Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Ууганбаяр,

хохирогч С.М,

шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналын прокуророос Ш.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ш.Н /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Ш.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед хохирогч Э.Уийн нүүрэн тус газар луу архины хундага шидэж түүний эрүүл мэндэд баруун зовхинд хөнгөн хохирол, мөн хохирогч С.Мийн толгойн тус газар луу караокены меню шидэж хохирогчийн толгойн оройд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед маргалдаж байхдаа Х руу шидсэн зүйл нь хана руу ойгоод оносон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М мэдүүлэхдээ “...Тухайн өдрөөс хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Нэг ч удаа залгаж яриагүй, уучлалт гуйгаагүй. Хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулмаар байна” гэв.

Шүүгдэгч Ш.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Клаб” гэх караокед хохирогч Э.Уийн нүүрэн тус газар луу “цэвэр устай  сав” шидэж баруун зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн хохирогч С.Мийн толгойн тус газар луу “караокены меню” шидэж толгойн оройд няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Клаб” гэх караокед Х, У нарын хамт орсон. Тухайн үед Хы найз М дуудаад байсан ба бид гурвыг очиход Н, А мөн нэг эмэгтэй байсан. Ороод сууж байхад Н гэх залуу У бид хоёр луу муухай хараад, хэл амаар доромжлоод байсан. Тухайн залуу нэлээн согтолттой байсан. Харин У бид хоёр согтолт багатай байсан тул хэрүүл маргаан үүсгэлгүй тухайн залууг аргалах гэхэд хэсэг зүгээр байж байснаа гэнэт ширээн дээр байсан ус, ундаа хаа хамаагүй шидлээд, У бид хоёрыг хараагаад байсан. Тухайн үед Х Нд хандаж “чи яагаад найзынхаа авч ирсэн эмэгтэйг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гээд яриа өрнөсөн. Тэр хооронд У бид хоёр хувцсаа өмсөөд гарах гэхэд М хаалга сандлаар дарчхаад “жоохон сууж бай л даа” гээд гаргахгүй байсан. Тухайн үед Н У бид хоёр луу ус, ундаа шидээд байсан. Тэгж байтал миний нүүрэн тус газар шингэн юм асгарахаар нь нүдээ арчаад У рүү хартал баруун нүднийх нь доод хэсгээс цус гарч байсан. Тухайн үед би хаалга руу харж байсан учраас Н У рүү юу авч шидсэнийг хараагүй. ...Тэгээд би Уийг аваад тухайн өрөөнөөс гарсан. Өрөөнөөс гарах үед Х, Нтай ам мурийх шиг болсон. Тэгэхээр нь Х өрөөнөөс авч гараад тайвшруулаад текний ард зогсож байхад миний толгойн дээгүүр нэг юм цохисон ба миний толгой эргээд суухад толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 03-наас 04-нийг шилжих шөнө Хы найз М дуудаад байсан болохоор Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй нэг караокед найз Х, М нарын хамтаар орсон. Караокед ороход Н, А болон нэг эмэгтэй байсан. Тэгээд ороод сууж байтал Н М бид хоёрыг хэл амаар доромжлоод, хөөгөөд байсан. Тэгснээ ширээн дээр байсан юмнуудыг шидээд байсан. Тэгэхээр нь М бид хоёр гарах гэхэд М “жоохон байж байгаад гар” гээд гаргахгүй байсан. Хэсэг сууж байхад Н дахин агсраад байхаар нь гарах гээд үүдний хэсэгт байж байхад Н над руу архины бакал шидсэн ба тэр нь миний баруун нүдний хэсэгт оноод миний нүднээс цус гарсан. Тэгээд Н, Х хоёр маргалдаад өрөөнөөс гарсан ба араас нь М гарсан. Удалгүй би өрөөнөөс гарахад Мийн толгой хагарсан байсан. Хэн, яаж хагалсныг нь би хараагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 19-22 дугаар хуудас/,

Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Клаб” нэртэй караокед М, Н, Х нарын хамт байж байхад Х гаднаас танихгүй 2 эмэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд сууж байтал Х Нд хандаж нэг үг хэлсэн, юу гэж хэлснийг нь би сонсож чадаагүй. Тэр хоёр караокеноос гараад удалгүй маргалдаад ороод ирсэн. Тэгээд сууж байгаад Н Х руу цэвэр ус шидээд байсан ба би нэлээн согтолттой байсан учир унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь зодоон болсон гэчихсэн цагдаа ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/,

Гэрч Б.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө найз М дуудаад байсан болохоор Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах /нэрийг нь сайн санахгүй байна/ нэг караокед найз М, У нарын хамтаар орсон. Караокед  ороход Н, А нар байсан. Н нэлээн согтолттой өөдөөс хэрүүл маргаан үүсгээд байсан ба над руу ширээн дээр байсан ундаа, усны сав шидээд байхаар нь би явлаа гээд гарах гэж байхад над руу  цэвэр ус шидсэн. Тухайн савтай цэвэр ус хананд ойгоод Уийн нүүрэн тус газар оноод нүд нь сэтэрчихсэн. Тэгэхээр нь Уийг өмөөрөөд Нтай муудалцаад бид хоёр барьцалдаж аваад гараад үүдний текний хэсэгт байж байтал М ирээд салгасан. Тэгэхэд Н нэг юм аваад шидэхэд Мийн толгойн тус газар оносон. ...” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х үл таних 2 эмэгтэйн хамт караокед орж ирсэн. ...Тэгээд Н, Хтай маргалдаад байсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Тэгтэл ширээн дээр байсан цэвэр усыг Н аваад Х руу шидэхэд тухайн үед байсан нэг эмэгтэйн нүдэн тус газар оночихсон. Тэгж байтал Х, Н хоёр өрөөнөөс гарсан бөгөөд хамт байсан нөгөө эмэгтэйн хамтаар тэр хоёрыг салгахад Х текний араар орчихсон чинь Н тэнд байсан хатуу хавтастай цэсийг аваад Х руу шидсэн чинь салгах гэж гарч ирсэн нөгөө эмэгтэй толгойн тус газар оносон...” гэх мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №529 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Э.Ут баруун зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 42-43 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №527 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.С.Мд толгойн оройд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 47-48 дугаар хуудас/,

            Хүний биед үзлэг хийсэн “...Э.Уийн нүүрэн тус газар баруун нүдний доор хөхөрч хавдсан, шархны лент наасан байв” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 54-55 дугаар хавтас/,

            Хүний биед үзлэг хийсэн “...С.Мийн толгойн тус газар цэнхэр өнгийн утсаар оёсон оёдолтой шархтай байв” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 56-59 дүгээр хавтас/,

Шүүгдэгч Ш.Ны мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Караокед байхад гаднаас Х үл таних 2 эмэгтэйн хамт орж ирсэн. Би нэлээн согтолттой байсан ба нэг мэдэхэд Хтай маргалдаж байсан. Муудалцаж байхдаа би Х руу савтай жижиг ус шидсэн чинь хананд ойгоод Хы хамт ирсэн У гэх эмэгтэйн нүүрэн тус газар оноод цохигдсон. Тэгсэн чинь Х над руу “Манай найз охиныг гэмтээчихлээ” гээд над руу агсраад байхаар нь бид хоёр муудалцаад караокены өрөөнөөс гараад текний тэнд муудалцаад барьцалдаж аваад Х надаас салаад текний цаана орчихоор нь би Х руу текен дээр байсан караокены менюг аваад шидсэн чинь М гэх эмэгтэйн толгойг оночихсон...” гэх мэдүүлэг /хэргийн 85 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 62 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 63 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 64 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 66 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 77 дугаар хуудас/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хэргийн 89 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 95-97 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Ш.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Клаб” гэх караокед хохирогч Э.Уийн нүүрэн тус газар луу “цэвэр устай  сав” шидэж баруун зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн хохирогч С.Мийн толгойн тус газар луу “караокены меню” шидэж толгойн оройд няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүний эсрэг” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ш.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч Ш.Н нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч Ш.Ныг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.М, Э.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотой нийт 260.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч Ш.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарт нийт 260.000 төгрөгийг /тус бүр 130.000/ төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

             Харин хохирогч нар өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

        Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ш.Н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ш.Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ш.Нд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ныг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч нар өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО