Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Намуунзул, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

         Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эд холбогдох эрүүгийн 2219000480053 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Д.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанд плаза” зочид буудлаас Ш.Алтаннамарын эзэмшлийн А-32 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Өнгөрсөн жил “Шунхлай” ШТС-д 6 сар ажиллаад8 12 дугаар сарын 25-ны өдөр шинэ жилээ тэмдэглэх гэж Сайншандад ирсэн. Тэнд байхад миний утас цэнэггүй болоод манай манай ажлын хүн эхэлж тасраад миний утсыг аваад явчихсан байсан. Тэгээд ямар ч холбоо барих зүйлгүй болсон. Бид хэд “Шанд плаза” руу очиж 2 өрөө өрөө аваад нэлээд уусан. Тэнд очихоосоо өмнө ч мөн уусан. Энд манай хамаатных байдаг. Тэгээд шөнийн 3 цаг болж байхад хамааных руугаа очих гээд Мөнхнямаас утсыг нь гуйж аваад утсаар ярьсан. Тэгээд хамаатан руугаа залгасан чинь “такси явуулъя” гээд алга явуулж чадаагүй. Тэгээд би ахиад Мөнхнямын утсыг гуйж аваад нөхөр лүүгээ залгаад “би үеэлийндээ очиж хонож чадахгүй нь буудалдаа хонолоо, манай ажлынхан 2 өрөө авчихсан байгаа, нэг өрөөнд нь хоночихно архи дарс уугаагүй” гээд нөхөртэйгөө утсаар ярьчхаад утсыг нь эргүүлээд өгсөн. Тэр үед Мөнхнямын л утас байна гэж бодсон. Тэгээд би өрөөндөө ууж байгаад хажуу талын өрөөнд орж унтах гээд хаалгаа нээсэн чинь хөлд нэг юм өшиглөгдсөн тэгээд харсан чинь нэг бараан өнгөтэй утас байсан. Тэрхэн үедээ “хүн утсаа гээчихсэн юм байна” гээд тэр утсыг аваад өрөөндөө орж хоноод өглөө эрт Замын-Үүд явсан ...” гэв.

          Хохирогч Ш.Алтаннамарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой манай байгууллагын шинэ жил Хур говь зочид буудалд болсон. Тэндээс гараад Шанд плаза зочид буудал руу ажлын хамт олонтойгоо явсан. Тэнд очоод 2 давхарт өрөө авсан, өрөөний дугаарыг мэдэхгүй байна. Манай ажлынхан тухайн буудалд 2 өрөө авсан. Миний байсан өрөөнд манай ажлын Мөнхням, Баярцэнгэл байсан, өөр хэн хэн байсныг санахгүй байна. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. БИ тэнд байж байгаад хувцсаа үлдээгээд, Баярцэнгэлтэй хамт  явчихсан байсан. Намайг явсан хойгуур Мөнхням намайг алга болчихлоо гээд миний гар утас руу залгахад миний утас, пиджактай хамт орны ардуур уначихсан байсан гэсэн. Тэгэхээр нь Мөнхням миний утсыг алга болж магадгүй гээд халаасандаа хийсэн гэсэн. Тухайн үед Замын-Үүд суманд ажилладаг манай ажилтан Э миний утсыг аваад хүнтэй яриад буцаагаад Мөнхнямд өгсөн гэж хэлсэн. Бас Мөнхнямын утсаар Э ярьсан байсан. Өглөө нь сэрээд Шанд плаза орж хувцсаа авсан. Тэгээд утсаа асуухад миний утас алга болсон байсан. Тухайн гар утсыг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 894,000 төгрөгөөр Скайтел ХХК-аас зээлээр авч байсан ... Би гар утсаа авсан. Надад гомдол санал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 47 дугаар хуудас/,

          Гэрч С.Мөнхнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгж байтал Алтаннамар алга болчихсон байсан. Тэгээд би түүн рүү залгасан чинь утас нь өрөөнд дуугарсан. Сайн чагнаад байсан чинь орны цаагуур пиджактай нь хамт унасан байсан. Тэгээд би утсыг нь аваад өөрийнхөө утастай хамт зүүн талынхаа халаасанд хийсэн. Тэгээд уугаад байж байгаад тасарчихсан байсан. Маргааш өглөө нь Алтаннамар ирээд намайг сэрээсэн. Тэгсэн чинь 2 утас хоёулаа алга болсон байсан. Тэгээд бид 2 утсаа хайж байсан чинь хажуу талын орон дээрээс манай ажлын Батцэцэг “чиний утас надад байгаа” гээд тэрнээс утсаа олж авсан. Алтаннамар тусаа олж чадаагүй ... Замын-Үүд суманд түгээгчээр ажилладаг Э Алтаннамар болон миний утсаар нөхөртэйгөө ярьсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой ... Шанд плаза зочид буудалд ажлынхантайгаа байхдаа 02-03 цагийн үед Мөнхням гэдэг залуугаас утсыг нь гуйж хамаатан болох Алтантуяа руу ярьсан. Тэгээд ярьж дуусаад утсыг нь буцаагаад Мөнхнямд өгсөн. Удалгүй өрөөнөөс гарах гэж байхад хаалганы гадна нэг утас хэвтэж байсан. Тэгээд нөгөө өрөө рүү орох гэсэн чинь манай өрөөнийхөн хаалгаа тайлаагүй. Тэгээд тэндээ унтсан. Маргааш нь шууд Замын-Үүд рүү явсан. Нөгөө гар утсыг цүнхэндээ хийгээд мартсан байсан. Нөгөөдөр нь Алтаннамар над руу залгаад “миний утсыг харсан уу” гэж асуухаар нь нөгөө утсыг Алтаннамарын утас гэж бодоогүй болохоор би “хараагүй” гэж хэлсэн. Тэгээд Алтаннамараас “чиний утас ямар утас вэ” гэхэд А32 гэж хэлсэн. Нөгөө утсыг анх харахдаа Iphone байна гэж харсан болохоор Алтаннамарын утас биш байх гэж бодсон. Тэгээд ярьсныхаа дараа нөгөө утсыг асаагаад үзсэн чинь А32 гэж гарч ирж байсан. Тухайн үед болчимгүй үйлдэл гаргачихсан. Тухайн үед би утасгүй байсан болохоор өөрөө ашиглая гэж бодсон. Тэгээд өөрөө ашиглаж чадахгүй болохоор нь өөрөө утас аваад, тухайн утсыг ашиглаагүй. Шинэ дугаар аваад нөгөө утсанд хийгээд, нөхөртэйгээ ярьдаг байсан. Сүүлд Алтаннамар над руу яриад утсаа асуугаад байсан. Анх худлаа хэлсэн болохоор тэрэндээ ороогдоод эвгүй байдалд орчихсон. Тэрэндээ маш их харамсаж байна ... Анх олоход асаалттай байсан, тэгээд шууд унтраасан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 45 дугаар хуудас/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-921/2683 дугаартай “... Гар утас /Самсунг А32/ 550,000 төгрөг ...“ гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

          Эд зүйлийг хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

          Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Шанд плаза зочид буудлаас хохирогч Ш.Алтаннамарын эзэмшлийн А-32 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд 550,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Э нь бусдын  өмчлөл, эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж хохирогч Ш.Алтаннамарын эзэмшлийн А32 маркийн гар утсанд шинэ дугаар хийж, ашигласан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож, бусдын  өмчлөл, эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэстэй байна.

 Бусдын  өмчлөл, эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсан буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй энэхүү гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хэмжээний хохирол учруулсан байхыг хуульд заажээ.

          Иймд шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Ш.Алтаннамар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсаа хүлээн авсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Д.Эд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг хуульд заахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг прокурор хянах, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан эсэхийг шүүх хянаж байхыг хуульчилсан ба хуулийн энэхүү заалтаар хянахад хуулийн шаардлага хангасан, хохирогч Ш.Алтаннамарт учирсан материаллаг хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэл хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Д.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА