| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01622/И |
| Дугаар | 102/ШШ2017/01820 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/01820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 73 их тойруу гудамж, 2 байр, 46 тоотод байрлах “Шонхор майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, экологи сургалтын төвийн байранд байрлах “Скарн” ХХК-д холбогдох,
463,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Шонхор майнинг” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагч “Скарн” ХХК-ийн төлөөлөгч Ө.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шонхор майнинг” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шонхор Майнинг” ХХК-ийн захирал Б.Мөнхбат миний бие нь “Скарн” ХХК-ийн захирал Ө.Ганбаттай 2015 оны 09 сарын 10-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах 01/15 дугаартай гэрээ байгуулсан юм. Гэрээнд заасны дагуу эзэмшигч талын мэдэлд байгаа М\/-04404 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Төв аймгийн Мөнгөнморьт сум, Цагаандал Дагналтай нэртэй газарт орших 276 га талбай бүхий алтны шороон орд болон Төв аймгийн Мөнгөнморьт сум, Шар усны булаг нэртэй газарт орших 838 га талбай бүхий XV-04867 тоот хайгуулын зөвшөөрлүүдийг урт нэртэй хуулиас /Гол, мөрний урсац бүрэлдэх.усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” гаргаж, ашиглалтын өмнөх гэрээг хийж Худалдан авагч талд бүхэлд нь шилжүүлэх гэрээ байгуулсан юм. Анх гэрээ байгуулахдаа ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг салгахгүйгээр худалдан авахаар тохиролцсон бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгийг 2 тал маш сайн мэдэж байсан юм. Тухайн үед худалдагч тал Ө.Ганбат нь гэрээ байгуулахдаа 2016 оны хавар 4 сард багтааж ашиглалтын болон хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг танай компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэж тохирсон юм. Гэрээний хавсралтад заасны дагуу ашиглалтын болон хайгуулын 3 тусгай зөвшөөрлийг 1 тэрбум төгрөгөөр худалдаж авсан бөгөөд ашиглалтын зөвшөөрлийг 400,000,000 төгрөгөөр, хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг 300,000,000 төгрөгөөр тус бүрээр үнэлж худалдаж авсан юм. Манай компани гэрээ байгуулсан өдөр 100,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 4 сард 300,000,000 төгрөг нийт 400,000,000 төгрөг Ө.Ганбатад төлсөн болно. Ө.Ганбат нь гэрээ байгуулсны дараа гэрээний үүргээ биелүүлээгүй байхдаа манай компаниас мөнгө гаргуулж авсан бөгөөд тухайн үед өр зээл ихтэй байна яаралтай мөнгө банканд төлөх хэрэгтэй байна гэж х элээд их хэмжээний мөнгө манай компаниас гаргуулж авсан болно. тухайн үед Б.Мөнхбат миний бие нь Ө.Ганбатад мөнгө төлөхийн тулд өөрийн танилаас 50.000 ам.доллар зээлж аваад төлсөн бөгөөд долларын ханшийн зөрүүнээс болж 63,000,000 төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Тухайн үед Ө.Ганбат нь 2016 оны 4 сард үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийг манай компанийн нэр дээр шилжүүлсэн бол өнөөдөр ханшийн зөрүү алдагдалд орохгүй байх бүрэн боломжтой байсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд “Скарн”ХХК-ийн захирал Ө.Ганбат нь гэрээнд заасан үүргээ огт биелүүлэлгүй ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид шилжүүлж өгөлгүй манай компанийг хохироож байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг “Скарн” ХХК-ийн захирал Ө.Ганбатад удаа дараа амаар болон бичгээр шаардлага тавьсан бөгөөд Ө.Ганбат нь намайг хэл амаар доромжилж гэрээний үүргээ биелүүлэхээс зайлс хийж байна. Гэрээгээ цуцалж өгсөн мөнгөө буцааж авья гэсэн шаардлага тавихад Ө.Ганбат нь зөвшөөрсөн бөгөөд энэ талаар манай компани гэрээ цуцлах шаардлага бичгээр хүргүүлсэн, Ө.Ганбат нь гэрээг цуцлахыг зөвшөөрч гэрээний төлбөрийг төлнө гэж бичгээр мэдэгдсэн болно. Мөн манай компанид худалдсан хайгуулын 2 тусгай зөвшөөрлөө өөр бусад хүмүүст худалдахаар завдаж байгаа бөгөөд энэ талаар хүмүүс надад хэлсэн болно. Иймд хариуцагч “Скарн”ХХК-ийн захирал Ө.Ганбат нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй гэрээний үүргээ зөрчиж, гэрээ цуцлахыг 2 тал зөвшөөрсөн тул “Скарн” ХХК, ‘Шонхор Майнинг”ХХК-ийн байгуулсан 2015 оны 09 сарын 10-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах 01/15 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт манай компанийн төлсөн 400,000,000 төгрөг, 150.000 ам.долларын ханшийн зөрүү алдагдал 63,000,000 төгрөг нийт 463,000,000 төгрөгийг хариуцагч “Скарн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Скарн” ХХК-ийн төлөөлөгч Ө.Ганбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 3 лиценз худалдахаар гэрээ хийсэн. Ашиглалтын лиценз 2016 оны 08 сард гарсан. Би 100,000,000 төгрөг бэлнээр, 150,000 ам.долларыг 300,000,000 төгрөгт тооцож авсан. 2016 оны 04 сард линценз гарахаар нь лицензээ өгсөн. Тусгай зөвшөөрөл нь хурдан гардаггүй юм байна. Ашигт малтмалын ерөнхий газраас хүмүүс ирж үзэж явсаар 8 сар болсон. Хайгуулын 2 лиценз нь хүчин төгөлдөр биш, гараагүй байгаа. Энэ талаар хийгдсэн ямар ч зүйл байхгүй. Гэвч хүчин төгөлдөр болоогүй зүйлийг хүнд зарна гэдэг нь утгагүй зүйл. Гэрээнд зааснаар А лицензийн асуудлыг гэрээний дагуу өгч, авалцаад дууссан гэж ойлгож байсан. Хайгуулын 2 лиценз нь одоо ч гараагүй хүчингүй байгаа. Энэ хайгуулын буюу Х лицензийн гэрээнд хугацаа тавиагүй. Учир нь энэ лиценз нь хэзээ гарах нь тодорхойгүй. Би гэрээг цуцлах гэхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болох эрсдэлтэй байгаа тул зөвшөөрч чадахгүй. Хүчингүй болох гээд байгаа шалтгаан нь лицензийн жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй хоцроосон байгаа. Гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй байна. Мөн алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шонхор майнинг” ХХК нь хариуцагч “Скарн” ХХК-тай 2015 оны 09 сарын 10-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын MV-04404 дугаартай тусгай зөвшөөрлийг 400,000,0000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 100,000,000 төгрөг, 300,000,000 төгрөгийн төлбөрт 150,000 ам.доллар тооцож өгсөн тул нийт 400,000,000 төгрөгийг долларын ханшийн зөрүү 63,000,000 төгрөгийн хамт нийт 463,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Зохигч 2015 оны 09 сарын 10-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын MV-04404 дугаартай тусгай зөвшөөрлийг 400,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч “Шонхор майнинг” ХХК нь хариуцагч “Скарн” ХХК-д 100,000,000 төгрөг, 150,000 ам.долларыг 300,000,000 төгрөгт тооцож шилжүүлж, ашигт малтмалын ашиглалтын MV-04404 дугаартай тусгай зөвшөөрөл 2016 оны 08 сарын 20-ны өдөр гарсан боловч нэхэмжлэгч “Шонхор майнинг” ХХК-ийн нэр дээр шилжүүлээгүй тухайд маргаагүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Мөн гэрээний аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч хэлцлийн дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь “Шонхор майнинг” ХХК-иас “Скарн” ХХК-д 2017 оны 03 сарын 24-ний өдөр өгсөн албан бичиг, “Скарн” ХХК-иас “Шонхор майнинг” ХХК-д хариу хүргүүлсэн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн албан бичиг, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 400,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу 300,000,000 төгрөгийн төлбөрт төлсөн 150,000 ам.долларын ханшийн зөрүү 63,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч талууд төлбөрийг төгрөгөөр төлөхөөр тохиролцсон болохоо хэн аль нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үгүйсгээгүй. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хариуцагч төгрөгөөр төлбөр төлөхийг зөвшөөрч хүлээн авсан байх тул долларын ханшийн зөрүү шаардсаныг хариуцагч хариуцах үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч 63,000,000 төгрөгийг хохирол шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
Иймд хариуцагч “Скарн” ХХК-иас 400,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шонхор майнинг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: