Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Батсайхан

            Шүүгдэгч                                           Б.Г

            Хохирогч                                            Ж.Д

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Э.Мөнх-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгорын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Гт холбогдох 1812001140097 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бын Г

 

Б.Г нь 2018 оны 02 сарын 18-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Харгана” гэх газарт иргэн Ж.Дгийн толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Б Б-ын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч Ж.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.”

 

Хохирогч Ж.Дгийн гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг Ж.Д миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.  Миний бие Б.Гийг ингэж хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь надад асар их хэмжээний дарамт өгч байна. Б.Г нь энэ удаа ч биш, өмнө 2 удаа намайг хэл амаар доромжилж, цохиж зодож байсан. Мөн гэр орныг минь хүртэл эвдэж сүйтгэдэг байсан. Удаа дараа давтан үйлдэж байгаа нь хөгшин настай миний хувьд байж боломгүй санагдаж энэ удаагийн үйлдлийг би ахиж зүгээр өнгөрөөмөөргүй байна. Б.Г бол ааш араншин муутай, архи дарс их уудаг, уухаараа орж ирж агсам согтуу тавьж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилохоос гадна удаа дараа цохиж зодож дарамталдаг байснаас би сум орон нутагтаа ч амьдарч чадахгүй үргэлж айдастай байдаг байсан. Б.Гийн энэ үйлдэл ахиад гарах бий, энэ хүнд алуулах бий гэж айснаасаа болж Цэцэрлэг сумандаа амьдарч чадахгүй Архангай аймгийн төвд амьдарч байна. Цагаан сар болж би өндөр настай ээж дээрээ очиж золголт хийж байхад мөн согтуу орж ирж намайг хэл амаар доромжилж зодсон. Энэ хүнд асар их гомдолтой явж байна. Намайг хэл амаар доромжилж цохиж зодсон бичлэг нь хүртэл надад байхад нотлох баримтын хэмжээнд авч үнэлэхгүй байгаад би бас шүүх хяналтын байгууллагад хүртэл гомдолтой байна. Энэ хүний зан авир, эцэс төгсгөлгүй дарамт шахалтаас болж миний бие зүрх муудаж даралт ихэсдэг болсон. Үргэлж хэзээ орж ирэх бол гэж бодож айсаар байтал зүрхээр өвддөг болоод ч удаж байна. Надад байгаа тухайн үед ээжийн минь гэрт агсам тавьж, цохисон зодсон бичлэгийг нь нотлох баримтаар өгч шүүх хурал дээр сонсгож үзүүлмээр байна. Тэгвэл энэ хүний балмад үйлдэл хийсэн нь нотлогдох болно. Тухайн үед ээжийн минь гэрт дүү нар, ач зээ нар, хүргэн Батаа зэрэг олон хүмүүс байсан тулдаа гэр орноо шатаалгалгүй ассан галыг нь ус асгаж унтраагаагүй байсан бол ганц миний цохиж зодуулах ч биш их хэмжээний хохирол бидэнд учруулах байсан. Иймд би иргэн Б.Гт асар их гомдолтой байна. Шүүхийг үнэн зөвөөр нь шийдэж өгч энэ балмад танхай этгээдэд зохих ял шийтгэлийг нь үнэн зөвөөр оногдуулна гэдэгт миний бие итгэж байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Гт холбогдох эрүүгийн хэрэгт прокуророор төрийн нэрийн өмнөөс оролцож байна. Б.Г нь 2018 оны 02 сарын 18-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Харгана” гэх газарт иргэн Ж.Дгийн толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Дээрх шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий гарсан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон, оногдуулсан ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, өөрийн гэсэн хэдэн толгой малаа малладаг, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Энэ гэмт хэргийг гарах шалтгаан нөхцлийг ярих нь зүйтэй байх. Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсгийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч хүн байгаа. Энэ хэргийн холбогдогч нар нь хохирогч Дгийн хүү, хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн дүү нь байгаа. Энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь дүүгээ шоронд оруулчихаад ямар нүүрээрээ энд ирээд байгаа юм бэ, хол бай гэсэн асуудал удаа дараа үүссэн. Анхан шатны шүүхийн шүүх хурал болоход холбогдогч Батбаатар, Мөнхбат нар гадуур байсан. Гэтэл Улсын Дээд Шүүхээс тухайн хэрэг хянагдсаны дараа Батбаатар, Мөнхбат нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Б, М нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсний дараа хохирогч Ж.Д давж заалдах гомдол гаргасан. Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх Б.Гийн хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Ж.Дгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

         Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Б.Гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс Б.Гт түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “торгох” ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч миний бие Б.Гт ингэж хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь надад асар их хэмжээний дарамт өгч байна. Удаа дараа давтан үйлдэж байгаа нь хөгшин настай миний хувьд байж боломгүй санагдаж энэ удаагийн үйлдлийг би ахиж зүгээр өнгөрөөмөөргүй байна. Надад байгаа тухайн үед ээжийн минь гэрт агсам тавьж, цохисон зодсон бичлэгийг нь нотлох баримтаар өгч шүүх хурал дээр сонсгож үзүүлмээр байна гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн зүйл ангид хорих ял оногдуулах талаар хуульчлаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан байх тул хохирогчийн анхан шатны шүүх хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал болох гар утасны бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судалж, үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хохирогч Б.Гийг удаа дараа дарамталж агсам тавьж байсан талаар мэдүүлж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад энэ талаар баримт авагдаагүй, анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн, Б.Гт оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ