Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 2119000000219 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Ц.А

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ц.А нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Батхүүгийн толгойн тус газарт архины шилээр 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Б.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед Сайншанд сумаас урагш Жолоочийн овооны ойролцоо ганцаараа 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг уучихаад Зүүнбаян руу явж байтал замд Ариука гэдэг хүнтэй таараад өөрийнхөө авч явсан архинаас өгсөн боловч талыг би өвөртөө хийсэн чинь Ариука миний толгой руу архины шилээр цохисон ... Эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөг нэхэмжилнэ, одоогоор баримт байхгүй байна ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4, 39, 111-112 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Тэгээд маргааш нь ойролцоогоор 14 цагийн үед Хамарын хийдээс хилэнцтэй хөшөө хүртэл үеэл дүү Мөнжигийн мотоциклийг унаад явсан. Тэнд очиход танихгүй хүмүүс байсан ба зүс таних Батхүү байхаар нь очиж архи ууж байгаад, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 34-35, 114 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №02/312 дугаартай “... Б.Батхүүгийн биед толгойн шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь 10-аас дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинээр илэрсэн зүйлгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

          Хохирогч Б.Батхүүгийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 10-13 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 25, 48-51 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Ц.А нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Батхүүгийн толгойн тус газарт архины шилээр 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Ц.Аын үйлдлийн улмаас хохирогч Б.Батхүүгийн эрүүл мэндэд толгойн шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №02/312 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Ц.А нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед толгойн шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Б.Батхүү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирлын талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

            Шүүгдэгч Ц.Аод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, бусдад төлөх төлбөргүй болон түүний эрүүл мэнд зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь хууль ёсны, шударга ёсны зарчмуудад нийцнэ гэж үзлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Аын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, оногдуулсан ялыг эдэлсэнд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, оногдуулсан ялыг эдэлсэнд тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Батхүүгийн нэхэмжилсэн эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА