Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Нарангэрэл,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

хохирогч Л.Сумхүү, Б.Мээлэйсүрэн, Ю.Дамжин,

         шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 12-39/,

шүүгдэгч Д.Буянтогтох нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гангидай  овогт Доржбатын Буянтогтоход холбогдох 201519000797 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт  Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо зүүн сэлбэ 4 дүгээр гудамж 44 а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгйн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагж 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гангидай овогт Доржбатын Буянтогтох, /РД:ДГ87120911/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Буянтогтох нь Төв аймгийн Аргалант сумын нутаг “Уушиг хөтөл” гэх газарт 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 24-20 УНС улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, /Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно /гэсэн заалт 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан /жолооч хөдөлгөөнд аюул, саад бие болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна / гэсэн заалт, 2 дугаар бүлгийн 2.3б-д заасан /хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалаар явж байсан хохирогч Л.Сумхүүгийн жолоодон явсан 55-29 УНЯ улсын дугаартай Тоёота Корола маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ц.Энхцэцэгийн амь нас хохирч, Л.Сүмхүүгийн биед хөнгөн гэмтэл, Т.Төгсжаргалын биед хүндэвтэр гэмтэл, Б.Мээлэйсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй Д.Билгүүнтөгсийн биед хүндэвтэр гэмтэл, Ю.Дамжингийн биед хүнд гэмтэл тус тус учирч, иргэн Б.Баасанжаргалд 2.350.000 төгрөгийн хохирол, Г.Нямрагчаад 7.760.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Буянтогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Хохирогч Л.Сумхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Д.Буянтогтоход гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Б.Мээлэйсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Одоо үлдсэн хохирлоо төлүүлж авмаар байна. 6.000.000 гаруй төгрөг нэхэмжилнээс өнөөдрийн байдлаар надад 1.265.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдсэн нэхэмжилж байгаа хохирлын хувьд баримтгүй байгаа. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол саналгүй гэв.  

 

Хохирогч Ю.Дамжин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн тул дахин нэмж ярих зүйл байхгүй. Одоо миний хувьд хагалгаанд орохын тулд 8.000.000 гаруй төгрөг шаардлагатай байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Хүүхэд Билгүүнтөгсийн хувьд нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэв.  

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн төлөөлөгч Ц.Төмөрбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манай төрсөн дүү болох Ц.Энхцэцэг нь өөрийн нөхөр болох Буянтогтохтой хамт 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр маргааш өглөө бид 2 Архангай аймаг руу ах дүү нар дээрээ очих гэж явна гэж утсаар хэлсэн юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 30 минутын үед манай төрсөн дүү Ц.Энхцэцэг “би нөхөртэйгөө нөхрийнхөө Верна Аксент маркийн машинтай Архангай аймаг руу гарлаа” гэж утсаар ярьж байсан. Тэгээд тэр өдрийн 22 цагийн үед манай хүргэн Буянтогтохын дүү Далай гэдэг залуу над руу яриад нөгөө 2 чинь гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон чинь манай хүргэн гэмтлийн эмнэлгийн эмчийн өрөөний үүдэнд сууж байсан. Тэгэхээр нь би хүргэн Буянтогтохоос эхнэрийнх нь талаар буюу өөрийнхөө дүүгийн талаар асуухад мэдэхгүй байсан. Тэгэхээр нь би эмчээс би өөрийнхөө дүүгийн талаар асуусан чинь тэр эмч зам тээврийн осол болоод Буянтогтохын хажууд сууж явсан эмэгтэй газар дээрээ нас барсан талаар мэдээлэл байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Төгсжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед Сумхүү машинаа бариад хажууд нь Мээлэйсүрэн суугаад арын суудал дээр Дамжин, Билгүүнтөгс бид 3 сууж явсан юм. Миний хувьд машины баруун талд буюу жолооч Сумхүүгийн ард сууж явсан юм. Тэгээд засмал зам дээр гараад явж байтал өөдөөс жижиг цагаан өнгөтэй машин ирж явсан, тэр машин эсрэг урсгал руу нэг ороод нэг гараад яваад байхаар нь манай машины жолооч Сумхүү хурдаа хасаад баруун талдаа шахаад бараг зогсох гэж байтал нөгөө өөдөөс ирж байсан жижиг цагаан машин манай машиныг мөргөөд машиныг жалга руу бөгсөөр нь оруулчихсан. Тухайн үед би хальт ухаан алдчихсан, зам тээврийн осол болчихсон байсан. Тэгээд манай машинд сууж байсан хүмүүс бүгд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн үед манай машин хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. гэхдээ зам тээврийн осол болох үед манай машин бараг зогсож байсан. Зам тээврийн осол болох үед цаг агаарын байдал тогтуун цэлмэг байсан, үзэгдэх орчин чөлөөтэй замын нөхцөл байдал хальтиргаа гулгаагүй байсан. Зам тээврийн ослын улмаас зүүн гар хугарсан. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Би зүгээр машинд сууж байгаад зам тээврийн осолд орж бие махбодиороо хохирсондоо гомдолтой байна. Гэм буруутай этгээдээс эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цэнджав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ээжийн гэрт байж байхад миний төрсөн дүү өөрийн машинтайгаа Төв аймгийн Аргалант суманд байдаг манай гэр рүү явж байна, нөхөр 2 хүүхдээ авч ирэхээр авга ах Төгсжаргал, хүргэн Мээлэйсүрэн нарын хамт явсан. 16 цагийн үед манай хэд машинтайгаа осолд орсон гэдэг мэдээ сонсоод гэмтлийн эмнэлэг дээр ирсэн чинь манай нөхөр хүүхэд болон Сумхүү, Төгсжаргал, Мээлэйсүрэн нар ирсэн байсан. Манай нөхөр Дамжин хүргэн Мээлэйсүрэн нар хэвтэж эмчлүүлэхээр болоод Төгсжаргал ах гараа гибстүүлээд манай 5 настай хүү Билгүүнтөгсийн зүүн хөл нь цуурсан байна гэж гибсдсэн. Миний хүү зам тээврийн осолд ороод бие махбодиороо хохирсон, гомдолтой байна. Гэм буруутай этгээдээс эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Манай хүү Билгүүнтөгс гибсээ авахуулаад одоо гэртээ байгаа, эмч нар миний хүүг толгойны зураг авхуулах шаардлагатай гэж хэлсэн. Манай нөхөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Баасанжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 24-20 УНС улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн машин минийх байсан. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр найз Буянтогтоход 5.000.000 төгрөгөөр зээлээр зарсан. Тийм учраас энэ машин миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Бид төлбөрөө дууссаны дараа машинаа нэр дээр нь шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэхдээ одоо энэ машин Д.Буянтогтохын эзэмшлийнх болсон. Манай найз зам тээврийн ослын улмаас эхнэрээ алдаад өрх толгойлсон эцгийн үүргийг гүйцэтгэж байна. Ийм байдалтай байгаа учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо иргэний журмаар энэ асуудлаа шийдэхээр тохиролцсон. Учир нь бид хоёр зээлийн гэрээ байгуулсан, надад Буянтогтохоос нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Нямрагчаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ тээврийн хэрэгслийн эзэмшигч Сумхүү манай байгууллагад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр машинаа барьцаалаад 1.700.000 төгрөгийн зээл авсан. Тийм учраас манай байгууллагын нэр дээр байгаа юм. Би барьцаа хөрөнгийнхөө нөхцөл байдалтай танилцлаа. Эхний дугаарт хөрөнгийнхөө бүрэн бүрэн байдлыг шаардаж байна. Сумхүүгийн хувьд зээлээ төлж байгаа. Сумхүүгээс зээлээ нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Доржбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манай хүү Буянтогтох төлөв даруу зантай, нийтэч, хүнтэй хэрүүл, маргаан хийж ам зөрөөд байдаггүй. 10 дугаар ангиа төгсөөд дээд сургуульд ороод удалгүй сургуулиасаа гарчихсан юм. Тэгээд 2007 онд Энхцэцэг гэдэг охинтой танилцаад үерхэж эхлэд 2008 онд нэг охин гаргаад 2014 онд дахин нэг охинтой болсон. Тэгээд зам тээврийн осол гаргаад эхнэр Энхцэцэг нь нас барчихлаа, одоо 2 охинтойгоо үлдсэн байгаа. Ахуй амьдралынх нь хувьд хамгаалалтын албанд ажил хийдэг, одоо өрх толгойлсон эцэг болсон. Ийм учраас миний хүүгийн амьдралыг бодоод 2 охиныг нь бодоод хэргийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү. Миний хүү Буянтогтох нь зам тээврийн ослоос болоод сэтгэл санаа нь сонин болчихсон байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 448 тоот дүгнэлт: Д.Билгүүнтөгсийн биед баруун шаант ясанд хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... /хх-ийн 74 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 445 тоот дүгнэлт: Т.Төгсжаргалын биед зүүн шуу ясанд хугарал, зүүн сарвуунд зулгаралт баруун шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 443 тоот дүгнэлт: Л.Сумхүүгийн биед зүүн чихний дэлбээнд өнгөц шарх, баруун гуя, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, хэвлийн булчинд чангарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/

 

Замын шинжээчийн №00000124 тоот дүгнэлт: Тоёота Королла маркийн 55-29 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Сумхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Х.Верна маркийн 24-20 УНС улсын дугаарын тээврийн хэрэглийг жолоодож явсан Доржбатын Буянтогтох нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Доржбатын Буянтогтох нь Монгол Улсын Замын хөдөлгөнөий дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт зааснаар “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт мөн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт мөн 2 дугаар бүлгийн 2.3б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсо автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осолд холбогдогч Тоёота Королоа маркийн 55-29 УНЯ Х.Верна маркийн 24-20 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. Энэхүү зам тээврийн осол нь Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг Уушийн хөтлийн зүүн 361/70 дахь километр газар асфалтан, тэгш, уруу, хуурай суурингийн гаднах, цаг агаар, тогтуун, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, тусгаарлах зурвастай, хоёр эгнээ, хашлагагүй замд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутанд гарсан байна. Уг зам тээврийн осолд Х.Верна маркийн 24-20 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Буянтогтох нь замын эсрэг урсгалд орж, зогсоох арга хэмжээ авч чадалгүй урдаас ирж явсан Тоёота Королла маркийн 55-29 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байна... гэх дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/

 

24-20 УНС улсын дугаартай Хюндай Верна маркийн автомашины эвдрэл гэмтлийн 152 тоот дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 24-20 УНС улсын дугаартай Хюндай Верна маркийн автомашины жолооны механизмын жолооны хүрд хугарсан, жолооны аппарт гулзайсан, зүүн хөндлөн тяг гулзайсан, битүүмжлэл алдаж шингэн гоожсон эвдрэл гэмтэлтэй, ажиллагааг шалгах боломжгүй. Тоормос шингэн дамжуулгатай, энгийн ажиллагаатай системтэй эд ангиуд бүрэн битүүмжлэл алдаагүй, тоормосны төмөр зулгайлсан тул ажиллагааг шалгах боломжгүй. Дээрх эвдрэл, гэмтлүүд нь ослын үед үүссэн байна. Уг автомашины зүүн урд дугуйны обод хагарсан, буудаагүй байна. Зүүн урд дугуйн обод ослын үед хагарсан, осолд нөлөөлөх үндэсгүй. Уг автомашины явах эд ангиуд бүрэн, зүүн урд гар гулзайсан, тэвш зүүн босоо тэнцүүлэгч гулзайсан, эдгээр эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байна. Осолд нөлөөлөх үндэсгүй. Уг автомашин зүүн урд хэсгээрээ мөргөлдсөн байна... гэх дүгнэлт /хх-ийн 118 дугаар хуудас/

 

55-29 УНЯ улсын дугаартай Тоёота Королла автомашины эвдрэл гэмтлийн 132 тоот дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 55-29 УНЯ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашины жолооны механизмын эд ангиуд бүрэн, баруун хойд дугуйн хээний хэсэг газарт тулах хэсгээр таллан элэгдсэн шаардлага хангахгүй, жолооны хүрд эргүүлэхэд хүндрэлтэй дугуй залагдаж байгаа нь ослын үед үүссэн эвдрэл гэмтлүүд байна. Тоормосны эд ангиад бүрэн, хавчигч, тэлэгчүүд ажиллана, зүүн урд наклака ашиглалтын явцад элэгдэж, нэмгэрсэн, автомашин асаж явах боломжгүй тул тооромсны хүч идэвхжилт, AВS-ийн ажиллагааг шалгаж тогтоох боломжгүй. Зүүн урд дугуй нь ослын үед мөргөлдөхөд хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хагарсан байна. Зүүн урд дугуй осолд нөлөөлөхгүй. Уг автомашины урд амортизаторуудаас тос мэт зүйлээр бохирлогдсон байгаа нь ашиглалтын явцад үүсэх бөгөөд зүүн урд амортизатор гулгайсан гэмтэл нь ослын үед үүссэн байна. ЗТОсол хэргийн материал ирүүлээгүй тул тоормос, явах эд ангиудын ашиглалтын явцад үүссэн элэгдлийг нөлөөлснийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн автомашины эвдрэл гэмлээр уг автомашин зүүн урд хэсгээр таллан мөргөлдсөн байна... гэх дүгнэлт /хх-ийн 132 дугаар хуудас/

 

24-20 УНС улсын дугаартай Хюндай Верна маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлт: 2.350.000 төгрөгний хохирол учирсан байна... гэх дүгнэлт /хх-ийн 144 дүгээр хуудас/

 

55-29 УНЯ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлт: 7.760.000 төгрөгний хохирол учирсан /хх-ийн 151 дүгээр хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №11 тоот дүгнэлт: Д.Буянтогтох нь F07.2 тархны доргилтын дараах хам шинж, ойгүүдэлт эмгэгтэй байна. Д.Буянтогтох дээр ойгүүдэл нь олдмол шалтгаантай байна. Д.Буянтогтох нь 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осол гаргах үед сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, өөрийн удирдах чадвартай байсан байна. Д.Буянтогтох нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна... гэх дүгнэлт /хх-ийн 159-160 дугаар хуудас/

 

Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч Л.Баттулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Уг эмгэг нь хэргийн материал хавтаст хэрэг, эмнэлэгийн баримт болон үзүүлэгчийн өөрийн өгүүлэмжээс үзэхэд уг эмгэг нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Д.Буянтогтох нь зам тээврийн ослын улмаас ой санамжаа хэсэгчилсэн байдлаар алдсан байх боломжтой. Ийм тохиолдол байдаг юм. Харин ой санамж сэргэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаалах бөгөөд эдгэрэлт буюу ой санамж сэргэх цаг хугацааг урьдчилан хэлэх боломжгүй. Гэхдээ хэсэгчилж алдсан ой санамж нь сэргэхгүй  байх ч боломжтой бөгөөд ой санамж сэргээх асуудал нь хувь хүний биеийн онцлог болон эдгэрэлтээс шалтгаална... гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 38 тоот дүгнэлт: Талийгаачийн биед баруун зүүн талын олон хавирганы хугарал, эрүүнд зулгаралт, цээжинд, баруун, зүүн шуунд зулгаралт, зүүн гуянд зулгаралт, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун бугалга, баруун шилбэ, хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй, талийгаач нь нас баран үедээ спиртын төрлийн зүйл хэрэглээгүй байна. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь дотор нь цус харвалт, олон хавирганы хугарлаас болж нас барсан байна... гэх дүгнэлт /хх-ийн 168 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 593А дугаартай дүгнэлт: Ю.Дамжингийн биед зүүн сүүжний тогооны хугарал, зүүн түнхний үений мултрал, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Төв аймгийн №447 тоот дүгнэлт үндэслэлгүй байна... гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 593Б тоот дүгнэлт: Л.Мээлэйсүрэнгийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын 2 талын хөндлөн сэртэн, арын сэртэн, 2 дугаар нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн хугарал, нугасны хальсны цусан хураа, зүүн ташааны зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал бүхийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Төв аймгийн 04 тоот дүгнэлт үндэслэлтэй... гэх дүгнэлт /хх-ийн 109 дүгээр хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 506 тоот дүгнэлт: Д.Буянтогтох нь F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, ойгүүдэл эмгэгтэй байна. Дээрх эмгэгийн үед осол болохоос өмнөх тодорхой хугацаанд үйл явдлыг санахгүй байх боломжтой юм... гэх дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Нямдаваа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Төв аймгийн шүүхээр хэлэлцэгдэж буй Д.Буянтогтоход холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Г.Нямдаваа намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Миний бие нь нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна...гэх хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Буянтогтох нь Төв аймгийн Аргалант сумын нутаг “Уушиг хөтөл” гэх газарт 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 24-20 УНС улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, /Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно /гэсэн заалт 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан /жолооч хөдөлгөөнд аюул, саад бие болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна / гэсэн заалт, 2 дугаар бүлгийн 2.3б-д заасан /хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалаар явж байсан хохирогч Л.Сумхүүгийн жолоодон явсан 55-29 УНЯ улсын дугаартай Тоёота Корола маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ц.Энхцэцэгийн амь нас хохирч, Л.Сүмхүүгийн биед хөнгөн гэмтэл, Т.Төгсжаргалын биед хүндэвтэр гэмтэл, Б.Мээлэйсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй Д.Билгүүнтөгсийн биед хүндэвтэр гэмтэл, Ю.Дамжингийн биед хүнд гэмтэл тус тус учирч, иргэн Б.Баасанжаргалд 2.350.000 төгрөгийн хохирол, Г.Нямрагчаад 7.760.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Төмөрбаатар, Л.Сумхүү, Т.Төгсжаргал, Л.Цэнджав, Б.Мээлэйсүрэн, Ю.Дамжин нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Баасанжаргал, Г.Нямрагчаа нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Доржбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 448 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 445 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 447 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 443 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 444 тоот дүгнэлт, замын шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00000124 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 179 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 152 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 132 тоот дүгнэлт, автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ, шүүх сэтгэц эмгэг судлалын 11 тоот дүгнэлт, шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 38 тоот дүгнэлт, Д.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 593А тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 593Б тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 506 тоот дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Г.Нямрагчаа нь нэхэмжлэлээсээ татгалзсан баримт болон бусад нотлох баримтуудаар Д.Буянтогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоодож байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байх тул хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Д.Буянтогтоход оногдуулсан ялыг хойшлуулах үндэслэл нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Д.Буянтогтохын 2 хүүхдийн төрсний гэрчилгээ, Ц.Энхцэцэгийн нас барсныг бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар “шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж зааснаар Д.Буянтогтоход оногдуулсан хорих ялыг хоёр жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ гэмт хэргийн улмаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ю.Дамжинд 1.790.000 төгрөг, хохирогч Л.Сумхүүд 8.328.000 төгрөг, Б.Мээлэйсүрэнд 1.268.000 төгрөгийг тус тус төлснийг дурьдаж хохирогч Ю.Дамжинд, Б.Мээлэйсүрэн нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Д.Буянтогтохын эзэмшлийн 5 ханатай монгол гэр, Banbao маркийн 2 хаалгатай саарал өнгийн хөргөгч, Toshiba маркийн 32 инчийн LCD зурагт, Acer маркийн суурин компьютер зэрэг эд зүйл битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хасварган хадгалж, Д.Буянтогтохын B ангилалын №920994 дугаарын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Буянтогтоход буцаан олгох, Д.Буянтогтох нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ  НЬ:

 

1. Шүүгдэгч Гангидай овогт Доржбатын Буянтогтохыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Д.Буянтогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Буянтогтоход оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Буянтогтоход оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял болон 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Буянтогтох нь 2 хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Д.Буянтогтох нь гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Д.Буянтогтоход оногдуулсан ялыг эдлүүлэхийг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт нотлох баримтаар хохирогч Ю.Дамжинд 1.790.000 төгрөг, хохирогч Л.Сумхүүд 8.328.000 төгрөг, Б.Мээлэйсүрэнд 1.268.000 төгрөгийг тус тус төлснийг дурьдаж, хохирогч Ю.Дамжинд, Б.Мээлэйсүрэн нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хасварган хадгалж, Д.Буянтогтохын B ангилалын №920994 дугаарын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Буянтогтоход буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Буянтогтохын эзэмшлийн 5 ханатай монгол гэр, Banbao маркийн 2 хаалгатай саарал өнгийн хөргөгч, Toshiba маркийн 32 инчийн LCD зурагт, Acer маркийн суурин компьютер зэрэг эд зүйл битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

9. Энэ хэрэгт Д.Буянтогтох нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Буянтогтоход авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Д.БУЯНТОГТОХ