Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 110/2016/0040/З |
Дугаар | 26 |
Огноо | 2017-01-23 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 26
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын
Ардчилсан намын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0034 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0709 дүгээр магадлалтай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0034 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.5, 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цэнгэл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0709 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сонгуулийн хорооны дарга Б.Ерболат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1 Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсэг буюу М.Төлект холбогдох намын гишүүнчлэл, харьяалалтай холбоотой, нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлсэн гэх маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул М.Төлекийн асуудлыг энэ гомдлоор хөндөхгүй.
2. Харин шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсэг буюу нэр дэвшигч Б.Аманкелдийн хувьд шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Үүнд:
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д Нэр дэвшигч нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Мөн зүйлийн 154.3.5 хэсэгт “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх”-аар заасан байна.
Сонгуулийн тухай хуулиар тогтоосон 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэр дэвшигчид зохих шаардлагыг хангасан, нам, эсвэл нэр дэвшүүлэх ажиллагааг дуусгах хугацааг тодорхойлсон. Тухайлбал энэ өдрийг дуустал цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх буюу Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “цэргийн дүйцүүлэх алба”-ыг тодорхойлж, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан иргэнийг цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ” гэж тус тус зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн буюу “Мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан...”-д тооцох шалгуур болох мөнгөн төлбөрийн нийт дүн 673.000 төгрөгийг хуулиар тогтоосон хугацаа 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бүрэн буюу 100% төлж барагдуулахаар шаардсан байна.
Гэтэл Б.Аманкелди Сонгуулийн хуулийн тогтоосон хугацаа 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дүйцүүлэх албаны үүргийг дуусгавар болгох буюу түүний мөнгөн төлбөрийг бүрэн төлж гүйцэтгэхээ мэдэж байсан боловч харамсалтай нь мөнгөний боломжгүйн улмаас 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөнгөн төлбөрийн нийт дүн 673.000 төгрөгөөс дөнгөж 200.000 төгрөг буюу 29.7% -ийг төлсөн, цаана нь 473.000 төгрөг буюу 70.3% -ийн дутуу төлөлттэй байх тул мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах цэргийн дүйцүүлэх албаа дутуу хаасан буюу хааж байгаа гэх шууд утга, агуулгатай байна. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан гэх төсөөтэй харилцааг зохицуулсан байна.
Энэхүү хуулиар тогтоосон хугацаанд төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгээгүй дутуу төлөлтийг сонгуулийн хуулийн тогтсон хугацаа хэтрүүлж цаашид үргэлжлүүлэн төлөх тул цэргийн дүйцүүлэх алба “хааж байгаа”-тай илүү төстэй, илүү тохирсон ойлголт бөгөөд нэр дэвшигч хуулийн шаардлагыг хангаагүй гэх шууд утгатай тул цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн буюу мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан цэргийн дүйцүүлэх алба хаасан гэж үзэх үндэслэлгүй байна. Яг үнэндээ “шаардлагыг хангасан”, “биелүүлсэн", “хаасан” гэх ойлголт нь тухайн хуулиар тогтоосон хугацааны өмнө дуусгавар болсон үйл хөдлөл юм.
Монгол хэлний талаас ч авч үзвэл үйл үгийн цагаар төгсөх нөхцөл тухайн үйлийн болж өнгөрснийг заасан хэл зүйн хэлбэр бөгөөд өнгөрсөн цагаар тодотгон холбох -сан сэн,-сон,-сөн нөхцөл юм. Энэ нь тухайн үйл хөдлөл өгүүлж байгаа үеэс өмнө болсон харьцангуй өнгөрсөн цаг заана. Үйл үгийг жинхэнэ нэр үгтэй холбох нөхцлийг тодотгон холбох нөхцөл гэнэ. \Монгол хэлний их тайлбар толь, дүрэм\
Тэгээд ч хуулийн “биелүүлсэн”, “хаасан”, “хааж байгаа” гэх нэр, томьёоллыг дэмжиж тодотгосон Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “... тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 198.4-д “... агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана” 198.5-д “... агуулгыг тайлбарлахдаа гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгч \Сонгуулийн хороо \ -ийн хэрэгцээ, шаардлага, уг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж тус тус зохицуулсан байна.
Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна” гэсний дагуу Монгол Улсын иргэн цэргийн үүрэгтний үнэмлэх \хуучнаар цэргийн батлах\ авах үүрэгтэй байх тул Б.Аманкелди үүргээ биелүүлж анх тутам үнэмлэх авсан болохоос биш дүйцүүлэх 673.000 төгрөгийг бүрэн төлсөн буюу тус албаа “бүрэн хаасан “-д тооцуулсан цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй юм.
Мөн Сонгуулийн хороо цэргийн үүрэгтний үнэмлэхийг “хуурамч” гэж үгүйсгэхээргүй байгааг шүүхээс “... цэргийн штабаас олгосон цэргийн үүрэгтний үнэмлэхийг хуурамч бичиг баримт гэж үзэх үндэслэлгүй”, “дүйцүүлэх албыг бүрэн хаасан гэх ойлголттой цэргийн үүрэгтний үнэмлэх авсан байна” гэж тус тус мушгин гуйвуулж хариуцагч Б. Аманкелдид ашигтайгаар, буруу тайлбарласан байна.
Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар”, 71.2-т “Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно”, 72.3-д “Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдөр хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна” гэж заасан.
Сонгуулийн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох” гэж заасныг тус тус баримтлан Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолын нэр дэвшигч Б.Аманкелдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан холбогдох хэсэг нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэхээр байна.
Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, 27.4-д “Сонгуулийн хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 27.5-д “Энэ хуулийн 27.2-т заасан хуралдаанаас гарсан шийдвэрт” гэж зохицуулсан.
Тус маргаж буй 04 дүгээр тогтоолыг гаргасан сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд тус хорооны нийт бүрэлдэхүүн 7 гишүүнтэй буюу 100% оролцсон хамтын буюу бүрэлдэхүүн субьектийн хувьд Б.Ерболатын саналыг тооцохгүй, хассан тохиолдолд ч хасагдсан ганц буюу 14%-ийн санал хуралдааны шийдвэрт нөлөөлөхгүй бөгөөд тогтоол үйлдсэн 6 гишүүн буюу 86%-ийн саналаар хуулийн хүчин төгөлдөр байгааг шүүхээс анхаарахгүй байна.
Шүүхээс энэ 04 дүгээр тогтоолын хүчинтэй байдлыг анхааран үзэж, тал бүрээс нь бодитой, эрх тэгш, шударгаар хандсан бол нэгэнт хуулийн хүчин төгөлдөр байх тогтоолд түүний санал, оролцоог хамруулахгүй, сонгуулийн хорооны хуралдаанаас шүүх хуралдаан дуусах хүртэлх хугацаанд анх тутам эсхүл дараа нь процессын аль ч үед тооцохгүй хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэх байсан бөгөөд тэрбээр Б.Ерболатыг холбогдох хуулийн тусгай зарчим, сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм, шийдвэр гаргах үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм. Энэ үүднээс түүнийг ямар нэгэн хууль, тогтоомж зөрчсөн гэх нь өөрөө ач холбогдолгүй зүйл байх тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд шийдвэр, магадлалын зарим буюу Б.Аманкелдид холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Б.Аманкелдид холбогдох хэсгийг хүчинтэйд тооцож, хэвээр нь үлдээж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2016 оны орон нутгийн сонгуульд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Аманкелди нь цэргийн албыг дүйцүүлэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтээ 2016 оны 06 дугаар сард аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүлсэн, эрх бүхий этгээдийн зөвшөөрснөөр нийт төлөх төлбөрөө хэсэгчлэн буюу мөн оны 08 дугаар сарын 29, 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгасан, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
1992 оны Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...цэргийн албыг дүйцүүлэн хааж болно.”, 8 дахь хэсэгт “... алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана. Уг албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг Улсын Их Хурал батална. Мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно...” гэж зохицуулжээ.
Мөн Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”–ын 6-д “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангаж, мөнгөн төлбөр тогтоолгосон иргэн төлбөрөө цэргийн албаны дараагийн ээлжит татлагын өмнө барагдуулж дууссан байна” гэж дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах төлбөрийг төлж дуусгах эцсийн хугацааг тодорхойлжээ.
Иймд, иргэн Б.Аманкелди нь хуульд заасан хугацаанд багтааж тухайн 2016 оны дараагийн цэргийн албаны ээлжит татлагын өмнө /10 сарын 01/ төлбөрөө хэсэгчлэн барагдуулж дуусгасан нь дээрх хуульд нийцжээ.
Харин хариуцагч Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д “...хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх” гэж заасан, сонгуульд нэр дэвшигч “... мөнгөн төлбөрийг нэр дэвшигчээр бүртгүүлэхээс өмнө бүрэн төлсөн байх...” шаардлагатай гэж үзэж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Б.Аманкелдийн нэрийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан байна.
Б.Аманкелди нь нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ цэргийн албыг дүйцүүлэн хаах мөнгөн төлбөрийн заримыг төлсний дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас түүнд олгосон цэргийн үүрэгтний үнэмлэхийг хавсаргасан, үүнийг хуурамч баримт гэх үндэслэлгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв юм.
Мөн Б.Аманкелди нь маргаан бүхий Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг гарахаас өмнө буюу 09 дүгээр сарын 09-ний өдөр мөнгөн төлбөрийн үлдэгдлээ бүрэн төлсөн байхад түүнийг дээрх Сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх мөн зөв дүгнэжээ.
Энэ маргааны тухайд авч үзвэл, нэр дэвшигч нь эрх зүйн хувьд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан боломжоо эдэлснийг үгүйсгэх боломжгүй, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан Сонгуулийн хорооны 2016 оны 04 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно”, 11.8-д “...энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэж тус тус заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэхээр байна.
Түүнчлэн шүүх маргааны үйл баримтыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1992 оны Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу дүгнэсэн байхад хариуцагч нь шүүхээс маргааны үйл баримтыг дүгнэхэд үндэслэл болгоогүй 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдаж, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж буй Цэргийн албаны тухай хуулийг гомдлын үндэслэлээ болгож байгаа нь буруу болно.
Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 он/ болон Сонгуулийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай” Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
Иймээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр маргаан бүхий тогтоолын Б.Аменкелдид холбогдох хэсгийг хүчинтэйд тооцож, хэвээр үлдээн, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0034 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0709 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ