Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 170/2022/0064/Э |
Дугаар | 2022/ШЦТ/59 |
Огноо | 2022-03-28 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Л.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох 2223000000039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 27-нд Завхан аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, ахын хамт Завхан аймгийн Алдархаан сумын багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/
Урьд: Сумын дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 04 дүгээр сард Завхан аймгийн Алдархаан сум Чигэстэй багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн У.*******ын өмчлөлийн 15 тооны ямааг хулгайлж 1.312.500 төгрөгний, мөн 2021 оны 08 дугаар сарын эхээр Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг “” гэх газраас иргэн У.*******ын өмчлөлийн 50 тооны ямааг хулгайлж 5.000.000 төгрөгний, нийт 6.312.500 төгрөгний хохирол учруулсан буюу “үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Л.*******ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
1. Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 04 дүгээр сард Завхан аймгийн Алдархаан сум Чигэстэй багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн У.*******ын өмчлөлийн 15 тооны ямааг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
15 тооны ямаагаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч У.*******ын “...Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй баг “Жаргалант” гэх газраас 2020 оны 04 дүгээр сард 15 тооны ямаагаа хулгайд алдсан. Жаргалант худаг, Жалцаг, Цуврай гэх газруудаар хайж явсан. Буруу чих зүрх мөн хойноосоо ухам имтэй 15 ямаагаа алдсан. Буруу талын эврэн дээрээ “И” үсгэн хөрөөдөстэй байсан. Цагаан шилтэй хар эр ямаа, цагаан шийртэй ягаан бор ямаа зүсээр дутахаар нь тоолсон 15 ямаа дутсан байсан. *******, ******* гэх хүмүүс намайг ямаагаа алдаад хайгаад явж байсныг мэдэх байх. Миний ямаа урд өмнө нь ижлээсээ тасарч байгаагүй, ижил буруу ямаа байгаагүй. ******* надад хохирол төлсөн, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгчээс 15 тооны ямаа худалдсан талаар мэдүүлсэн гэрч С.ын “...2020 оны 04 дүгээр сарын сүүлээр 15 ямаа худалдаж авсан. Намайг бог худалдаж авч байх үед ******* өөрөө тууж ирээд өгсөн. 15 тооны ямаа 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ******* хавар юм чинь 50.000 тавин мянга/ төгрөгөөр авчих гэж гуйгаад байхаар нь авсан. Би тухайн 15 тооны ямааг нядлаад эмээлт зах руу махыг бусад хүмүүсээс худалдаж авсан малын махтай нийлүүлээд зарсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******ын “...У.******* 2020 онд ямаа алдсан талаараа надад хэлээд манай маланд шүүгээд надад захиж явсан. 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй баг “Жаргалант” гэх газраас 15 ямаагаа алдсан гээд хайгаад явж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч М.ын “...Манайх 2020 оны 4 сарын сүүлээр Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг “” гэх газраас 15 тооны ямаагаа алдсан. 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Алдархаан сумын багийн малчин ******* гэх залуу хулгайлан авсан байсныг олж тогтоогоод очиж уулзаад төлүүлж авсан. 2020 оны 4 сарын эхээр алдсан 15 ямаагаа төв рүү түүхий эдийн ченжид зарж борлуулсан гээд 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 15 ямаа төлж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Л.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр ...Завхан аймаг Алдархаан сум Чигэстэй багийн нутаг дэвсгэрт “” гэх газар хонио хараад байж байхад 15 тооны улаан хар голдуу ямаанууд тасарсан байхаар нь мориор тууж ирээд хониндоо нийлүүлсэн. Уг ямаанууд манай хонинд 6-7 хонож байхад Чигэстэйн голд ямаа авч байгаа нэрийг нь мэдэхгүй хүнд хониндоо авчирч нийлүүлсэн 15 тооны ямааг бүгдийг худалдсан. Миний худалдсан 15 ямаанууд нь бүгд эм ямаанууд байсан. ...танихгүй хүнд өөрийнхөө мал гэж хэлээд худалдсан. ..Миний худалдсан 15 тооны эм ямаа нь хоёр талын чихэндээ “зүрх” имтэй ямаанууд байсан. ...өөрийн хээр зүсмийн шүдлэн мориор туусан...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч У.*******т 1.312.500 төгрөгний хохирол учруулсан нь “” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай хөрөнгийн үнэлгээчний гаргасан “...15 тооны ямаа 1.312.500 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
2. Мөн шүүгдэгч 2021 оны 08 дугаар сарын эхээр Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг “” гэх газраас иргэн У.*******ын өмчлөлийн 50 тооны ямааг хулгайлсан хэргийн үйл баримт нь
50 тооны ямаагаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч У.*******ын “...2021 оны 08 дугаар сарын эхээр 50 тооны ямаагаа Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг “” гэх газраас малнаасаа алдсан. Буруу чих зүрх эмтэй, мөн хойноосоо ухам имтэй ямаанууд алдсан. Содон гэвэл цэнхэр ямаа, ягаан буюу буурал ямаа нэг нэг байсан. Буруу талын эвэр дээр 4 үсгэн хөрөөдөстэй ямаанууд байсан. Голцуу хар, улаан зүсмийн ямаанууд байсан. Би ямаагаа Худаг, Агьт, Жаргалант, Өл, Доной хөндий гэх газруудаар хайгаад олж чадаагүй...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч М.ын “...2021 оны 08 дугаар сарын эхээр Алдархаан сумын Богдын гол багийн нутаг гэх газраас 50 тооны ямаагаа алдаад эрж хайгаад олохгүй байж байгаад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Алдархаан сумын багийн малчин Л.******* гэх залуу хулгайлан авсныг олж тогтоогоод сум руу гэх хүнд тууж аваачиж өгсөн гээд буцааж авчирч өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 50 ямаа төлж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Л.ийн “...Л.******* ах 2021 оны 08 дугаар сарын 14, 15-ны үед манайхыг Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн нутаг “Хүнгүйн гол” гэх газарт зусаж байхад өөрөө морьтой ирээд ишиг, борлон нас гүйцсэн эм голдуу нийт 37 тооны ямаанууд тууж ирээд “танай хонь, ямаанд түр хийчихье та хоёр маллаж байгаарай” гэхлээр нь би “тэг тэг” гээд тэр авчирсан ямаануудыг өөрийнхөө хонь, ямаанд хийгээд хариулж байтал удалгүй тус оны 08 дугаар сарын 21-нд Л.******* ах морьтой ганцаараа ирээд манай хонь ямаанд нийлүүлсэн нөгөө 37-н ямаагаа ялгаж аваад буцаагаад туугаад явсан. Би одоо бол им тэмдгийг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч М.ийн ”...Тухайн үед манайхтай саахалт байсан буюу ******* мал алдчихлаа гээд сураад манайхны хотоор орж мал шүүгээд явсан юм. Тэгээд 10 гаран хоногийн дараа ******* “өөрийнх нь алга болсон ямааг авчихсан хотондоо байлгаж байсан байна” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2021 оны 08 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Алдархаан сумын Богдын гол багийн “” гэх газарт 14 цагийн орчимд хонио эргүүлээд хонь бэлчиж байсан уулан дээр гарсан. Тэгтэл 37 тооны улаан, хар зүсмийн ямаанууд тасарсан байхаар нь хээр мориороо тууж ирээд хониндоо нийлүүлсэн. Миний тууж ирсэн ямаанууд нь буруу чихэндээ “Зүрх” имтэй, эврэндээ ямар нэгэн будаггүй ямаанууд байсан. ...ийн хонинд нийлүүлсэн 37 тооны ямааг буцааж тууж ирээд хохирогч У.*******т тоо зүсээр нь хүлээлгэж өгсөн. “13 ямаа дутуу байна манай 50 тооны ямаа алга болсон” гэхээр нь өөрийнхөө малнаас 13 тооны ямааг өгч хохиролгүй болгосон. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч У.*******т 4.375.000 төгрөгийн хохирол учруулсан нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 12 дугаартай “...50 тооны ямаа 4.375.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгч Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 2020 оны 04 дүгээр сард 15 тооны ямаа, мөн 2021 оны 08 дугаар сарын эхээр 50 тооны ямааг шууд санаатай үйлдлээрээ хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Шүүдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирогч У.******* нь “хохирол төлбөрөө бүрэн хүлээж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болно. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Л.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.******* үргэлжилсэн үйлдлээрээ 2020 оны 04 дүгээр сард гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн /400.000 төгрөгийн/ шүдлэн насны хээр зүсмийн морь, 2021 оны 08 дугаар сарын эхээр гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн /450.000 төгрөгийн/ ашигласан шүдлэн насны морь нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тооны морь нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “тээврийн хэрэгсэл, уналгад” гэсэн ойлголтод хамаарч байх тул түүний 2 тооны морины үнэ 850000 төгрөгийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Л.*******т 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Л.******* Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 01 жил 05 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Л.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тооны морины үнэ нийт 850000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Л.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн, эд хөрөнгийг битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН. ДЭЛГЭРМАА