Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Нандинцэцэг, П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Нарийн бичгийн дарга                             Ч.Алтанзул

Улсын яллагч                                           Б.*******

Хохирогч                                                  Б.*******

Шүүгдэгч                                                   Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          В.*******

Иргэдийн төлөөлөгч                                  А.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ад холбогдох 2223000000005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Завхан аймаг Цагаанчулуут сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагаанчулуут сум багийн нутаг дэвсгэр буюу сумын Засаг даргын тамгын газрын баруун талд байрлах тоот хашааны гадна талд танхайн сэдэлтээр хохирогч Б.*******ын цээжин тус газар хутга буюу зэвсэг ашиглан хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагаанчулуут сум багийн нутаг дэвсгэр буюу сумын Засаг даргын тамгын газрын баруун талд байрлах тоод хашааны гадна Б.*******ын цээжин тус газар хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Д.*******ад өөрийг нь хутгалсан гэж шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...2021 оны 12 дугаар сарын 03-ны орой  ...*******ын мотоцикл дээр очоод асаах гэсэн чинь мотоцикл асахгүй байсан ...явах гэсэн чинь ******* явахгүй гэсэн. Тэрнээс болоод , ******* хоёр хоорондоо маргалдаад нь *******ын нүд тус газар нь нэг удаа цохиод авсан. Тэр үед ******* миний нүд рүү цохисон, яаж байгаа юм гээд орилсон. Тэгээд , ...юунаас болоод намайг хатгасан талаар мэдээгүй ...би *******ыг зодож цохисон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Д.******* Б.ыг хутгалсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.ийн “...бид хоёр маргалдсан тэгээд би *******ын нүүрэн тус газар зүүн гараараа 1 удаа цохисон тэгтэл ******* нүүрээ дараад газар унасан. *******ыг газар унасан байхад нь би өгзөг хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал урд айл руу ороод нэг хутга гаргаад ирсэн. Тэр үед асуудал намжсан юм тэгээд бид нар наад хутгаа боль энэ тэр гээд байцгааж байх үед би нэг их хол явалгүй бич засчихаад нөгөө гурав дээрээ эргээд ирэх үед ******* “Ёоо хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд газар унаж байгаа харагдсан. Тэгээд би ******* дээр шууд гүйж очоод *******ын өөрийнхөө гараар цээжин дээрээ дарсан байхаар нь тэр дарсан гарыг нь аваад гараараа дараад хартал цус болсон байхаар нь эмнэлэг рүү мотоциклоор ирсэн...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч Н.ын “..., ******* хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгүй ******* газар унасан хэвтэж байхыг хараад очоод үзтэл “Намайг сая ******* хутгалчихлаа” гэсэн. Тэгээд пудволкыг нь сөхөөд үзтэл цус болсон байсан. ...Би тэр хутгыг айлаас авч гарч ирсэн... ******* миний гараас тэр хутгыг шүүрч аваад ******* руу очоод гар нь хөдлөх шиг болсон...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хутга, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хохирогч Б.*******д мэс засал хийсэн тухай тэмдэглэл хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******ын Б.*******ыг хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000000014 дугаартай “Хохирогч Д.*******ын биед цээжний хөндийд хий цус хуралт, өвчүүний баруун талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Д.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь тогтоол заасан хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Хохирогч Д.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогчийг хутгалахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Д.*******ын хохирогч Б.*******ыг хутгалсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоотой байна.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн гар хийцийн аль нь байж болно” гэж заасан ба дээрх тайлбарт заасан хүйтэн зэвсэг гэдэгт  хүний биед  гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зориулалт бүхий  эд зүйл хэрэгсэл түүний дотор хутга, заазуур бусад мэс хамаарна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг хутгалсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.******* дүгнэлтдээ: “шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ  Б.*******ыг хутгалсан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  эрүүл мэндтэй холбогдсон зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан ба шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ын эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардалд 5.818.000 төгрөг нөхөн төлсөн  байна. Хохирогч нь энэ шүүх хуралдаанаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч “цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардлаа нэхэмжилнэ” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

                      2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

 Шүүгдэгч Д.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас учруулсан эмчилгээтэй холбогдон гарсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 23.5 см, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн урт 12.5 см урттай хутга 1 ширхэг, хохирогч Б.*******ын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан юүдэнтэй хар өнгийн цамц 1 ширхэгийг цаашид ашиглах боломжгүй учир устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан түүнд 03 жил 05 сарын хугацаагаар хорих  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний  хувийн  байдлыг  харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.*******ыг  03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ад оногдуулсан 03 жил 05  сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт 23.5 см, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсгийн урт 12.5 см урттай хутга 1 ширхэг, хохирогч Б.*******ын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан юүдэнтэй хар өнгийн цамц 1 ширхэгийг зэргийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Б.******* нь шүүгдэгчээс цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ДЭЛГЭРМАА

               ШҮҮГЧИД                        П.ДОРЖБАЛ

                                                                                                                                       З.НАНДИНЦЭЦЭГ