Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2331

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах, “Сар шинэ интернэйшнл ББСБ” ХХК /РД: 2693925/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Цоглог хотхон 203-161 тоотод оршин суух, Өлзийсайханы Баярцэцэг /РД: АЮ90120168/-т холбогдох,

 

1 644 215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэйшнл ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ө.Баярцэцэг нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201152704 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийн цапингийн зээлийн 12 сарын хугацаатай 3.7 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртлэх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж өөрт учирсан хохиролоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 620 786 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 884 476 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 138 952 төгрөг, нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 1 644 215 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь хэргийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь сайн дураараа биелүүлсэн тул холбогдох нэхэмжлэлээ татан авч байна. Нэхэмжлэлийн дүн болох 1 644 215 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.                   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэйшнл ББСБ” ХХК нь хариуцагч Ө.Баярцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 644 215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Сар шинэ интернэйшнл ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Сар шинэ интернэйшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.Баярцэцэгт холбогдох, 1 644 215 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 270 төгрөгийн тал хувь болох 20 635 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН