Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02267

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02267

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 15 хороо, 3 хороолол, 22 дугаар байр, 28 тоотод оршин суух, Боргочуул овогт Лагиржавын Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, 15 хороо, 3 хороолол, 22 дугаар байр, 28 тоотод оршин суух, Дүдэл овогт Очирбатын Батбаярт холбогдох гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган, хариуцагч О.Батбаяр, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд О.Батбаяртай танилцаж, 2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2009 оны 2 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Энхжин төрсөн.

Бидний хамт амьдрах хугацаанд нөхөр маань архийг байнга хэтрүүлэн хэрэглэж, сүүлдээ охин бид хоёрт гар хүрдэг болсон.

Иймээс эвлэрлэх боломжгүй, эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч О.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Дэлгэрмаагийн гаргасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Ярьсан зүйл бүгд үнэн. Сүүлийн үед үнэхээр архийг хэтрүүлэн хэрэглэж, шөнө хий юм хардаг, амархан уурладаг болсон. Тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй учраас түүнийгээ бодоод эхлээд ганц нэг балгадаг байснаа болиод биеэ татаж авч чадахгүй хэмжээнд хүрсэн. Эхнэр, охин хоёрынхоо ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө салахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа, хариуцагч О.Батбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Дэлгэрмаа, хариуцагч О.Батбаяр нар 2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2009 оны 2 дугаар сарын 02-ны өдөр охин Батбаярын Энхжин төрсөн болох нь Г-435 дугаарын төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбаруудаар тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй, нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлаж мөн охин төрсөн цагаасаа хойш эхтэйгээ хамт амьдардаг болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, хүүхдийн орчин нөхцөл, амьдралынхан хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэснээр хуулинд харшлаагүй байх тул охин Б.Энхжинг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулан, охин Б.Энхжин төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг О.Батбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Б.Энхжинг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31233 төгрөг, нийт 101.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Дүдэл овогт Очирбатын Батбаяр, Боргочуул овогт Лагиржавын Дэлгэрмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Батбаярын Энхжинг эх Л.Дэлгэрмаагийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Энхжинг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Дүдэл овогт Очирбатын Батбаяраас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Анхцэцэгт даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА