Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022        02        25                                              2022/ШЦТ/75                               

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт *******агийн *******т холбогдох 2121003280026 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ******* 4-5 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Халх овогт *******гийн *******. /РД: ЖЮ74051016/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Үүдийн жаран” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед худаг ухах зориулалттай лоом ирлэсний улмаас оч үсрэн хуурай өвснөөс гал алдаж хээрийн түймэр гарч байгаль орчинд 53,581,500 төгрөгийн  хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Анхаарал болгоомжгүйн улмаас түймэр гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би нэг худгийг 1,000,000-1,500,000 төгрөгийн хооронд ухдаг. Шууд бус хохирол төлсөн. Байгаль орчинд учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулна...” гэв.  

 

            Иргэний нэхэмжлэгч М.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагчаар сүүлийн 13 жил тасралтгүй ажиллаж байна. Тэр өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би Засаг даргын тамгын газрын ажлын хэсэгтэй 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналтаар явсан юм. Шөнө суманд ирэхэд сумын төвөөс урагш З дугаар багийн нутагт байдаг “Үүдийн жаран” гэх газарт хээрийн түймэр гарч унтарсан гэж ярьж байсан. Би маргааш өглөө нь газрын даамал Ц.Учрал-Эрдэнэтэй хамт ажлын хэсэгт орж шатсан газарт хэмжилт хийж ирсэн. Хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Би Нуман Алтай ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн түймэр гардаг өдөр манай сумын Засаг даргын Тамгын газрын нөөцийн сангаас шатахуун хоол хүнс гээд нийт 818,250 төгрөгийн зардал гарсан байна. Уг зардлыг ЗДТГазрын нөөцийн сангаас гаргасан тул яаралтай гаргуулж төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

            Гэрч Д.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… Бид нар 2 хоног худаг ухаад 2021 оны 10 дугаар сарын 28ы өдөр З дахь хоног дээрээ ухаж байгаад 13 цагийн үед  хоолондоо орсон. ******* ах түрүүлж хоолоо идээд ах нь худаг руу очлоо араас ирээрэй гээд явсан.  Би Батболдтой мотоциклтой сундлаад араас нь худаг дээр очиж Батболдыг буулгачихад шууд 00 орохоор явсан. 00 10-20 минут суугаад худаг руу очтол *******, Батболд 2 мотор асаагаад таслагчаар лоом ирлээд байж байсан. хажууд нь ирээд байж байтал тэр хоёрын цаана буюу зүүн талд нь гал гарч байсан. Бид З шууд гал унтраах гэж цохиод дийлээгүй алдсан. Би түймрийг таслагчны очноос гарсан гэж бодож байна. ******* ах Болдоо хоёр анх түймэр гарсан газраас 5-6 метр зайд лоом ирлэж байсан тэр хоёрын араас гарсан. Оч л үсэрсэн байх…” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

Гэрч Ц.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…10 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед ажил хийж байсан хүмүүстээ хоол идүүлчихээд эргээд ажлаа хийхээр гарсан. 14 цагийн үед Жаргалсайхан манай гэр руу мотоциклтой давхиж ирээд түймэр гарчихлаа гэхээр нь би машинаа асаагаад давхиад очиход түймэр асаад дийлдэхгүй болсон байсан. Би ******* ахыг лоом ирлэж байхдаа гал алдсан гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

 

Гэрч Г.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ирэхэд лоомоо ирлэе гээд лоомоо надад өгөөд би ******* ахыг татаж гаргаад мотор асааж таслагч залгаад бид хоёр лоомоо ирлэсэн. Би лоомны бөгсөн талаас бариад ******* ахын араас нь харж суугаад лоомны 4-н талын 3 дахь талыг ирлээд байж байтал Жаргалсайхан 00-с ирээд гал гарлаа гэхээр нь бид хоёр лоомоо ирлэхээ болиод гал руу гүйж би куртикээрээ цохиод дийлэхгүй алдсан юм. Би түймрийг таслагчны оч үсэрч гарсан гэж бодож байна. Бид хоёрын лоом ирлэж байсан газраас 5-6 метр зайд анх гал гарсан. Тэр үед тамхи татсан хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

Гал түймрийн улсын хяналтын байцаагч Ө.Баттөмөрийн “…2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 045/07 дугаартай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг уншиж танилцахад хээрийн гал түймрийг эхэлсэн цэг нь Булган сум Хулсаншанд, Баян-Уул багийн Гурван орвонтын нуур гэх газарт ухсан худгаас зүүн хойд 10 метр газар байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг уншиж танилцахад уг хээрийн гал түймэр нь цахилгаан таслагчаар царил (лоом) ирлэх үед хуурай өвсөнд оч үсэрснээс үүсвэрлэн гарсан байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг уншиж танилцахад уг хээрийн гал түймэр нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна…” гэх дүгнэлт /хх-ийн 41/

 

Нуман алтай ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/107 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Уг хээрийн түймрийн улмаас 2700 га талбай шатсан байна.

2. Хээрийн түймэрт шатсан Хэрлэн голын өмнөд Баруун уртын нам уулсын тойргийн бэлчээрийн газрын суурь үнэлгээ нь 661500 төгрөг байна.

3.Хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Монгол улсын Ерөнхий сайд, Байгалъ орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны З дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан 106 дугаартай “Журам, жагсаалт шинэчлэн болон шинээр батлах тухай” тушаалаар батлагдсан “Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”-аар тооцсон болно.

4.Дээрх тушаалын 1 дүгээр хавсралтын 4.7 дахь хэсэгт зааснаар намрын улиралд 0,03 итгэлцүүрээр үржүүлж тооцвол хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирол нь 2700 га * 661500 * 0,03=53,581,500 төгрөг болж байна.

5.Сумын ажлын хэсгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/03 дугаартай хохирол тогтоох акт үндэслэлгүй байна.

6.Шууд хохирол нь 53,581,500 төгрөг бөгөөд шууд бус хохирлын хэмжээг шинжээчийн зүгээс тогтоох боломжгүй байна.

7.Түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жил бэлчээрийн ургамал илүү сайн ургаж байгаль өөрийгөө нөхөн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна” гэжээ. /хх-ийн 64-65/ 

 

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /07-11/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/

- Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 46-48/

- Хохирлын баримтууд /хх-ийн 50-57/

- Нуман-Алтай ХХК-ний гэрчилгээ /хх-ийн 70/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/

- Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86/

- Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 89/

- Шууд бус хохиролд 818,250 төгрөг төлсөн тухай баримт /задгай/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч Т.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

 Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Халх овогт *******гийн ******* нь Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Үүдийн жаран” гэх газарт  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед худаг ухах зориулалттай лоом ирлэсний улмаас оч үсрэн хуурай өвснөөс гал алдаж хээрийн түймэр гарч байгаль орчинд 53,581,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Жаргалсайхан, Ц.Батмөнх, Г.Батболд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Нуман Алтай ХХК-ний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/107 дугаартай дүгнэлт, гал түймрийн улсын хяналтын байцаагч Ө.Баттөмөрийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 045/07 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Т.******* нь хүрээлэн байгаа орчны эсрэг хээрийн түймэр тавих гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас байгаль орчинд 53,581,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхаас гадна шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******гийн *******ийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, байгаль орчинд 53,581,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, байгаль орчинд 53,581,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 53,581,500 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас гал түймрийг унтраахад 818,250 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Т.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гал түймрийг унтраахад гарсан зардлыг Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт бүрэн төлж барагдуулсан, байгаль орчинд учирсан хохиролд “Нуман-Алтай” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 53,581,500      төгрөгийн хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа шүүгдэгч Т.*******ийн эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, худаг ухаж амьжиргаагаа залгуулдаг хувийн байдал, Нуман Алтай ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/107 тоот шинжээчийн “...түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жил бэлчээрийн ургамал илүү сайн ургаж байгаль өөрийгөө нөхөн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65/ зэргийг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар түүний байгаль экологид учруулсан хохирлыг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч Т.*******ийн эд хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын  53,581,500 төгрөгийг багасган 10 хувь болох 5,358,150 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр лоом 1 ширхэг, таслагч 1 ширхэгийг устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт *******агийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, байгаль орчинд 53,581,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******агийн *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.*******т тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч Т.*******оос гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 5,358,150 /таван сая гурван зуун тавин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр 1 ширхэг лоом, таслагч 1 ширхэгийг устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль экологид учруулсан шууд бус хохиролд 818,250 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА