Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 175

 

Б.Золбоо, З.Баярпүрэв нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 322 дугаар магадлалтай, 201601000273 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Нямын гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Занабазарын Баярпүрэв нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр түүж бэлтгэх, олж авах, хадгалах,  бусадтай бүлэглэн хадгалах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Болдбаатарын Золбоо нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр бусадтай бүлэглэн олж авах, хадгалах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Баярпүрэвийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан, улмаар бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.Золбоог бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар З.Баярпүрэвт 6 сар, Б.Золбоод 3 сар 1 хоног баривчлах ял оногдуулжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Баярпүрэв болон өмгөөлөгч Ч.Ням нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Ням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх З.Баярпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч З.Баярпүрэв нь энэ хэрэгт шалгагдах үеэс эхлэн хийсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлж, мөрдөн байцаагчид “каннабис” бодис хадгалсан, түүсэн, түүнд ашигласан зүйлүүдээ нэг бүрчлэн өөрийн биеэр танилцуулж, газар дээр нь зааж өгч, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, улмаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх баталгаа гаргаж өгч байсан. З.Баярпүрэв нь энэхүү гэмт хэргийг сонирхлын журмаар үйлдсэн бөгөөд бусдад төлөх төлбөргүй, бусдад учруулсан нийгмийн хор аюулгүй, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг харуулж байна.

Мөн З.Баярпүрэв нь Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан, дөнгөж амьдралд хөл тавьж байгаа зэргийг харгалзан баривчлах ялын хугацааг багасгаж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч З.Баярпүрэв, Б.Золбоо нар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагааг хянан үзэхэд:

Шүүгдэгч З.Баярпүрэв нь 2016 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг “Оросын тохой” гэх газраас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “каннабис” гэх нэршилтэй савлагааны хамт 427,93 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч тус аймгийн Хөтөл тосгоны 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 566 дугаартай автомашины гараашид хадгалсан, улмаар Б.Золбоотой бүлэглэн, дээрх сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны баруун талд байрлах автомашины гараашид хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Б.Золбоо нь З.Баярпүрэвтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны баруун талд байх өөрийн автомашины гараашид НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “каннабис” гэх нэршилтэй савлагааны хамт 427,93 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс З.Баярпүрэвийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан, улмаар бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.Золбоог бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан баривчлах ялыг ялгамжтай оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Нямын “баривчлах ялын хугацааг багасгах тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 322 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Нямын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                                     Ч.ХОСБАЯР