Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

     2021       12         24                                     2022/ШЦТ/17

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                    

улсын яллагч М.Отгонбаатар,  

шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт А.Д-д холбогдох эрүүгийн 2109000001419 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, дүү нарын хамт Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1065 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1673 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн / хавтаст хэргийн 86 дахь тал /, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт А.Д- нь:

 

- 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн 100 гэх газраас Д-өөс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн талд ... нэртэй караоке ажиллуулах гэж байна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 4 дэх тал /

 

Хохирогч Б.А.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 02 дугаар сарын сүүлээр А.Д- гэх залуутай танилцаж үерхсэн бөгөөд тэрээр миний итгэлийг олж авсан. Тэрээр надад Алтай хотхонд 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг гэж хэлж байсан. Одоо Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн талд “...” нэртэй караоке ажиллуулах гэж байгаа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Караоке ажиллуулахад тусгай зөвшөөрөл худалдаж авах хэрэгтэй байна. Би чиний мөнгийг буцаагаад 7 хоногийн дараа өгье” гэж надаас гуйсаар байгаад миний ... дугаартай Баянзүрх дүүргийн ... байрны 147 тоот орон сууцыг “...” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулж, 17.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хүүхдийн 100-д байрлах Хаан банк дээр авсан. Гэтэл А.Д-ий яриад байсан караокег өөр хүн ажиллуулдаг болохыг сүүлд мэдсэн гэжээ. / хавтаст хэргийн 25 дахь тал /

 

Гэрч Г.Оюунбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн талын Груда төвийн В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” караокег хариуцаж ажилладаг. Манай караоке “...” ХХК-ний өмч бөгөөд 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Ковид цар тахалтай холбоотойгоор сүүлийн жил ажиллахгүй байгаад саяхнаас ажиллаж эхэлсэн. Би А.Д- гэж хүн танихгүй гэжээ. / хавтаст хэргийн 30 дахь хуудас /

 

 “...” ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ0304210095 дугаартай зээлийн гэрээ / хавтаст хэргийн 8 дахь тал /

 

Хохирогч, яллагдагч нарын харилцсан мессежний хуулбарууд / хавтаст хэргийн 13-16 дахь тал /

 

Хохирогч Б.А.Д-ий эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга / хавтаст хэргийн 17-18 дахь хуудас /

 

Яллагдагч А.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Б.А.Д- бид хоёр 2021 оны 03 дугаар сараас эхлэн үерхэж хамтдаа Б.А.Д-ий Баянзүрх дүүргийн ... тоот байранд амьдарч эхэлсэн. Энэ үеэр би караоке ажиллуулах тухай Б.А.Д-д хэлж, хөрөнгө санхүүгийн асуудалтай байгаагаа хэлтэл надад туслахаар болсон. Б.А.Д- өөрийн байрыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “...” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, 17.000.000 төгрөгний зээл авч надад өгсөн. Б.А.Д-өөс авсан мөнгийг караоке ажиллуулах тусгай зөвшөөрлөө гаргуулах үйл ажиллагаанд зарцуулах гэж байсан боловч чадаагүй учир Б.А.Д-д буцаан өгч байрыг нь зээлээс чөлөөлсөн гэжээ. / хавтаст хэргийн 46-47 дахь тал /

 

Шүүгдэгч А.Д-өөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 46-47 дахь тал /

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хавтаст хэргийн 49 дэх тал / зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн гэв.

 

Шүүгдэгч А.Д- нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн 100 гэх газарт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хохирогч Б.А.Д-д “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн талд ... нэртэй караоке ажиллуулах гэж байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:    ...   Б.А.Д- 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Караоке ажиллуулахад тусгай зөвшөөрөл худалдаж авах хэрэгтэй байна. Би чиний мөнгийг буцаагаад 7 хоногийн дараа өгье” гэж надаас гуйсаар байгаад миний орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулж, 17.000.000 төгрөгийг надаас авсан. Гэтэл А.Д-ий яриад байсан караокег өөр хүн ажиллуулдаг болохыг сүүлд мэдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.А.Д-ий мэдүүлэг / хавтаст хэргийн 25 дахь тал /,   ...  Би “...” караокег хариуцаж ажилладаг. Би А.Д- гэж хүн танихгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Оюунбаатарын мэдүүлэг / хавтаст хэргийн 30 дахь хуудас /,   ... “...” ББСБ” ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ / хавтаст хэргийн 8 дахь тал /,    ... Хохирогч, яллагдагч нарын харилцсан мессежний хуулбарууд / хавтаст хэргийн 13-16 дахь тал /,   ... Хохирогч Б.А.Д-ий эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулга / хавтаст хэргийн 17-18 дахь хуудас /,  ...  Б.А.Д- өөрийн байрыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “...” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, 17.000.000 төгрөгний зээл авч надад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч А.Д-ий мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Д-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Д-д ял шийтгэл оногдуулахад хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг 2 удаа үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч А.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн боловч шунахай зорилгоор шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн, урьд энэ төрлийн гэмт үйлдэж, шүүхээс түүнд торгуулийн ял шийтгэл оногдуулж байсан боловч өөртөө дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 17.000.000 төгрөгний хохирол учирсан, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 600 / зургаан зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.А.Д- нь хохирлыг төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хавтаст хэргийн 63 дахь тал / гэх тул шүүгдэгч А.Д- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч А.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Д-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт А.Д-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь А.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ