Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2019/0227/З |
Дугаар | 294 |
Огноо | 2020-05-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 294
2020 оны 05 сарын 06 өдөр Дугаар 128/ШШ2020/0294 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Д,
Хариуцагч: УБЕГД
Нэхэмжлэлийн шаардлага: “УБЕГДын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай УБЕГДын 243 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэж, дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, ажлаа хүлээлцсэн.
Уг тушаалыг хууль бус хэмээн үзсэн тул хүчингүй болгуулахаар Хууль зүйн дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан. СЗ-ийн 3 дугаар тогтоол 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гарсан ба гомдлыг хангаагүй талаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн тул урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсан хэмээн үзэж, Үндсэн хуульд заасан “ажлаа чөлөөтэй сонгох” эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна:
1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хууль тогтоомж зөрчсөн талаарх хууль сахиулах байгууллагын шийдвэр гараагүй ба Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамд заасны дагуу шалгаж тогтоогоогүй.
2. Тушаалд “... улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул...” гэжээ. Сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу илрүүлснээс хойш 1 сарын дотор ногдуулах ёстой ч уг хугацаа өнгөрсний дараа шийтгэл ногдуулсан нь хууль хэрэглээний алдаа юм.
3. Уг тушаалыг гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй ба хуульд үндэслэж, шийдвэр гаргах ёстой байхад улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж байгаа нь мөн л хууль зөрчиж байна...” гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь хуулийн заалт зөрчиж бүртгэл хийгдсэн гэдгээ зөвшөөрч байгаа юм. Гол нь гарах ёсгүй байсан зөрчил үү, гарах боломжтой байсан зөрчил үү гэдэг дээр маргаж байгаа юм. Шийтгэл хүндэтсэн байна гэж үзэж байна. “Ш” ХХК-ийн нэр дээр бүртгэх ёсгүй байхад бүртгэгдсэн байдаг. Хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс санаатай үйлдэл байгаагүй...” гэв.
Гурав: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тус байгууллагын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон.
Үндэслэл нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно.” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно.” гэж заасныг тус тус зөрчин “Ш” ХХК нь өөрийн өмчлөл дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлэхдээ газар эзэмшигч Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох зөвшөөрлийг аваагүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн юм.
Тухайн нотлох баримтаар бүртгэгдсэн бүртгэл дээр газар эзэмших гэрчилгээ Онцгой байдлын ерөнхий газар дээр байдаг. Улсын бүртгэгч үүнийг хуулийн дагуу өөрөө мэдэх боломжтой. Тухайн бүртгэлийг үнэн зөв хийх боломжтой байсан. Нотлох баримт эргэлзээтэй, дутуу баримт бүрдүүлсэн байвал холбогдох этгээдээс шаардаж авах эрх нь улсын бүртгэгчид нээлттэй байсан.
Эдгээр хууль тогтоомжийг зөрчсөн учраас гурван бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хяналтын байцаагч хүчингүй болгож, С.Дид сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн юм. Үлдсэн хоёр бүртгэл нь захиргааны хэргийн шүүхэд маргаан шийдвэрлэгдээд хүчингүй болсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сүүлд хийгдсэн бүртгэлийн тухайд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэлээр тогтоогдсон. Дараагийн хийсэн бүртгэл нь “Ш” ХХК болон Онцгой байдлын ерөнхий газар зөвшилцөөд холбогдох бичиг баримтыг авч, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирсэн албан бичгээр шалгалт хийж бүрэн шалгасны үндсэн дээр бүртгэл хийсэн байдаг. Огт “Ш” ХХК-ийн нэрээр бүртгэхгүй гэсэн утгатай улсын байцаагчийн дүгнэлт гараагүй. Холбогдох бичиг баримтын бүрдэл хангагдаагүй байсан учраас бүртгэлийн хүчингүй болгосон байгаа юм. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “УБЕГДын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.
Анх “И” ХХК, “Ш” ХХК, иргэн Ж.Б нарт олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22040872--, Ү-22040872--, Ү-22040954--, Ү-22040954--, Ү-22040954-- дугаар гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1/1965 дугаартай албан бичгийн дагуу улсын байцаагч дүгнэлт гаргаж, түүнийг үндэслэн УБЕГДын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “С.Дид сахилгын шийтгэл ногдуулах тухай” 243 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулжээ.
Нэхэмжлэгчээс “...улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн...” гэж хариуцагчаас “...С.Д нь Ү-22040954--, Ү-22040954--, Ү-22040954--эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй эд хөрөнгүүдийг Ш ХХК-ийн өмчлөлд бүртгэн, гэрчилгээ олгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тус байгууллагын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэж маргажээ.
“Ш” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эхийн улсын бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг, “...манай компани нийслэлийн Б******* дүүргийн 8 дугаар хороо, 13301 У******* гудамж, Гал унтраах 63 дугаар ангийн хашаанд байрлалтай газарт орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх барьж байгаа тул В1 блокын 80 хувийн гүйцэтгэлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “И” ХХК-ийн “...Ш ХХК нь Онцгой байдлын газартай тохиролцсоны дагуу онцгой байдлын ажилчдын орон сууцыг үргэлжлүүлэн барих гэрээ байгуулсан тул Б******* дүүргийн 8 дугаар хороо У******* гудамж 13301 хаягт байгаа 37/1, 37/2, 37/3 тоот орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг Ш ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын тусгай зөвшөөрөл, Онцгой байдлын ерөнхий газрын даргатай хийсэн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, хаягийн тодорхойлолт, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, Онцгой байдлын газартай хийсэн газар ашиглуулах гэрээ, барилгын зураг зэрэг баримтуудыг үндэслэн Ү-22040954--, Ү-22040954--, Ү-22040954--дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б******* дүүргийн Улсын бүртгэлийн газарт 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар хариуцагч Ш ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх захирамж гарсан тул тус компанийн нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-22040954--, Ү-22040954--, Ү-22040954--үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж ирүүлэх”-ийг мэдэгдэж, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн дагуу “Ш” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн үндэслэн Ү-22040954--, Ү-22040954--, Ү-22040954--дугааруудад бүртгэлтэй Б******* дүүргийн 8 дугаар хороо, 13301 У******* гудамж 37/3, 37/1, 37/2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, энэ тухайгаа “Ш” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мэдэгджээ.
Үүний дараа Онцгой байдлын ерөнхий газраас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/1965 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газарт “...Ү-220408723--, Ү-22040954--, Ү-22040954--, Ү-22040954--дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэж хүсэлт гаргасан атлаа, буцаад “Ш” ХХК-ийн нэр дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлэх хүсэлт гаргаж, дахин бүртгэл хийгдсэн үйл баримттай талууд маргаагүй болно.
“Ш” ХХК-ийн нэр дээрх тухайн объектууд буцаад бүртгэгдсэн зэрэг үйл баримтыг дүгнэвэл улсын байцаагчийн ёс зүйтэй хамааралтай гэхээс илүүтэй тухай байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хоорондын эрх зүйн харилцаанаас үүдэлтэй нөхцөл байдал байсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагчаас “...хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр улсын бүртгэгчийг хууль зөрчиж бүртгэл хийсэн” гэдгийг тогтоосон тул сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлт, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлэх-ээр, 10.2-т ... /хяналт шалгалтын асуудал хариуцсан/ нэгж нь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагчаас бүрдэх-ээр, 10.3-т улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Ерөнхий байцаагч байх-аар, 10.6-д улсын байцаагч нь улсын бүртгэгчийн эрхтэй байх-аар, 11 дүгээр зүйлийн 11.1-д улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох-оор заасан, хуулийн зохицуулалтаас үзвэл, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 дүгээр дүгнэлт гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч нь маргаан бүхий 243 дугаар тушаал гаргасан УБЕГДын шууд удирдлагад ажилладаг, эрх үүргийн харилцан хамааралтай этгээд байх тул уг хяналт шалгалтыг хөндлөнгийн гэж үзэхгүй, байгууллагын дотоод хяналт шалгалт гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох-оор заасан, хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 дүгээр дүгнэлт нь тухайн тохиолдолд, нөхцөл байдлыг тогтоосон агуулгатай, харин эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн шинжгүй, түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дээрх зохицуулалтаар улсын байцаагчийн гаргасан дүгнэлт болон прокурорын мэдэгдэл нь нь эрх зүйн үр дагавар үүсгэхээр заагаагүй байна.
Мөн улсын бүртгэгчийн бүртгэл хууль зөрчсөн бол захиргааны байгууллага өөрөө эсхүл шүүхээс тухайн бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй бөгөөд энэ нь улсын бүртгэгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй, харин ёс зүйн болон гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл холбогдох байгууллагад шилжүүлэн, зөрчил тогтоогдсоны дараа шийтгэл ногдуулах нь зүйд нийцнэ.
Гэтэл дотоод хяналт шалгалтаар улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, зөрчлийг тогтоогдсон гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсны дараа С.Дийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт хандсан нь буруу байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нэхэмжлэгчийн “Ш” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдлийг гэмт хэргийн шинжтэй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй мөн улсын бүртгэгчийн энэ үйлдлээс иргэн, аж ахуйн нэгжид хохирол учраагүй байна.
Мөн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон дээрх үйл баримтаас үзвэл Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан нөхцөлтэй уялдуулан, үндэслэлтэй шийдвэрлээгүй нь буруу байх ба нэхэмжлэгч С.Д нь улсын бүртгэгчээр 2004 оноос хойш тасралтгүй ажиллаж, энэ хугацаандаа сахилгын шийтгэл авагдаж байгаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ, 57.12-т Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно. 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 662,762 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 33,138 төгрөг, зэргийн нэмэгдэл 99,414 төгрөг, нийт нэг сарын цалин 795,314 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон тул ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өнөөдрийг хүртэл 18 /арван найм/ сар, 20 /хорь/ хоног тооцон ажлын 22 өдөрт хуваан нэг өдрийн цалин 36,150 төгрөг, нийт 15,038,652 /үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгана/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр УБЕГДын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалаар “Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Б******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Самбуугийн Д******* эрхийн улсын бүртгэлийн Ү-22040954--, Ү-22040095407, Ү-22040954--дугаарт үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл, тэмдэглэл хийсэн нь хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгч С.Дийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай /2002/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, УБЕГДын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Б******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Дийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 15,038,652 /арван таван сая гучин найман мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА