардаж сэрдээд байдаг юм. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байгаа учир хэргийг түргэн шуурхай, хялбаршуулж шийдэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг/хх-39 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, “Арвижих-эстимейт” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан/хх-34 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч О.Б гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Мягмардоржийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, бага хэмжээнээс дээш буюу 1.825.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч О.Б нь Баянхангай сумын ЗДТГ-ын мал эмнэлгийн тасагт тархвар зүйч, эмч ажил эрхэлдэг, Төв аймаг, Баянхангай суманд ам бүл 3, хоёр хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 37 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч Л.Мягмардоржид 1.955.000 төгрөг төлөгдсөн, гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-24 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн 2234000000090 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт О Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б.г 700/долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000/долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б.д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Мягмардоржид 1.955.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Б.д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ