Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

өсвөр насны шүүгдэгч Ө.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Ө.Оргил, Г.Дэлгэрсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Л, Ө.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Г.Л /РД:***/.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, Ө.Б /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ***тоот хашааны гадна иргэн А.Цын толгойн тус газар нь гараараа цохиж, биет 30.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэ бүхий матрын арьсан түрийвчийг хүч хэрэглэн авсан,

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны орчимд иргэн У.Оын гэдэс, хэвлий орчимд гараараа цохиж, биет 40.000 төгрөг, 50.000 төгрөгийн үнэ бүхий арьсан хэтэвчийг хүч хэрэглэн авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Бгийн хууль ёсны төлөөлөгч Н.О мэдүүлэхдээ: “...Миний хүү сурлага, спортдоо сайн хүүхэд. Б.Лэд уруу татагдсан гэж бодож байна...” гэв.

  Шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ***тоот хашааны гадна иргэн А.Цын биед халдаж, бэлэн 30.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэ бүхий түрийвчийг хүч хэрэглэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

  Хохирогч А.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө 02 цагийн үед гэр лүүгээ харих гээд бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, халамцуу явж байсан. Манайх Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Туулын 1-18 тоотод байдаг бөгөөд би таксигаар Бөмбөгөр худалдааны төвийн харалдаа модон гүүрний орчимд буугаад гэр лүүгээ алхсан. Тэгээд гэрийнхээ гадна ирээд хашааныхаа хаалгыг онгойлгох гэж байтал араас гэнэт толгой руу хүчтэй цохих шиг болсон ба тухайн үед толгой манараад суусан. Хэсэг хугацааны дараа сэргээд босоход үл таних 2 залуу намайг дээрэмдэж байсан. Тэр үед нэг залуу нь надтай ноцолдоод нөгөө залуу нь миний цүнхийг уудлаад бүх юмыг нь гаргаж тарааж хаячихаад түрийвчтэй бэлэн мөнгийг аваад явсан. Би өөрийн түрийвчтэй жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт зэрэг бичиг баримт, бэлэн 30.000 төгрөг алдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 83, 87 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн “Матрын арьсан түрийвч-120.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 193-194 дүгээр хуудас/,

  Шүүгдэгч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Он сар өдрийг нь сайн санахгүй байна, Бөмбөгөрийн ойролцоо гэр хорооллын гудамжинд үл таних 30 орчим насны согтуу байдалтай эрэгтэйг дагаж ороод Б тухайн эрэгтэйг хавирч унагаагаад би гарыг нь барьсан. Тэгээд халааснаас нь Б түрийвч аваад бид хоёр зугтаасан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хэргийн 105-106 дугаар хуудас/,  

Өсвөр насны шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Он сар өдрийг нь сайн санахгүй байна, Л ахыг дагаад Бөмбөгөрөөс Гандан руу дээшээ өгсөх замд байдаг гудам руу үл таних согтуу хүн орохоор нь араас нь дагаж орсон. Тэгээд Л ах тухайн хүнийг хавирч унагаагаад намайг юмнуудыг нь авчих гэж хэлэхээр нь би тухайн хүний газар унасан байсан цүнхнээс нь жижиг түрийвч аваад бид хоёр зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 113-14 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны орчимд иргэн У.Оын биед халдаж, бэлэн 40.000 төгрөг, 50.000 төгрөгийн үнэ бүхий түрийвчийг хүч хэрэглэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

  Хохирогч У.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын эхээр /сар, өдрийг нь сайн санахгүй байна/ 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны гадна таксинаас буугаад гэр лүүгээ гарах гээд утсаар яриад зогсож байхад хажууд үл таних өндөр, нам 2 эрэгтэй зогсож байсан бөгөөд над руу дайраад ирэхээр нь “би эрүүл байгаа шүү” гэж хэлээд эргэж хараад зугтаасан. Намайг зугтааж холдоогүй байхад араас хоёулаа ирээд барьж аваад заамдалцаад зогссон. Тэгэхээр нь би больчих, намайг явуулчих гэж гуйсан чинь намхан эрэгтэй нь цаашаа гүйгээд нэг үзүүртэй зүйл авч ирээд өндөр залуудаа өгсөн. Тэгэхэд тухайн өндөр залуу нь миний хоолойн дээр тулгаад “би чамайг  ална” гэж хэлээд миний гэдэс рүү цохисон. Намхан залуу нь энэ хооронд миний халаасанд байсан бор өнгийн хэтэвчийг аваад явсан ба миний хэтэвчинд 40.000 төгрөг болон бусад бичиг баримтууд байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л тухайн үед өрөнд орсон байсан учраас дээрэм хийсэн байх. ...Тухайн үед буюу 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн орчим Л, Б хоёр “бариа хийе, хамт явъя” гэж асуухаар нь би хариу өгөхгүй байж байгаад гэр лүүгээ харилаа гээд явсан ба тэгээд тэр хоёр дээрэм хийсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Иы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л ах бага зэрэг танхай, найзууд нь бас хулгиан маягаар ойлгуулж, ярьж хэлдэг, маш дээрэлхүү ах. Цохиж, зоддоггүй бөгөөд амаараа их айлгадаг. Л, Б хоёр хэлэхдээ зодооны хэргээр шалгагдаж байгаа гэж хэлсэн. Л ах 1 сар орчмын өмнө байх Б бид хоёртой уулзахдаа “Ах нь хүн цохиод өрөнд орчихлоо, та хоёр орой ахдаа ажил төрөл хийлцээд өгөөч” гээд яг ямар ажил хийх гэж байгаагаа хэлээгүй. Тэгэхээр нь би юу хийхээ мэдэхгүй юм чинь гэж бодоод хариу хэлэлгүй яваад өгсөн. Тэгэхэд Л ах орой нь Бг дагуулаад явсан байсан бөгөөд тэр өдрөө хэрэг тариад тэр асуудлаараа цагдаад шалгагдаж байгаа. Л ах Бг байн байн гуйсаар байгаад аваад явсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-8 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...У.О нь намайг дээрэмдсэн гэх хоёр эрэгтэй хүүхдийн өндөр нь 2 дугаарын хүн мөн байна гэж Г.Лийг заав. ...Намайг дээрэмдсэн арай намхан хүн нь 1 дугаар хүн мөн байна гэж Ө.Бг заав” гэх тэмдэглэл /хэргийн 58-61 дүгээр хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн “Арьсан түрийвч-50.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 197-198 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Л, Ө.Б нарын фейсбүүк чатаар харилцсан баримт /хэргийн 205-212 дугаар хуудас/,

  Шүүгдэгч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өрөнд ороод мөнгө олох зорилгоор хэд хэдэн удаа дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв ярьсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

/гэрчээр өгсөн/ ...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 02 цагаас 03 цагийн орчим дүү Улаака буюу Бтой хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны урд талд байрлах модон сааданд тамхи татаад байж байхад үл таних нэг залуу утсаар яриад ороод ирсэн. Тэр үл таних залуу над руу муухай хараад байж байтал Б тухайн залууг баруун гараараа боогоод авсан чинь боолтоос гараад 86 дугаар байрны баруун урд зүг рүү зугтсан. Тэгээд Улаака бид хоёр тухайн залууг гүйцэж барьж аваад байхад Улаака миний зүүн мөрний хойд талаас зүүн гараараа тухайн залуугийн баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор нь би би салгаад тухайн залуугийн цээж хэсэг хүү нь нэг удаа цохиод эргээд харахад Улаака гартаа хагархай хуванцар зүйл барьчихсан ирээд тэр залуугийн хоолой хэсэгт нь тулгасан. Нөгөө залуу туслаарай гээд орилоод байхаар нь би тухайн залууг түлхээд Улаака бид хоёр явсан. ...Б бид хоёр мөнгөтэй болъё гэж л гэмт хэрэг хийсэн....” гэх мэдүүлэг /хэргийн 25-27, 47-48 дугаар хуудас/,  

Өсвөр насны шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Л ахтай Андуудын хойд талын байрны сааданд сууж байхад үл таних эрэгтэй согтуу ирээд утсаар ярьж байсан. Тэгээд Л ах над руу нүдээрээ дохихоор нь би тухайн хүнийг газар унагаах гэж байгаад өөрөө газар унасан. Тэгтэл Л ах хажуугаас тухайн согтуу хүнийг түлхэж орж ирээд “Чи намайг таньж байна уу” гээд тэр хоёр заамдалцаад зогсож байгаад Л ах “нөгөө хутгаа аваад ир” гэхээр нь бид хоёрт хутга байхгүй учраас газраас машины хуванцар борооны ус зайлуулдаг хаалтын хугархай олоод Л ахад өгсөн. Тэгээд бид хоёр зугтаагаад явсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 55-57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

  Өсвөр насны шүүгдэгч Ө.Бгийн нас тоолсон тэмдэглэл /хэргийн 120 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 130-131 дүгээр хуудас/, сургуулийн тодорхойлолт /хэргийн 132 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 133 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 160 дугаар хуудас/.

Шүүгдэгч Г.Лийн цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 136-138 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 139 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 161 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 164-169 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

   Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ***тоот хашааны гадна иргэн А.Цын биед халдаж, бэлэн 30.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэ бүхий түрийвчийг хүч хэрэглэн авсан,

Мөн бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны орчимд иргэн У.Оын биед халдаж, бэлэн 40.000 төгрөг, 50.000 төгрөгийн үнэ бүхий түрийвчийг хүч хэрэглэн авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, фейсбүүк чатаар харилцсан баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг хүч хэрэглэж бие махбодод нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой халдсан, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заасан “Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгох бөгөөд хохирогчийн бие махбодод  халдах үйлдэл нь цохих, түлхэх, унагаах, хоолойг боох зэрэг хэлбэртэй байж болно. Хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас бодитой хохирол учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь хохирогчийн эрүүл мэндэд аюултай нөхцөл бий болгохоор байсан бол энэхүү ойлголтод хамаарна.    

Түүнчлэн дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн /эрүүл мэндийн эсрэг давхар объекттой/ эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

          Шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Цод 150.000 төгрөгийн хохирол, хохирогч У.От 90.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.Цод 200.000 төгрөг, хохирогч У.От 100.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан /хэргийн 220-223 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Лэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Өсвөр насны шүүгдэгч Ө.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.Лийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Өсвөр насны шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Ө.Оргил, Г.Дэлгэрсайхан нар “... Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарын хувьд гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн, мөн түүнчлэн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

           Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.Лийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал,

Өсвөр насны шүүгдэгч Ө.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тус тус тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Лэд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,

Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Бд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Өсвөр насны шүүгдэгч Ө.Бг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө.Бд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

   Өсвөр насны шүүгдэгч Ө.Бд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.     

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО