Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

хохирогч Ш.Цэрэнлхам,

шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-д холбогдох 2234000000111 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Ж. Э/ /, Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамтаар Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 41 байр 2-17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 6 дугаар баг 41 дүгээр байрны 2-17 тоотод өөрийн эхнэр Ш.Цэрэнлхамтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 6 дугаар баг 41 дүгээр байрны 2-17 тоотод өөрийн эхнэр Ш.Цэрэнлхамтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000111 дугаартай хэрэгт авагдсан

 

Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр №484 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн .... Төв аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах 118 тоот өрөөнд иргэн Ж.Эын нүцгэн биед үзлэг хийв. Үзлэгээр иргэн Ж.Э нь өтгөн хууз сахалтай байх ба ар нурууны зүүн хэсэгт 3 хэсэг 6 см урттай улаан өнгийн зулгаралт зүүн гарын булчингийн ар хэсэгт 9 см урттай зулгаралт, цээжний гол хэсэгт 27 см урттай улаан өнгийн зулгаралт, зүүн хөхний дээд хэсэгт 7 см урттай улаан өнгийн зулгаралт байв. Биед өөр шинээр үүссэн шарх гэмтэл байхгүй байв. Гэрэл зургаар бэхжүүлэв..." гэх тэмдэглэл/хх-ийн 4-7 дугаар хуудас/

Хохирогч Ш.Цэрэнлхамын "...Би Төв аймгийн Зуунмод суманд нөхөр 4 хүүхдийнхээ хамт амьдардаг. Төв аймгийн Эрүүл мэндийн газарт ажилдаг хүн байгаа юм. Манай нөхөр Жамбацэрэн овогтой Э хувиараа том машин жолоодож нааш цааш явдаг хун байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Замын-Үүдээс гэртээ ирээд тэгээд сар шинэ гээд надтай хамт манай аав ээжийнхээр орж шинэлээд тэнд 3 хундага архи уусан дараа нь хөгжил хотхонд манай ахынд очиж бас 3 хундага уугаад тэгээд би ээж ахыгаа гэртээ уриад манай гэрт манай нөхөр 1 шил 0.75 литрийн Грегус нэртэй архи хувааж уусан тэр архинаас манай хоёр ах болон нөхөр бид дөрөв хувааж уусан тэгээд хүмүүс ч манайхаас гараад явсан би нөхөр 3 хүүхдийнхээ хамт гэртээ үлдсэн тэгээд манай нөхөр зурагт үзээд унтахгүй байсан тэгэхээр нь би эрт унтаж амаръя би ядраад байна гэхэд манай нөхөр миний үгэнд орохгүй өөдөөс хэдэрлээд муухай ааш гаргасан чи өөрөө унтаач чи өөрөө согтуу байна гээд миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон тэгээд миний нүд хавдаж хөхөрсөн тэгээд миний гар утсыг авчихаад өгөхгүй байсан тэгээд намайг түлхэж унагаад миний утсаар манай ээж ах хоёртой утсаар яриад зүгээр энэ өөрөө согтуу байна гээд байсан тэгэхээр нь би "намайг алах гээд байна" гэж утасныхан цаанаас хашхирсан тэгээд би гэрээсээ гарч зугтаая гэж бодоод байж байтал манай гэрт манай хоёр бэр болон том ах хоёр ирээд намайг гэрээс аваад гарсан тэгээд цагдаад мэдэгдсэн. Намайг өмнө нь манай нөхөр зодож байгаагүй. Тухайн үед 2021 оны 12 дугаар сард бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж намайг 1 удаа нүд рүү алгадаж байсан гэхдээ тухайн үед цагдаа сэргийлэх болохоор тийм сүртэй зүйл болоогүй юм. Тухайн үед миний нүд улайсан байсан тэгээд би зургийг нь авсан байсан юм одоо энэ зураг байхгүй тэр зургийг л хэлсэн юм. Би өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг болохоор хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаад байдаггүй. Тухайн үед намайг цохиж нүдийг минь хөхрүүлсэн учраас тухайн үед сэтгэл санааны дарамт уур бухимдал давхар төрж байсан юм. Манай нөхөр би л ажил төрөл хийж байна, би л энэ гэрийг тэжээж байна гэж нэг удаа л хэлж байсан тэрийг нь би өмнөх мэдүүлэгт хэлсэн юм. Би 14 жил хамт амьдарч байна дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн бид хоёрын дундаас төрсөн 4 хүүхэд байгаа юм. Манай 3 жаахан хүүхэд байсан гурвуулаа унтаж байсан. 2-9 насны хүүхдүүд байсан бүгд өөр өрөөнд унтаж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн №99 дугаартай "Ш.Цэрэнлхамын биед нүүрний зүүн талын арьсан дор зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эвэрлэг цусан хураа, эрүү цээж, зүүн мөр, бугалгат шуу дал баруун бугалга, шуу, баруун зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Э нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Цэрэнлхамын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ж.Э нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Төв аймаг Зуунмод сумын 6 дугаар баг 41-р байр 2-17 тоотод ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 37 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Ш.Цэрэнлхам нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234000000111 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Ж. Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Э-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ