Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01775

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 6 дугаар байр, 3 тоотод оршин суух, Аврынхан ургийн овогтой Батгэрэлийн Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй ,         

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 294 тоотод оршин суух, Олохнууд ургийн овогтой Батсүхийн Болдбаатарт холбогдох 2,970,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 11 сарын 18-ны өдөр иргэн Б.Болдбаатартай 3 авто машин түрээслэн хөрс хуулах ажил хийхээр тохирч гэрээ байгуулсан. Тухайн үед гэрээг нотариатаар батлуулж амжаагүй учир маргааш нь батлуулсан. Б.Болдбаатар нь 2,700,000 төгрөгийг түлшинд зарцуулна гэж авч замд гарсан боловч замд машин эвдэрсэн гэх мэт шалтгаанаар ажил хийхгүй. Сүүлдээ өөр байгууллагатай гэрээ байгуулсан байсан. Утсаар нь холбогдохоор ах нь мөнгийг нь өгнө гэсэн боловч одоог хүртэл ямар ч төлбөр төлөөгүй. Мөн гэрээний дагуу 0,5 хувийн алданги тооцох заалт байгаа бөгөөд алданги нь 270,000 төгрөг болсон тул нийт 2,970,000 төгрөгийг хариуцагч Б.Болдбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь хариуцагч Б.Болдбаатарт холбогдуулан 2,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг хариуцагч Б.Болдбаатар нар 2016 оны 11 сарын 18-ны өдөр 3 ширхэг автосамосвал түрээслэхээр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулсан байна.

 

Талууд түрээсийн гэрээ гэх гэрээг байгуулсан байх боловч Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх тул талуудын байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригоос дүгнэвэл талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байн гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь хариуцагч Б.Болдбаатарт гэрээний урьдчилгаа төлбөрт 2016 оны 11 сарын 18-ны өдөр 4 удаагийн шилжүүлгээр нийт 2,700,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 2,700,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй тул талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги буюу 270,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Болдбаатараас 2,970,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Болдбаатар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг түүнд хүргүүлсэн боловч шүүхэд өгсөн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга тодорхойлсон байна.

 

Шүүх хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасны дагуу түүний 99088379 дугаар утсаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

           

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.