Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01821

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 13б гудамж, 3 тоотод оршин суух, Лосон ургийн овогтой Чимгээгийн Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 11 байр, 84 тоотод оршин суух, Цагаан үхэрт ургийн овогтой Цэндийн Түмэн-Өлзий,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 34 байр, 42 тоотод оршин суух, Дашнямын Тунгалаг нарт холбогдох,

3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Сүнжидмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, хариуцагч Ц.Түмэн-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Сүнжидмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ч.Сүнжидмаа болон Ц.Түмэн-Өлзий нар нь нэг байгууллагад ажиллаж байхдаа танилцсан. Танилцаад 2015 оны 03 сарын эхээр Ц.Түмэн-Өлзий нь тус байгууллагын машиныг барьж яваад осол гаргасан бөгөөд Ч.Сүнжидмаал руу залгаж би осол гаргачихлаа байгууллагад мэдэгдэхгүйгээр засуулах хэрэгтэй байна, туслаач гэж гуйсан. Ч.Сүнжидмаа нь  2015 оны 03 сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 3,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, 100,000 төгрөгийг шимтгэлд төлөөд 2,900,000 төгрөгийг хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 472006364 тоот данс руу 03 сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Энэ зээлийг авахад хариуцагч өөрөө батлан даагч болсон байдаг. Нэхэмжлэгч үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 500,000 төгрөг төлсөн учир хариуцагчаас 3,500,000 гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч Д.Тунгалаг нь хамааралгүй байх тул Д.Тунгалагаас нэхэмжлэх зүйлгүй тул татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Түмэн-Өлзий  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Сүнжидмаа бид хоёр хамт ажиллаж байсан. 2013-2015 оны хооронд хамтран амьдрагч нар байсан. Байгууллагад мэдэгдэхгүйгээр нууцаар засварлана гэдэг нь худлаа. Учир нь тухайн машин нь байгууллагын өдөр тутмын хэрэгцээнд явдаг байсан тул байгууллага энэ талаар мэдэж байсан. Ч.Сүнжидмаа 2,900,000 төгрөгийг миний данс руу хийсэн ч 900,000 төгрөгийг өөрөө бэлнээр буцаагаад авсан. Үлдсэн мөнгийг нь хамтран амьдарч байхад гэр бүлийн ахуйн зардалд зарцуулсан. 2,900,000 төгрөг зээлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Сүнжидмаа нь хариуцагч Ц.Түмэн-Өлзий, Д.Тунгалаг нарт холбогдуулан 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагч Д.Тунагалгаас татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хамтран амьдрах хугацаандаа ахуйн хэрэглээнд зарцуулж дууссан гэж маргажээ.

                       

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ч.Сүнжидмаа нь Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 03 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, хариуцагч Ц.Түмэн-Өлзий нь зээлийн батлан даагчаар цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээг мөн банктай байгуулсан байна.

 

Улмаар нэхэмжлэгч Ч.Сүнжидмаа нь хариуцагч Ц.Түмэн-Өлзийд 2015 оны 03 сарын 20-ны өдөр дансаар 2,900,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн байх бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...Тухай үед нэхэмжлэгч Ч.Сүнжидмаатай  хамтран амьдарч байсан. Миний дансанд шилжүүлсэн 2,900,000 төгрөгөөс 900,000 төгрөгийг буцаагаад авсан. Үлдсэн мөнгийг хамтран ахуйн хэрэгцээнд зарцуулж дууссан” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар 2,900,000 төгрөгийг хамтран зарцуулсан болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нотолж чадаагүй байна. 

 

Мөн нэхэмжлэгч нь цалингийн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч хариуцагч цалингийн зээлийн хүү 500,000 төгрөг, зээлийн шимтгэл 100,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул 2,900,000 төгрөгийг хариуцагч зээлдэгчид төлөх үүрэг хүлээнэ.

 

Иймд хариуцагч Ц.Түмэн-Өлзийгөөс 2,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сүнжидмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: