Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

2022    03     28                                                          2022/ШЦТ/51

 

               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

         Нарийн бичгийн дарга Б.Болор, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Үүрийнтуяа,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2219000070038 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Н

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Дэнжийн 37-10 тоот байрны урд талын шороон талбайд Тоёота Приус-20 маркийн, 06-19 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөн эхлүүлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч 1 нас, 8 сартай О.Мөнхзаяаг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Ажилдаа очиж найзыгаа  аваад 5-р сургуульд хүүхдээ хүргэж өгсөн Дэнжид байрладаг 1-р цэцэрлэгийн хажуугийн замаар явж зүүн гар талын шороон замаар эргэж гэрийнх нь гадаа очиж дугуйн торцов аваад тээврийн хэрэгслээ хөдөлгөхдөө санамсаргүй болгоомжгүй байдлаас болж найзынхаа хүүхдийн амь насыг хохироосон үйлдэлдээ үнэхээр их гэмшиж уучлалт гуйж байна ...” гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Үүрийнтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байсан. Манай хүүхдийн ах нь 4 дүгээр анги, эгч нь 1 дүгээр анги 15 цагаас хичээл нь ордог. Тухайн үед миний охин Мөнхзаяагийн унтдаг цаг нь болж байсан. Бид гэрээс гарах гээд бүгд хувцсаа өмсөж байсан. Миний охин өмнөх орой нь өрөөсөн гутлаа машинд үлдээгээд ээжээсээ нэг гутлаа нэхээд байхаар нь аавыг нь гараад гутлыг нь аваад ир гэсэн. Манай нөхөр түрүүлж гараад машинаас охины гутлыг авчирсан. Би охиныхоо гутлыг өмсгөж байх хооронд манай нөхөр гэрээс гарахаар хаалга нээхэд Н манай гэрийн хаалганы харгалдаа машинтайгаа ирээд зогссон. Нөхөр маань гэрээс гарч Нтэй уулзахад араас нь манай хүү, охин хоёр гэрээс гарсан. Гадаа аав, ах, эгч нар нь байсан болохоор охиноо гаргаад би өөрөө гутлаа өмсөөд үүдэнд байсан ууттай хогоо бариад гарсан. Би хүүхдүүдээ суух байх гээд машины хаалгыг нь нээсэн байсан. Ах нь машиндаа суугаад эгч нь суух гэж байсан. Мөнхзаяа охин маань машиндаа суух гээд нэг хөлөө өргөж байгаа харагдаж байсан. Би охиноо хөөрхөн юм аа өөрөө машиндаа суух гэж зүтгэж байна гэж бодоод ууттай хогоо тавиад эргэж хараад гэрийн хаалгаа цоожлох гэж байсан. Манай гэрийн хаалга цоожлоход жоохон гацдаг юм. Би хаалгаа цоожлоод эргээд харахад Н машиныхаа урд талаар тойроод машиндаа сууж байсан. Манай нөхөр машины араар явж байгаа харагдахад гэнэт л манай нөхөр хүүе охин гэж гүйсэн. Би юу ч ойлгоогүй машин руу 3 алхаад л очсон. Миний машины түлхүүр гарт маань байсан түлхүүртэй гараараа Нгийн машины цонхыг нь тачигнатал балбахад машин нэг юм дээгүүр гараад явсан. Би ямар зүйл дээгүүр гарсныг харж ч чадаагүй. Тэгэхэд манай нөхөр машины дороос охиныг сугалж гаргаж ирсэн. Би муухайн чарлаад л доошоо суусан. Тэгээд хурдан эмнэлэгт явъя гээд л машиндаа суугаад эмнэлэгт очсон. Гэрийн үүднээс Нг машинтайгаа хөдлөхөд миний охин зайтай байгаагүй. Миний охин 1 нас 8 сартай приус 20 машины хамрын урдаас хангалттай харагдана. Н машинаа хөдөлгөхдөө дугуйгаа хий эргүүлж маш ширүүн хөдөлсөн. Машинаа зөөлөн хөдөлгөж цонхыг нь балбаж байхад зогссон бол ийм зүйл болохгүй байсан. Нэхэмжлэх зүйл надад байхгүй. Н манайд 2 удаа ирж уулзсан. Манай зүгээс гаргасан зардлаа тооцоолоогүй. Н бид нараас хэдэн төгрөг гарсныг асуугаад байхаар нь манайхаас 15 сая төгрөг гарсан байна гэж харуулаад дэвтрээ өгөөд явуулсан. Тухайн мөнгийг өг гэж нэхэмжлээгүй ... Мөнгө нэхэмжлэх тал дээр би Нгөөс юу ч нэхэхгүй. Өмгөөлөгчөөс асуухад хуульд зааснаар оршуулгын зардлыг гаргуулдаг гэж байсан. Яагаад цагдаагийн албан хаагчаар миний хүүгийн дансыг авхуулаад 5.800.000 төгрөгийг хийсэн юм бэ, тухайн мөнгийг харахад надад аймшигтай санагдсан. Ямар нэгэн тайлбар шалтгаангүйгээр тухайн мөнгийг өгч байгаа юм. Би нэмж мөнгө нэхэмжлэхгүй. Энэ бол хүний сэтгэлийн асуудал. Н миний өөдөөс бүтэн харж уучлаарай ч гэж гуйгаагүй. Би гомдолгүй байна гэж юу байх вэ дээ. 10 сар хүүхдээ тээгээд махаа урж тасдан байж төрүүлээд 1 нас 8 сартай болтол нь би ажил хөдөлмөр эрхлэлгүй гэртээ хүүхдээ харж өсгөсөн. Зун ажилдаа орж 3 сар ажиллаад ажлаа өгөөд хүүхдээ харсан. Би гомдолгүй байна гэж байхгүй, үнэхээр их гомдолтой байна. Яаж цаг хугацааг буцаах вэ, яаж охиноо өөр дээрээ авчрах вэ гэж бодож байгаа. Адилхан нялх хүүхэдтэй учраас үр хүүхдийг нь бодоод үр хүүхдүүд нь аавтайгаа элэг бүтэн байгаасай гэж бодоод шүүхийн өмнө гомдолгүй гэж хэлье ... гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг өнгөрөөгөөд 2 том хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд хувцаслаад мөн бага охин Мөнхзаяаг эхнэр Үүрийнтуяа хувцаслаад байж байхад би хаалга нээлттэй, хаалгаар харахад найз Н өөрийнхөө 06-19 ДГН улсын дугаартай, Тоёото Приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр манай байрны баруун талын шороон замаар ирээд манай гэрийн зүүн урд талд зүүн тийш харуулан тавьсан. Миний 07-55 ДГС улсын дугаартай, улаан хүрэн өнгийн Тоёото Рүмион машины урд талд Н машиныхаа жолоочийн эсрэг талын урд талын дугуйг оруулаад харалдаа зогссон. Би гэрээс гарахад Н өөрийн машины жолоочийн хаалганаас гарч ирээд, машиныхаа араар тойроод над дээр ирэхэд би өөрийн машины араас Нн дугуйн дорцовыг аваад өөдөөс нь очоод ойр зуурын юм ярилцаж байгаад, би Нд хандаж, “чи хөдөө явах гэж байгаа бол миний запас дугуй чиний машинд таарах уу” гэж асууж байсан ба Н “таарахгүй юм байна” гээд машиныхаа арын багажийг онгойлгож хийгээд машиныхаа цаагуур яваад Н машиныхаа жолоон дээр суугаад машинаа шууд хөдлөх гэж байхад би бага охин Мөнхзаяагаа Нгийн машины жолоочийн эсрэг талын купер буюу дугуйны харалдаа зогсож байхыг хараад “Хүүхэд байна” гээд орилоод охин Мөнхзаяа руугаа гүйхэд миний охин Мөнхзаяа Нн машинд мөргүүлээд унаж байсан. Нн машины цонхнууд хаалттай байсан ба миний орилсныг сонсоогүй байх. Тэгээд би гүйж очоод Нн машиныг гараараа цохиход миний охин Мөнхзаяагийн толгойнх нь дээгүүр Нн машины жолоочийн эсрэг талын дугуй гараад зогсоход миний охины бие нь машины доор толгой нь дугуйны харалдаа байсан. Тэгээд би охиноо энгэртээ тэврэхэд миний охин Мөнхзаяагийн зүүн талын чихнээс цус их хэмжээгээр гарч, ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Тэгээд шууд өөрийн машиндаа суугаад эхнэр Үүрийнтуяа жолоо бариад эмнэлэг явсан ... Тухайн үед Н согтууруулах ундаа хэрэглээгүй байсан  ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дугаар хуудас/,

          Гэрч Б.Тайван-Ертөнцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... би Нгөөр гэртээ хүргүүлэхээр машиных нь жолоочийн арын суудалд суугаад явсан ... Н миний сууж байсан тал буюу жолооч талын урд талаар алхаад жолоочийн хаалгыг нээгээд жолооны ард суугаад машин асаалттай байсан учир шууд “D” араандаа хийгээд хөдөлсөн. Тэгтэл машины жолоочийн эсрэг талын дугуй овосхийх шиг болоход Н тормосоо гишгээд зогсоход Отгонбаатар машиныхаа хажуу талаас сандарч гүйж ирээд миний сууж байсан машины жолоочийн эсрэг талын урд хаалганы цаад талаас хүүхдээ тэврээд өөрийнхөө машинд суугаад шууд хөдлөөд явсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дуүгээр хуудас/,

          Гэрч Л.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... яаралтай түргэн тусламжийн тасгаас дуудлага ирэхэд “Гантамир эмч дээр нэг хүүхэд ирсэн байна, чи явах уу” гэхээр нь шууд дээшээ яаралтай түргэн тусламжийн тасаг дээр ирэхэд манай тасгийн сувилагч Оюундулам, эрчимт эмчилгээний сувилагч Шинэжаргал, Болдбаяр нар Мэдрэлийн их эмч Оюундарь нар бага насны эмэгтэй хүүхдэд анхны тусламж үзүүлээд эхэлсэн байсан. Тэгээд хүүхдийн харахад бүх бие нь хувхай цайсан, хамар амнаас нь цус гарсан, толгойн зүүн талын хэсгийг тэмтэрч үзэхэд гавлын яс тэмтрэгдэхгүй, хавдаж овойсон ба зүүн чихний сувгаас цус тогтохгүй урсаж байсан. Тэгээд миний араас эрчимт эмчилгээний их эмч Туяацэцэг, Гэмтлийн их эмч Гантулга нар орж ирсэн. Тусламж эхэлсэн байсан учир хүүхдэд үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэн хийсэн ба хүүхдийн амьсгал, зүрх судас сэргэхгүй байхаар нь Туяацэцэг эмч интубацын гуурсыг хүүхдийн цагаан мөгөөрсөн хоолойд байрлуулан, амбумаскаар амьсгалуулахад 2 талын уушиг нэлэнхүйдээ хэржигнэж саржигнасан чимээ сонсогдож байсан. Би сувилагчаас хүүхдэд тусламж үзүүлээд хэдэн минут болж байгаа талаар асуухад 30 орчим минут болж байгаа талаар хэлсэн ба тусламжаа үргэлжлүүлэн 20 минут болоход хүүхдийн амьсгал, зүрх, судас сэргээгүй, бүх бие нь улам цайсан. Амьсгалуулах лавшруулсан тусламж үр дүнгүй байсан тул тусламжийг зогсоосон ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Б.Нн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 12 дугаар сарын 03-ны ... өдөр би машинаа байрлуулахдаа өөрийн машины жолоочийн эсрэг талын кярланы хэсгийг Отгонбаатарын машины урд талын хэсэгтэй харалдаа зогсоосон ба машины арааг “Р” тавьж унтраалгүй машины жолооч талын хаалгаар суугаад өөрийн машиныхаа урдуур тойроод Отгонбаатарын машины урдуур алхаад жолооч талын хаалга дээр ирэхэд Отгонбаатар гэрээсээ гарч ирж байсан. Тэгээд Отгонбаатар машиныхаа хойноос багажаас миний дугуйн дорцовыг авч өгөөд, би Отгонбаатараас машиных нь запас дугуйг асуухад Отгонбаатар надад “чиний машины дугуйны нүх ойр уу, хол уу” гэж асуухад би машиных нь дугуйг хараад “хол нүхтэй юм байна” гээд цаашаа алхаад өөрийн машины багажид Отгонбаатараас авсан өөрийн машины дугуйн дорцовыг хийгээд машиныхаа жолооч талын хаалгыг нээгээд машиндаа суугаад машин асаалттай байсан тул би шууд хөдлөх араа буюу “D” дээрээ тавиад хөдлөхөд машины урд түс хийх чимээ гарахад би машиныхаа тормосыг гишгээд машинаа зогсоогоод харахад Отгонбаатар гүйж ирээд, жолоочийн эсрэг талын хаалганы цаад талаас хүүхдээ өргөхөд би машинаа зогсоох араа “Р” дээр тавиад машинаас гараад Отгонбаатар дээр очих гээд шууд машиндаа суухад эхнэр нь машинаа бариад явах шиг болсон. Би араас нь дагаад эмнэлэг дээр ирэхэд Отгонбаатар хүүхдээ тэврээд Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасаг руу орсон. Би эмнэлгийн үүдний хаалганы хажууд сууж байхад Отгонбаатар гарч ирээд “амьсгаа авлаа” гэж хэлээд буцаад орсон ... 37-39, 129-130 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/001 дугаартай “... Амь хохирогч О.Мөнхзаяагийн биед гавлын суурь, чамархай, дагз, суурь ясны хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалж, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, өвчүү ясны хугарал, баруун зулай, дагз, баруун хацар, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Амь хохирогч О.Мөнхзаяа нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

         Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №18 дугаартай “...06-19 ДГН улсын дугаартай, Тоёото Приус-20 маркийн, NHW207774647 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 05 дугаар сарын 22-нд Монгол Улсад орж ирсэн, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын эзэмшилд бүртгэлтэй, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орж MNS4598-2011 стандарт хангаж тэнцсэн. Замын хөдөлгөөнд оролцсон замнал болон тээврийн хэрэгжлийг шалгаж үзэхэд бүрэн бүтэн байна. Уг тээврийн хэрэгсэл нь эд ангийн эвдрэл гэмтэлгүй замын хөдөлгөөнд оролцож явсан байна. Техникийн хувьд эвдрэлгүй байсан тул осол гарахад нөлөөлөөгүй. Тээврийн хэрэгсэл дээр нь шалгаж үзэхэд жолооч, зорчигчийн суудлын бүс ажиллагаатай байсан. Тээврийн хэрэгслийг асааж зам дээр явж шалгаж үзэхэд тормозны систем бүрэн ажиллагаатай, тормозны шингэн дүүргэлт хэвийн, зогсолтын тормоз хэвийн ажиллагаатай байна. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гараагүй ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /хавтаст хэргийн 72-76 дугаар хуудас/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Батхуягийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “...мөнгөлөг өнгийн 06-19 ДГН улсын дугаартай “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Б.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,

          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас/,

          Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,

          Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-22, 84-85 дугаар хуудас/,

          Амь хохирогчийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/,

          Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас/,

          Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 60-68 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Дэнжийн 37-10 тоот байрны урд талын шороон талбайд Тоёота Приус-20 маркийн, 06-19 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөн эхлүүлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч 1 нас, 8 сартай О.Мөнхзаяаг дайрч, амь насыг нь хохироосон болох  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг өнгөрөөгөөд ...Н өөрийнхөө 06-19 ДГН улсын дугаартай, Тоёото Приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр манай байрны баруун талын шороон замаар ирээд манай гэрийн зүүн урд талд зүүн тийш харуулан тавьсан. ...машиныхаа цаагуур яваад Н машиныхаа жолоон дээр суугаад машинаа шууд хөдлөх гэж байхад би бага охин Мөнхзаяагаа Нгийн машины жолоочийн эсрэг талын купер буюу дугуйны харалдаа зогсож байхыг хараад “Хүүхэд байна” гээд орилоод охин Мөнхзаяа руугаа гүйхэд миний охин Мөнхзаяа Нн машинд мөргүүлээд унаж байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Тайван-Ертөнцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... би Нгөөр гэртээ хүргүүлэхээр машиных нь жолоочийн арын суудалд суугаад явсан ... Н миний сууж байсан тал буюу жолооч талын урд талаар алхаад жолоочийн хаалгыг нээгээд жолооны ард суугаад машин асаалттай байсан учир шууд “D” араандаа хийгээд хөдөлсөн. Тэгтэл машины жолоочийн эсрэг талын дугуй овосхийх шиг болоход Н тормосоо гишгээд зогсоход Отгонбаатар машиныхаа хажуу талаас сандарч гүйж ирээд миний сууж байсан машины жолоочийн эсрэг талын урд хаалганы цаад талаас хүүхдээ тэврээд өөрийнхөө машинд суугаад шууд хөдлөөд явсан...”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Батхуягийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн магадлагаа, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

           Дэнжийн 37-10 тоот хувийн байрны урд  уг осол болсон ба уг хувийн байр нь замын хөдөлгөөнөөс тусгаарласан хаалттай хашаагүй тул зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлнэ... гэжээ.

        Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй. Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Н нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардал 5,800,000 төгрөг төлсөн байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Үүрийнтуяа нь “... буяны ажилд 15,000,000 төгрөг гарсан. Энэ бүх мөнгийг хүүхдэдээ зориулж байгаа учир Нгөөс нэхэмжлэхгүй” гэжээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбаатар, Г.Үүрийнтуяа нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...би гомдолгүй  байна гэж байхгүй, үнэхээр их гомдолтой байна. Адилхан нялх хүүхэдтэй учраас үр хүүхдийг нь бодоод үр хүүхдүүд нь аавтайгаа элэг бүтэн байгаасай гэж бодоод шүүхийн өмнө гомдолгүй гэж хэлье” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Нд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5–т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж уг нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Үүрийнтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”хэрэгт эд мөрийн баримтаар хураалгасан охины хувцасыг авах саналтай байна” гэсэн тул  гадна тал нь шар өнгийн, дотор тал нь цагаан өнгийн даашинз 1 ширхэг, цагаан өнгийн эргэн тойрон ягаан өнгийн таван хошуу хэлбэр дүрстэй ноосон өмд 1 ширхэг, ягаан өнгийн өсгий болон өлмий хэсэг нь хөх өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн урд энгэр нь 4 ширхэг кноптой дэлгэгддэг энгэртэй цамц 1 ширхэг, цагаан өнгийн, бор өнгийн цэгэн толботой өмд 1 ширхгийг  олгож, ягаан өнгийн юүдэнтэй, урд талдаа дээрээсээ доошоо гүйцэт тайлагддаг, цахилгаантай гадуур хувцас 1 ширхэг нь урагдаж, гэмтсэн байх тул устгахаар шийдвэрлэв.

          Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.      

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар  шүүгдэгч Б.Нд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг  зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогч О.Мөнхзаяагийн өмсөж байсан гадна тал нь шар өнгийн, дотор тал нь цагаан өнгийн даашинз 1 ширхэг, цагаан өнгийн эргэн тойрон ягаан өнгийн таван хошуу хэлбэр дүрстэй ноосон өмд 1 ширхэг, ягаан өнгийн өсгий болон өлмий хэсэг нь хөх өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн урд энгэр нь 4 ширхэг кноптой дэлгэгддэг энгэртэй цамц 1 ширхэг, цагаан өнгийн, бор өнгийн цэгэн толботой өмд 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Үүрийнтуяад олгож, ягаан өнгийн юүдэнтэй, урд талдаа дээрээсээ доошоо гүйцэт тайлагддаг, цахилгаантай гадуур хувцас 1 ширхгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэргийн газрын дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         7.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН