Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00025

 

 “Ж” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03802 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаар магадлалтай,

“Ж” ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Мт холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байрны 8 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Мийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь 2012 онд Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 37 дугаар байрыг өөрийн хөрөнгөөр барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл захиалагч, хөрөнгө оруулагч юм. 37 дугаар байрны 8 тоотод байршилтай 48.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “Ж” ХХК бөгөөд улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 000000000тоот гэрчилгээтэй болно. Одоо уг орон сууцыг Б.М гэх хүн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа, компанийн зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Шеруши хурман овогт А.Б нь 2011 оны 12 дугаар сард “Ө М” ХХК-ийн захирал А.Эстэй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоотод байрлах 48.04 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү орон сууцыг худалдан авахдаа урьдчилгаа төлбөр 20 050 000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Ө М” ХХК-ийн дансанд шилжүүлэн төлсөн ба үлдсэн 40 000 000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдаж Орон сууцны санхүүжилтийн корпорацитай 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 403590 тоот гэрээ байгуулан төлсөн болно. Миний бие иргэн Шеруши хурман Батайн Б.М нь эцэг болох А.Бн хуулийн дагуу олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж “Ө М” ХХК, Орон сууцны санхүүжилтийн корпорацитай гэрээ байгуулсан ба өнөөдрийг хүртэл уг гэрээний дагуу зээлийн төлбөр төлж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03802 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан “Ж” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 37 дугаар байр, 8 тоот, 48.04 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Мийн эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар дараах агуулга бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Магадлалын хянах хэсэгт: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь: иргэн Шеруши хурман овогтой А.Б нь 2011 оны 12 дугаар сард “Ө М” ХХК-ийн захирал А.Эстэй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоотод байрлах 48.04 м.кв тайлбайтай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү орон сууцыг худалдан авахдаа урьдчилгаа төлбөрт 20 050 000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Ө М” ХХК-ийн дансанд шилжүүлэн төлсөн ба үлдэгдэл 40 000 000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдаж Орон Сууцны санхүүжилтийн корпорацитай 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 403.590 тоот гэрээ байгуулан төлсөн болно. Миний бие иргэн Шеруши хурман Батайн Б.М нь эцэг болох А.Бн хуулийн дагуу олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж “Ө М” ХХК, Орон сууцны санхүүжилтийн корпорацитай гэрээ байгуулсан ба өнөөдрийг хүртэл уг гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулж байгаа болно. Мөн “2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан” боловч шүүх болон шүүгч “Сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлтэй холбогдолгүй, хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй байна.” хэмээн захирамж гарган сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ үед миний бие шүүгчид хандан ‘‘Шүүх шударга бусаар хуульд заасан үндэслэл журманд захирагдахгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх хуралдааны үед шүүгч хэргийн оролцогчидтои хувийн харилцаатай, уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар илт үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу татгалзан гаргах хүсэлт гаргаж байна” гэж хэлэхэд “Би энэ тухай өмнө нь асуусан”.... суу, дэгийнхээ дагуу явья... одоо татгалзал хүлээж авахгүй тийм юм байхгүй” гэж хэлсэн. Ингээд миний бие “болдоггүй юм байх” гэж бодоод суусан ба шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хэлэлцэж эхэлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ярьж дууссаны дараа дахин энэ тухай хэлэхэд”... тийм юм байхгүй... битгий дэг зөрчөөд бай... дэгнийхээ дагуу явья суу, суу гэж байна шүү хэмээн удаа дараа өөдөөс загнаж, зандарсан үйлдлийг гаргаж нэхэмжлэгч тал руу харан за нэхэмжлэгч нэхэмжлэлээ ярьна уу гэж хэлээд суучихсан. Ингээд би өмгөөлөгч Б.Даваажаваараа дамжуулан хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.3, 92.2 заасны дагуу бид шүүх хуралдааны явцад энэ тухай хүсэлтээ удаа дараа гаргаж, үүнийгээ илэрхийлж, мэдэгдэх үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэлэхэд мөн л шүүгч Б.Мөнхтөр нь “Би энэ тухай өмнө нь асуусан, битгий шүүх хуралдааныг үймүүлээд бай, дэгийнхээ дагуу явья... санууллаа шүү... хэмээн хэлж шүүх хуралдааныг хууль бусаар үргэлжлүүлэн явуулж миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд тогтоомжуудад бэхжүүлэн тусгагдаж өгсөн “Иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” мөн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим, үнэт зүйл”... зэрэг болон шүүх эрх мэдлийн талаарх үндсэн хуулийн болон бусад хууль тогтоомж, хэм хэмжээнүүдийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж болохоор байна. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд шүүгч нь илт хууль бусаар нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Үндсэн хууль болон бусад хуулиудыг ноцтой зөрчиж, иргэн миний Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрхийг зөрчсөнд үнэхээр харамсаж байна. Хэргийн зохиогчийн хувьд эдлэх эрхээ эдэлж чадаагүйн зэрэгцээ шүүгчийн татгалзан гаргах хүсэлт гаргахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүгч хуралдааныг дэгийг шүүгч өөрөө ноцтой зөрчиж татгалзан гаргах хүсэлтийн талаарх тайлбарыг сонсолгүй эрх мэдлээ урвуулан ашиглаж сүрдүүлэг хийсэнд гүнээ харамсаж байна. ...Шүүгч Б.Мөнхтөрийн илт хууль бус үйлдэл нь хариуцагч миний Үндсэн хуулийн 49.1- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана, 14.1 Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасны харахад хариуцагч миний шүүхээр шүүлгэх эрхийг ноцтойгоор зөрчөөд зогсохгүй төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг шүүгч өөрөө зөрчиж байгаад харамсаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91, 92, 93 дугаар зүйлүүдийг бичвэрээс харвал шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахыг хоёр үр дагавар бүхий нөхцөлөөр зааж тусгаж өгсөн байна. Үүнд: Шүүх хуралдаан эхлэхийн өмнө эсвэл шүүх хуралдааны явцад шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар үндэслэл бүхий эргэлзээ тогтоогдвол энэ тухай шүүгчид хэлж, улмаар шүүгч оролцогчдын тайлбарыг сонсож эсвэл сонсолгүйгээр шүүх хуралдааныг хааж, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах асуудлыг тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэдэг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт тавих эрхтэй ба ийм үндэслэл журам байсаар байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааныг дэгийг өөрөө зөрчиж, илтэд хууль бусаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчснийг дурьдмаар байна. Шүүгч хэргийн оролцогчдоос татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хуралдааныг үргэжлүүлэн даргалах эрхгүй хууль зүйн зохицуулалттай байдаг учир хүсэлт гаргаж байгаа бол түүнээс хойш хуралдааныг даргалах эрхгүй, зөвхөн хуралдааныг завсарлах болон хаах эрхтэй талаар хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл тухайн татгалзан гарах эсэх асуудлыг ерөнхий шүүгч шийдвэрлэхээр хуульд тодорхой заасан байдаг. Дээрх нөхцөл байдал шүүх хуралдааны үед бүрдсэн тул холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус шүүх хуралдаанд манай талаас үргэлжлүүлэн оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж хурлын тэмдэглэлд тусгуулах хүсэлтээ илэрхийлээд шүүх хуралдааны танхимаас гарсны дараа шүүгч М.Мөнхтөр нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулж шийдвэр гаргасан нь илт хууль бус шийдвэр хэмээн үзэж байна. 3. Тус маргаан бүхий орон сууц нь ““Ж”” ХХК-ийн өмчлөл гэдгийг мэдсээр байж А.Эс нь Б.Мт өөрийн өмч гэж итгүүлэн худалдан зарж борлуулж залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд “Эрүүгийн хэргийг сэргээх” тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017.12.08-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор уг хэрэг маргаан нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь хангалттай нотлогдож байхад иргэний журмаар маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8, 17.3 даь хэсэгт заасны дагуу хэрэг маргааныг иргэний журмаар хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл хангалттай байсаар байхад хууль зөрчиж шийдвэрлэсэнд маш ихээр гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэлийг бүхэлд нь авч үзвэл илт хууль бус, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байх бөгөөд хавтаст хэргийн материалд уг хэрэг маргаан нь эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж байгаа баримт байсаар байтал иргэний журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. 4. Мөн давж заалдах шатны шүүхээс ....хууль зөрчсөн, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж  хууль бус шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Б.Мт холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байрны 8 тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах...”-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай байна.

“Ж” ХХК маргааны зүйл болох Баянгол дүүргийн 18-р хороо, 37-р байрны 8 тоот орон сууцны өмчлөгч болох нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.

Б.М нь “Ө М” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууцыг 2012 оны 12 сараас эзэмшиж эхлэхдээ “Ө М” ХХК орон сууцны өмчлөгч мөн эсэх, уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй эсэхийг шалгаагүйгээс гадна үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үндэслэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлох бөгөөд орон сууц худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд “Ө М” ХХК өмчлөгч мөн эсэх, гэрээг бүртгэх эсэх асуудал хөндөгдөж, тухайн үед Б.М нь энэ талаар мэдэж, өөртөө эрсдэл учруулахгүй байх байжээ. Хуулийг мэдээгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

“Ө М” ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Ф Ж Л Х” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ө М” ХХК өөрийн эзэмшлийн 1 406 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэх, “Ф Ж Л Х” ХХК орон сууцны барилга барихад 100 хувийн хөрөнгө оруулалт хийх үүргийг тус тус хүлээж, “Ө М” ХХК баригдах барилгаас 630.183 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайг өмчлөх, “Ф Ж Л Х” ХХК барилгын ажлыг гүйцэтгэх, борлуулалт хийхээр тохирчээ. Гэрээ хэрэгжих явцад “Ф Ж Л Х” ХХК хөрөнгөгүй болсны улмаас “Ж” ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, дутуу гүйцэтгэлтэй барилгыг шилжүүлсэн ба уг барилгад “Ж” ХХК хөрөнгө оруулалт хийж, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барилгыг улсын комиссын актаар ашиглалтад оруулсан, “Ө М” ХХК-д 630 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байна. /хх-185-190, 214-221 дүгээр тал/

Эдгээр баримтаас үзвэл гэрээний дагуу “Ө М” ХХК-ийн мэдэлд хуваарилагдсан эд хөрөнгөд Б.Мийн эзэмшиж буй орон сууц байхгүй байна. Харин “Ө М” ХХК уг орон сууцыг алдангид тооцон “Ж” ХХК-иас авсан боловч тус компани өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна гэж үзэн орон сууцны үнэ 60 050 000 төгрөгийг алдангид тооцон, нэмж шаардсан бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт шүүхийн шийдвэрт тусгагдсан байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагч нь орон сууцыг хууль ёсоор эзэмшсэн байдал тогтоогдоогүй ба хоёр шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэн шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч Б.М “...анхан шатны шүүх шүүгчийг татгалзан гаргах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад иргэний журмаар шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн...” гэж хяналтын гомдолд заасан ба энэ талаар давж заалдах шатны шүүх зохих дүгнэлтийг хийсэн, магадлалд тодорхой тусгагдсан байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан явдал шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл илрээгүй байв.

“Ө М” ХХК-ийн захирал А.Эс нь Б.Мийг залилсан гэх гэмт хэргийг шалгаж байгаа нь эдгээр этгээдүүдийн хооронд хамааралтай учир “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд саад болохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл энэ хэрэгт бий болоогүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03802 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар 2019 оны 04 сарын 22-ны өдөр хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА