Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/387

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Р.Мягмардорж,

шүүгдэгч: С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-нд холбогдох эрүүгийн 2208000000000тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Сйн Б /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ***дугаар сарын ***-ний өдөр ********** хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... засварчин ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Баруунбаян Уулын 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “........” нэртэй караокед иргэн Б.С-нг “бид нарын дууг хорьдог хэн бэ” гэх маргаанаас үүдэлтэйгээр нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                             

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” нэртэй караокед иргэн Б.С-нг “бид нарын дууг хорьдог хэн бэ” гэх маргаанаас үүдэлтэйгээр нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтооFлоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид 3 юм яриад инээж хөөрөөд байж байтал хажуу талын ширээнд сууж байсан 3 залуу бид нарыг чимээгүй байдаа гээд томроод байхаар нь би босож очоод та нар бид нарын дууг хорьдог хэн юм бэ гэсэн чинь нэг цэнхэр бараан өнгийн цамцтай залуу босож ирээд миний нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд манай найзууд болон  тэнд сууж байсан үл таних залуучууд бид 2-ыг салгаад байж байтал тэр 3 залуу караокеноос гараад яваад өгсөн...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,

-Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай дүү Б та нар жаахан чимээ гаргахгүй ярьчихаж болохгүй юу гэсэн чинь нэг хар өнгийн малгайтай цамцтай залуу босож ирээд та нар юу гээд байгаа юм бэ гэхээр нь Б босож очоод хоорондоо маргалдаад Б тэр хар өнгийн малгайтай цамцтай залуугийн нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохихоор би очиж салгах гээд Б-ийг зуураад авсан чинь тэр хар өнгийн малгайтай цамцтай залуу Б-ийг цохих гээд байхаар нь би тэр хар өнгийн малгайтай цамцтай залууг боль гэсэн чинь Б-ийг цохих гэж байгаад миний уруул руу гараа 1 удаа хальт цохчихсон юм. Тэгээд бид нар тэр караокеноос гараад явсан...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/,

-Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...чанга чанга яриад инээж хөхөрөөд байхаар нь миний дургүй хүрээд та нар чимээгүй байлдаа гэсэн чинь тэр нэг хар өнгийн малгайтай цамцтай залуу нь босож ирээд та нар хэн юм бэ гээд байхаар нь манай найз Б ширээнээсээ босоод тэр хар өнгийн малгайтай цамцтай залуутай маргалдаад Б тэр хар өнгийн малгайтай цамцтай залуугийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь тэр О босоод Б-ийг болиулах гээд салгаад байж байтал тэр хар өнгийн малгайтай цамцтай залуу Б-ийг цохих гээд дайраад байхаар нь бид 3 тэр караокегоос гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,

-Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид 3 юм яриад байж байсан чинь хажуу ширээнд 3 үл таних залуу орж ирж сууж байсан. Тэгсэн чинь тэр 3 залуу бид 3-ыг чимээгүй бай гэхээр нь манай найз С тэр 3 залуу дээр босож очсон чинь тэр 3 үл таних залуугийн нэг бараан цамцтай залуу нь С-нгийн нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгээд бид нар тэр 2-ыг салгаад байж байтал тэр 3 үл таних залуу Караокегоос гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/,

-Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид нар юм яриад байж байтал хажуу ширээнд сууж байсан 3 үл таних залуу бид нарыг чимээгүй ярь гээд байхаар нь С тэр 3 үл таних залуучууд дээр очсон чинь нэг залуу нь босож ирээд шууд С-гийн нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд салгаад тэр 3 үл таних залуучууд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Ж.Г-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

“...1.Б.С-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч С.Б яллагдагчаар өгсөн: “...бид 3 пивоо хувааж уугаад сууж байтал хажуу ширээнд хүмүүс чанга яриад инээгээд байхаар нь Б тэр ширээний хүмүүс та нар чимээгүй ярьчих гэсэн чинь тэнд сууж байсан хар өнгийн малгайтай цамцтай залуу ширээнээсээ босож ирээд та нар хэн юм бэ бас бид нарын дууг хорьдог хэн юм бэ гээд томроод байхаар нь миний дургүй хүрээд тэр хар өнгийн малгайтай залууг босож очоод нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгсэн чинь О ширээнээсээ босож ирээд боль гээд салгасан чинь тэр хар өнгийн малгайтай цамцтай залуу дайраад байхаар нь больё гэж бодоод бид 3 тэр караокегаас гараад явж байтал О-гийн уруул нь шалбарсан байсан...” гэж /хавтаст хэргийн 57-58-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 32-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 33-р хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 35-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 36-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 37-р хуудас/, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын тодорхойлолт /хавтаст хэргийн 38-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 39-44-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Ж.Г-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.С-гийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б-ний үйлдэл нь хохирогч Б.С-ны Үндсэн хуулиар олгогдсон эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хууль бус бөгөөд нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Б.С-нг нүүрэн тус газар нь цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэстэй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч С.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч С.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Б-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт С-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар С.Б-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА