Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 221/МА2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0183 |
Огноо | 2014-05-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2014/0183
Н.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд К.Э, Ц.П, өмгөөлөгч О.Бнарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 094 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Э-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн 155-т Б.Цэвээн, 156-д К.Э нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн нэмэлт тайлбартаа: Н.Э миний хөрөнгөөр баригдсан хашаа байшинг манаач Ж.Баттөмөр нь хулгай, залилангийн аргаар гуравдагч этгээд К.Эд зарсан. Зарж байх үед нь Н.Э би гуравдагч этгээд К.Эд манаачийн хөрөнгө биш миний өмч хөрөнгө юм шүү, болохгүй шүү гэж хэлсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн газрын албанд К.Э нь 2004 оны 10 дугаар сард, манаач Ж.Баттөмөр нь 2004 оны 11 дүгээр сард, Н.Э би 2004 оны 12 дугаар сард тус тус хандсан. Өмч хөрөнгөний эзэн Н.Э би яагаад хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн газрын албанд хандах болов. Учир нь Н.Э би хашаагаа бүрэн бариулсан, байшингаа бүрэн гүйцэд дуусгаагүй /шавардлага дутуу/ байсан юм.
Мөн би энэ хашаандаа Солонгос Улсаас 4 ширхэг автомашин оруулан ирж угсруулан, бусад үйл ажиллагаанууд явуулдаг байсан. Бусдын өмчийг залилангийн аргаар худалдаж аваад газрын албаны, албан хаагчдыг ашиг сонирхлоор нь хөтөлж өмч хөрөнгөтэй болдог аргачлалыг би мэдэхгүй юм. Иймд өмчийн эзэн Н.Э, манаач Ж.Баттөмөр бидний нэр дээр өмчлөгдөөгүй хөрөнгийг хаа хамаагүй Төв аймгийн Алтанбулаг сумаас ирсэн гуравдагч этгээд К.Эд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо сургуулийн 1213А, 1213Б тоот хашаануудыг өмчлүүлснийг цуцалж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн иргэн И.Идэргаравт өмчлүүлсэн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоот хашааны газар өмчлөх эрх, Баянзүрх дүүргийн дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1212, 1213А, 1213Б тоот хаяг бүхий хашаануудын газруудыг эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн газрын албаны дэд дарга
Э.Ариунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Цнь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Сургуулийн 121 За тоот хашааны 610 м.кв газрын 5 жилийн хугацаатай эзэмших эрх авч, 10-392-084 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Уг хашааны газрыг өмчилж авахаар дүүргийн Засаг даргад өргөдөл гарган, иргэний үнэмлэхний хуулбар болон хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зураг зэргийг бүрдүүлэн өгч, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжаар өмчлөн авсан байна.
Иргэн К.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Сургуулийн 1213-6 тоот хашааны 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх авч, 10-392-085 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Уг хашааныхаа газрыг өмчилж авахаар дүүргийн Засаг даргад өргөдөл гарган, иргэний үнэмлэхний хуулбар болон хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлэн өгч Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжаар өмчлөн авсан байна.
Тус хашааны кадастрын зургаас харахад маргаантай гэж бүртгэгдэж байсан тэмдэглэл байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Сургуулийн 1213-а, 1213-6 тоот хашааны газрыг иргэн Б.Цэвээн, К.Э нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлөн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ
Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Иргэн И.Идэргаравт Баянзүрх дүүргийн 23 хороо, Сургуулийн гудамжны 1212 тоот хашааны газрыг өмчлүүлэхдээ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 415 дугаар захирамжаар олгогдсон эзэмших эрхийн гэрчилгээ, тус хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. |
Нэхэмжлэгчийн шаардлагаар маргаантай гэх тэмдэглэлийг мэдээллийн санд бүртгэсэн боловч өнөөдрийг хүртэл хууль ёсны эзэмшигч, өмчлөгч мөн болохоо нотлоогүй, мөн 1212 тоот хашааны газрын асуудлаар шүүх дээр хэлэлцэгдэж байгаагүй тул иргэн И.Идэргаравын эзэмших, өмчлөх эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байсан.
Дээрх хашааны газар нь манай газрын мэдээллийн санд иргэн И.Идэргаравын нэр дээр бүртгэлтэй, хашааны дугаар 1212 тоотоор өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байх бөгөөд давхардуулан өмчлүүлсэн захирамж байхгүй болно гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Э-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэгчтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэн И.Идэргаравын дүүргийн Газрын албанд газар эзэмшихээр хүсэлт гаргасан, 23 дугаар хорооны даргын тодорхойлолт, гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, кадастрын зураглал зэрэг материалыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжаар иргэн И.Идэргаравт 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоотод иргэний ахуйн зориулалтаар 543 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Тус дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1212, 1213А, 1213Б тоот хашааны газартай холбоотой нэгж талбарын хувийн хэргээс шүүж үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар иргэн К.Эд 700 м.кв, иргэн Б.Цэвээнд 610 м.кв газар, дүүргийн Засаг даргын 2009 оны 415 дугаар захирамжаар иргэн И.Идэргаравт 543 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байна.
Дээрх 3 иргэнд газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан шинээр газар эзэмших тухай хүсэлт, Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 тоот тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3.4.1- д заасан материалын бүрдлийг үндэслэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж холбогдох хууль тогтоомжийн дагуу олгогдсон байх тул иргэн К.Э, Б.Ц, И.И нарт газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах эрх зүйн үндэслэлгүй байна.
Иймд иргэн Н.Эын нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хангах боломжгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд Б.Цэвээний эрх залгамжлагч Ц.П шүүхэд гаргасан тайлбартаа: 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 12-13 а,б тоот газрыг миний аав Б.Цэвээн, найз К.Э нар нь Баттөмөр гэдэг хүнээс ямар нэгэн бичиг баримтгүй байхад нь авсан. Ингээд Баянзүрх дүүргийн газрын албаар шалгуулахад уг газар хэний ч өмчлөлд байгаагүй учраас миний аав Б.Цэвээн, К.Э нар нь Баянзүрх дүүргийн газрын албанд хуульд заасан журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот захирамж гарч Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Сургуулийн 12-13 а тоотыг Б.Цэвээнд, 12-13-6 тоотыг К.Эд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү К.Э, Б.Цнар нь дээрх газруудыг улсын бүртгэлд бүртгүүлж өөрийн өмчлөл болгон баталгаажуулж авсан.
Үүний дараа миний аав Б.Ц2007 онд бэлэглэлийн нэрээ байгуулж охин Ц.П надад бэлэглэснээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Сургуулийн 12-13-а тоот хашаа миний өмчлөлийнх болж 000089951 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гарч ирсэн. 2007 оны 8 дугаар сард К.Э нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Сургуулийн 12-13-6 тоотыг Нарантуяа гэгчид худалдсанаар Нарантуяагийн нэр дээр 000017494 дугаартай гэрчилгээ гарсан байсан. Ингээд Ц.П би Нарантуяагаас 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уг газрын худалдан авсан. Ингээд дээрх хоёр газрын хууль ёсны өмчлөгч нь Ц.П миний бие болсон.
Бид тухай үед хэн нэгний өмчлөлд байсан хашааг аваагүй газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу уг хашааг өөрийн болгож авсан.
Иймд нэхэмжлэгч Н.Эын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ямарч үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд К.Э тус шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2004 оны 9 дүгээр сард хашаа зарна гэсэн зарын дагуу иргэн Баттөмөрөөс 4 тал хашааг 2 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн газар нь ямар ч гэрчилгээ бүртгэлгүй байсныг зохих журмын дагуу бичиг баримтыг нь бүрдүүлж газрыг өөрийн нэр дээр болгосон. Дараа нь 2007 оны 5 сард иргэн Х.Нарантуяад зарсан. Иймээс энэ газар нь надад хамааралгүй болно гэжээ.
Гуравдагч этгээд Д.Отгончулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие К.Эын эхнэр болно. 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 743 дугаар захирамжаар миний бие гуравдагч этгээдээр шүүх хуралд татагдсан байна. Иймээс нөхөр К.Эын өмнө гаргасан тайлбаруудыг дэмжиж оролцох болно гэжээ.
Гуравдагч этгээд Э.Номин шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Эын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох шүүх хуралд миний бие гуравдагч этгээдээр татагдсан. Миний аав К.Эын урьд нь гаргасан тайлбарыг дэмжиж байгаа болно.
Хурал болох хугацаанд миний бие хичээл шалгалттай учир шүүх хуралд суух боломжгүй байна. Цаашид өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болно гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Батнасан шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Эын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр миний бие Ц.Б болон миний ээж болох С.Ц нар нь тус захиргааны хэргийн гуравдагч этгээд болох Ц.Пын байр суурь болон тайлбар хүсэлтийг дэмжиж байх тул бичгээр тайлбар гаргахгүй болно.
Мөн түүнчлэн миний ээж өндөр настай тул тус шүүх хуралдаанд биеэр оролцох боломжгүй, миний бие оюутан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, шаардлагагүй гэж үзэж байх тул миний эгч болох Ц.П түүний өмгөөлөгч О.Э нар шүүх хуралдаанд болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно гэжээ.
Гуравдагч этгээд И.И шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 2008 оноос хууль ёсоор амьдарч байгаа бөгөөд 2009 онд тус дүүргийн иргэн А.Баттөмөрөөс БЗД-ийн 23 дугаар хороо Улиастай 1212 тоот хашааг 2500,000 төгрөгөөр харилцан тохиролцон "худалдах, худалдан авах" гэрээ байгуулан гэрээгээ нотариатаар гэрчлүүлснээр худалдан авсан. Харин хашаанд хамаарах талбар газрын эзэмших эрхийг лавлахад миний нэр дээр кадастрт бүртгэлтэй байгаа би хүсэлтээ газрын албанд өгсөн.
Түүнээс хойш газрын албанд очиж захирамж хэзээ гарах талаар лавлахад таны хашаа байгаа талбар газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа иргэн одоогоор алга та нэгэнт худалдах худалдан авах гэрээ байгуулан А.Баттөмөрөөс хашааг худалдан авсан учир өөрийн нэрээр уг газрыг эзэмших хүсэлтээ өг гэсэн зөвлөгөөг газрын албанаас өгдөг байсан. Газар эзэмших хүсэлтээ дүүргийн газрын албанд өгсөн. Ингэснээр 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжаар надад дээрхи хашааны талбар газрыг эзэмших хууль ёсны эрх үүссэн.
Мөн уг газраа өмчилж авах өргөдлөө дүүргийн газрын албаар уламжлан Нийслэлийн Засаг даргад тавьснаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны А/414 дугаар захирамжаар надад дээрхи газрыг өмчлүүлэх эрх олгосон.
Улмаар өөрийн өмчлөлийн газартаа 2012 оноос эхлэн хувийн байшин барьж 2013 онд байшингаа барьж дуусган Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхээр зохих журмын дагуу хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 094 дүгээр шийдвэрээр, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5 дахь заалтуудыг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжийн иргэн Б.Цэвээн, К.Эд, 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн иргэн И.И, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжийн К.Э, Б.Ц нарт, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжийн иргэн И.Идэргаравт холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгг заасныг баримтлан Газрын тухай хуулийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах тавдугаар бүлэгт заасны дагуу газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад, уг газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн баримтыг үндэслэн газар өмчлөх эрхийн асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд К.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүх талаас үнэлээгүи, илт гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг зөрчиж, нотлох баримтуудыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар үнэлж 6 хүний эрх ашгийг зөрчиж шийдвэрлэсэнд үнэхээр их гомдолтой байна. Уг шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь нэхэмжлэгч Н.Э шүүхийг шүүдэг гэх төрийн байгууллагынхаа нэрийг барьж шүүгч нарыг дарамталж байж энэ шийдвэрийг гаргуулсан. Учир нь шүүх хурал болгон дээр миний ийм хүсэлтийг хангахгүй байна, тийм гомдлыг шийдвэрлэхгүй байна, хэрвээ шийдвэрлэхгүй бол та нарыг Авилгатай тэмцэх газар шалгуулна, тэднийг элдвээр доромжилж, улмаар шүүгч нараас ямар ч шалтгаангүйгээр татгалзсаар байгаад бүрэлдэхүүнд өөрийн гэх хүмүүсээ оруулж байж санаагаа гүйцэлдүүлсэн. Жишиж хэлэхэд Эрүүгийн хэргийг шийдвэрлэх гэж байгаа шүүгч хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг хир тогтвортой байгаа дээр шүүгч дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгч Н.Э шүүх хуралдаан бүр дээр хэргийн нөхцөл байдлыг өөр өөрөөр тайлбарладаг, шүүх хуралдааны явцад гарцаагүй байдалд орсон үедээ дандаа худлаа шалтаг хэлж үндэслэлгүйгээр хурлыг хойшлуулж, хойшлуулсан хугацаандаа өмнөх ярьсан зүйлээ үгүйсгээд өөрөөр тайлбарласаар байгаад бүх зүйлийг өөрийн талдаа ашигтайгаар эргүүлж чадлаа. Хэргийн материал, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд "... уг газар дээр байшин барьсан байсан..." уг газар дээр машин угсардаг байсан...", "... би өөрөө тэнд амьдардаг байсан..." гээд ярьдаг, гэтэл уг маргаж байгаа газар дээр шүүхээс үзлэг хийхэд өөрөө зугтаад алга болчихсон, байшин хаана байсан, машинаа хаана угсарч байсан гэдгээ битгий миний газар яг энэ мөн гээд заагаад хэлж чадаагүй. Хэрэгт авагдсан Н.Э-ын нэр дээр албан ёсны эрх бүхий байгууллагаар хянагдсан кадастрын зураг байхгүй, хуурамчаар зураг хийлгүүлснийг нь шүүх зохих байгууллагаар нь шалгаж тогтоолгүй, үнэлсэн.
Энэ нь шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн
2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг хууль зүйн агуулгаар харах юм бол газрын асуудлыг огт шийдээгүй, зөвхөн хашааг барихад 600 ам.доллар өгсөн байна гэдгийг түүний төрсөн дүүгийнх нь ганц мэдүүлгээр тогтоосон. Түүнээс биш одоо маргаж буй газрыг түүний өмч гэж огт тогтоогоогүй, энэ талаар уг шийдвэрт "...Нэхэмжлэгчийн барьсан хашаа нь хөдлөх хөрөнгө, хашааны газар нь бусдын өмчилж авсан үл хөдлөх хөрөнгө учир өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т ... гэж зааснаас үзэхэд харин нэхэмжлэгч нь өөрийн мөнгөөр барьсан хашааг буулган авах буюу үнийг гаргуулж болохоор байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн эд хөрөнгө нь хөдлөх хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох нь зүйтэй ..." гэж дүгнэсэн байгаагаас харагдаж байна. Бодит байдлаас авч үзвэл талийгаач Ж.Баттөмөр нь нэхэмжлэгч Н.Эын эмээ гэх хөгшнөөр овоглодог хууль ёсны цорын ганц өв залгамжлагч байсан. Амьд ахуй цагт нь асарч халамжилдаг байсан. Тэгвэл яахлаараа тэр хөгшний газар Н.Эын газар болох ёстой юм. Мөн тухайн үед уг хороог хариуцан ажиллаж байсан дүүргийн газрын албаны зохион байгуулагч Г.Билэгсайханыг гэрчээр "...Тухайн үед буюу 2004 онд иргзд газрын гэрчилгээг авахад тухайн газарт дүүргийн газрын албаны мэргэжилтэн хашаа барьсан эсэх болон бусад хүний газартай давхцаж байгаа эсэхийг шалгадаг”.
Ингээд Улиастайд очиход Н.Эын үзүүлсэн хашаанд гэр байсан. Тэр гэрт байсан хүнтэй Н.Э маргалдаж байсан. Тэр хүнтэй тус газрын асуудлаас болж маргаж байсан тул миний зүгээс Н.Эт хандаж, энэ асуудлаа эхний ээлжинд холбогдох байгууллагаар шийдүүлээд, дараа нь манайд хандаж хүсэлтээ гаргана уу гэж хэлж байсан гэж шүүхэд мэдүүлсэн байгаагаас үзэхэд Ж.Баттөмөр нь амьд байхдаа уг газрыг Н.Эын газар биш гэдгийг баталж байгаа юм. Нөгөө талаас харахад Баянзүрх дүүргийн шийдвэр гараад талууд бүгд дүүргийн газрын албанд газар эзэмших талаар хандах эрх нь нээлттэй байсан. Бид хууль ёсны дагуу баримтаа бүрдүүлээд өгөөд зохих шалгуурыг хангаад газраа өмчилж авсан. Харин Н.Эын хувьд бол тухайн үед Ж.Баттөмөр амьд сэрүүн байсан учир өөрийгөө энэ маргаанд ялж чадахгүй гэдгийг мэдээд эрүүгийн журмаар буюу өөрийн Эрүүгийн цагдаад ажиллаж байсан танил талаа ашиглаж Ж.Б-г элдвээр гүтгэж, удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан байсан. Бүр өөрийнх нь эд зүйлийг хулгайлсан гэж гүтгэж шалгуулж байсан болох нь хэрэгт байгаа материалаас харагддаг юм.
Энэ нь тухайн үедээ ямарч тус болоогүй, учир нь Ж.Баттөмөр өөрөө амьд байсан учир хөөрхий залуу нас бартлаа түүнд бууж өгөлгүй үнэнийг ярьсаар байгаад зуурдаар нас барсан. Түүнийг нас барсан даруй Н.Э захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж эхэлсэн юм. Үнэн хэрэг дээрээ бол Захиргааны хэргийн шүүх 2004 онд байгуулагдсан, бүтэн 7 жил Н.Э хуульч хүн байж яагаад тус шүүхэд хандаагүй байдлаас харахад дээрх боломжийг хүлээж байсан нь хэнд ч ойлгомжтой байна.
3. Шүүх Н.Э-н нэхэмжлэлийг хүлээн авахаас эхлүүлээд хөөн хэлэлцэх хугацаан дээр огт анхаараагүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Дээрх хугацаанд буюу 2004 оны 9 дүгээр сараас хойшхи хугацаанд нэхэмжлэгч Н.Э нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д зааснаар тухайн газрыг эзэмших эрх үүсээгүй байсан боловч гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх үүсэхээс өмнө маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаа баригдсан: уг газрыг эзэмших талаар ашиг сонирхол үүссэн бөгөөд уг газрыг эзэмших асуудлаар тасралтгүй маргаж байсан нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 556 дугаартай мэдэгдэх хуудас, мөн газрын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1737 дугаартай "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол", кадастрын мэдээллийн санд маргаантай” гэж тэмдэглэж байсан зэрэг болон дээрх баримтаар тогтоогдож байх тул..." гэжээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 392 дугаар захирамж гараад К.Э надад газар эзэмшүүлээд 7 жил болсны дараа харьяалах шүүхэд хандаж байгаа нь хууль мэдэхгүй дээ биш, Ж.Баттөмөрийг үхэхийг л хүлээж байсан байгаа юм.
Үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь гээд нас бараад удаагүй байхад нь шүүхэд нэхэмжлзл гаргасан.
Гэтэл шүүх энэ хугацааг яг нарийн тооцоололтой, баримтад тулгуурлан гаргах ёстой байтал "...уг газрыг эзэмших асуудлаар тасралтгүй маргаж байсан..." гэж нэхэмжлэгчийн үгэнд хэт хөтлөгдөж ЗХШХШТХ-ийн 12 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсгийг олж хараагүйд харамсаж байна. Үүнийг нягталж өгнө үү.
Маргаан бүхий энэ газар биднийг хүсэлт гаргах үед бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан. Давхцаж байсан юм бол тэр кадастрын зураг нь хаана байгаа юм. Газрын албанаас "маргаантай" гэх байдлыг тал бүрээс шалгаад бидэнд өгөх зүйтэй юм аа гэж эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Хавтас хэргийн хэддүгээр хуудсанд бусдын газартай давхцсан гэсэн баримт байгаа хайгаад олсонгүй.
Үнэн гэж зүйл байдаг бол би ялах ёстой. Шүүх хэрэг шийдвэрлэхдээ хэнээс ч хараат бус байдаг гэж бодож байтал амаараа айлгасан зальтай этгээдийн үгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бид энэ Н.Эт шүүгч нарын адил бүтэн жил элдвээрээ хэлүүлж доромжпууллаа. Эрх биш шүүх үнэнийг нь олох байх гээд дуугай яваад байтал номхон морь ноолоход амар гэдэг шиг эд нар хэл ам гаргах биш гэсэн шиг үндэслэл муутай шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна.
Иймд дээрх бүх нөхцөл байдлыг сайтар нэг бүрчлэн нягтлан шалгаж захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-нь өдрийн 094 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 094 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.Үүнд:
Шүүх Н.Эын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг дээрхи өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцэн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар маргаан бүхий газар дээр байсан хашаа тус газрыг ашиглаж эзэмшилдээ байлгаж байсан талаархи маргааныг шийдвэрлээгүй атлаа иргэн Б.Цэвээн, К.Э, И.Идэргарав нарт газар зохион байгуулагчийн санаачлагаар маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байна гэж гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шийдсэн атлаа дээрхи гэрчүүдийн мэдүүлэгт И.Идэргаравын талаархи мэдүүлэг огт дурдагдаагүй байхад түүний газар эзэмших эрхийг ямарч үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий буюу хууль ёсны байх зарчмыг зөрчжээ. Учир нь, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар гэрч аливаа хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтойн хувьд гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тэднийг ирүүлэн байцааж мэдүүлэг тайлбарыг нь гаргуулах, гэрч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгч хэргийн оролцогчдын асуултад хариулна гэж заасны дагуу шүүх газрын маргааны талаар болон тухайн 1853 м.кв газрыг хэн, зохих ёсоор эзэмшиж байсан /хууль ёсоор биш/талаар асууж тодруулсан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн гол үндэслэх хэсэг болгосон гэрч Г.Б мэдүүлэхдээ,
А. Нэхэмжлэгч Н.Эын үзүүлсэн хашаанд гэр байсан. Тэр гэрт байсан хүнтэй Н.Э газрын асуудлаас болж маргалдаж байсан. Тиймээс энэ асуудлаа шийдвэрлэсний дараа манайд ханд гэсэн мэдүүлэг,
Б.Түүний ажпыг хүлээн авсан Ц.О 2012 оны 8 дугаар сарын 03 ны өдөр Авилгатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэгтээ,
Тэр үед Н.Э, Ц.Б, К.Э нарын газрын маргааны асуудал байсан санагдаж байна. ... ажил хариуцаж байхад буюу К.Эд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийн өмнө шүүхийн шийдвэртэй гэдгийг мэдэж байсан. Н.Э, К. Э нар 3 айлын газар дээр маргаан үүсгэдэг. Шийдвэрлэх боломжтой байсан гэх мэдүүлэг,
С.Тамгын газрын архивын үзлэгээс гарсан албан бичигт мөн л Н.Э К.Э нарын маргааны талаархи баримт байсан.
Д. 2004 оны 9 дүгээр сараас хойшхи хугацаанд нэхэмжлэгчийн тасралтгүй маргасан тухай прокурорыг байгууллагын удаа дараагийн албан тоотууд зэрэгт өөрөөр хэлбэл, дээрхи газартай холбоотой шүүхийн шийдвэр, удаа дараагийн албан бичгүүд, гэрчийн мэдүүлгүүдээр гуравдагч этгээд И.Идэргаравын талаар болон түүний газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг шүүхээс гаргах хууль зүйн үндэслэл огт тогтоогдоогүй байдаг.
И.Идэргарав нь 2009 онд нэхэмжлэгчийн ах дүүгийн /хорвоогийн мөнх бусыг үзүүлэгч /хүн н.Баттөмөрөөс л хашаа бүхий /эзэмшил газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу авч дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргаж эзэмших эрхтэй болсон шударга эзэмшигч юм. Улмаар тэр нь тухайн газраа Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөн авч байшин барьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч амьдарч байгаа нэгэн. Ерөөс холбогдох төрийн байгууллагадаа иргэн хүсэлт гарган гэдэг бол төрийн албан хаагчдаас хууль дүрэмд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг хүссэн итгэл болохоос хэн нэгэн хувь хүмүүсийн хоорондын гуйлт биш байдаг тухайн үед түүний эзэмшил газар нь хэн нэгний эзэмшил бус байсан.
, Тухайн газар нь маргаантай гэсэн тэмдэглэгээ И.Идэргаравын эзэмшүүлсэн талбар хэсэгт байхгүй байсан. Тийм тэмдэглэгээ байсан бол маргаж байсан этгээдүүдийн хоорондын газарт л байсан байх. Учир нь дээрхи хэргийн оролцогчдын хэн алинтай нь И.Идэргарав маргаж байсан зүйл огт байхгүй байсан байдаг. И.И 2009 онд 2500,000 төгрөгөөр худалдахдаа талийгч нь К.Э, Цэвээн нарт хамаарах газрыг нэхэмжлэгч н.Баттөмөрийн газар, бид ах дүүс улс харин энэ миний газар гэж ойлгуулан зарсан байдаг. Тэгээд ч нэхэмжлэгч би бүгдийг нь эзэмших ёстой гэсэн хэл ам хийх хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн газар нь 0,07 га -р эзэмшвэл 3-4 хүний эзэмшил газар гэдгийг шүүх анхааран үзсэнгүй. Газрын тухай хуулинд 0,07 га хүртэл гэсэн заалттай. Тэгээд ч Н.Баттөмөр газар эзэмших хүсэлтээ өнөөдрийг хүртэл огт өгөөгүй байдгийг шүүх анхаарсангүй.
Анхан шатны шүүх нэгэнт гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрээ гаргасан байх тул Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зөвлөмжийн 13 дахь хэсэгт заасан гэрчийн мэдүүлэг ямар эх сурвалжид тулгуурласан, тавигдсан асуултад хир бодитой, бүрэн хариулт өгөгдсөн, уг мэдүүлэг ямар үйл явдлыг гэрчилж тогтоосон эсхүл няцаасныг шийдвэртээ тусгаж байвал зохино гэснийг анхаараагүй төдийгүй гэрчүүдийн мэдүүлэгт И.Идэргаравын талаар нотлогдох нь бүү хэл түүний талаар дурдагдаагүй атал түүний газар эзэмших эрхийг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 болон 31.3-д заасан заалтыг зөржээ. Нэхэмжлэгч маргаж байсан газрын үлдэх /маргаагүй/ хэсгийг өөртөө энэ урт хугацааны туршид хүсэлт гаргаад яагаад эзэмшээгүй юм гэсэн асуултыг шүүх анхааран үзсэнгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн И.Идэргаравт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ц.П давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 094 дүгээр шийдвэрийг тус хэргийн гуравдагч этгээд Ц.П, Ц.Батнасан бид дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Уг газрыг бидний аав Б.Цнь 2004 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 10-р хороо, Сургуулийн 121-За тоот хашааг зарна гэсний дагуу тус хашааны эзэн иргэн Баттөмөрөөс газрын бичиг баримт, гэрчилгээгүй хашааг 2500000 төгрөгөөр худалдан авч тус хаягт шилжин амьдарсан. Ингээд уг газар нь төрийн өмч байсан тул бид Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу уг газрын эзэмшиж, өмчлөх талаар 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлт гаргаснаар тус дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн. Ийнхүү тус газрыг эзэмших хүсэлт гаргах үед хэн нэгний эзэмшил, өмчлөлд байгаагүй, эзэмшиж, өмчлүүлэх талаар хэн нэгний хүсэлт ирээгүй байсан. Ингээд манай аавыг тухайн газрыг эзэмшиж авсны дараа гэнэт Н.Э гэгч нь гарч ирээд Баттөмөр гэдэг хүнтэй газрын асуудлаар биш хашааны асуудлаар /хөдлөх хөрөнгийн/ маргалдаж, шүүхдэлцэж эхэлсэн. Үүний дагуу хашааны үнийн талаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 685 дугаартай шийдвэр, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2012 дугаартай шийдвэрүүд гарсан.
Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэрүүд нь газрын асуудлыг шийдвэрлээгүй, зөвхөн хашааны үнийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн энэхүү шийдвэрээр Н.Эыг тухайн газрыг бодитоор эзэмшиж байсан гэдгийг тогтоогоогүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн газрын маргааны тухайн 1/953 дугаартай албан тоот нь газар эзэмших эрхтэй холбоотой асуудал биш харин газарт барьсан хашааны үнийн асуудлаар /хөдлөх хөрөнгө/ маргасан маргааны талаар шүүхэд явуулсан агуулгатай байхад анхан шатны шүүх ... тус газрыг эзэмшихтэй холбогдох асуудлаар маргаантай байсныг нотолж байна гэж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй байна гэж үзэж байна.
2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хувьд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д зааснаар иргэдийн газар өмчлөх хүсэлтэд хавсаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээ, дүүргийн засаг даргын захирамж зэргийг хянан үзэж шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байгаа боловч дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрүүд нь үндэслэлгүй гарсан байх тул Нийслэлийн засаг даргын шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэхээр байна гэж дүгнэсэн боловч яагаад үндэслэлгүй гэж байгаа, үүнийгээ ямар нотлох баримтад үндэслэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Мөн хууль зүйн хувьд үндэслэлгүй гарсан захирамж гэж дүгнэсэн хэрнээ тогтоох хэсэгтээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-г барьж захиргааны актыг түдгэлзүүлж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар маргаан бүхий газар дээр байсан хашаа, тус газрыг ашиглаж, эзэмшилдээ байлгаж байсан талаарх маргааныг шийдвэрлээгүй атлаа ... нарт газар зохион байгуулагчийг санаачилгаар маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн гэжээ. Хэргийн материалд гуравдагч этгээдүүдийн зүгээс маргаж байгаа газрыг эзэмшиж, өмчилж авах талаар гаргасан хүсэлт, холбогдох баримтууд байсаар байхад "газар зохион байгуулагчийн санаачилгаа" гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна
Хариуцагч байгууллагаас гуравдагч этгээдүүдэд маргаж буй газрыг эзэмшүүлснээр нэхэмжлэгч Д.Эрхэмбаярын хуульд заасан ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн болохыг шүүх тодорхойлоогүй хирнээ маргаж байгаа захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь шүүх гуравдагч этгээдүүдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар 28- ний өдрийн 094 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 094 дүгээр шийдвэрээр Н.Э-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Одмаа оролцож шүүх хуралдааны тэмдэглэлийг үйлдсэнээр тусгагджээ.
Анхан шатны шүүх гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор тус шүүхэд захиргааны хэргийг ирүүлсэн байх боловч хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 68 дугаар зүйлийн 68.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 51 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь хэргийн нотлох баримт төдийгүй шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу явагдсан эсэхийг нотлох баримт юм.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн явдал бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3-д заасан үндэслэл болж байна.
Иймээс давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл, агуулга болон гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт өгч хэргийг хэлэлцэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дах хэсгүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 094 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
|
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдүүдээс тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.