Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Хохирогч Б.Уламсайхан, түүний өмгөөлөгч Б.Баасандорж,

Шинжээч И.Ганболор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх,

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт Н. Э-т холбогдох эрүүгийн 2134000000348 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймаг Өндөрширээт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Төв аймгийн Лүн суманд малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймаг Лүн сумын 3 дугаар багийн Тээгийн 232 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх,........ регистрийн дугаартай, М овогт Н Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Дунд худаг” гэх газар Б.Уламсайханы малын хашааны хажууд Б.Уламсайхантай “манай ямаа танай ямаанд байна” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар толгойн тус газарт нь нарийн төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Н.Э “Манай мал Төв аймгийн Өндөрширээт суманд байдаг. Өндөрширээт сумын салдаг гэх газарт архи уусан. Уламсайхан ахын хашаанд манай ямаа байсан. Түүнээс болж ахтай маргалдаад санаандгүй цохисон. Уламсайхан ахаас уучлалт гуйж байна” гэв.

 

Хохирогч М.Уламсайхан “Этай муудалцаад намайг араас цохиод унагаасан. Тэгээд би ухаан алдсан. ... Хамаг бие салгалж байна. Миний толгой өвддөг болсон, гадуур ажиллаад явж чадахгүй байна. Аав ээж нь намайг буруутгаж явдаг, намайг байх газаргүй болгосон. Би гомдолтой байна. Арай ч ингэхгүй байх гэж бодож байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох дараах баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-10 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-11-12 тал/, эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл/хх-14 тал/, хохирогч Б.Уламсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-17-20 тал/, шүүгдэгч Н.Эаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-22-23 тал/, гэрч Х.Олзвойгоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25-28 тал/, гэрч Х.Ууганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-30-31 тал/, гэрч О.Хулангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-33-34 тал/, гэрч З.Байгалмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-36-37 тал/, гэрч Т.Хишиг-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-39-40 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №375 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-42-47 тал/, шинжээч И.Ганболороос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-51-52 тал/, яллагдагч Н.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-63-64, 183 тал/, Н.Эын хувийн байдлыг тогтоосон баримт/хх-65-70, 73-76, 147-175 тал/, Н.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-71 тал/, Б.Уламсайханы өвчний түүх/хх-88-110 тал/, хохирлын баримт/хх-111-120 тал/, хохирол төлсөн баримт/хх-176 тал/ зэрэг болно.

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Дунд худаг” гэх газар Б.Уламсайханы малын хашааны хажууд Б.Уламсайхантай “манай ямаа танай ямаанд байна” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар толгойн тус газарт нь нарийн төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “дух, зүүн талын зулай чамархай, зүүн суурь яс дайрсан цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, зүүн чамархайд шарх, толгойн орой хэсэг, хүзүүнд зулгаралт, зүүн чихны ар хэсэгт цус хуралт бүхий “хүнд” хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн.

 

Энэ нь эрүүгийн 2134000000348 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Б.Уламсайханы “2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт хөдөө гэртээ эхнэр Байгалмаа, охин Хонгорзул, зээ Хангай нарын хамт байж байтал 18 цагийн орчимд Ууганаа гэх  манай нутгийн залуу манай гэрийн утасруу залгаж “ах, эгч хоёр манайд хүрээд ир ганц шил архи байна” гэж хэлэхээр нь би эхнэр хоёр хүүхдийнхээ хамтаар өөрийнхөө “субару престор” маркийн машинтай Ууганаа буюу Ууганбаярын гэрт нь очиход тэднийд Ууганаа, эхнэр Хулан нь Олзвой тэгээд Хомбого буюу Э нар байсан, ширээн дээр нь 0.5 литрийн нэг шилтэй Хараа архи тавьчихсан дээрээс нь 2,3 хуруу хэртэй уучихсан байсан. Тэгээд тэр архийг нь ...бид хэд хувааж ууцгаасан, Олзвой л огт уугаагүй. Байгалмаа, Хулан хоёр Лүн явна гээд хөдөлсөн. Тэгээд би Хомбоготой гэрлүүгээ очиж ямаагаа хашихаар явсан, тэгээд бид хоёр манайд очиж ямаануудыг маань хашаанд хийсэн. Хомбого тэр үед манай ямаа танай ямаанд байна гэж хэлэхэд би Цэнгээгийн ямаа өнөөдөр манай ямаанд ирсэн Цэнгээгийнхэн бүгдээрээ корона туссан эмнэлэгт хэвтсэн, малаа манайд нийлүүлсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ямаанаас болж маргалдаад малын хашааны үүдэнд заамдалцсан, тэгээд тавиад би эргэж хараад гэрлүүгээ явж байтал миний толгойруу төмрөөр 2 удаа цохисон. Тэгээд би газар ойчсон, толгой их өвдөж толгойноос цус гараад байсан. Хомбого миний дээлний бүсээр миний толгойны цусыг боож өгсөн. Тэгээд би юу ч санахгүй байна...би бараг эрүүл шахуу байсан. Хомбого буюу Э нь намайг Ууганаагийнд очиход пиво уучихсан гээд халамцуу байсан.Гэхдээ надтай маргалдах үед ухаантай байсан.Одоо би толгой өвдөөд ярихад хүндрэлтэй байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

Хохирогч Б.Уламсайханы 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “...Эын барьж байгаад миний толгойруу цохиж гэмтэл учруулсан төмөр манай малын хашааны орчимд байсан байх Э надтай айлаас мотоцикольтой сундалж ирэхэд ямар нэгэн мод, төмөр барьж ирээгүй юм. Малын хашааны гадас, шон хийх гэж байсан төмөр байх. Этай маргалдаж заамдалцдаж байхад газар унасан зүйл болоогүй, нэгийгээ заамдалцаж байгаад би малын хашааны амыг уяад цааш явсан, тэгэхэд араас толгойруу юмаар цохисон би ухаан алдсан юм...Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлэгт 15 хоног хэвтэн эмчлүүлсэн, мөн одоо хүртэл эмчилгээ хийлгэж байна, цаашид эмчилгээ хийлгэнэ, унаа шатахууны зардал баримтаар гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Шинжээч эмч И.Ганболорын “Иргэн Б.Уламсайханы биед 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдприйн Лазер мед эмнэлгийн толгойн КТГ-д зүүн талын чамархайн ясанд 5.6 см өргөн, 0.9 см дотогш цөмөрсөн тархины эдрүү шигдсэн гавал ясны суурь ясруу хугаралтай гэжээ. Дээрх гэмтлийг хавраас унаж ойчих үед үүсэх боломжгүй юм, юмаар цохих үед үүсэх боломжтой юм. Тухайн төмөр дээр унах үед үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,

Гэрч Х.Олзвойгийн “2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би Төв аймгийн Өндөрширээт сумын Ширээтийн салдаг гэдэг газар өөрийн төрсөн ах Ууганбаярын байсан...ойролцоогоор 18 цагийн орчимд Ууганбаяр ахынд Э ирээд Ууганбаяр, Хулан Эх гурав 2,5 литрийн хүрэн савтай нэг сав пиво ууцгаасан, пиво ууж дууссаныхаа дараа  Ууганбаяр ах Уламсайхан ахруу утсаар залгаад хүрээд ир гэж дуудахад төд удалгүй Уламсайхан ах эхнэртэйгээ нэг хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд Уламсайхан, Байгалмаа, Ууганбаяр, Хулан, Э энэ тав Ууганбаярын гаргаж өгсөн 0,5 литрийн 1 шил хараа архийг хувааж ууцгаасан. Архи ууж дуусаад Байгалаа эгч, Хулан 2 Уламсайханы машинтай Лүн сум руу архи олж ирнэ гээд яваад өгсөн. Тэгтэл Уламсайхан ах намайг цуг яваад ямаа хашчихаад ирье гэж хэлэхээр нь би явахгүй гэж хэлсэн, тэгтрэл Уламсайхан ах мотоциколио өгчих харьчихаад ирье гэхээр нь тэгээ тэг гэж хэлтэл Уламсайхан ах, Э 2 хамт гараад л сундлаад яваад өгсөн. Тэгээд явснаасаа хойш ойролцоогоор 30-40 орчим минутын дараа Э миний мотоциколийг унаад ганцаараа ирээд “утсаар ярья гэхээр нь яасан гэж асуутал өөдөөс Уламаа ахтай муудалцаад өөдөөс заамдахаар нь үүрээд шидчихсэн чинь төмөр дээр толгойгоор нь унагачихлаа” гэхээр нь “гайгүй юу тэгээд гэж асуутал өөдөөс “газар хэвтэж байгаа толгой нь хагараад толгойноос нь цус гараад байхаар нь бүсээр нь ороочихоод ирлээ” гэж хэлсэн ... Э бид хоёр шууд хонины хашаан дээр очсон, тэгтэл Уламаа ах хонины хашааны баруун хойд талд ойролцоогоор 4-5 орчим метр зайд толгойг нь боосон дээлний бүс  цус нь нэвтэрчихсэн дээшээ хараад хэвтэж байсан...яг хэвтэж байсан газрынх нь баруун талд 2 орчим метр зайд хайруулын төмөр шиг тийм ч их уртгүй төмөр байсан. Тэр төмрийг Байгалмаа эгч цагдаад өгнө гээд машиндаа хийчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28-р тал/,

Гэрч Х.Ууганбаярын “...би унтаж байгаад шөнө 01 цагийн үед сэртэл эхнэр Хулан бөөн юм болсон талаар надад хэлсэн, хэлэхдээ нөгөө Э чинь Уламаа ахын толгой түрүүг нь хагалаад хаячихсан байна ш дээ гэж хэлсэн...Уламсайхан манайд ирэхдээ бага зэрэг халамцуу ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Гэрч О.Хулангийн “...Уламаа ахынд очтол Уламаа ах малынхаа хашааны баруун талд газар хэвтэж байсан, тэгтэл түүнийг харсан охин Хонгорзул нь “юу вэ аав согтчихсон юм байх даа газар унтаж байна” гэж хэлээд Уламсайхан ахын үүдэнд машинаас буугаад аавруугаа гүйгээд тэндээсээ “аав цусаар бөөлжчихсөн байна” гэж хэлэхээр нь бид нар очтол цаанаас Э, Олзвой хоёр Эын портертой ирж таараад бүгдээрээ Уламаа ахыг газраас босгоход Уламаа ахын толгой нил цус болчихсон байхаар нь өөрийнх нь машинд суулгаад Байгалаа эгч машинаа бариад Болдоо ах Оюунчулуун эгч бид тав Лүн сумын эмнэлэг рүү авч явсан. Лүн сумын эмнэлэг дээр очиход Эын эхнэр нь эмч дуудчихсан эмнэлэгт өрөө бэлдүүлчихсэн байсан. Тэнд байсан эмч нар толгойг нь угааж оёдол тавьж боолт хийгээд яаралтай Улаанбаатар хотруу яв гэсэН.Эын эхнэр Уламаа ахын машиныг нь бариад Лүн сумын эмч, Байгалаа эгч, Уламаа ах 4 Улаанбаатар хотруу явсан ... Э ирээд бидэнд “Уламаа ах бид хоёр ямаа хашиж байгаад манай ямаа эднийд байснаас болоод муудалцаад намайг заамдаад байхаар нь би тонгороод унагасан чинь толгойгоороо төмөр дээр уначихлаа би түргэн дуудах гээд явчихаад Олзвойг аваад ирлээ” гэж хэлж байсан. ..Уламсайхан ах хонины хашааныхаа баруун талд 4-5 метр зайд баруун талаараа харчихсан хэвтэж байсан толгойных нь дээд талд дээлнийх нь бүс цустай байсан толгой байсан хэсэгт нь газар нил цус болчихсон байсан, Уламаа ахын толгойных нь баруун талд 1 метр орчим зайд нэг төмөр байсан ... тэр төмрийг Байгалмаа эгч намайг аваад машинд хийчих наадах чинь нотлох баримт гэж хэлэхээр нь би тэр төмрийг нь аваад машинд нь хийсэн ... Г үсэг хэлбэртэй нарийхан төмөр байсан, уртаараа 1 метр ч хүрэхгүй төмөр байсан...Э, Уламсайхан хоёр бараг зүгээр шахуу байсан, дунд зэргийг халаалттай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

Гэрч З.Байгалмаагийн “Тухайн өдөр буюу 2021 оны 08 дугаар арын 25-ны өдөр саахалт айлын Хулан, Ууганбаяр нар нөхөр Б.Уламсйхан бид хоёрыг дуудаад нөхөр бид хоёр очиход гэрт нь Хулан, Ууганбаяр, Н.Э нар байсан ба тэд нар нэг пиво уусан гээд сууж байсан, тэгээд нөхөр бид хоёрыг ороход 0.5-ын нэг шил хараа гаргаж задлаад түүнийг нь бид тав хувааж уугаад сууж байгаад гэрийн гадаа гарахад Хулан намайг Төв аймгийн Лүн сум ороод ирье гээд ... Хулан бид хоёр Нэргүй Лүн сум явна гэж байсан гээд авах гээд Нэргүйгийн гэрт очоод тэгтэл Нэргүйгийн утас болохгүй Хулан, Оюунчулуун, Нэргүй бид дөрөв хүүхдүүдийн хамтаар манай гэрт утас авах гээд очтол хонины хашааны хажууд Уламсайхан хэвтэж байсан тэгээд юу болов гээд хонины хашааны хажууд очиход нөхөр Б.Уламсайханы толгойноос цус гарсан байдалтай биедээ гэмтэл авсан хэвтэж байсан ... бид нар Уламсайханыг машинд суулгаж байхад Э ирээд эмч дуудсан  ... Уламсайханы биеэс 1 метр орчим газарт Г үсгэн хэлбэртэй төмөр байсан, тухайн төмөр нь үзүүр хэсэг дээрээ цус болсон байсан, тэгэхээр нь би тэр төмрийг нь авч машинд хийсэн юм.Б.Уламсайханы хэвтэж байсан толгойн хэсэг газарт их хэмжээний цус болсон байсан ...”гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн “хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Дунд худаг гэх газар байх ба уг газар нь Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 167 дахь клометрийн шонгоос ертөнцийн зүгээр хойд зүгт 950 метр зайд байрлах нэг давхар урагшаагаа харсан цагаан өнгийн хаалгатай улбар шар өнгийн төмөр дээвэртэй ногоон өнгийн байшинтай Балжиннямын Уламсайхан гэх хүний байшин байх ба уг байшингаас ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 73 метр зайд бөөрөнхий хэлбэр дүрстэй модыг хөндлөнгөөр нь барьсан баруун тийш харсан гадагшаа онгойдог хаалгатай малын хашаа байв. ...малын хашааны хаалганы ертөнцийн зүгээр баруун хойд талд 6 метр зайд 26х16см - ийн хэмжээтэй газрын хөрс цусаар бохирлогдсон байсныг Нэргүйн Э түүнийг зааж хохирогч Б.Уламсайханы толгойноос гарсан цус гэж зааж харуулав.Хэргийн газраас эд мөрийн баримтаар тооцож хураан авсан эд зүйл байхгүй” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р тал/,

Эд мөрийн баримтаар “яллагдагч Н.Эын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх нарийн төмөр”-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-р тал/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №375 дугаартай “Б.Уламсайханы биед дух, зүүн талын зулай чамархай, зүүн суурь яс дайрсан цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, зүүн чамархайд шарх, толгойн орой хэсэг, хүзүүнд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-47-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.Э нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Уламсайханы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “10.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг  тус тус гаргаж, мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Н.Э нь мал маллаж, Төв аймаг Өндөрширээт суманд ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 31 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байх тул өмгөөлөгчийн “торуулын ял оногдуулах” саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Э нь хүнд гэмт хэрэгт холбогдсон, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирол, хохирлоос үүссэн хор уршиг бүрэн арилаагүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 1.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага энэ хуулиар тодорхойлно.” гэж,

Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 /хоер/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж шүүх дүгнэсэн болно.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Э-аас 6.892.910 төгрөгийг гаргуулж хохирогч М.Уламсайханд олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно.” гэж зааснаар хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “ ажлын 5 хоног” завсарлуулсан бөгөөд шүүгдэгч Н.Э нь завсарласан хугацаанд хохирогч М.Уламсайханд 7000000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хариуцлагын хуралдаанаар шүүгдэгч Н.Эыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Харин хохирогч Б.Уламсайханы эрүүл мэндэд “дух, зүүн талын зулай чамархай, зүүн суурь яс дайрсан цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, зүүн чамархайд шарх, толгойн орой хэсэг, хүзүүнд зулгаралт, зүүн чихны ар хэсэгт цус хуралт бүхий” хүнд хохирол учирсан байх тул хохирогч Б.Уламсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа тухай бүрдээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2134000000348 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, энэ шүүх хуралдаанаас шүүгдэгч Н.Эаас гаргуулах хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урт нарийн төмөрийг устгахийг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Н Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Уламсайханы цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж урт нарийн төмөрийг устгахын Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Э-т урьд авсан цагдан хорих гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ