Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             Ч.Алтанзул

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                      Ч.*******

Хохирогч                                                       Э.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******ид холбогдох 2223000000021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , ээж, ах, дүү нарын хамт Завхан аймгийн сумын Товцог баг  ******* оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай  ******* овогт  *******ын *******, /регистрийн дугаар: /

Урьд: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын Жинс багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “” баарны гадаа, Чигэстэй багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” ШТС-ын орчимд иргэн Э.*******ын нүүрэн тус газар нь мөргөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын Жинст багийн нутаг дэвсгэр “” баарны гадаа, Чигэстэй багийн нутаг дэвсгэрт  “Ундарга” ШТС-ын орчимд Э.*******ыг мөргөж, зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Шүүгдэгч Ч.*******ид зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Э.*******ын “...Бид нар баарнаас 22 цаг өнгөрч байхад гарсан. Баарнаас гараад ...гэр гэр рүүгээ харих гээд зогсож байхад миний зүүн талын шанаа руу цоохор малгайтай залуу цохисон. Би цохиулаад доошоо суусан... Тухайн үед миний хамарнаас цус их хэмжээгээр гарч байсан. ...Бид нар Баазын “” ШТС-ийн орчимд явж байхад цагаан өнгийн “Приус-11” маркийн машинтай хүн араас ирээд машинаас буугаад миний зүүн талын шанаа руу 2 удаа цохиод хамар руу нэг удаа хүчтэй мөргөөд ухаан балартсан. Намайг цохисон залуу машиндаа суугаад дээшээ явсан. Би байр руугаа ороод унтсан. ...2021 оны 12 дугаар сарын 23-наас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 1 сая төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Ц.*******гийн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орой 20 цагийн орчимд ...“” бааранд орж үйлчлүүлсэн. ...22 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. ...намайг баарнаас гарахад ******* “” баарны зүүн талын гэрлэн дохионы замын урд талд уйлчихсан байхаар нь яваад очиход намайг миний шинэ цэрэг зодчихлоо гээд ногоон эрээн саравчтай цэргийн малгай өмссөн, хар өнгийн куртиктай үл таних залуу руу заахаар нь би үл таних залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод бид хоёр харилцан зодолдсон. ...Цэргийн ангийн байр руугаа алхсан ба ******* бид хоёр түрүүлээд урд нь алхаад явсан. ...******* бид хоёр “” ШТС-ийг өнгөрөөд алхаж байхад ******* “нөгөө хоёр дээр машинтай хүмүүс ирсэн байна, чи түрүүлээд явж бай, би тэр хоёр дээр очоод ирье” гээд буцаад явсан. Би цэргийн ангийн байр руугаа ганцаараа алхаад явсан. Намайг байранд орсон байхад араас *******, *******, ******* гурав орж ирсэн ба *******ын хамарнаас нь цус гарсан баруун хөлний шилбэний орчимд өмд нь цус болсон байдалтай байсан тухайн үед цаг 00 цаг болж байсан. ...******* бөөлжөөд толгой өвдөөд байна гэж хэлтэл эмч “бөөлжүүлдэггүй эм өг” гээд нэг нэрийн мэдэхгүй эм уулгаад сувилагч толгойг нь барьж өгөөд тэгээд бид хоёр хичээл рүүгээ явсан. Тэгтэл ******* “толгой өвдөөд байна” гээд цайны цагаар чөлөө аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, 

 Гэрч И.*******ын “ ...Намайг баарнаас гарахад баарны зүүн талын гэрлэн дохионы замын урд талд *******, ******* 2 маргалдаад байсан ба тэр хоёрын хажууд , , ******* гэх мэт 6, 7 хүүхдүүд байсан. Намайг очиход ******* намайг доод үеийн цэрэг зодчихлоо гээд уйлаад байсан ба тэгтэл ******* *******ийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохилцоод салсан. Тэгээд тэд нарыг салгаад ...бааз руу харих гээд бид нар алхаад явсан.  ...******* хоёр нэлээн зайтай ...100-аад метрийн зайтай явж байсан. ******* бид 2 дугаар сургуулийн хажууд очоод эргээд хартал *******, ******* хоёр дээр цагаан өнгийн приус маркийн машинтай 4 хүн ирсэн байхаар нь яваад очиход ******* газарт суучихсан толгойгоо бариад хамарнаас нь цус гарсан байдалтай ******* босгох гээд гарнаас нь татаж байсан. Уг цагаан өнгийн машинтай 4 хүний нэг нь ******* байсан. Бусад хүмүүсийг нь танихгүй. ******* нилээн ууртай намайг зодох болоогүй шүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч З.*******ийн “...“” бааранд 20 цагийн орчимд 13-лаа орж үйлчлүүлсэн. ...Бид нар баарнаас 22 цаг өнгөрч байхад гарсан ...араас нь *******, *******, ******* гурав гүйж ирээд 4-лээ болоод алхсан. *******, ******* хоёр ******* бид хоёроос түрүүлээд алхсан араас нь ******* бид хоёр алхаад явж байсан. ...Ундарга ШТС-ын хажууд алхаад явж байхад араас “Приус-11” маркийн машинтай 3-4 хүн ирээд машины хойд хаалганаас бууж ирсэн ногоон эрээн цэргийн малгайтай залуу *******ын хамар орчимд нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл ******* мөргүүлнээс болоод хойшоогоо унаж байхаар нь араас нь очоод түшиж автал бөгсөөрөө газар суусан. Үл таних ногоон эрээн цэргийн малгайтай залуу “та нар намайг зоддог хэн бэ” гээд байсан. ...*******ын хамарнаас нь цус гарч байхаар нь босгох гэхэд босохгүй байсан. Энэ үед ******* ирэхэд үл таних ногоон эрээн цэргийн малгай өмссөн залуу машиндаа суугаад явсан. ******* бид хоёр *******ыг цэргийн байр руу оруулсан. ...******* өглөө босоод толгой өвдөөд байна гэж хэлээд хичээлдээ суусан ба хичээлдээ сууж байхдаа толгой өвдөөд байна гээд багшаас чөлөө аваад *******тай хамт эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч С.ийн “... бааранд орж үйлчлүүлсэн. ...баарны гадаа ******* “манай доод оны цэрэг намайг цохьчихлоо гээд” орилоод байсан. Тэгтэл бааранд байсан цэргийн цоохор саравчтай малгайтай залууг ******* очоод нэг удаа цохихоор нь бид нар очиж салгаад үл таних залууг бид нар одоо явлаа чи явчих гэж хэлсэн. ...*******ын шанаа нь хавдсан хамарнаас нь цус гарсан байдалтай, ...******* намайг тойрог өнгөрөөд явж байхад машинтай хүмүүс ирээд зодчихлоо гэж ярьж байсан...”гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.гийн “...*******ын хамар цус болсон шанаа нь хавдсан байдалтай орж ирсэн. ...“” ШТС-ын орчимд явж байхад араас машинтай 4 залуу ирээд нэг залуу нүүр рүү мөргөчихөөд явчихлаа гэж хэлж байсан үүнийг нь ч ******* бас хэлж байсан. Тэгээд өглөө 09 цагт хичээлдээ сууж байхад ******* толгой өвдөөд байна гээд ангийн эмчид үзүүлээд цайны цагаар гэр рүүгээ яваад эмнэлэгт хэвтсэн...” гэсэн  мэдүүлгээр,

Гэрч М.ын “...такситай хөдлөөд “Ундарга” ШТС-ын хажуухан талд замын хажууд хоёр хүүхэд явж байсан чинь ******* “зогсож бай” гэж хэлээд буусан. Тэгээд бууж очоод хар күртиктэй хүүхдийг мөргөчихсөн. Тэгэхээр нь бид хоёр машинаас буугаад салгаад зогсож байх үед нэг цагаан өнгийн Приүс маркийн машин замын эсрэг талд зогсоод нэг ах бууж ирээд “та нар яагаад байгаа юм, одоо боль” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр *******ийг машинд суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлгээр

 Гэрч Т.ын ...“Ундарга” ШТС-ын урдхан талд хар болон улаан өнгийн күртиктэй хоёр залуу явж байсан. Тэгсэн ******* “намайг зодон банди нар мөн байна” гээд тухайн таксийг зогсоогоод буусан. Тэгээд бууж очоод хар өнгийн күртиктэй залууг мөргөчихсөн. Тэгэхээр нь бид хоёр машинаас буугаад очиж салгасан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Э.ын “...Бид нар баарнаас 22 цаг 20 минутын орчимд гараад баарны үүдэнд зогсож юм ярьж байгаад харихаар болцгоосон. Тэгтэл бид нарын араас хилийн цэргийн ногоон саравчтай малгай буруу харуулж өмссөн нэг залуу гарч ирээд *******ын нүүрэн тус газар цохисон. Тэгтэл *******ыг барьж аваад зодолдуулаагүй. Тэгтэл ******* *******ыг өмөөрөөд ганцаараа явсан залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа цохихоор нь нөгөө залуу зөрүүлээд цохиод байсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Ч.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн  “...Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр сумын бааранд ганцаараа орсон. Бааранд орохдоо эрүүл орсон ба бааранд 0.5 л хэмжээтэй 2 лааз пиво уусан. ..баарнаас гараад  ...тэд нарын хажуугаар гараад явах гэхэд хохирогч Э.******* нь “Би танай хал цэрэг байсан шүү дээ” гээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. ...намайг нийлж зодоод байхаар нь би Уранбайгаль зочид буудал руу зугтаасан. Би тэд нараас зугтааж байгаад найз , хоёр руу залгаад “би зодуулчихлаа хүрээд ир” гэж хэлсэн. Тэгтэл намайг зодсон залуучууд бааз руу чиглээд явж байхаар нь араас нь явган алхаад дагаад явж байсан. Тэгтэл манай хоёр найз Бааз руу өгсөх автобусны буудал дээр араас такси бариад ирэхээр нь машинд суугаад араас нь ...дөхөж очоод “Ундарга” ШТС-ийн орчимд машинаас буугаад түүний дух руу нэг удаа мөргөсөн. Тэгээд манай хоёр найз ирээд салгасан. Хохирогч надад мөргүүлээд суугаад үлдсэн би машиндаа суугаад гэр рүүгээ шууд харьсан. Би одоогийн байдлаар хохирогчид ямар нэгэн хохирол төлж барагдуулаагүй байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Э.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 000000037 дугаартай “...1.Иргэн А.*******ын гавал яс духны дагасан шугаман цууралт, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Дээрх гэмтлүүд нь 2021 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 4.Дээрх үүссэн гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн А.*******ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч болон гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Ч.******* хохирогч Э.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд Ч.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй байна. Хохирогч Э.******* шүүгдэгч Ч.*******оос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1000000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 Шүүх хохирогчийн гаргаж хэрэгт хавсаргуулсан нэхэмжлэлд холбогдох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, шүүгдэгчийн үйлдэлд шууд шалтгаант холбоотой гэм хорын зардлыг нотолж байгаа эсэх, тухайн баримтад бичигдсэн зардлыг тооцон дүгнэхэд нийт 856000 төгрөгийн баримтууд байна.

Хавтаст хэргийн 154 дүгээр талд авагдсан хохирогчийн Гэрэлт шүтээн эмийн сангаас авч хэрэглэсэн гэх 132.000 төгрөгийн  зарлагын /е-баримт/ хуульд заасан журмын дагуу авагдаагүй, хэн авсан нь тодорхойгүй учир хохирогчийн эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардал гэж үзэх боломжгүй байна. Иймд 132000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 724000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.*******од олгох нь зүйтэй.  Мөн нотлох баримтгүй 144000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт цаашид эмчлүүлэх шаардлагатай зардлаа шүүгдэгчээс дахин нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа учир түүнийг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Ч.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.******* Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй болох нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар авсан  тодорхойлолтоор тогтоогджээ.

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн  төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.******* Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.******* нь  2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба энэ өдрөөс  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох  нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ч.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 11 хоногийг хасаж эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.*******ийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ч.*******ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  түүнд анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.*******ид Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх  ялыг тус тусад эдлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ч.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан шүүгдэгч Ч.*******ийн  тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 88 цагийг эдлэх ялаас хассугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******оос 724000 төгрөг гаргуулж хохирогч Э.*******од олгож, 276000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарах  зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шүүгдэгч Ч.*******ийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ДЭЛГЭРМАА