Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Шүүгдэгч Э.М, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Г, Э.М нарт холбогдох 2134000000386 дугаартай хэргийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээж нарын хамт Төв аймаг Жаргалант сумын 2 дугаар баг Өгөөмөр 4 дүгээр гудамж 02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б. овогт Э. Г,

 

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг Жаргалант сумын 2 дугаар баг Өгөөмөр 2 дугаар баг, Буурлын 0-6 тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, ... регистрийн дугаартай, Б. овогт Э. М,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.М нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 64-98УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “хувийн таарамжгүй харилцаа”-ны улмаас Б.Рагчаагийн духнаас хамар хүртэл мөн цээжний зүүн хэсэгт тус тус хутгаар зүсэж, улмаар Б.Рагчаагийн эрүүл мэндэд “дух хамарт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Э.Г нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт “хувийн таарамжгүй харилцаа”-ны улмаас Б.Рагчаатай муудалцаж, улмаар Б.Рагчаагийн нүүр нь тус газар гараараа цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Э.М нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 64-98УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “хувийн таарамжгүй харилцаа”-ны улмаас Б.Рагчаагийн духнаас хамар хүртэл мөн цээжний зүүн хэсэгт тус тус хутгаар зүсэж, улмаар Б.Рагчаагийн эрүүл мэндэд “дух хамарт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Э.Г нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт “хувийн таарамжгүй харилцаа”-ны улмаас Б.Рагчаатай муудалцаж, улмаар Б.Рагчаагийн нүүр нь тус газар гараараа цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134000000386 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Б.Рагчаагийн “...Г ах Отгонбаярыг аяганы шээс минь гээд цохисон. Отгонбаярын хамраас цус гарсан би яаж байгаа юм бэ гэсэн чинь яадаг юм бэ та хоёрыг ална шүү гээд намайг машинаас чирч буулгаад тонгорч унагаагаад дээрээс цохиод өшиглөөд байсан миний хамраас цус гараад уруул язарсан, шүд хөдөлсөн байсан. Дараа нь Г Отгонбаяртай муудалцаад байсан тэгж байгаад зугатаад явчихсан. М намайг машиндаа суулгаад тэр хавиар ногоонб талбайгаар явсан, ногооны хашааны шон мөргөчихөөр нь та миний машиныг эвдлээ гэсэн чинь ална шүү гээд М нь миний нүүр болон зүүн хөхний дээд хэсэгт хутгаар зүссэн...миний нүүр болон зүүн хөхний дээд хэсэгт зүсэгдсэн. Г миний нүүр лүү гараараа 2 удаа цохиж, нэг удаа өшиглөсөн өөр цохиж зодоогүй. М миний нүүр болон зүүн хөхний дээд хэсэгт хутгаар зүссэн. Миний нүд хөхөрч, хамар хавдсан, шүд эмтэрч, уруул язарсан, мөн нүүр болон зүүн хөхний дээд хэсэгт зүсэгдсэн одоо хамар жаахан хөндүүр байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 хуудас/,

Б.Рагчаагийн гэрчээр өгсөн “...М намайг машиндаа суулгаад тэр хавиараа ногооны талбайгаар явсан, ногоошны хашааны шон мөргөчихөөр нь та миний машиныг эвдлээ гэсэн чинь ална шүү гээд миний нүүрийг зүсээд хөхний дээд хэсэгт зүссэн.Тэгээд сумын цагдаад баригдсан. ... Миний машинд манжин хэрчиж байсан шар иштэй хутга байсан.Тэр хутгаар намайг зүсчихсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 хуудас/

Гэрч А.Отгонбаярын “ ... сумын төвийн баруун талд байх таван улиас гэх дэлгүүрийн гадаа очоод Рагчаа, Г хоёр муудалцсан тэгсэн чинь Рагчаа машинд орж ирж суухдаа нүүрний зүүн талын нүд нь хөхөрсөн хамар нь хавдаад цус гарсан байдалтай орж ирсэн. Г хамар нь маажуулсан юм шиг шалбарсан байсан. Тэгээд хөдөө гарсан. ... намайг тэр хэдтэй цуг яваад ууланд үлдэх хүртэл Рагчаагийн биед зүсэгдсэн зүйл байгаагүй...” мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/

Шинжээч эмч Л.Бямбатуяагийн “Б.Рагчаагийн авсан гэмтлүүдээс хамар ясны хугарал, дух хамарт шарх зэрэг гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цээжний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 380 дугаартай “Б.Рагчаагийн биед хамар ясны хугарал, баруун дээд 1-р шүдний цөгцний эмтрэл, дух хамарт шарх, баруун дээд зовхи, цээж, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын салстад цус хуралт, хамар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх- ийн 36 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч Э.Г, Э.М нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Рагчаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сар зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч Э.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Жаргалант суманд ам бүл 3 аав, ээжийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тэмдэглэгдсэн, одоо 31 настай баримт сэлт,

 Шүүгдэгч Э.М нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймаг Жаргалант суманд ам бүл 2 эхнэрийн хамт оршин суудаг, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй талаарх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Б.Рагчаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь хохирогчид 400000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2134000000386 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Э.М, Э.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Э Г, Б овогт Э М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/-н  төгрөг,

шүүгдэгч Б овогт Э Мийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000/найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч . овогт Э. Г-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/-н  төгрөг, Б.овогт Э. М-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000/найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г, М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г, М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г, М нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Э.Г, Э.М нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ