Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/266

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Б.Ё /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж холбогдох эрүүгийн 2211 00000 0079 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.Ё 2001 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол 1026-29 тоотод оршин суудаг, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр тогтох ял шийтгэгдсэн

 

Шүүгдэгч Б.Ё нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 12 дугаар сарын 2-ны шөнө 22:20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Тын бусадтай маргалдаж байхдаа газар тавьсан 1.295.000 төгрөгийн үнэлгээ бүхий нотебүүкийг Т.А нь андуурч авсныг мэдсээр байж түүнээс авч бусдад худалдан борлуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ё нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 22:20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Тын бусадтай маргалдаж байх үедээ газар тавьсан байсан 1.295.000 төгрөгийн үнэлгээ бүхий “эйч пи” маркын нотебүүкийг Т.А нь андуурч авсныг мэдсээр байж түүнээс авч, бусдад худалдан борлуулж завшсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Б.Ёаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Ёаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэр үед зам дагуу автобусны буудлаас баруун тийш 500 метр орчим явахад 4 залуу хоорондоо зодолдож байсан бөгөөд бид өнгөрөөд явах гэхэд нэг залуугийн нь нүдний шил газар унасан байхаар нь би шилийг нь газраас аваад өгсөн чинь нэг залуу нь намайг цохиод авсан. Тэгээд би нөгөө залуутай нь барьцалдаад хэсэг ноцолдсон бөгөөд хамт явсан ангийн хүүхдүүд намайг салгаад цааш дагуулаад явсан. Тухайн үед хамт явсан манай сургуулийн дээд курсын охин болох А хөх өнгийн цүнх барьчихсан явсан бөгөөд Энэ хэний нотебүүк вэ гээд байсан. Тухайн үед эзэн нь олдоогүй бөгөөд А "энэ хүнд байна" гээд Хувьтөгөлдөрт өгсөн. Бид баруун дөрвөн зам дээр ирээд хоёр хэсэг болж салаад харьцгаахаар болсон бөгөөд Хувьтөгөлдөр Энэ нотебүүкийг хэн авч явах юм бэ? гэхээр нь би Би аваад явчье гээд цүнхтэй нь авч үүрээд найз Сүхбатын Баянхошуунд байх гэрт нь очиж хоноод маргааш нотебүүкийг Эрхэс гэх найзынхаа хороололд байдаг гэрт нь аваачиж тавьсан. Би энэ нотебүүкийг хүн сураглаж ирэх байх гэж бодсон боловч хүн асууж ирээгүй. Би 14 хоногийн дараа хичээл амраад шалгалт эхлээд төлбөр нэхэгдээд байсан болохоор нөгөө нотебүүкийг зараад төлбөрөө хийчье гэж бодоод фээсбүүк дээр яаралтай нөтебүүк авна гэсэн зар дээр байсан /одоо дугаарыг нь санахгүй байна/ нэг дугаартай яриад гэмтэлийн автобусны буудал дээр нөгөө эрэгтэй хүнтэйгээ уулзаад 900.000 төгрөгийг тэр хүнээс бэлнээр аваад нотебүүкийг өгөөд явуулсан. Би тэр 900.000 төгрөгөө өөрийн хичээлийн сургалтын төлбөрөө төлсөн..” гэх мэдүүлэг /хх-52-53/,

Хохирогч Б.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10 жилийн нэг ангийн найзууд болох Мөнхжин, Төрмөнх, Мягмарнаран гуравтай Нарантуул зочид буудалд байдаг ресторанд орцгоогоод 2, 2 шил Чингис гээд задгай пиво уусан. Тэгээд тэндээсээ 21 цаг өнгөрөөж гараад Пийс моллын баруун талд байх Чикен бээр гэх пабд ороод нэг шил архи 2, 2 шил пиво 2 шил сөжү уугаад 23 цаг өнгөрч байхад тэндээсээ гарсан. Тэгээд Мөнхжин Мягмарнаран нар хоорондоо муудалцаад тэгээд би салгах гэж дундуур нь ороод бид дөрөв ерөнхийдөө хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэр үед тэрүүгээр хэдэн залуучууд явж байгаад бид нартай муудалцаад бужигналдаад ноцолдож байгаад салцгаасан. Би тухайн үед нэг залуутай ноцолдож байтал миний үүрч явсан нотебүүкийн цүнхний үүргэвч тасраад цүнхтэй нотебүүк газарт унасан. Тэгээд би нөгөө залуугаас салаад эргээд нотебүүкээ хайхад олдохгүй байсан. Би нотебүүкээ яаж алдсанаа мэдэхгүй байна. Би хяналтын камер шүүлгэх хүсэлтэй байна. Цүнхтэй HP маркийн 17 үзүүлэлттэй нотебүүк байсан, би 2020 оны 4 дүгээр сард Сэлэнгэ аймгаас 2.200.000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 2.000.000 төгрөгөөр үнэлж байна..гэх мэдүүлэг /хх-17/,

 

Гэрч З.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..Тэгээд 4 зам дээр ирэхэд Ариунтуяа нэгэнд нь май өөрийнхөө нотебүүкийг ав газар хэвтэж байсан гэхэд нөгөөх нь миний нотебүүк надад байна гэсэн. Тэгээд нөгөө хэдийнх юм байна аваачиж өгөх үү гэж ярьцгаахад Ёндонжамц дахин очвол зодоон болно ярьшиг гээд нотебүүкийг нь авсан. Тэгээд 4 замаас салаад Ёндонжамц нэгэнтэй салж яваад бусад нь 10 дугаар хороолол руу алхсан. Маргааш нь хичээл ороход Ёндонжамцаас "нотебүүк нь байгаа юу шуудангаар явуулчихдаг юм байсан ш дээ" гэхэд "надад байгаа түр азнаж байя" гэж байсан.. гэх мэдүүлэг /хх-18-19/,

 

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..би сандлаас Хүслэнгийн нотебүүк гэж бодоод нүдний шилтэй хамт авсан. Тэгээд салаад цаашаагаа явж байхад би Хүслэнд нотебүүкээ авахгүй юм уу, хүнд байна гэхэд миний нотебүүк биш гэж хэлсэн. Тэгээд би хүний нотебүүк авсан байна буцаагаад өгье гэсэн чинь, буцаад очвол зодоон болно гэсэн. Тэгээд уг нотебүүкийг Хувьтөгөлдөр авахгүй хаялаа шүү гэхэд Ёндонжамц би аваад явъя гээд уг нотебүүкийг Ёндонжамц авч үлдсэн.. гэх мэдүүлэг /хх-22-23/,

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ариунтуяагийн олсон нотебүүкийг Ёндонжамц аваад явсан. Сүүлд Ёндонжамц уг нотебүүкийг ломбардад тавьсан гэж хэлсэн. Тухайн үед Ариунтуяа уг нотебүүкийг манайхны нэгнийх байх гэж андуураад авсан байна лээ. Би тухайн үед Хүслэнгийн нотебүүкийг бариад явж байсан ба тэгээд салахаас өмнө Хүслэнд өөрт нь өгсөн..гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно" ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ЧД1-22-19 дугаартай дүгнэлтэд: /хх-29-30/ “..тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1.295.000 төгрөгөөр үнэлэгдэв..”  гэх эд зүйлийн үнэлгээ /хх-29-30/, шүүгдэгч Б.Ёын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ёын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг энэ гэмт хэргийг үйлсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ё нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ёаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ёад оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч  Б.Ёыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ё нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ёад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ё нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Ё нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ёад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР