| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2022/0088/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/84 |
| Огноо | 2022-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/84
2022 03 04 2022/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овогт Г.Г холбогдох эрүүгийн 2221000000080 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 11-59 тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Дархчуул овогт *******н *******. /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дорнод их сургуулийн спорт заалан дотор иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь ”зүүн гайморын хөндийн гадна хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр сагсан бөмбөг тоглож байхад манай хүүхдүүдийг дээрэлхээд байсан. Тэгээд намайг мөрлөөд насыг чинь бодож байна шүү зүгээр байгаарай гэж хэлэхээр нь муудалцсан...” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод их сургуулийн зааланд 4 хуурай дүүтэйгээ, мөн гаднаас заал авсан 5 хүний хамт сагс тоглосон. Тэгээд тоглож байхад ******* гэх хүн бөмбөг залаад шийд рүү орох гэхээр нь би хаалт хийж гараа өргөөд зогсож байхад бүдрээд миний өмнүүр газар унаад босч ирээд чи алдаа хийгээд байна алдаагаа авъя гэхээр нь би энэ алдаа биш гэхэд чи муу ер нь юу гээд байгаа юм бэ гээд над руу дайраад ирэхээр нь би ухрахад баруун гараараа миний хацар хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би та болиорой би танд юм ярихгүй, насыг чинь хүндэлж байна гэхэд цаашаа явахад амандаа үглээд байсан. Тэгээд заалны цаг дуусч байсан тул би хувцас солих өрөөнд хувцсаа сольж байхад ******* нь орж ирээд надаас уучлалт гуйхаар нь би юм дуугараагүй. Гэтэл ******* нь тэгвэл зайл, та нар муу сайн тоглож чаддаггүй байхгүй юуг гэхээр нь би та ер нь зайл гэж хэлээд яах гээд байгаа юм бэ гэхэд уурлаад над руу дөхөж ирээд баруун гараараа хамар хавьд нэг удаа цохисон. ...миний 5 шүд хөндүүр, хацар бас хөндүүрлэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч Ж.Анандбазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би найзуудтайгаа таньдаг ах нарын хамт Дорнод их сургуулийн зааланд сагс тоглосон. Тоглож байсан чинь Ганаа ах, Отгонсүх ах 2 хоорондоо муудаад байсан. Муудсан шалтгаан нь тоглож байхдаа хоорондоо мөргөлдөөд алдаа хийсэн, хийгээгүй гээд байсан. Ганаа ах Отгонсүх ахын нүүрэн тус газар нь 2 удаа цохиод авахаар нь тоглож байсан хүмүүс салгасан. Ганаа ах тоглолт дундуур Отгонсүхээс уучлалт гуйсан чинь тоохгүй байж байгаад хувцсаа сольж байхдаа дахин муудаад Ганаа ах Отгонсүхийн нүүр рүү дахин нэг удаа цохиод хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 122 тоот дүгнэлтэд:
1. *******ийн биед зүүн гайморын хөндийн гадна хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэжээ. /хх-ийн 26-27/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
- Гэрч Т.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 18-19/
- Гэрч Б.Энхчимэгийн мэдүүлэг /хх-ийн 22-23/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28/
- Г.Гантулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-45/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 46/
-Хохирогч *******ийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч Дархчуул овогт *******н ******* нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дорнод их сургуулийн спорт заалан дотор иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн гадна хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******, гэрч Э.Анандбазар, Т.Эрдэнэбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 122 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Г.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Дархчуул овогт *******н Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “эмчилгээний зардалд 726,555 төгрөг авсан. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ. Энэ удаа өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Гантулгыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархчуул овогт *******н Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******н Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******ийн эмчилгээний зардалд 726,555 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА