Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             Ч.Алтанзул

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                      Ц.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             С.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******од холбогдох 2224000000019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Завхан аймаг Тосонцэнгэл сумын Оргих баг гэх газар байнга оршин суух хаягтай урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №331469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Харганы эхний Буугийн өвөлжөө” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4,831 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн Toyomg Hiace маркийн ******* улсын дугаартай хэрэгслээр цагаалж, сумын ойн санд 954.451 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Харганы эхний Буугийн өвөлжөө” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний  модыг бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******гийн “...Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан 954.451 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,

*******ын бэлтгэсэн модыг машиндаа ачсан талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...2 метрийн урттай 120 ширхэг модыг 1000000 төгрөгөнд бодож өрөндөө авсан. ...өөрийнхөө машинаар уулнаас 2 метрийн уртаар тайрч бэлтгэсэн моднуудыг машинаараа чирээд модны захад гаргаж ирсэн юм.   ...модоо ачсаар байгаад харанхуй болоод оройтоод ... тухайн газартаа хоночихоод өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Тосонцэнгэл суманд тухайн модоо тээвэрлэн ирсэн юм. ...Би тухайн үед ч *******оос чи наад модоо бэлтгэх үедээ гоожин авсан юм уу гээд асуухад Ц.*******ын зүгээс манай хүүхэд бид хоёрт сумын байгаль хамгаалагч Ч. гэх хүний бичсэн 2021 оны 12 дугаар сарын хугацаатай түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлсэн.  ...тухайн моднуудыг хууль ёсны дагуу бэлтгэсэн гэж бодсон юм...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “...Оргих багийн нутаг Харганы эхний “Буугийн өвөлжөө” гэх газарт очоод тухайн газраас миний автомашинд 2 метрийн урттай 120 ширхэг бөөрөнхий модыг ачаад оройтоод тухайн газартаа хоносон юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 14.00 цаг өнгөрч байхад Тосонцэнгэл сумын төвд тухайн моднуудыг тээвэрлэн ирсэн юм.  ... ...өөрийнхөө мосттой цагаан өнгийн улсын дугаар номергүй бага оврын ачааны автомашинаар уулнаас 2 метрийн урттай моднуудыг чирж ирээд модны захад авчраад тэгээд миний машинд аав, бид нар хамт ачиж байсан юм. ...моднууд нь 4 метрийн урттай гол хэсгээр нь тайрах гээд хөрөөний ором гаргачихсан моднууд байсан юм. ... гэх хүн манай аав бид хоёрт хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлээд манай аав бид хоёрт сумын байгаль хамгаалагч Ч. гэх хүний бичсэн 2021 оны 12 дугаар сарын хугацаатай түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч  С.ийн "... Манай нөхөр ******* ...надад ярихдаа би 2021 оны 12 дугаар сарын сүүлчээс хойш 2022 оны 01 дүгээр сар гартал ойгоос мод бэлтгэсэн гэж хэлсэн. ...******* 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бараан өнгийн мосттой ачааны автомашинаа асаагаад тэр ******* гэх өвөлжөөний урдхан талд байдаг мод руу явсан юм. ...манай нөхөр автомашинаараа мод чирээд цагаалаад 2 метрээр тайраад ... амбаартай автомашинд ачиж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ч.ын “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр түлшний мод бэлтгэх 3 метр куб модны № 22-004696 дугаартай эрхийн бичиг авч байсан. ...2021 онд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг надаас авч байгаагүй. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 2022 онд ойгоос бэлтгэх модны хуваарийг баталсан. Харин 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн сумын хэмжээнд иргэдэд хэрэглээний болон түлшний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож эхэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч М.ийн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны сүүлчээр өөрийнхөө нэр дээр Сүхбатын Батлхагва гэх хүнээр галын түлшний 3 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг өөрийнхөө нэр дээр авч байсан юм. ...хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. ...ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******ын зохих зөвшөөрөлгүй ойгоос хэрэглээний мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 954.451 төгрөгийн  хохирол учирсан нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №04 дугаартай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.гийн “...1.БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197.568 төгрөг болж, бэлтгэсэн мод 4.831 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 954.451 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр  шинэс мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр  байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгох талаар зохицуулсан байна.

Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжтэй.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар ойд зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний шинэс мод бэлтгэсэн  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д байгаль экологи–эдийн засгийн үнэлгээг 3 /гурав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 954.451х3=2.862.353 төгрөгийг нөхөн төлүүлэхээр заасан ба шүүгдэгч Ц.******* 2.862.353 төгрөгийн хохирлоо 100090455405 дугаарын дансанд нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.*******ын Завхан аймгийн Тосонцэнгэл  сумын төрийн сангийн 100090455405 дугаарын дансанд төлсөн 2.862.353 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар  Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлэх нь зүйтэй.

                        2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх  талаар:

  Прокуророос шүүгдэгч Ц.*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам  зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан алаг өнгийн хөрөө, ЗАА улсын дугаартай TOYOTA HIACE маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 4.831 метр куб модыг хурааж улсын орлого болгож,  ЗАА улсын дугаартай TOYOTA HIACE маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан бугуйл, тороос зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр буюу сар бүр /150000/ төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ц.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан суран бугуйл, тороос зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,  БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан алаг өнгийн хөрөө, ЗАА улсын дугаартай TOYOTA HIACE маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 4.831 метр куб модыг  хурааж тус тус улсын орлого болгосугай.

7. ЗАА улсын дугаартай TOYOTA HIACE маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн 100090455405 дугаарын дансанд төлсөн 2.862.353 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар  Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА