Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шинжээч эмч Б.Ундармаа /онлайн/,

гэрч Б.Б, Б.Б, Б.Л,

хохирогч Б.А,

            хохирогч С.С, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун,

            хохирогч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн,

шүүгдэгч З.Ц, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

            шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналын прокуророос З.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, З.Ц /РД***/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, А.Х /РД***/.

Шүүгдэгч З.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны  2 дугаар сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны өдөр шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт хохирогч Б.Атай маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэвчдэс, зүүн завьжны цус хуралт, язрал, баруун хацрын цус хуралт, хамрын угалзны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч З.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар 27-ны өдрөөс 2 дугаар сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт хохирогч Б.Атай маргалдан зодож байх үед нь салгахаар очсон хохирогч С.Сын нүүрэн тус газар нь хөл болон гараараа зодож, улмаар түүний биед зүүн нүдний нэвт гэмтэл, нүдний алимны урагдал, шилэнцэрийн цус харвалт, торлог, судаслаг бүрхүүлийн ховхрол, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Х нь 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт хохирогч Ч.Бтай маргалдан түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, түүний биед хамар ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ц мэдүүлэхдээ: “...Хохирогч Сад хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би утсаар ярих гээд коридорт гараад байж байхад А намайг цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад Аыг нэг цохисон. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ: “...Би хохирогч Бд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Лагийн гэрээс нь гараад явах гэтэл Ш гар утасныхаа цэнэглэгчийг орхисон гээд буцаад орсон. А бид хоёр доошоо лифтээр буусан ба А надаас 2 алхмын урд явж байсан. Орцны үүдэнд Ц баруун гараараа хана түшээд зогсож байсан. Хажуугаар зөрөх гээд багтахгүй байхаар нь зөрье гээд гарыг нь буулгаад зөрөх гэтэл Аыг цохиод зодоон эхлэхээр нь би “хөөе залуучууд болохгүй” гээд гүйж очиход зүүн гараараа намайг цохисон. Үргэлжлүүлээд цохиж байхад гаднаас хүмүүс орж ирж байгаа юм шиг хөлийн чимээ сонсогдож байсан. ...Би “та нар болчих миний нүд хагарчхаад, хараагүй болчихлоо, хангалттай” гэж гуйхад болихгүй зодоод байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ “...Тухайн үед Ц нэг гараараа хана налчихсан, нөгөө гараараа утсаар ярьчихсан зогсож байсан. Би гаран доогуур нь гарыг нь буулгаж гарах гэж байсан. Би зөрье гэж хэлээд баруун гараараа хүрэхэд эргэж хараад утастай гараараа намайг цохичихсон. Би газар унаад буцаж босож ирээд барилцаад авсан. Тэгэхэд С ах салгах гээд голоор орж ирэхэд С ахыг цохиод цаашаа эргээд миний хамар руу цохисон. Тэгээд цаанаас нь Б нар гарч ирсэн. ...Б гэх өндөр, махлагдуу, саарал цамцтай залуу намайг нэлээн цохисон. ...Миний биед учирсан гэмтлийг Ц, Б нар учруулсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ: “...Ц утсаар яриад гараад явсан. Гадаа түжигнээд байхаар нь би түрүүлж гараад миний араас нөгөө хэд гарч ирсэн. Тухайн үед нэг залуу нь дөрвөн хөллөөд газар хэвтэж байсан, нөгөө залууг нь Ц зодож байсан. Цг Б салгаж оруулчхаад ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд цус арчиж байхад лифтнээс нэг эмэгтэй бууж ирээд “битгий зодоод байлдаа” гэж хэлсэн. Үүний дараа  Л гэдэг залуу бууж ирсэн. ...Байр луу найзуудыгаа ор гэж хэлээд оруулахад “хаалга нүдээд гараад ир, та нар зугтаалгах гэж байна” гэхээр нь тийм зүйл байхгүй гэсэн чинь Х миний хамар руу мөргөсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Б мэдүүлэхдээ: “...Гадаа чимээ гараад бид нар гарахад Ц хаалганы наана нэг хүнтэй /Б.А/ маргалдаж байсан. Мөн хаалганы баруун талд нэг хүн /С.С/ доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтэж байсан ба бид нар Цг салгаад оффис руу орсон. Харин Б гадна үлдсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Б мэдүүлэхдээ: “...Гадаа чимээ гарахаар нь бид нар гарсан ба би хамгийн сүүлд гарсан. Б Цг барьчихсан, Б голоор нь орчихсон байсан. Цаана нь нэг хүн сөхөрч суугаад нүүрээ дарчихсан байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Л мэдүүлэхдээ: “...Намайг орж ирэхэд С газар унасан, Ц Атай ноцолдож байсан. ...Аыг салгах гэж байхад Б Аын толгой руу гараараа цохихоор нь Быг найзуудаа аваач гэж хэлсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Ундармаа мэдүүлэхдээ: “...Тархи доргилт гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлт хамаарна. Духны зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зулгаралт гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн завжны цус хуралт язрал нь хөнгөн гэмтэлт хамаарна. Баруун хацрын цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын угалзны зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”  гэв.

Шүүгдэгч З.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны  2 дугаар сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны өдөр шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт хохирогч Б.Аыг шалтгаангүйгээр зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэвчдэс, зүүн завьжны цус хуралт, язрал, баруун хацрын цус хуралт, хамрын угалзны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Мөн шүүгдэгч З.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар 27-ны өдрөөс 2 дугаар сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт хохирогч Б.Аыг шалтгаангүйгээр зодож байх үед нь салгахаар очсон хохирогч С.Сыг мөн зодож, улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний нэвт гэмтэл, нүдний алимны урагдал, шилэнцэрийн цус харвалт, торлог, судаслаг бүрхүүлийн ховхрол, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч С.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт үл таних хүмүүст зодуулж гэмтсэн. Тухайн өдөр найз Лхагвын гэрт очиж Бийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. ...Тэгээд 01 цаг өнгөрч байхад Х, М хоёр буцаж ирээд байрны гадаа ирчихсэн байна гээд А, Ш бид гурвыг хүргэж өгөхөөр дуудсан. Бид гурав Лхагвын гэрээс гараад 3 давхраас лифтээр 1 давхарт ирэх үед Ш “гар утасныхаа цэнэглэгчийг мартсан байна” гээд лифтнээс буулгүй буцаад дээшээ гарсан. А бид хоёр орцноос гарах гээд явж байтал орцны дотор талын хаалганы талд 170 см орчим өндөртэй, 35-40 орчим насны энгийн халимагтай залуу баруун гараараа хана түшин, зүүн гартаа гар утас барьчихсан яриад зогсож байсан. Зөрөөд гарах боломжгүй, зөвхөн тухайн залуугийн суган доогуур гарах боломжтой байхаар нь А зөрье гэж хэлээд нөгөө залуугийн хана түшиж байсан баруун гарын доош болгоход Ц үгийн зөрүүгүй Аын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиод хоорондоо барилцаад авахаар нь би салгах гээд дундуур нь ортол Ц миний духны зүүн хэсэгт гараараа нэг удаа цохитол миний толгой манарч эхэлсэн. Би толгойгоо хамгаалах маягтай хоёр гараараа толгойгоо дарсан чинь Ц миний эгц урдаас нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Тэгээд миний толгой маш их манарахаар нь би арагш ухраад хагас бөхийж толгой хэсгээ 2 гараараа хамгаалсан чинь Ц гуталтай хөлөөрөө миний нүүрэн тус газар луу 2 удаа өшиглөхөд миний зүүн талын нүднээс маш ихээр цус гарсан бөгөөд би газар 4 хөллөөд унасан. Энэ үед хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй 4-5 залуу гарч ирсэн ба А миний нуруун дээрээс дараад хэвтсэн. ...Маш их гомдолтой байна. Эмчилгээнд гарсан 8 сая төгрөг, мөн дахин хагалгаанд орох хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 172-174, 179-183 дугаар хуудас/,

Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 01 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 13 дугаар байрны 2 дугаар орцны 3 давхарт байдаг Л ахын гэрээс Ш, С ах хоёрын хамт гараад лифтэнд суугаад 1 давхарт ирэх үед эхнэр Ш цэнэглэгчээ мартсан байна гээд буцаад дээшээ явсан. Тэгээд С ах бид хоёрыг орцны хаалгаар гарах гэж байхад дээгүүрээ хар өнгийн футболк өмссөн Ц гэх залуу нэг гараараа арк алдалчихсан, нөгөө гараараа утсаа бариад ярьж байсан. Би Цгийн арк алдалсан гарыг доош болгон гаръя гэж хэлэхэд Ц ямар нэгэн үг хэлэлгүй миний зүүн шанаан тус газар нэг удаа цохисон. Энэ үед би газар унасан ба хажууд паар байсан болохоор бариад босоод Цтэй заамдалцахад С ах надтай зэрэгцээд зогсчихсон “Та хоёр одоо боль” гээд салгахаар дундуур ороход Ц С ахын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиод дахин миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Энэ үед би доошоо тонгойтол Ц дахин 2-3 удаа С ахын нүүрэн тус газар нь цохихоор нь би Цгийн араас нь татсан. Тэгтэл Ц гуталтай хөлөөрөө С ахыг 2-3 удаа өшиглөсөн. Яг хаана нь өшиглөснийг мэдэхгүй байна. Би Цг С ахаас холдуулахын тулд өмсөж явсан хувцасных нь араас татсан. Энэ үед хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй хэсэг залуус гарч ирсэн. Тэгтэл Ц намайг дахин заамдаж аваад “чамайг ална” гээд дайраад байсан. Гарч ирсэн залуучуудаас хэн нэг нь Цг надаас салгасан чинь миний цээжин тус газар луу нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Цг 2 залуу аваад оффисынхоо байр луу орсон. Би чөлөөтэй болоод С ахыг харахад орцны цахилгаан шатны наад талд 4 хөллөчихсөн мөлхөж явсан ба хүмүүс зодож магадгүй гэж бодоод гүйж очоод толгой хэсгийг нь хамгаалаад суусан. Тэгтэл дахин Ц гарч ирээд миний толгойн тус газар луу гараараа, хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би Цд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй С ахыг хамгаалж байсан хэдий ч Ц С ахын биеийнх нь аль хэсэгт болохыг мэдэхгүй 1-2 удаа дахин өшиглөсөн. Цг 2 залуу дахин салган оффисын байр луу оруулсан. Би шалан дээрх цусыг хараад “Та нар манай ахыг алчихлаа ш дээ” гэж хэлэн хашхирч оффисын хаалгыг нүдэж, гадна байсан  2-3 залууг араас нь татсан. Тэгтэл өндөр саарал цамцтай Б намайг түлхэж булан руу шахахаар нь би “та нар хүн алчихлаа шүү дээ” гэж дахин хашхиртал Б миний баруун гарын булчин хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Би доош хагас сууж байтал цахилгаан шатнаас Ш бууж ирэхээр нь энэ хүмүүс С ах бид хоёрыг зодоод байна Л, Шараа хоёрыг дуудаарай гэж хэлсэн. Ш гүйж ирээд “Манай нөхрийг битгий зод л доо” гэж хэлээд Бийг тэвэрчихсэн арагш түлхээд зогсож байсан. Би дээш болтол Б манай эхнэрийн дээгүүр миний толгой хэсэгт 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд эхнэр Шараа, Ла хоёрыг дуудах гээд лифт рүү орсон. Би хана налаад харин Б, Б болон бусад 1-2 залуу намайг тойрчихсон зогсож байсан. Тэгтэл гаднаас Х, М нар орж ирээд “С ах яасан юм бэ, нүүрнээс нь цус гараад байна шүү дээ” гэж хашхираад байсан ба энэ үед цахилгаан шатнаас Л, Ренчинбямба, Б, Ш нар бууж ирсэн. ...Зодооныг салгах гэж байсан С ахыг Ц гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний дараа тухайн 4-5 залуучууд гарч ирсэн. Намайг харж байхад С ахын биед өөр хүн халдаагүй. Ц миний дух, хамар, зүүн хацар хэсэг рүү гараараа цохисон, эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Харин Б зүүн нүд, толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Мөн манай эхнэр “манай нөхрийг битгий зодооч” гэж хэлээд байж байхад миний толгой хэсэг рүү Б 1-2 удаа гараараа дахин цохисон. Б, Б, Б нар зодоонд оролцоогүй, харин зодооныг салгаж байсан. 1-2 залуу нь Цг барьчхаад боль гээд хориглож байсан боловч Ц үгэнд нь орохгүй ахин С ах бид хоёр луу дайраад байсан. ...Бүлэг гэдгийн хувьд би эрх зүйн мэдлэггүй учраас буруу ойлгон мэдүүлсэн. Би бодохдоо намайг эхлээд Ц, дараа нь Б цохисон болохоор 2 хүн нийлээд бүлэг гэж ойлгосон. Мөн намайг С ахын толгойг хамгаалахаар хагас сууж куртикээ хоёр гараараа дэлгэж барьсан байхад Ц ахин ирээд бид хоёрыг өшиглөж цохисон. Энэ үед 2-3 залуучууд Цг салгах гээд тал талаас нь зууралдаж байсныг би дотроо энэ хүмүүс бид хоёрыг бүлэглэн зодож байна гэж буруу ойлгон мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 187, 191-195 дугаар хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б, Б, Ц, Б нарын хамт сууж байхад орцонд хаалга цохих, хүн орилох чимээ гарахаар нь бид нар “юу болов” гээд гарсан. Б Цг араас нь цээжээр нь тэвэрчихсэн, Б нэг жижигхэн залуу Ц хоёрын голоор ороод салгаад зогсож байсан. Тэгээд цаана нь нэг эрэгтэй дөрвөн хөллөчихсөн, нүүрээ дарсан байдалтай байсан. ...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадаа машин дотор сууж байхад Ц “согтуу ч гэсэн 2 хүн цохиод унагаах чадалтай л юм байна, гэхдээ нөгөө хүний нүд сохорсон бол би одоо ингээд шоронд орчихлоо” гэж яриад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 234-235, 240-243 дугаар хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны шөнө 01-02 цагийн үед ирсэн зочдыг гаргаж өгчихөөд орж ирээд байж байтал Ц “би утсаар яриадахъя” гээд гараад явсан. Тэгтэл гадаа үүдэнд хүн орилоод, хаалга цохих шиг болохоор нь бид 4 гарахад орцноос гардаг шилэн хаалганы баруун талд нэг бараан өнгийн хувцастай хүн газарт дөрвөн хөллөөд нүүрээ дараад мөлхөж байсан. Нөгөө үл таних эрэгтэйн хамраас цус гарч байсан. Тэгээд би Цг болиулаад цээжээр нь тэврээд оруулах гэсэн хаалга алдалж зогсоод байсан ба нөгөө үл таних залууг цээжин хэсэгт нь хөлөөрөө нэг удаа жийсэн. Тэгээд Б хөлөөс нь бариад оруулсан. Тэгээд би Бг Цг хараад байж бай гэж хэлээд 00-ын цаас авч гараад орцонд болсон цуснуудыг арчиж цэвэрлэсэн. ...Цагдаа нар ирэхээр нь би эрүүлжүүлэх байранд хонох байх гэж бодоод жижиг өрөөний цонхоор гарч зугтаасан. ...Хамраас цус гарсан эрэгтэй буюу А Цтэй заамдалцсан байдалтай зогсож байсан. ...Шүүх эмнэлгийн гадаа машинд сууж байхад Ц “би согтсон ч гэсэн 2 хүн зодох чадалтай юм байна, нэг нь сохорчих шиг боллоо, одоо цагдаа сэргийлэх гээл бөөн юм болно доо” гэж хэлэн харааж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 247-248, 2 дугаар хавтас 2-6 дугаар хуудас/,

Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 01 цагийн үед байх ирсэн хүмүүсийг явуулчихаад байж байтал гадаа хана цохих, хаалга нүдэх шиг чимээ гарсан. Тэгээд нэг нэгэн рүүгээ хараад гадаа Ц байгааг санаад бүгд гарсан ба орцны шилэн хаалганы тэнд нэг хар өнгийн куртиктэй залуу дөрвөн хөллөсөн байдалтай, Ц нэг залуутай барьцалдсан нөгөө залуугийнх нь хамраас цус гарсан байдалтай байсан. Тэгээд Цг Б барьж аваад бид хоёр салгаад Цг хүчээр оффис руу оруулсан. ...Сүүлд нь үүдэнд байсан залуучуудын нэг нь Быг мөргөж хамрыг нь гэмтээсэн тухай мэдсэн. ...Тухайн үед Ц машин дотор “ингээд хүний нүд сохлоод хаячихлаа шүү, одоо шоронгийн хаалга татлаа даа гээд байсан ба сүүлд нь маазрах маягтай ямар ч байсан хоёр хүн зодохтойгоо л юм байна” гэсэн зүйл ярьсан. ...Тухайн үед Б “цагдаа нар ирлээ” гэж хэлтэл жижиг өрөөний цонхоор гараад явсан. Тэгээд бид нарын араас цагдаагийн газрын гадаа ирээд сууж байсан. ...Б, Б, Б бид 4 Цгийн араас гарч ирээд ямар нэгэн зодоон огт хийгээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 10-11, 12 дугаар хуудас/,

Гэрч Б.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М, Х хоёр гэрийн гадаа ирээд Ш рүү залгасан ба Ш, А, Х нар харихаар гарсан. Гараад удалгүй 1-2 минутын дараа Ш буцаад орж ирээд гар утасныхаа цэнэглэгчийн аваад гарсан. Дахин 1-2 минутын дараа орж ирээд “А, С хоёрыг орцон дотор 1 давхарт хүмүүс зодож байна” гэсэн. Тэгээд Р, Ш, Б бид дөрөв 1 давхарт ирэхэд С орцны хаалганы дотор талд дөрвөн хөллөөд нүүрэн хэсгээс нь цус гарсан байдалтай, нүүрээ дараад мөлхөж байсан. Тэр үед орцны хаалганы дотор талын хэсэгт Аыг 5 залуу тойроод зогсож байсан. Тэгээд бид хэд салгасан. ...Намайг орцны хаалгаар гарчихаад ороод иртэл Х, Б 2 маргалдаад Б гэх залуугийн хамар хэсгээс цус гарсан байдалтай байсан тул би дахиад маргаан болж магадгүй гээд Хыг татан авч болиулсан. ...Аыг 170 см орчим өндөртэй, хар өнгийн футболктой, 30 гаран насны залуу /Ц/ нь хөлөөрөө бие хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Саарал цамцтай, 180 см орчим өндөртэй залуу нь нүүр болон толгойн тус газарт 1-2 удаа цохисон. Саарал футболктой саравчтай хар малгайтай махлагдуу 175 см орчим өндөртэй залуу толгой болон нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж байсныг харсан. ...Сын нүүрний хэсгээс их хэмжээний цус гараад бөөлжсөн байсан ба нүүрэн хэсэг  нь цус болоод сайн ялгагдахгүй байсан. Аын уруул, хамар хэсгээс цус гараад нэг талын шанаа хэсэг нь хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 23-24, 27-29 дүгээр хуудас/,

Гэрч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М, Х хоёр байрны гадаа ирчихлээ гээд А, С ах бид гурвыг дуудсан. Тэгээд бид 3 гурван давхраас лифтэнд суугаад 1 давхарт ирээд би цэнэглэгчээ мартсан байсан тул буцаж дээшээ гараад тэр 2 буугаад үлдсэн. Буцаад буугаад ирэх үед С ах орцны үүдний шилэн хаалганы баруун хажууд нүүрээ дараад мөлхөж байсан ба очоод харахад С ахын нүүрнээс цус гарч байсан. Харин манай нөхөр А орцны хаалганы зүүн талд байсан ба 4-5 хүн манай нөхрийг тойроод зогсож байсан. А намайг хараад “Ла, Шараа нарыг дуудаарай, бид хоёр зодуулчихлаа, өшиглөөд цохиод байна” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр дээрээ очиход саарал цамц өмссөн өндөр залуу гуталтай хөлөөрөө Аыг өшиглөж байсан. Яг хаашаа гэдгийг нь анзаарах сөхөө байгаагүй. Тэгээд би тухайн залуу /Б/-ийн суган доогуур гараад өөдөөс нь харсан байдалтай, гэдэс хэсгээр нь тэврээд арагш түлхэн нөхрөөсөө холдуулсан ба урдаас “ална шүү” гэж хэлэн миний толгой дээгүүр давуулан нөхөр Аын толгой хэсэг рүү гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би цахилгаан шат руу гүйж Л, Р, Б нарыг дуудсан. ...Б эгч бид хоёр С ахын нүүрийг цэвэрлэсэн чинь нүднээс нь цус гарч байгааг мэдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 31, 34-37 дугаар хуудас/,

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед 01 цаг болж байсан байх Л ахын гэрийн гадаа ирээд А, Ш, С ах нарыг гараад ир гэж дуудсан. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь машинаас буугаад орох гэтэл орцны дотор С ах газар шалан дээр 4 хөллөөд мөлхөж байсан. Харин Аыг 4-5 залуу тойроод зогсож байсан. Х орж ирээд Аыг зодож байсан хүмүүсийг салгасан ба тэр үед Л ах, Р, Ш, Б нар лифтнээс бууж ирсэн. ...Сүүлд С ах “А бид хоёрыг орцноос гарах гэж байсан чинь нэг залуу утсаар яриад зогсож байсан ба А зөрье гэж хэлээд мөр хэсэгт нь хүрсэн чинь эргэж хараад цохисон. Би салгах гэтэл нөгөө залуу миний нүүр, толгой хэсэгт цохиж, дараа нь тонгойх үед гуталтай хөлөөрөө өшиглөж нүд сохолсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 39, 42-44 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цагийг нь сайн санахгүй байна, Х, М нар ирсэн байна, бид 3 гэртээ харилаа гэж хэлэн А, Ш, С нар гэрээс гарсан. Удалгүй Ш гар утасныхаа цэнэглэгчийг мартчихсан байна гээд орж ирсэн. Ойролцоогоор 1-2 минут л болсон байх. Дахин 1-2 минутын дараа хаалга хүчтэй цохисон. Хэн онгойлгосон эсэхийг нь мэдэхгүй байна. Гаднаас Ш сандарчихсан “А, С ах хоёрыг хүмүүс зодоод байна” гэж орж ирсэн. Тэгээд Р, Л, Ш бид дөрөв цахилгаан шатанд суугаад нэг давхарт буусан. Миний нүдэнд хамгийн түрүүнд С 4 хөллөн толгойгоо доош тонгойлгож цусаа гоожуулсан байдалтай байсан. Тэгээд Шийг “гэр лүү ороод 00 цаас аваад ир” гэж хэлсэн. Тухайн орчинд юу болж байгаа эсэхийг харах сөхөө байгаагүй. Нэг мэдсэн чинь Ш 00 цаас авч ирээд би С ахын нүүр болон шалан дээрх цус, бөөлжсийг арчсан. Энэ үед С ах “миний нүд болохоо больчихлоо” гэж хэлсэн. Хэнд зодуулсан талаараа огт хэлээгүй. Нэг сэхээ ороод харсан чинь ойролцоогоор 180 см орчим өндөртэй, махлагдуу, малигар нүүртэй, том хамартай залуугийн хамраас бага зэргийн цус гарсан байдалтай Х, А, Л гуравтай зогсож байсан. ...Эмч үзлэг хийгээд “нүд нь найдваргүй болсон байна, маргааш ирж ширгээлгэх мэс ажилбар хийлгэ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 47-49 дүгээр хуудас/,

Гэрч З.Рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 60 тоотод байрлах Лхагвын гэрт очсон. Ойролцоогоор шөнийн 00 цаг 40 минутын орчим Х, М нар гадаа ирчихлээ явъя гээд С, А, Ш нарыг утсаар дуудаад гарсан. Удалгүй Ш гар утасныхаа цэнэглэгчийг мартсан байна гээд орж ирээд аваад гарсан. Тэгтэл дахин 1-2 минутын дараа хаалга хүчтэй нүдсэн бөгөөд Ш уйлчихсан “А, С ах хоёр нэг давхарт зодуулж байна” гэж хэлсэн ба Л, Б, Ш бид дөрөв шууд гарсан. Цахилгаан шатнаас буухад буланд Аыг 2-3 залуу тойрсон байдалтай зогсож байсан ба яг зодолдож байхыг хараагүй. Арай наад талд нь С ах 4 хөллөчихсөн, доош тонгойсон байхаар нь би очоод “юу болсон бэ” гэж асуухад миний зүүн нүд юм харахаа больчихлоо гэж хэлсэн. Би нүүр хэсэг рүү нь харахад зүүн нүднээс нь цус, мөн цагаан өнгийн зүйл гоожиж байсан. Орцны шалаар дүүрэн цус байсан бөгөөд С ах хэд хэдэн тийшээ мөлхсөн юм шиг байсан. ...Сүүлд харахад Аын зүүн шанаа хэсэг нь хавдсан байсан. ...Л бид нарыг гарч ирснээс хойш А л С ах бид хоёрыг энэ хүмүүс зодсон гэж хэлэн хашхираад байсан, өөр хэрүүл маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 53-56 дугаар хуудас/,

Гэрч Ө.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө Бэгэр-115 чиглэлд эргүүлийн офицер Бийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Шөнө 01 цагийн үед Бэгэр-10-аас “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 13 дугаар байрны 2 дугаар орцонд хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлагад оч гэсэн үүрэг өгсөн. Дуудлагаар очиход цахилгаан шатны орчим нэг залуу доош тонгойсон байдалтай 4 хөллөн шалан дээр нүүрээ наагаад хэвтэж байсан. Хажууд нь 1-2 эмэгтэй, 2 залуу байсан бөгөөд “манай найз хүнд зодуулчихлаа, зодсон хүмүүс нь энд байгаа” гэж хэлэн хаалгыг заасан. Мөн орцны гадна талд хамраас нь цус гарсан ойролцоогоор 180 см-аас дээш өндөртэй, биерхүү, дээгүүрээ ногоон эрээн сорочкон захтай цамцтай залуу зогсож байсан ба наад хүмүүсийн чинь найз гэх хар куртик, хар ноосон малгайтай залуу мөргөсөн гэж хэлсэн. Тухайн орцны шалны хэсэг газар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг би энгэрийн камераар бэхжүүлж авсан. Б дотроос 3 залуу дагуулчихсан гарч ирэхэд хамгийн намхан, өтгөн хөмсөгтэй залуу руу чи манай найзыг зодсон гэж хэлэн арай илүү дайраад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 59-61 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр Тгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 01 цагийн үед Бэгэр-10-аас “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 13 дугаар байрны 2 дугаар орцонд хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлагад оч гэсэн үүрэг өгсөн. ...Би зодсон гэх хүмүүсийн орсон айлын хаалгыг цохиход хувцсыг нь хараагүй ойролцоогоор 180 см өндөртэй, махлаг залуу тайлсан бөгөөд дотогш ороход оффисын зориулалтаар тохижуулсан 2 өрөө байр байсан. Тухайн оффист 3 залуу гадуур хувцсаа өмсөөд гарах гэж байгаа байдалтай зогсож байсан. Миний араас нэг эмэгтэй орж ирээд нэг залуу нь байхгүй байна, зодоонд оролцож байсан залуу нь зугтчихсан байна гэж хэлж байсан. Би залуучуудыг аваад оффисын байрнаас гарч иртэл нэг залуу “та нар хүнийг ингэж зодоод байхдаа яадаг юм бэ” гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 64-66 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...хохирогч С.С 3 дугаар гэж дугаарласан З.Цг зааж намайг зодсон хүн мөн байна гэв” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 141-146 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч Б.Ш 2 гэж дугаарласан Б.Бийг зааж манай нөхрийг зодсон залуу мөн байна гэв” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 147-152 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...хохирогч Б.А 3 гэж дугаарласан З.Цг зааж намайг болон С ахыг зодсон хүн мөн байна, ...2 гэж дугаарласан Б.Бийг зааж намайг цохисон гэх саарал цамцтай залуу мөн байна гэв” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 153-158 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч Б.Л 3 гэж дугаарласан З.Ц, ...2 гэж дугаарласан Б.Б нарыг зааж Б.Аыг зодсон залуу мөн байна гэв” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 159-166 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №1815 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.С.Сын биед зүүн нүдний нэвт гэмтэл, нүдний алимны урагдал, шилэнцрийн цус харвалт, торлог, судаслаг бүрхүүлийн ховхрол, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн нүдний нэвт гэмтэл нь нүдний зовхи, хамрын нурууны цус хуралттай нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтад тогтонги 65% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шилбэний цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 68-71 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №622 дугаартай Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“...2. С.Сын биед учирсан зүүн нүдний нэвт гэмтэл, нүдний алимны урагдал, шилэнцрийн цус харвалт, торлог, судаслаг бүрхүүлийн ховхрол, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл нь нэг удаагийн өшиглөх хүчний нөлөөгөөр үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 78-83 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №1812 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.2. Б.Аын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэвчдэс, зүүн завьжны цус хуралт, язрал, баруун хацрын цус хуралт, хамрын угалзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 87-89 дүгээр хуудас/,

Шинжээч эмч О.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зүүн нүдний нэвт гэмтэл нь зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралттай нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүртэй зүйлээс бусад зүйлсийг ойлгоно. Тухайн гэмтэл нь цохигдох болон хөлөөр өшиглөх аль ч тохиолдолд үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 103-105 дугаар хуудас/,

Хохирогч С.Сын “Болор мэлмий” эмнэлэгт үзүүлсэн өвчний түүх /хэргийн 2 дугаар хавтас 106-125 дугаар хуудас/,

Шүүгдэгч З.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Сын биед учруулсан гэмтэл дээр сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Сыг надаас өөр хүн цохиж, зодож байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 137-138 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Х нь 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт хохирогч Ч.Бтай маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 01 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 13 дугаар байрны 2 дугаар орцонд Б, Б, Б бид 4 Бгийн оффис дотор байх үед гадаа чимээ гарсан. Тэгээд юу болов гээд гараад хартал Ц үүдэнд нэг залуутай маргалдаад барьцалдаад зогсож байсан. Тухайн үед хажууд нь бас нэг залуу газарт нүүрээ дараад мөлхөж байсан. Тэгээд бид 4 Цг салгаад Б, Б, Б Ц нарыг оффис руу оруулаад би өөрөө ганцаараа гадаа үлдсэн. Тэгээд нөгөө 2 залуу болон найзуудтай нь ойлголцох гээд зогсож байтал ноосон хар малгайтай, хар куртиктэй залуу /Х/ надтай юм ярьж байгаад хамар луу толгойгоороо шууд 1 удаа мөргөсөн ба миний хамраас цус гараад хамар эвгүй болсон. Тэгээд Л гэх залуу салгаад намайг мөргөсөн залууг гараас нь татаад холдуулсан. ...Орц руу гарахад С нүүр хэсгээс гарч байгаа цусаа гоожуулчихсан шалан дээр мөлхөж байсан. Цгийн араас Б, Б нар цээж хэсгээр нь тэвэрчихсэн Ааас холдуулах үед Аын цээжин тус газар луу гуталтай хөлөөрөө жийсэн. Тэгтэл цахилгаан шатнаас 1 эмэгтэй гарч ирээд “юу болж байна” гэж хашхираад буцаад орсон. Удалгүй дахин цахилгаан шатнаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гарч ирсэн. Мөн гаднаас намайг цохисон Х “яагаад хүн зодоод байгаа юм бэ” гээд орж ирсэн. ...Ц нь намайг шүүх эмнэлэгт үзүүлэхээр орсны дараа Б, Б, Б нарт “би согтуу ч гэсэн 2 хүнийг зодохтойгоо л юм байна, нэгийг нь сохолчих шиг боллоо” гэх мэтээр ярьсан талаар Б хэлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 204-208 дугаар хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Быг хэн цохисныг мэдэхгүй, хараагүй. Харин Б нэг залуу толгойгоороо мөргөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 240-243 дугаар хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид 5 шууд Бы хамар өвдөөд байна гэсэн учраас Шүүх эмнэлэг рүү явсан. Быг хэн цохисон талаар хараагүй. Б нэг жижигхэн залуу “оффисын хаалга онгойлго, найзуудыгаа зугтаалгах гэж байна” гэж хэлэн надтай маргалдаж байгаад мөргөчихлөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 2-6 дугаар хуудас/,

Гэрч Б.Лхагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг орцны хаалгаар гарчихаад ороод иртэл Х, Б 2 маргалдаад Б гэх залуугийн хамар хэсгээс цус гарсан байдалтай байсан тул би дахиад маргаан болж магадгүй гээд Хыг татан авч болиулсан. ...Намайг гараад ороод ирэхэд Б оффисын байрны үүдэнд зогсож байсан ба Х луу заагаад “танай энэ дүү чинь миний хамар луу цохичихлоо” гэж хэлж байсан. Х тухайн үед “та нар манай ахыг сохортол нь зодчихоод найзуудыгаа зугтаалгах гэж байна” гээд оффисын байрны хаалгыг гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 27-29 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С ах “миний нүд болохоо больчихлоо” гэж хэлсэн. Хэнд зодуулсан талаараа огт хэлээгүй. Нэг сэхээ ороод харсан чинь ойролцоогоор 180 см орчим өндөртэй, махлагдуу, малигар нүүртэй, том хамартай залуугийн хамраас бага зэргийн цус гарсан байдалтай Х, А, Л гуравтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 47-49 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дуудлагаар очиход цахилгаан шатны орчим нэг залуу доош тонгойсон байдалтай 4 хөллөн шалан дээр нүүрээ наагаад хэвтэж байсан. Хажууд нь 1-2 эмэгтэй, 2 залуу байсан бөгөөд “манай найз хүнд зодуулчихлаа, зодсон хүмүүс нь энд байгаа” гэж хэлэн хаалгыг заасан. Мөн орцны гадна талд хамраас нь цус гарсан ойролцоогоор 180 см-аас дээш өндөртэй, биерхүү, дээгүүрээ ногоон эрээн сорочкон захтай цамцтай залуу зогсож байсан ба наад хүмүүсийн чинь найз гэх хар куртик, хар ноосон малгайтай залуу мөргөсөн гэж хэлсэн. Тухайн орцны шалны хэсэг газар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг би энгэрийн камераар бэхжүүлж авсан. Б дотроос 3 залуу дагуулчихсан гарч ирэхэд хамгийн намхан, өтгөн хөмсөгтэй залуу руу чи манай найзыг зодсон гэж хэлэн арай илүү дайраад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 59-61 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би зодсон гэх хүмүүсийн орсон айлын хаалгыг цохиход хувцсыг нь хараагүй ойролцоогоор 180 см өндөртэй, махлаг залуу тайлсан бөгөөд дотогш ороход оффисын зориулалтаар тохижуулсан 2 өрөө байр байсан. Тухайн оффист 3 залуу гадуур хувцсаа өмсөөд гарах гэж байгаа байдалтай зогсож байсан. Миний араас нэг эмэгтэй орж ирээд нэг залуу нь байхгүй байна, зодоонд оролцож байсан залуу нь зугтчихсан байна гэж хэлж байсан. Би залуучуудыг аваад оффисын байрнаас гарч иртэл нэг залуу “та нар хүнийг ингэж зодоод байхдаа яадаг юм бэ” гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 64-66 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №1801 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Ч.Бы биед хамрын ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй,

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 93-94 дүгээр хуудас/,

“Сорт чоно” ХХК-ийн “Натур” эмнэлгийн компьютер томографын оношилгооны хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 95 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Л ахын гэрийн гадаа ирээд А, С, Ш нарыг гэрт нь хүргэж өгөх гээд утсаар залгаж дуудсан. Тэгээд С, А, Ш нар гарч ирэхгүй удаад байхаар нь манай эхнэр М Л ахын орц руу ороод эргээд гүйж ирээд “С ах, А хоёрыг хүн зодож байна” гэж хэлсэн. Намайг орц руу ороход үл таних 5 эрэгтэй А, С ах хоёрыг зодсон байдалтай байсан ба би тухайн хүмүүс рүү уурлаад байж байтал Л, Ренчинбямба, Б, Ш нар цахилгаан шатнаас бууж ирсэн. Тухайн үл таних 5 залуугийн 4 нь 52 дугаартай бүргэд хаалга руу ороод нэг нь гадна үлдсэн ба би тухайн хаалгыг цохиод орсон 4 залууг гаргаж ирэх гэтэл гадна үлдсэн эрэгтэй нь намайг хориглоод миний хувцаснаас татаад байхаар нь би эргэж хараад гараа савах үедээ тухайн залуугийн /Б/ нүүрэн тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 146 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч З.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 169 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл /хэргийн 2 дугаар хавтас 170 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 179 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 2 дугаар хавтас 182-184 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 128 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 130 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 248-250 дугаар хуудас/.

Шүүгдэгч А.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 243 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 6 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 7 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 8 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 9 дүгээр хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 3 дугаар хавтас 10-12 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

              Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

   Шүүгдэгч З.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны  2 дугаар сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны өдөр шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт хохирогч Б.Аыг шалтгаангүйгээр зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэвчдэс, зүүн завьжны цус хуралт, язрал, баруун хацрын цус хуралт, хамрын угалзны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Мөн шүүгдэгч З.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар 27-ны өдрөөс 2 дугаар сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт хохирогч Б.Аыг шалтгаангүйгээр зодож байх үед нь салгахаар очсон хохирогч С.Сыг мөн зодож, улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний нэвт гэмтэл, нүдний алимны урагдал, шилэнцэрийн цус харвалт, торлог, судаслаг бүрхүүлийн ховхрол, болоргүйдэл, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч А.Х нь 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарт хохирогч Ч.Бтай маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шинжээч эмч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Болор мэлмий” эмнэлэгт үзүүлсэн хохирогчийн өвчний түүх, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг тус тус санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Сын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун нар “...хохирогч С.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг шүүгдэгч З.Ц ганцаараа үйлдээгүй, бусад гэрч нар хамтран бүлэглэж зодсон, ... хохирогч С.Сын биед булчин тасарсан гэмтэл учирсан байхад тус гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй, энэ гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, ... хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ч.Бы өмгөөлөгч С.Должинсүрэн “...шүүгдэгч А.Хаас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжлэх төлбөр байхгүй, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,

 Шүүгдэгч З.Цгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “...хохирогч С.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч гэм буруугийн тал дээр маргахгүй, харин хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг шүүгдэгч З.Ц ганцаараа үйлдээгүй, гэрч Б.Б хамтран оролцсон тул шүүгдэгч З.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэж оролцсон.

Шүүгдэгч А.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан ба шүүгдэгч А.Х нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Хохирогч С.Сын өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь:

        Хохирогч С.Сын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Ц гуталтай хөлөөрөө миний нүүрэн тус газарт 2 удаа өшиглөхөд миний зүүн талын нүднээс маш ихээр цус гарсан бөгөөд би газар 4 хөллөөд унасан. Энэ үед хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй 4-5 залуу гарч ирсэн ба А миний нуруун дээрээс дараад хэвтсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Зодооныг салгах гэж байсан С ахыг Ц гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний дараа тухайн 4-5 залуучууд гарч ирсэн. Намайг харж байхад С ахын биед өөр хүн халдаагүй. ... Б, Б, Б нар зодоонд оролцоогүй, харин зодооныг салгаж байсан. 1-2 залуу нь Цг барьчхаад боль гээд хориглож байсан боловч Ц үгэнд нь орохгүй дайраад байсан. ...Бүлэг гэдгийн хувьд би эрх зүйн мэдлэггүй учраас буруу ойлгон мэдүүлсэн. ...2-3 залуучууд Цг салгах гээд тал талаас нь зууралдаж байсныг би дотроо энэ хүмүүс бид хоёрыг бүлэглэн зодож байна гэж буруу ойлгон мэдүүлсэн ...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч С.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч З.Цгээс өөр бусад гэрчүүд хамтран оролцсон оролцоо байхгүй байсныг нотолж байна.

        Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц нь хохирогч С.Сын нүүрэн тус газар өшиглөсний улмаас зүүн талын нүднээс маш ихээр цус гарсны дараа бусад гэрч нар гарч ирсэн нөхцөл байдал, хэрэг учрал болох үед хамт байсан хохирогч Б.Аын “бусад хүмүүс хохирогч С.Сын биед халдаагүй” гэсэн мэдүүлэг, бусад гэрч нарын “...Бид 4-ийг гарч ирэхэд хохирогч С.С шалан дээр 4 хөллөөд мөлхөж байсан” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэн няцаагдаж байна.

        Өмгөөлөгч нарын “хохирогч С.Сын биед булчин тасарсан гэмтэл учирсан байхад тус гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй” гэх тайлбарын тухайд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №1815 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “С.Сын биед ... хамрын нуруу, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... баруун шилбэний цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тухайн хэрэг учрал болох үед хохирогчийн биед булчин тасарсан гэмтэл үүсээгүй болохыг тогтоосон байна.    

        Өмгөөлөгч нарын “хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байгаа” гэх тайлбарын тухайд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн орон сууцны оршин суугчдаас олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, нөгөөтэйгүүр аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. “Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэж хуулиар хүлээсэн болон өөрийн дүрмээр тодорхойлсон чиг үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулсан, үйл ажиллагааг нь тасалдуулсан, албан хаагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хохироосон үйлдлийг ойлгоно.

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн зүйлчлэлийн талаар өмгөөлөгчийн  гаргасан хүсэлтэд прокурор албан бичгээр дэлгэрэнгүй хууль зүйн тайлбар өгсөн нь үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.  

        Хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримтын тухай:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан. 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц ямар нэг үг хэлэлгүй миний зүүн шанаан тус газар нэг удаа цохисон. ...дахин миний хамар луу гараараа нэг удаа цохисон. ...миний цээжин тус газарт гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Тэгтэл дахин Ц гарч ирээд миний толгойн тус газар луу гараараа, хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. ...Ц миний дух, хамар, зүүн хацар хэсэг рүү гараараа цохисон, эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...Харин Б зүүн нүд, толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Мөн манай эхнэр манай нөхрийг битгий зодооч гэж хэлээд байж байхад миний толгой хэсэг рүү Б 1-2 удаа гараараа дахин цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би нөхөр дээрээ очиход саарал цамц өмссөн өндөр залуу гуталтай хөлөөрөө Аыг өшиглөж байсан. Яг хаашаа гэдгийг нь анзаарах сөхөө байгаагүй. Тэгээд би тухайн залуу /Б/-ийн суган доогуур гараад өөдөөс нь харсан байдалтай, гэдэс хэсгээр нь тэврээд арагш түлхэн нөхрөөсөө холдуулсан ба урдаас ална шүү гэж хэлэн миний толгой дээгүүр давуулан нөхөр Аын толгой хэсэг рүү гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би цахилгаан шат руу гүйж Л, Ренчинбямба, Б нарыг дуудсан ...” гэх мэдүүлэг, Таньж олуулах ажиллагаа явуулсан “... гэрч Б.Л 3 гэж дугаарласан З.Ц, ... 2 гэж дугаарласан Б.Б нарыг зааж Б.Аыг зодсон залуу мөн байна гэв” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч З.Цгээс гадна гэрч Б.Б хамтран оролцсон болох нь тогтоогдож байна.

       Тодруулбал, хохирогч Б.Аын биед учирсан “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт”, “зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэвчдэс, зүүн завьжны цус хуралт, язрал” гэмтлийг шүүгдэгч З.Ц, харин “зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтлийг гэрч Б.Б учруулсан болох нь дээрх мэдүүлгүүдээр нотлогдож байна.  

       Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмч Б.Ундармаа “...тархи доргилт нь нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” гэмтэл, “зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун хацрын цус хуралт, хамрын угалзны зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж мэдүүлснээс үзэхэд Ц, Б нарын тус тусдаа хохирогчид учруулсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар, мөн хэн аль нь хохирогчийн толгой тус газарт цохиж тархи доргилтын гэмтэл учруулсан гэж дүгнэхээр байна.  

        Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах ... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолно” гэж тус тус заасан үүргээ мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байна.

         Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял завшуулахгүй байх/ гэм буруугийн болон шударга ёсны зарчимд бүрэн нийцэх учиртай боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон Б.Бийг яллагдагчаар татах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь ач холбогдолгүй гэж шүүх дүгнэв.

          Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилтод нийцүүлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч З.Ц, А.Х нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нийт 6.232.890 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч З.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид нийт 15.000.000 сая төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч З.Ц нь энэ тогтоолоор хохирогч С.Сад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

             Харин хохирогч С.С өөрт учирсан гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

              Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нийт 688.500 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Цгээс 688.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ат олгохоор шийдвэрлэв.

             Шүүгдэгч З.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ат 688.500 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй. 

             Харин хохирогч Ч.Б өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч А.Хыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч З.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч А.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг  гаргасан.

Шүүгдэгч З.Цгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “...шүүгдэгч З.Цгийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хасаж ялгүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.    

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

  Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч А.Х, З.Ц нарын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, хохирол төлбөрт бусдад төлөх төлбөргүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно”, мөн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу ...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Х, З.Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Шүүхээс шүүгдэгч З.Цг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч З.Цд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч З.Цд оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж, түүнийг эдлэх ялгүйд тооцож шийдвэрлэв.

/Жич: Хохирогч С.Сын эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүх харгалзан үзсэн. Яаралтай хийгдэх ёстой эмчилгээний болон бусад зардлыг шүүгдэгч хариуцна гэж хохирогчтой тохиролцсон/

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч З.Цгийн эзэмшлийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохыг дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ц, А.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З.Цг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      Шүүгдэгч А.Хыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч З.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Цд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Ц, А.Х нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Цд оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүнийг эдлэх ялгүйд тооцсугай.

 

  1. Энэ хэрэгт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч З.Цгийн эзэмшлийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болохыг дурдсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Ц, А.Х нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч А.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч З.Ц нь хохирогч С.Сад энэ тогтоолоор төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Цгээс 688.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ат олгосугай.

 

  1. Хохирогч С.С өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч З.Ц, А.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ц, А.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО