| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/02826/И |
| Дугаар | 2330 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2330
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22 дугаар байрны гадаах өөрийн байранд байрлах, “Нөхөрлөл” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22-43 тоотод оршин суух, Я.Одгэрэлд холбогдох,
191 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нөхөрлөл” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Я.Одгэрэл нь орон сууц ашиглаж байсан хэдий ч “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбоонд байрны цэвэрлэгээ, харуул, лифт, цэвэр бохир ус, тог цахилгааны өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх төлбөр 191 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 191 000 төгрөгийг төлж барагдуулсан тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нөхөрлөл” СӨХ нь хариуцагч Я.Одгэрэлд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 191 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Нөхөрлөл” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Нөхөрлөл” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Я.Одгэрэлд холбогдох, 191 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 452 төгрөгийн тал хувь болох 10 226 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН